Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 00046

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                                         С.Баянжаргал

 Улсын яллагч                                                       Э.Энхбат

 Шүүгдэгч                                                               Н.Батзул нарыг оролцуулан

тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Батзулд холбогдох 201718020011 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 10-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан-Уул суманд төрсөн, халх, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын  Тарни 8 дугаар баг 246-р зөрлөг 1  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урд нь

-1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-1997 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 124 дүгээр сзүйлийн 124.1-д зааснаар 3 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар,

-1999 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар,

-2006 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, ялыг 1 жил 06 сарын хугацаагаар тэнсэн харгалзаж байсан гэх Боржигин овгийн Начингийн Батзул РД: /ТЗ74061077/

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Н.Батзул нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн нутаг дэвсгэр “Ялбаг” гэх газар иргэн М.Дашбалдангийн гэрт Ц.Ариунжаргал, М.Батболд, Г.Атарцэцэг, Б.Аварга нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж Ц.Ариунжаргалыг найз Б.Аварга болон өөрийг нь гэрээс хөөж гаргалаа гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас Ц.Ариунжаргалын зүүн гарыг нь хутгалж  хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Батзул мэдүүлэхдээ: Шүүгдэгч: 2017 оны 01 сарын 01-нд замаар дээшээ өөрийнхөө буурь руу явж байсан чинь Атараагийн нөхөр Балдан намайг дуудаад надад нэг шил архи өгөөд манайд хоно. Манайд ёолк тэмдэглэж байгаа гэсэн. Тэгээд гэрт нь ороход Аварга авгайтайгаа, Батболд, Ариунаа эгч эд нар архи уугаад сууж байсан. Ариунаа эгч Аваргатай муудалцаад байхаар нь Балдан аваргыг аваад гарсан. Гарсан хойно нь Ариунаа эгч намайг чи хэнийг өмөөрөөд  байнаа гээд намайг нэг цохисон. Тэгэхэд Атараа эгч та нар гэр оронд хэрэлдээд гээд хөөгөөд гаргасан. Намайг гэрээс гарч байтал араас цохих шиг болохоор нь би халаасандаа байсан хутгыг гаргахад Ариунаа эгч байж таараад гарыг нь гэмтээсэн. Тийм л зүйл болсонд харамсаж байна. Ариунаа эгч алтанд хамт яваад мөнгө хийгээд төлбөр өгөөрэй гэсэн би хохирлын мөнгийг нь өгнө  гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Ариунжаргал  мэдүүлэхдээ: ...”2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Балдангийнд /М.Дашбалдан/ шинэ он гараад архи ууж байхад Н.Батзул гаднаас орж ирээд бид нар нийлээд архи ууцгаасан. Тэгээд Б.Аварга согтчихоод манай нөхөртэй маргалдаад байсан ба би тэд нарыг гэрээс гаргасан. Тэгтэл /Томош/ Н.Батзул “ та нар муу сайн банди нар ална шүү” гээд орилж хашгираад байхаар би үүдэнд ойролцоо сууж байсан болохоор Н.Батзулыг түлхэж гэрээс гаргахад баруун гараа халаасандаа хийх шиг болсон.Тэгтэл Балдангийн эхнэр Атараа араас гарч ирээд “Ариунаа эгчээ гараас чинь цус гарч байна” гэхээр нь би хартал Н.Батзулын гарт хутга байсан... Б.Аварга бид хоёр маргалдаж гэрээс гарахад Н.Батзул Б.Аваргын араас гарч ирсэн. Б.Аварга гадаа намайг элдвээр хэлээд орилоод байсан ба Н.Батзул намайг буруугаар ойлгуулсан байхаа. Найзыг нь буюу Б.Аваргыг хөөлөө гэж дотроо уурласан байх. Н.Батзул Б.Аваргыг л өмөөрч бид нар луу дайрч хэрүүл хийгээд байсан... Эмчилгээний зардалд 149,267 төгрөгний зардал гарсан Улаанбаатар хотод эмч хагалгаанд орж шөрмөс залгах шаардлагатай гэсэн. Хагалгааны үнэ  1,800,000 төгрөгний зардал гарах байх дараа нь эм тариа гээд 2 сая төгрөгний зардал нэхэмжилнэ” гэв./хх-12, 46-47-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Атарцэцэг мэдүүлэхдээ: ....”Манайд М.Батболд, Ц.Ариунжаргал, М.Дашбалдан, Б.Аварга, Н.Батзул бид нар архи ууц дуусаад Б.Аварга ах Ц.Ариунжаргал нар жаахан маргалдаад Б.Аварга ахыг эхнэр нь аваад гарсан.Тэгээд М.Батболд ах Н.Батзул ах нар гарах үедээ М.Батболд ах Н.Батзулын баруун нүдний хэсэгт цохиод тэд нар маргалдаад гарсан ба манай үүдний амбаарт Ц.Ариунжаргал эгч “ёо ёо” гээд орилохоор нь хартал гараасн ь цус гарч байсан. Тэгээд манай нөхөр гаднаас орж ирээд Н.Батзул ахын гарт байсан хутгыг нь салгаж аваад шидэж байсан” гэв./хх-н 14-15-р хуудас/

          Мөрдөн байцаалтанд гэрч М.Батболд мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 01-ний Балдангийнд /М..Дашбалдан/ очиж хоол хийж идээд архи уусан. Тэгээд байж байтал гаднаас Томош буюу Н.Батзул нэг шил архи барьчихсан орж ирээд бид нар хувааж уусан юм.Тэгээд Б.Аварга согтчихоод манай эхнэртэй муудалцаад байхаар нь би Б.Аваргыг эхнэр Байгальтай аваад  хамт гарсан юм. Тэгээд Б.Аваргын эхнэр Б.Аваргыг авч явахгэж байтал Балдангийн эхнэр Атараа /Г.Атарцэцэг/ гэрийнхээ үүдний амбаарт “ Ариунаа эгчийг нь Томоү хутгалчихлаа” гэхээр нь би гүйгээд үүдний амбаарт нь орсон чинь Томош /Н.Батзул/ баруун гатаа хутга барьчихсан байхаар нь би түлхээд баруун шанаа руу нь нэг цохиж аваад бариад авсан чинь Балдан гаран дахь хутгыг нь булааж аваад газар шидсэн юм”  гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

          Мөрдөн байцаалтанд гэрч М.Дашбалдан мэдүүлэхдээ:  ...”Ц.Ариунжаргал эгч согтчихоод Б.Аваргыг хэл амаар доромжлоод тэр хоёр хоорорндоо зөрөлдөөд байхаар нь н.Байгаль бид хоёр Б.Аваргыг аваад гарсан юм.Тэгтэл араас Ц.Ариунжаргал эгч М.Батболд Томош /Н.Батзул/ гурав гарч ирээд үүдний амбаарт түжигнэлдээд байхаар нь очтол М.Батболд Томошын хоёр гарыг тэлээд барьсан баруун гарт нь нэг хутга байхаар нь салгаж аваад газар шидсэн юм.Тэгээд сүүлд нь Ц.Ариунжаргал   эгчийн гарыг хутгалсаныг мэдээд гарыг нь боож өгөөд Зүүнхараа руу явуулсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

            Шүүх эмнэлэгийн нэмэлт шинжилгээ хйисэн акт №66 дугаартай “ ..Ариунжаргалын биед зүүн гарын N. Medianus бүрэн гэмтсэн, N.Ulnaris-ихэнх аксон тасарсан N.Redialis хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдлоо. Зүүн гарын шууг зүсч гэмтээх үед зүүн гарын шөрмөс тасарсан байх боломжтой. Зүүн гарын шуунд үүссэн шөрмөсний тасрал гэмтэл нт шүүх эмнэлэгийн гэмтлийн зэргийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлтийг  судлав./хх-74-р хуудас

 

Шүүгдэгч Н.Батзул нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн нутаг дэвсгэр “Ялбаг” гэх газар иргэн М.Дашбалдангийн гэрт хохирогч Ц.Ариунжаргал, болон иргэн М.Батболд, Г.Атарцэцэг, Б.Аварга нартай архидан согтуурч Ц.Ариунжаргалыг найз Б.Аварга болон өөрийг нь гэрээс хөөж гаргалаа гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас марган Ц.Ариунжаргалын зүүн гарыг нь хутгалж  хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон хэргийн зүйлчлэл тохирсон Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн дагуу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Н.Батзул нь урьд ял шийтгэгдэж байсан ялтайд тооцох хугацаа нь хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч Ц.Ариунжаргал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг  гаргасан /хх-96/, эмчилгээний зардал 149000 төгрөгийг Н.Батзул төлж барагдуулсан, одоогоор төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг, битүүмжилсэн хөрөнгөгүйг тогтоолд тусгах нь зүйтэй байна.

      

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон Тогтоох нь:

        

1.Шүүгдэгч Боржигин овгийн Начингийн Батзул нь бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар  Н.Батзулд оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Батзулд оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар  хянан харгалзаж мөн хугацаанд ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

4.Шүүгдэгч Н.Батзул нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг, битүүмжилсэн хөрөнгөгүйг, Хохирогч Ц.Ариунжаргал нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан зардлаа иргэний хэргийн журмаар нэхэмжлэх эрхтэй  дурьдсугай.

            5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар    энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг 10.5 см, бариул хэсэг нь 13 см, нийт 23.5 см урт  улаан хүрэн өнгөтэй, эвхэгддэг   хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Шүүгдэгч Н.Батзулд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

8.Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол  гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий  этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлийг гаргах эрхтэй.                          

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.АЛТАНЦЭЦЭГ