Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00157

 

        Д.А, Н.Н нарын нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/02306 дугаар шийдвэртэй, Д.А, Н.Н нарын нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох

 Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.А, Н.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6045 дугаар шийдвэрээр Н.Н-оос 36 388 289 төгрөг, Д.А-ээс 36 388 289 төгрөгийг гаргуулж, “Газар партнерс ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч бидний үүргийн гүйцэтгэлд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 9 дүгээр гудамжны 153 тоот, 138 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга болон 404 м.кв талбайтай газар зэрэг хөрөнгүүдээс хангуулахаар болсон. Ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгөөр гэрээний үүргийн биелэлтийг хангах ажиллагаа хийгдэж байгаа боловч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон 163 448 740 төгрөгийн үнэлгээг төлбөр төлөгч бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4/19870 дугаар мэдэгдэл нь 138 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 404 м.кв талбайтай газар бүхий үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар 163 448 740 төгрөгөөр буюу зах зээлийн ханшнаас доогуур үнээр оруулах гэж байгаад гомдолтой. Уг үл хөдлөх хөрөнгийн дундаж үнэ 500-700 сая төгрөгийн үнэтэй, цаашид ч үнэ нэмэгдэх байршил бүхий үл хөдлөх хөрөнгө юм.

Бид анх 2014 онд тус үл хөдлөх хөрөнгө болон газрын үнийн саналыг 3,5 тэрбум төгрөгөөр өгч байсан. Гэтэл зөвхөн үл хөдлөх хөрөнгийнх нь бодит үнэд хүрэхгүй үнээр үл хөдлөх хөрөнгө болон газрыг хамтад нь үнэлсэн илт үндэслэлгүй байна. Мөн тус газар, үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэл бүхий бүсэд байрладаг, тус бүст 138 м.кв талбайтай орон сууцны үнэ гэхэд 300-350 сая төгрөгийн үнэ хүрдэг. Гэтэл 138 м.кв талбайтай орон сууцны байрны үнэ ч хүрэхгүй үнээр үл хөдлөх хөрөнгө болон газар хоёрыг үнэлж өмчлөгч бидний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар 2 дах дуудлага худалдаанд оруулахад ч өмчлөгчөөс үнийн санал авах байтал үнийг тогтоогоогүй өмчлөгчийн эрхийг хязгаарласан. Нэхэмжлэгч нар өмнө үнэлгээтэй холбоотой гомдол шүүхэд гаргаж байгаагүй, харин гуравдагч этгээдээс гомдол гаргаж шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нарын хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6045 дугаар шийдвэрээр Н.Н-оос 36 388 289 төгрөг, Д.А-ээс 36 388 289 төгрөг гаргуулж, “Газар партнерс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Д.Н, Д.А нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 9 дүгээр гудамжны 153 тоот 138 м.кв талбайтай үйчилгээний зориулалттай барилга, 404 м.кв талбайтай газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж, хураасан. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэлгээ 233 498 200 төгрөгийн 70 хувиар тооцон 163 448 740 төгрөгөөр 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад гуравдагч этгээд Г.И-аас үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 3 шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэлгээ 233 498 200 төгрөгийн 70 хувиар тооцон 163 448 740 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй тул 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 2 дах албадан дуудлага худалдаанд үнэлгээчний тоггтоосон 233 498 200 төгрөгийн 50 хувиар тооцон 116 749 100 төгрөгөөр нийтэд зарлаж албадан дуудлага худалдаанд оруулахад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 181/Ш32018/10415 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 3/1228 дугаар албан бичгээр мэдэгдсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн, гуравдагч этгээдээс тус үнэлгээнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай Д.А, Н.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Тус шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШЗ2018/10415 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Х давж заалдах гомдолдоо: Шүүх Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь: шийдвэр гүйцэтгэгч нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийг шууд үнэлгээчний тогтоосон үнэлгээний үнийн дүнгийн 70 хувиар тогтоосон. Гэтэл Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалт нь “дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн дүнгээр, тохиролцоогүй бол...” гэж тусгасан бөгөөд ийнхүү шууд 70 хувиар тогтоосон шийдвэр нь өмчлөгч бидний өмчлөлийн хөрөнгийнхөө үр шимийг бүрэн гүйцэд хүртэх, эдийн засгийн эргэлтэд оруулах аль боломжтой сонголтыг хийх зэрэг эрхийг зөрчиж, дуудлага худалдаанд орох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ дээр харилцан тохиролцох боломжийг олгоогүй. Харилцан тохиролцож үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийн тухай асуудлаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд өмчлөгчийн хувиар оролцох эрхийг дангаараа шийдвэр гаргаж хангаагүй. Үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа оролцуулах доод үнийн талаар шийдвэр гүйцэтгэгчтэй харилцан тохиролцох боломж өмчлөгчид байсан. Үнэлгээчний тогтоосон 233 498 200 төгрөгийн 100-70 хүртэлх хувиар худалдан борлуулах үнийн санал хэлэх боломжтой.

Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 9 дүгээр гудамжны 153 тоот, 138 м.кв талбайтай барилга, 404 м.кв талбайтай газрыг шинжээч 233 498 200 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур болно. Тус газар, үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын нэгдүгээр зэрэглэл бүхий бүсд байрладаг, 4 өрөө орон сууц 250-600 сая төгрөгийн үнэлгээтэй. Гэтэл уг объектыг хямдхан үнэлсэн нь хэт нэг талыг барьсан төлбөр авагчид ашигтайгаар үнэлгээ гарсан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.А, Н.Н нарын гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч НШШГГ эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар Д.А, Н.Н нар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлнэ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6045 дугаар захирамжаар хариуцагч Д.А, Н.Н нар нь зээлийн гэрээний үүрэгт 75 412 882 төгрөгийг хуваан төлж барагдуулах, хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 9 дүгээр гудамжны 153 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2203009099 дугаартай, 0047769 тоот гэрчилгээтэй, 138 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай хувийн сууц, мөн тус хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2203007763 дугаартай, дугаартай, 000087866 тоот гэрчилгээтэй, 404 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан дуудлага худалдаанд оруулж, зээлийн гэрээний үүргийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хариуцуулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч НШШГГ нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 512, 513 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 9 дүгээр гудамжны 153 тоотод байрлах, 138 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай хувийн сууц, 404 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжлэн /хх-21-22/, хурааж /хх-32-33/ авах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй байна.  

Төлбөр төлөгч Д.А 3 500 000 000 төгрөгөөр үнийн санал ирүүлснийг төлбөр авагч ”Газар партнерс ББСБ” ХХК-иас эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх-43, 55 дугаар тал/

Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар талууд тохиролцоогүйн улмаас төлбөр авагч ”Газар партнерс ББСБ” ХХК-ийн шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэн НШШГГ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилж зах зээлийн үнэлгээ тогтоолгосныг буруутгах үндэслэлгүй. /хх-57-66 дугаар тал/

Шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Шинжээч үл хөдлөх хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнийг 233 498 200 төгрөгөөр тогтоосон, энэ үнийн 70 хувь буюу 163 448 740 төгрөгөөс анхны дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн, тухайн үнэлгээг бага гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч нар орон сууцыг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотолж чадаагүй, зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/02306 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Н-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                              ШҮҮГЧИД                                             Н.БАТЗОРИГ

                                                                                                           Д.БАЙГАЛМАА