| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2018/0820/З |
| Дугаар | 128/ШШ2019/0582 |
| Огноо | 2019-09-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2019/0582
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар А ХК-ийн гомдолтой, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн ахлах мэргэжилтэн, нягилан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.Бд холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Гомдол гаргагч: А ХК
Хариуцагч: Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн ахлах мэргэжилтэн, нягилан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.Б.
Гомдлын шаардлага: Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн ахлах мэргэжилтэн, нягилан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.Бгийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Гомдол гаргагчийн А ХК нь шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэхүү гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн ахлах мэргэжилтэн, Нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.Бгийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд гаргаж байна.
Зөрчлийн хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргагч “Т*******” ХХК нь өөрийн нэгдмэл сонирхолтой компани болох “У*******” ХХК-тай хамтран манай компанийн нийт хувьцааны хяналтын багц /33,3%-аас дээш/-ыг 2017 оны 12 сарын 28-ны өдөр хууль зөрчиж худалдан авсан.
Уг асуудлаар манай компанийн томоохон хувьцаа эзэмшигч “Б*******” ХХК-ийн зүгээс дээрх компаниуд нь хууль зөрчиж команийн хувьцаа олж авсан гэж үзэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд иргэний хэргийн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.
Гэтэл зөрчлийн хэргийн талаар гомдол гаргагч “Т*******” ХХК болон “У*******” ХХК-иудыг хууль ёсны хувьцаа эзэмшигч мөн эсэх асуудлыг, А ХК-ийн хувьцааг хууль зөрчиж худалдан авсан эсэх, худалдан авсан хувьцаа нь саналын эрхгүй эсэх асуудлыг шүүхээс эцэслэн тогтоогоогүй байтал хууль ёсны хувьцаа эзэмшигчтэй адилтгаж цаашлаад компанийн хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрх зөрчигдсөн эсэх асуудлаар бие даасан байдлаар төрийн аль нэг байгууллагын албан тушаалтан шийдвэр гаргах боломжгүй юм.
Товчхондоо: Хувьцаа эзэмшигчийн эрх хуульд заасны дагуу үүсэх бөгөөд хууль зөрчиж эрх олж авсан бол аль эсвэл эрх олж авсан асуудлаар шүүх маргаан хянаж байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эрх анхнаасаа үүсээгүй бөгөөд эрх зөрчигдсөн эсэх асуудал яригдах учиргүй юм.
Гэтэл анхнаасаа хууль ёсны эрх үүссэн мэтээр тайлбарлах цаашлаад эрх зөрчигдсөн байж болох нөхцөл байдал үүссэн гэж үзэн шийтгэл оногдуулж байгаа нь шүүхийн эрх хэмжээнд бүдүүлгээр халдсан, хууль ёсноос гажууд алдаатай шийдвэр гаргахад хүргэжээ.
Иймд Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн ахлах мэргэжилтэн, Нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.Бгийн 2018 оны 09 сарын 10-ны өдрийн 01 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь “Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.Б би, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “Т*******” ХХК-ийн дэд захирал Ч.В******* /”Т*******” ХХК-ийн регистр *******, улсын бүртгэлийн дугаар 9011010130/-ээс А” ХК нь аудитын ээлжит бус шалгалтыг хийлгэхгүй байгаа гэх зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч, 2018 оны 07 сарын 16-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 6 дах хэсгээр А“ ХК-д холбогдох 1801000018 дугаартай зөрчлийн хэрэг нээж шалгаад, А” ХК (регистр *******) нь Компанийн тухай хуулийн 94.7 дах заалтын дагуу “Т*******” ХХК-аас томилогдсон аудитын компаниар ээлжит бус аудитын шалгалтыг хийлгээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 6-д заасан зөрчил үйлдсэн болохыг тогтоож, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 01 дугаартай шийтгэл оногдуулсан.
Энэхүү шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар А ХК-аас 2018 оны 09 сарын 13-ний өдрийн 279 албан тоотоор гаргасан гомдолд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
“Т*******” ХХК нь А” ХК-ийн 34712 ширхэг энгийн хувьцааг худалдан авч, А” ХК-ийн нийт гаргасан энгийн хувьцааны 19,9 хувийг эзэмшдэг. “Т*******” ХХК нь Компанийн тухай хуулийн 94.7-д “Ээлжит бус шалгалтыг төлөөлөн удирдах зөвлөл, түүний аудитийн хороо, эсхүл энгийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигчийн шаардсанаар хэдийд ч хийж болно.” гэж заасныг үндэслэн өөрийн хувь эзэмшилтэй А ХК”-д аудитын ээлжит бус шалгалт хийлгэхээр хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын 01/19 тоот шийдвэр гаргасан.
Үүний дагуу А” ХК-д аудитын ээлжит бус шалгалт хийлгүүлэхээр “Ш*******” ХХК-тай “Т*******” ХХК 2018 оны 05 сарын 08-ны өдөр 18/41 тоот гэрээ байгуулж, 2018 оны 05 сарын 09-ний 01/А-380 албан тоотоор А” ХК-д мэдэгдсэн боловч А” ХК нь “Ш*******” ХХК-д 2018 оны 05 дугаар сарын 09-ний 101 албан тоотоор хувьцаа эзэмшлийн асуудал маргаантай байгаагийн улмаас татгалзсан утга бүхий бичгийг хүргүүлсэн байдаг.
А” ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигч нь “Б*******” ХХК байна. “Т*******” ХХК, “У*******” ХХК-д тус тус холбогдох А” ХК-ийн нийт хувьцааны хяналтын багц хувьцааг хариуцагч компаниуд нь хууль зөрчиж худалдан авсан болохыг, худалдан авсан хувьцаа нь саналын эрхгүй болохыг тус тус тогтоолгох тухай “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/Ш32018/06..7 тоот захирамж 2016 оны 05 сарын 16-нд гарчээ. А” ХК-ийн хяналтын багцыг хууль бусаар авсан талаарх маргааныг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэгдэж байгаа.
Өмнө нь буюу 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.Б би дээрх шалтгааны улмаас Компанийн тухай хуулийн 94.7 дах заалтын дагуу “Т*******" ХХК-аас томилогдсон аудитын компаниар А” ХК нь ээлжит бус аудитын шалгалтыг хийлгээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 6-д заасан зөрчил санаатай үйлдсэн гэх асуудал нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зөрчлийн шинжгүй гэж үзээд татгалзаж шийдвэрлэсэн байдаг.
Түүнчлэн “Т*******” ХХК болон “У*******” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А” ХК-ийн хувьцааг худалдаж авсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “Эрх бүхий байгууллагаас тогтоосон журам зөрчиж...санал гаргалгүй компанийн хувьцааг худалдан авахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан” гэх зөрчлийн шинжгүй болохыг тогтоосон Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтан Б.Д-н 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 03 тоот тогтоолыг Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2018 оны 04 сарын 11 -ны өдрийн 03 тоот тогтоол болон 2018 оны 04 сарын 26- ны өдрийн 04 тоот тогтоолоор тус тус хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, хэвээр үлдээсэн шийдвэрүүд гарсан байсан.
Тиймээс А” ХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн шийдвэрлэсэн болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Гомдол гаргагч А ХК-иас “Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн ахлах мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.Бгийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлага гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн ахлах мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу “аудитын хуулийн этгээдээр үйлчлүүлэгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс зайлсхийсэн, эсхүл татгалзсан” гэсэн зөрчил гаргасан гэж үзэж, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 11.1 дүгээр зүйлин 6 дах хэсэгт “Аудитын хуулийн этгээдээр үйлчлүүлэгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс зайлсхийсэн, эсхүл татгалзсан, эсхүл aудитын үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2019/00637 дугаар тогтоолоор “Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 39 дугаар магадлалын тогтооххэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/024... дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д зааснаар хариуцагч “Т*******” ХХК, “У*******” ХХК-д холбогдох “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, “Т*******” ХХК, “У*******” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А ХК-ийн хувьцааг худалдан авахдаа хууль зөрчсөн болох, улмаар худалдан авсан тус бүрийн 34.712 ширхэг буюу 19.93 хувийн хувьцаа саналын эрхгүй болохыг тус тус тогтоосугай” гэж, 2 дах заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангасугай” гэж шийдвэрлэсэн байна
Дээрх 001/ХТ2019/00637 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Гомдлын хариу №6/6597 тоот албан бичгээр нотлогдож байна.
Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Хувьцаат компанийн энгийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авах хүсэлтэй этгээд нь энэ хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу энэ тухайгаа нийтэд мэдээлэх замаар худалдан авах санал гаргана.” гэж заасан байна.
Мөн Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.7-д “Ээлжит бус шалгалтыг төлөөлөн удирдах зөвлөл, түүний аудитийн хороо, эсхүл энгийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигчийн шаардсанаар хэдийд ч хийж болно.” гэж хуульчилсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасан байна.
Аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Үйлчлүүлэгч дараах үүрэг хүлээнэ:”, 14.2.1-д “холбогдох олон улсын стандартад нийцүүлэн гаргасан санхүүгийн тайланг аудиторт шалгуулахаар хүлээлгэн өгөх;” 14.2.2-т “аудитын үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангах;” 14.2.3-д “аудиторын шаардсан баримт, мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөх;”, 14.2.4-д “байгууллагын аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэл, тайланд стандартын дагуу зөв тусгасан тухай, мөн эдгээртэй холбогдох баримт, материал, тайлбарыг бүрэн танилцуулсан, энэ талаар үүсч болох хариуцлагыг хүлээх тухайгаа нотолсон тодорхойлолтыг аудиторт гаргаж өгөх;”, 14.2.5-д “шалгалтын явцад илэрсэн бүртгэл хөтлөлт болон санхүүгийн тайлантай холбоотой хүлээн зөвшөөрсөн алдаа, зөрчлийг шуурхай залруулах;”, 14.2.6-д “байгууллагын удирдлагын зүгээс аудитын үйл ажиллагаанд саад учруулахгүй, хөндлөнгөөс оролцохгүй, ямар нэг хэлбэрээр дарамт шахалт үзүүлэхгүй байх;”, 14.2.7-д “аудиторын хүссэн шаардлагатай нотлох баримтыг гуравдагч этгээдээс гаргуулж өгөх.” гэж тус тус заасан байна.
Дээр дурдсан Монгол Улсын Дээд шүүхийн 001/ХТ2019/00637 дугаар тогтоолоор “Т*******” ХХК, “У*******” ХХК нь А ХК-ийн хувьцааг худалдан авахдаа хууль зөрчсөн болохыг, худалдан авсан тус бүрийн 19.93 хувийн хувьцаа саналын эрхгүй болохыг тус тус тогтоож шийдвэрлэсэн байх уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Ийнхүү Монгол Улсын Дээд шүүхээс А ХК-ийн хувьцааг худалдан авахдаа хууль зөрчсөн болохыг, худалдан авсан хувьцаа саналын эрхгүй болохыг тогтоосон байх тул “Т*******” ХХК болон “У*******” ХХК-иуд нь А ХК-ийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд аудитын байгууллагаар шалгалт хийлгүүлэх хүсэлт гаргах эрхгүй.
Дээрх үндэслэлүүдэд үндэслэн Монгол Улсын Дээд шүүхээс “Т*******” ХХК, “У*******” ХХК-иуд нь А ХК-ийн хувьцааг худалдан авахдаа хууль зөрчсөн, худалдан авсан хувьцаа нь саналын эрхгүй болохыг тогтоосон тул А ХК-ийг “аудитын хуулийн этгээдээр үйлчлүүлэгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс зайлсхийсэн, татгалзсан” гэх зөрчлийг гаргасан гэж үзэхгүй гэж шүүх дүгнэлээ.
2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар буюу зөрчлийн хэргийг нээх үед ““Т*******” ХХК, “У*******” ХХК-иуд нь А ХК-ийн хувьцааг худалдан авахдаа хууль зөрчсөн болохыг, худалдан авсан хувьцаа нь саналын эрхгүй болохыг тус тус тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүссэн байсан болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Иргэний хэрэг үүсгэх тухай” 183/ШЗ2018/06167 дугаар захирамжаар нотлогдож байна.
Иймд тус зөрчлийн хэрэгтэй шууд холбоотой асуудлаар тухайн үед иргэний хэрэг үүссэн байсан байх тул хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу болон 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох зэргээр шийдвэрлэх хууль зүйн боломжтой байжээ.
Дээрх үндэслэлүүдээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.Бгийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан А ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн ахлах мэргэжилтэн, Нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.Бгийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу А ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ