Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/02558

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, ХД49, өөрийн байранд байх “о” ХХК /РД:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, 0 өөрийн байранд байх “о” ХХК /РД-иудын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 27-76 тоотод оршин байрлах, “т” ХХК /-д холбогдох,

 

281,652,875 төгрөгийг “о” ХХК-д,

289,396,333 төгрөгийг “о” ХХК-д гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:                                      

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “о” ХХК нь хариуцагч “т” ХХК-д холбогдуулж 169,369,333 төгрөг гаргуулахаар, харин “о” ХХК нь хариуцагч “т” ХХК-д холбогдуулж гэрээний үүрэгт 229,679,000 төгрөг гаргуулахаар тус тусдаа шүүхэд анх нэхэмжлэл гаргасан. Гэвч хэргийн оролцогч, гэрээний зүйлүүд нь харилцан хамааралтай гэж шүүхээс үзээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн  захирамжаар энэ хоёр хэргийг нэгтгэсэн. Хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “о” ХХК болон “о” ХХК-иуд өөрсдийн шаардлагыг ихэсгэсэн. Ингээд хоёр компанийн зүгээс хариуцагч “т” ХХК-иас дараах зүйлсийг нэхэмжилж байна. Үүнд:

Нэг. Нэхэмжлэгч “о” ХХК нь хариуцагч “т” ХХК-тай 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр №02/2019 тоот “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ” байгуулсан. Тус гэрээний дагуу нийлүүлсэн бетон зуурмагийн үнэ 606,139,000 төгрөг болсон. Хариуцагчаас 436,742,667 төгрөгт тооцон доорх эд зүйлсийг авсан байдаг. Үүнд:

1. 240,000,000 төгрөгт тооцон “Бенз жи класс автомашин;

2. 39,000,000 төгрөгт тооцон Налайх дүүрэгт байр;

3. 33,296,000 төгрөгт тооцон элс, хайрга;

4. 124,446,667 төгрөгт тооцон цемент. Ингээд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №02/2019 тоот гэрээний дагуу 606,139,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлснээс  436,742,667 төгрөгийг хүлээн авсан, одоо хариуцагч 169,396,333 төгрөгийг төлөөгүй байна.  Иймд дээрх гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 169,369,333 төгрөгийг хариуцагч “т” ХХК-иас нэхэмжилнэ.

 

Хоёр. “о” ХХК нь хариуцагч “т” ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр №33-06 тоот “Орон сууц захиалгаар барих гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч компанийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр барьж байсан 33 дугаар байрнаас дараах байрнуудыг гэрээний төлбөрт тооцож авахаар болсон Үүнд:

1. 2-р давхрын 4 тоот, 54,44 м2 талбайтай, 3 өрөө байрыг 97,992,000 төгрөгөөр;

2. 2-р давхрын 5 тоот, 43,88 м2 талбайтай, 2 өрөө байрыг 78,984,000 төгрөгөөр;

3. 4-р давхрын 18 тоот, 54,44 м2 талбайтай, 3 өрөө байрыг 97,992,000 төгрөгөөр;

4. 10-р давхрын 61 тоот, 43,66 м2 талбайтай, 2 өрөө байрыг 78,588,000 төгрөгөөр;

5.  3-р давхрын 77 тоот, 56,74 м2 талбайтай, 3 өрөө байрыг 102,132,000 төгрөгөөр;

6. 4-р давхрын 118 тоот, 54,23 м2 талбайтай3 өрөө байрыг 97,614,000 төгрөгөөр. Ингээд нийт 553,302,000 төгрөгийн 6 орон сууцыг манай компани шилжүүлэн авч, төлбөрт нь 100 хувь бартераар буюу бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу хариуцагч компанид нийт 229,679,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн. Гэвч хариуцагч “т” ХХК нийлүүлсэн зуурмагийн үнэнд одоог хүртэл ямар нэгэн төлбөр болон орон сууц шилжүүлж өгөөгүй байна. Гэрээний дагуу нийлүүлэх ёстой байрнууд нь одоо өөр эзэмшигчтэй болсон тул тус үүргийн үнийг мөнгөөр тооцон нэхэмжилж байна. Иймд хариуцагч компаниас “о” ХХК-иас нийлүүлсэн бетон зуурмагын үнэ болох 229,679,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгаж өгнө үү гэж бид анх нэхэмжлэл гаргасан. Гэхдээ хариуцагч саяхан 10,000,000 төгрөгийг төлсөн учраас бид 219,679,000 төгрөг болгож нэхэмжилнэ.  

Гурав. Хариуцагч “т” ХХК-иас 120,000,000 төгрөг гаргуулах тухай “о” ХХК-ийн нэхэмжлэл: 

Хариуцагч нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “о” ХХК-тай хийсэн бетон зуурмаг нийлүүлэх гэрээний төлбөрт бартер хэлбэрээр “Алтай” хотхоны 14 дүгээр байр, А.Б блокийн 558 м2 байрыг бартераар төлбөр хийхээр тохиролцож гэрээ байгуулсан байсан. Тухайн төлбөрт орсон байсан 14 дүгээр байрыг биллиардны зориулалттай тоног төхөөрөмжөөр тохижуулсан байсан. Энэхүү биллиардны обьектыг бидэнд өгнө, ингэж төлбөрт өгөхдөө доторх тохижилтыг худалдан авах шаардлага тавьсан тул манай компани тохижилтын төлбөрийг 2015 онд үйлдвэрлэгдсэн, 2015 онд Монгол улсад орж ирсэн, 70-99 УБТ улсын дугаартай, Nissan Patrol Ү 62 машинаар төлсөн. Гэвч уг обьект болон биллиардны тоног төхөөрөмжийг хариуцагч бидэнд хүлээлгэж өгөөгүйгээр барахгүй манай компаний төлбөрт тооцон өгсөн машиныг ч бидэнд буцааж өгөөгүй болно.  Хариуцагч нь дээрх машиныг аваад 2 жил гаран унаж хэрэглэж байгаа, мөн бидэнд өгнө гэж байсан үл хөдлөх эд хөрөнгөө биллиардны тохижилттой нь бусдад зарж борлуулсан тул тус машины төлбөрийг хариуцагчаас гаргуулан авах шаардлагатай болсон. Автомашин нь жил өнгөрөх тусам элэгдэлд орж, он нь хуучирдаг тул бид уг машиныг буцаан авах нь маш их хохиролтой тул машины үнэ болох 120,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. Уг автомашины өмчлөх эрх нь нэхэмжлэгчид байгаа бөгөөд төлбөрөө авмагц өмчлөлийг шилжүүлж өгөх болно. 

Дөрөв. Хариуцагч “т” ХХК-иас 51,973,875 төгрөг гаргуулах тухай “о” ХХК-ийн нэхэмжлэл: 

Манай “о” ХХК нь “Монцемэнт билдинг материалс” ХХК-иас цемент зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулж цемент аваад уг цементээрээ зуурмаг үйлдвэрлэн “т” ХХК-д нийлүүлсэн. Гэтэл хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нийлүүлэгч компанид их хэмжээний өр алдангид орж цементийн өрийг төлж чадахгүйд хүрсэн. “Монцемент билдинг материалс” ХХК нь биднийг шүүхэд өгч нийлүүлсэн цементийн төлбөрийн алдангид 173,246,250 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Энэхүү алдангиас шүүх 51,973,875 төгрөгийг төлөхийг даалгаж шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэгч компанийн дансны гүйлгээг битүүмжлэн барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулахаар ажиллагаа явуулаад эхэлсэн байгаа. Хэрэв хариуцагч нь гэрээний үүргийн дагуу төлбөрөө төлсөн байсан бол бид дээрх алдангид орохгүй байсан. Бид одоо 650,000,000 төгрөгийн үнэлгээтэй обьектоо 300,000,000 төгрөгийн барьцаагаар хангуулж, дуудлага худалдаагаар хэд болгон хямдруулж алдагдал хүлээх нь тодорхойгүй байна. Иймд хариуцагчийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс болж учирсан хохиролд  51,973,875 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгаж өгнө үү. Энэхүү шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон, одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа.

Хариуцагч нь “...Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Алтай хотхон, 13 дугаар байранд байршилтай, 261.8 м2 талбайтай, биллиардын зориулалттай, 261,800,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дээрх гэрээний үлдэгдэл төлбөрт тооцож өгсөн”, “...талуудын байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон” гэж байгаа ч уг хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн талаар хэрэгт баримт байхгүй. Уг үл хөдлөх эд хөрөнгийн асуудал нь тусдаа эрүүгийн журмаар шалгагдаж байгаа. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шаардлага тус бүр дээр дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Нэхэмжлэгч “о” ХХК, хариуцагч “т” ХХК-иудын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан №02/2019 тоот “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний дагуу манай төлөх төлбөрийн үлдэгдэл 169,369,333 төгрөг байгаа, энэ гэрээ, гэрээтэй холбоотой нэхэмжлэлд дурдсан үйл баримттай маргахгүй. 

Хоёр. “о” ХХК нь хариуцагч “т” ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр №33-06 тоот “Орон сууц захиалгаар барих гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний  төлбөрт хариуцагч компани орон сууцнуудыг нэхэмжлэгчид өгөх байсан. Энэхүү гэрээний дагуу бид нийт 229,679,000 төгрөгийн бетон зуурмаг авсан. “о” ХХК анх 229,679,000 төгрөг нэхэмжилсэн. Гэвч бид 10,000,000 төгрөгийг төлсөн учраас үлдэгдэл нь 219,679,000 төгрөг байгаа. Хариуцагчаас энэ гэрээ, гэрээтэй холбоотой нэхэмжлэлд дурдсан үйл баримттай маргахгүй. Гэхдээ дээрх хоёр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үнийг хариуцагч зөвшөөрөхгүй. Учир нь манай компани “о” ХХК болон “о” ХХК-иудтай байгуулсан хоёр гэрээний төлбөрийн тооцоонд буюу үлдэгдэл төлбөрт нь Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, Алтай хотхоны 13 дугаар байр, биллиардны зориулалт бүхий 261.8 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн. Өмчлөл дээр нь маргаантай, өмчлөлийн асуудлыг эрүүгийн журмаар шалгуулж байгаа. Уг асуудал дуусмагц бид өмчлөлийг нь шилжүүлж өгнө. Харин бодит эзэмшил нь бол нэхэмжлэгч нарт байгаа. Бид уг үл хөдлөх эд хөрөнгийн 1м2 талбайг 1,000,000 төгрөгөөр тооцсон байгаа. Талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа дээрх байдлаа дууссан учир энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

Гурав. “Монцемэнт билдинг материалс” ХХК-д төлөх ёстой гэх алдангийг гэрээний хохирол гэж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч бусдад 51,973,875 төгрөгийг алданги гэж төлсөн гэдэг нь баримтаар нотлогдохгүй байгаа. Тэгээд ч ямар учраас бид энэ алдангийг нэхэмжлэгчид төлөх ёстой талаар шалтгаант холбоо байхгүй.

Дөрөв. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад дурдагдсан Nissan patrol автомашинтай холбоотой нэхэмжлэгчийн хэлсэн тайлбар, дурдагдсан үйл баримтын талаар бид маргахгүй, тийм явдал болсон нь үнэн. Харин бид автомашиныг 120,000,000 төгрөг биш харин 90,000,000 төгрөгт тооцож авсан. Тэгээд ч бид уг автомашиныг бид гаражид хадгалж байгаа, унаж хэрэглээгүй.

Эцэст нь нэхэмжлэгчийн шаардсан төлбөрт өгөх ёстой үл хөдлөх эд хөрөнгө буюу Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Алтай хотхон, 13 дугаар байранд байршилтай, 261.8 м2 талбайтай, биллиардын зориулалттай, 261,800,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн талаар бид эрүүгийн журмаар шалгаж байгаа. Иргэн н.Баатарцогтын залилангийн үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч “о” ХХК нь хариуцагч “т” ХХК-д холбогдуулж 169,369,333 төгрөг гаргуулах, харин “о” ХХК нь хариуцагч “т” ХХК-д холбогдуулж гэрээний үүрэгт 229,679,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/шз2021/03978 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр дээрх хоёр хэргийг нэгтгэсэн.

 

Хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “о” ХХК нь 120,000,000 төгрөгөөр, харин “о” ХХК нь 51,973,875 төгрөгөөр тус тус өөрсдийн шаардлагыг ихэсгэжээ. 

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбартай харьцуулан судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

1/ Хариуцагч “т” ХХК-иас 169,369,333 төгрөг гаргуулах тухай “о” ХХК-ийн нэхэмжлэл:

 

Нэхэмжлэгч “о” ХХК болон хариуцагч “т” ХХК-иуд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр №02/2019 тоот “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-г байгуулжээ. Уг гэрээний дагуу “о” ХХК нь “т” ХХК-д бетон зуурмаг нийлүүлэх, үүний хариуд “т” ХХК нь тохирсон төлбөрийг бараа, бүтээгдэхүүнээр төлөх үүргийг харилцан хүлээснээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн байна. Учир нь арилжааны гэрээний зүйл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулж болох бүх хөрөнгө байж болно. 

 

Нэхэмжлэгч “о” ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр №02/2019 тоот “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний дагуу нийт 606,139,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагыг нийлүүлснээс 436,742,667 төгрөгт тооцон автомашин, үл хөдлөх эд хөрөнгө, элс, хайрга, цементийг “т” ХХК-иас хүлээн авсан, одоо үлдэгдэл төлбөр нь 169,396,333 төгрөг байгаа талаар зохигчид маргаангүй. 

 

Харин хариуцагч талаас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа “...Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Алтай хотхон, 13 дугаар байранд байршилтай, 261.8 м2 талбайтай, биллиардын зориулалттай, 261,800,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дээрх гэрээний үлдэгдэл төлбөрт тооцож өгсөн. Ийм учраас талуудын байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон” гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

 

Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тохиолдлуудад аливаа гэрээгээр хүлээсэн үүрэг дуусахыг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.1, 236.1.2 дахь хэсгүүдээр зохицуулжээ. 

 

Гэвч хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Алтай хотхон, 13 дугаар байранд байршилтай, 261.8 м2 талбайтай, биллиардын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч “т” ХХК-иас нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэжээ.  Мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т зааснаар арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи холбогдох заалтууд нэгэн адил хамаарахаас гадна талууд өөрсдийн нийлүүлэх зүйлийн хувьд худалдагч, хүлээн авах зүйлийн хувьд худалдан авагч байна.

 

Иймд хариуцагч “т” ХХК-иас  169,396,333 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “о” ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

2/ Хариуцагч “т” ХХК-иас 120,000,000 төгрөг гаргуулах тухай “о” ХХК-ийн нэхэмжлэл: 

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...Хариуцагч компани нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ’-ний төлбөрт биллиардны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өгөхөөр тохирсон. Уг байрыг биллиардны зориулалтаар тохижуулсан байсан. Хариуцагчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөхдөө тохижилтыг худалдан авахыг шаардсан учраас бид биллиардны тохижилтийн төлбөрт нь 2015 онд үйлдвэрлэгдсэн, 0 УБТ улсын дугаартай, автомашиныг өгсөн. Гэвч хариуцагч талаас үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй учраас бид өөрсдийн хариуцагчид өгсөн автомашины төлбөрийг буцаан шаардаж байна. Мөнгөө авсан хойноо өмчлөлийг нь бүрэн шилжүүлэх болно” гэжээ. 

 

Зохигчид дээрх үйл явдал 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №02/2019 тоот “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний хүрээнд явагдсан буюу хариуцагч нь нэхэмжлэгчид биллиардын зориулалттай эд хөрөнгийг шилжүүлэхдээ уг үл хөдлөх эд хөрөнгө доторх дотоод тохижилтийг тодорхой үнэлгээтэйгээр хамтад нь шилжүүлэхээр тохирсон, мөн тухайн автомашин хариуцагчийн эзэмшилд байгаа үйл баримтын талаар маргаагүй. Харин автомашины үнийг 120,000,000 төгрөг биш, 90,000,000 төгрөгт тооцон авсан гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.   

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч талаас автомашиныг 90,000,000 төгрөгт тооцон хариуцагчид шилжүүлсэн гэж үзэхээр байна.

 

Иймд “т” ХХК-иас 90,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “о” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

3/ Хариуцагч “т” ХХК-иас 219,679,000 төгрөг гаргуулах тухай “о” ХХК-ийн нэхэмжлэл: 

   

Нэхэмжлэгч “о” ХХК болон хариуцагч “т” ХХК-иуд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр №33-06 тоот “Орон сууц захиалгаар барих гэрээ”-г байгуулжээ. Уг гэрээний дагуу “о” ХХК нь 553,302,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагыг “т” ХХК-д нийлүүлэх, үүний хариуд “т” ХХК нь 6 ширхэг орон сууцны өмчлөлийг “о” ХХК-д шилжүүлэх үүргийг харилцан хүлээжээ. 

 

Хэдийгээр 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №33-06 тоот гэрээг талууд “Орон сууц захиалгаар барих гэрээ” гэж нэрлэсэн боловч гэрээний гол нөхцөл, заалтуудын агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.  

 

Дээрх гэрээний дагуу “о” ХХК нь хариуцагч “т” ХХК-д нийт 229,679,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн, уг төлбөрөөс хариуцагч нь нэхэмжлэгчид 10,000,000 төгрөгийг буцаан төлснөөр үлдэгдэл нь 219,679,000 төгрөг байгаа талаар зохигчид маргаангүй байна.

 

Харин хариуцагч талаас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа “...Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Алтай хотхон, 13 дугаар байранд байршилтай, 261.8 м2 талбайтай, биллиардын зориулалттай, 261,800,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дээрх хоёр гэрээний үлдэгдэл төлбөрт тооцож өгсөн. Ийм учраас талуудын байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон” гэсэн агуулгаар тайлбарласан.  

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т зааснаар арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи холбогдох заалтууд нэгэн адил хамаарахаас гадна талууд өөрсдийн нийлүүлэх зүйлийн хувьд худалдагч, хүлээн авах зүйлийн хувьд худалдан авагч байна. Мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэжээ. 

 

Хариуцагчийн “...төлбөрийг төлж барагдуулсан, ...үүргээ бүрэн биелүүлсэн” гэх тайлбар дээр дүгнэсэнчлэн тогтоогдоогүй учраас хариуцагч “т” ХХК-иас  219,679,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “о” ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

2/ Хариуцагч “т” ХХК-иас 51,973,875 төгрөг гаргуулах тухай “о” ХХК-ийн нэхэмжлэл: 

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...Манай компани нь Монцемэнт билдинг материалс ХХК-иас цемент зээлээр авч, зуурмаг үйлдвэрлэн ‘т ХХК-д нийлүүлсэн. Гэтэл хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс шалтгаалж бидэнд бусдад төлөх их хэмжээний өр үүссэн. Монцемент билдинг материалс ХХК нь биднийг шүүхэд өгч ...улмаар бид 51,973,875 төгрөгийн алдангийг шүүхийн шийдвэрийн дагуу төлөхөөр болсон. Энэхүү шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, ...бидний хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулах гэж байгаа. Хэрэв хариуцагч нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлсэн бол бид ийм хэмжээний хохирол амсахгүй байсан. Иймд хариуцагчийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс болж манайд учирсан хохирол болох 51,973,875 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ” гэж тайлбарласан.   

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч  учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан байдаг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй.  Харин энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхийн журмаар гаргуулан авах зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.

 

Хэдийгээр нэхэмжлэгч “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа” гэж тайлбарласан боловч тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлоогүй, холбогдох хүсэлтийг гаргаагүй байна. 

 

Түүнээс гадна хариуцагч “т” ХХК нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч бусдад алданги төлөх болсон үйл явдалд “т” ХХК буруутай буюу шалтгаант холбоо нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсонгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “т” ХХК-иас 479,075,333 төгрөгийг гаргуулан 259,396,333 төгрөгийг нэхэмжлэгч “о” ХХК-д, 219,679,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “о” ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 91,973,875 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “о” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,762,850 төгрөг, “о” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,724,270 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “т” ХХК-иас 1,454,932 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “о” ХХК-д, 1,256,345 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “о” ХХК-д тус тус олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                Н.ХАНГАЛ