| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Эрдэнэбилэг |
| Хэргийн индекс | 204/2020/00028/э |
| Дугаар | 2020/ДШМ/ 28 |
| Огноо | 2020-07-28 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2020/ДШМ/ 28
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Д.Алимаа /цахим сүлжээгээр/
Өмгөөлөгч Г.Гандөш /цахим сүлжээгээр/
Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/128 дугаар шүүгчийн захирамжинд гаргасан прокурорын эсэргүүцлээр Б.Б-д холбогдох эрүүгийн 2027000430025 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Цатгалан овгийн Б.Б
Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын эхээр улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр 0.0384 шоометр шинэс мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний үйлдлийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллагдагчаар татан ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газарт буцаан, хэргийг прокурорт очтол Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-т зааснаар энэ захирамжийг прокурор, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.
Прокурор Д.Алимаа 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцэлдээ: Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/128 дугаартай захирамжийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцлаа.
Яллагдагч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын эхээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр баг Хөнөгийн ам гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр 0.0384 шоометр шинэс мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 30 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/128 дугаартай захирамжаар “Б.Б нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн ба уг модыг Б.Б нь тээвэрлэн явсан болох нь хэрэгт авагдсан Бын яллагдагч болон гэрчээр өгсөн “...Б зөвшөөрөлгүй гэдгийг нь мэдэж байсан. би явахад нь наад хананы моднууд чинь зөвшөөрөлгүй моднууд шүү хүн амьтантай таарав гэж хэлсэн...”гэх мэдүүлэг, мөн Б.Бийн гэрчээр өгсөн “...Би тухайн моднуудыг зөвшөөрөлгүй гэдгийг мэдэж байсан. Б ах намайг сумын төв рүү гарах гэж байхад наад мод чинь зөвшөөрөлгүй мод шүү эргүүл тойруул сайн харж яваарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогддог.
Гэтэл Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор зөвшөөрөлгүйгээр хууль бусаар модыг тээвэрлэсэн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Ойгоос бэлтгэсэн модоо тухайн сумандаа тээвэрлэхийн тулд хяналтын хуудсыг зохих байгууллага, эрх бүхий этгээдээс авсан байхаар, харин өөр аймаг, суманд мод модон материалыг тээвэрлэхийн тулд гарал үүслийн гэрчилгээ авсан байхаар журамласан байна.
Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг ба уг газар нь Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд харьяалагддаг тул иргэний нэхэмжлэгчийг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа томилох ёстой атал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газраас томилж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
Түүнчлэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар хашаанд байх модонд үзлэг хийсэн ба дээрх моднууд нь хэрэгт ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй, этгээд мод нь шүүгдэгч Б.Бын ойн цэвэрлэгээнд явж бэлтгэсэн талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Дээрх модонд хийсэн үзлэгийн тэмдэглэлд ойн ангийн инженер Д.Очирхуяг нь “...тухайн моднуудыг ойн ангийн тэмдэглэгээтэй 2020 оны 02 дугаар сард ойн цэвэрлэгээнээс гарсан мод гэж...” тайлбарласан боловч үүнийг хуульд заасан журмын дагуу авагдсан мэдүүлгийн нотлох баримт гэж үзэх боломжгүй, ойн цэвэрлэгээнд гарахад зөвшөөрөл өгсөн гэх гэрч Л.Ч-н мэдүүлэг нь эргэлзээтэй, утга зүйн хувьд зөрүүтэй байна.” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:
1. Б.Б-г уг гэмт хэрэг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
Яллагдагч Б.Б нь ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгээд, бэлтгэсэн модоо гэрийнхээ гадаа авч ирсэнээр яллагдагч Б.Бын мод бэлтгэх гэмт хэрэг төгсөж байна. Гэтэл Б.Б нь яллагдагч Б.Бын ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг нь төгссөний дараа уг модыг яллагдагч Б.Бын хөдөө байх гэрээс Бат-Өлзий сумын төв рүү Б.Бын гэр рүү нь тээвэрлэж яваад цагдаад баригдсан нь энэ гэмт хэргийн яллагдагч Б.Бтай бүлэглэн үйлдсэн гэх үндэслэлгүй байна.
“Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол...” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мод тээвэрлэх үйлдлийг хууль бус гэмт хэрэг болгож буй гол шинж болох “..гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэх...” үйлдлийн хууль зүйн ойлголтыг Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно.” гэж зааснаар Б.Бийн үйлдэл нь дээрх хуулийн шаардлагад нийцэхгүй хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангахгүй байхад шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй чухам аль шинжээр нь гэмт хэрэг гэж үзсэн нь тодорхойгүй, энэ талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “..гэмт буруутай үйлдэл, эс үйлдэхгүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу Б.Бийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учраагүй байна. Иймд Б.Бийг уг гэмт хэрэгт яллагдагчаар татах хууль зүйн үндэслэлгүй байна.
2. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн “Хөнөгийн ам” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг ба уг газар нь Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд харьяалагддаг тул иргэний нэхэмжлэгчийг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа томилох ёстой гэх дүгнэлт нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
Монгол Улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлд “Засаг дарга тухайн .... харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг ... хариуцна” гэж заасны дагуу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд “...байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” гэж, мөн Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5-д заасан “...хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, учирсан хор хөнөөлийг арилгах” бүрэн эрхийнхээ хүрээнд энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцох этгээдийг томилсон нь хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь байгалийн нөөцийн менежмент, судалгаа, шинжилгээ, мэдээлэл, сурталчилгаа, аялал жуулчлал, хяналт, шалгалт, орчны бүсийн үндсэн чиг үүргийг өөрөөр хэлбэл “байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх, соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай” ажиллагааг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар 10 төрлийн үйл ажиллагааг явуулахаар хуульчилсан бөгөөд байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, түүнийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхгүй, мөн уг нөхөн төлбөрөөр санхүүжих эрх хуулиар олгогдоогүй юм. Иймд шүүгчийн захирамжийн уг заалт нь үндэслэлгүй байна.
3. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг хашаанд байх модонд үзлэгийг хийсэн ба дээрх моднууд нь хэрэгт ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй, эдгээр мод нь шүүгдэгч Б.Б-н ойн цэвэрлэгээнд явж бэлтгэсэн талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг хийх гэж хэргийг буцаасан үндэслэлгүй байна. Тухайлбал гэрч Д.О нь “...тухайн моднуудыг ойн ангийн тэмдэглэгээтэй 2020 оны 02 дугаар сард ойн цэвэрлэгээнээс гарсан мод...” гэж, гэрч Л.Ч, яллагдагч Б.Б нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байхад түүнийг уг хууль зүйн дагуу хийсэн үйлдэлд нь буруутгахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Мөн гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокуророос өөрийн эрх, үүргийн хүрээнд нотолж, яллах дүгнэлт үйлдсэн байхад үүнийг тогтоох эсхүл үгүйсгэх эрх, үүрэг шүүхийн бүрэн эрхэд хамаарах асуудал бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчлан зааснаар илэрнэ. Яллагдагч Б.Б-н үйлдсэн энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 22716 төгрөгийн хохирол учирсан өөрөөр хэлбэл нийгмийн аюулын хэр хэмжээ нь бага байхад яллагдагч Б.Б-н энэ үйлдэлд хамтран оролцсон нь тогтоогддоггүй Б.Б-г яллагдагчаар татах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчмын эрүүгийн хариуцлага хүлээлгэх “...гэм буруугийн хэлбэрт...” огт нийцэхгүй.
Иймд яллагдагч Б.Б-д холбогдох хэргийг прокурорт буцаасан Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/128 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын эхээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр баг Хөнөгийн ам гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр 0.0384 шоометр шинэс мод бэлтгэн гэрийн ханын мод хийж, уг модыг нь Б.Б зөвшөөрөлгүй/хяналтын хуудасгүй/ тээвэрлэн Бат-Өлзий сумын төв оруулан явж байхдаа цагдаагийн албан хаагчтай тааралдан саатуулагджээ.
Тус үйлд баримт нь хэрэг авагдсан Б.Бын яллагдагч болон гэрчээр өгсөн “...Б зөвшөөрөлгүй гэдгийг нь мэдэж байсан... би явахад нь наад хананы моднууд чинь зөвшөөрөлгүй моднууд шүү хүн амьтантай таарав гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, мөн Б.Б-н гэрчээр өгсөн “...Би тухайн моднуудыг зөвшөөрөлгүй гэдгийг мэдэж байсан. Б ах намайг сумын төв рүү гарах гэж байхад наад мод чинь зөвшөөрөлгүй мод шүү эргүүл тойруул сайн харж яваарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогдож байна.
Ойгоос бэлтгэсэн модоо тухайн сумандаа тээвэрлэхийн тулд хяналтын хуудсыг зохих байгууллага, эрх бүхий этгээдээс авсан байхаар /Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 тушаалаар батлагдсан Ойгоос мод бэлтгэх журам/ зохицуулсан байхад Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор зөвшөөрөлгүйгээр хууль бусаар модыг тээвэрлэсэн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, Б.Бт холбогдох эрүүгийн хэргийн иргэний нэхэмжлэгчийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг дарга томилсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна гэж тус тус дүгнэн эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны болсон байна.
Харин 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн үзлэгээр тогтоогдсон Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн Замын дэнжийн 206 тоот хашаанд байх мод нь хэрэгт авагдсан гэрч Д.О, Л.Ч, яллагдагч Б.Б нарын мэдүүлгүүдээс үзэхэд зохих журмын дагуу бэлтгэгдсэн гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхээс энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/128 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн, 2020 оны 06 сарын 16-ны өдрийн 07 дугаар Прокурорын эсэргүүцлийн зарим хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.