Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 00031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

                  Нарийн бичгийн дарга                      С.Баянжаргал

                             Улсын яллагч                                    Н.Дүүрэнжаргал  

       Шүүгдэгчийн өмгөөлөгч                       С.Сувдаа

                             Шүүгдэгч                                        С.Пүрэвжаргал, Ц.Очирбат нарыг оролцуулан эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Пүрэвжаргал, Ц.Очирбат нарт холбогдох 201718020002 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:  Монгол улсын иргэн 1985 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 32 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт оршин суух, 2 удаагийн ял шийтгэлтэй, 2007 оны 03 дугаар сарын 27-нд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 145.2-оор 3 сар 10 хоног баривчлах, 2007 оны 05 дугаар сарын 07-нд хугацаа дуусч суллагдсан. 2015 оны 05 дугаар сарын 21-нд Сэлэнгэ аймгийн Хөтлийн сум дундын 22 дугаар шүүхийн 41-р тогтоолоор 145.2-оор 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Хотгойд овогт Содномцэрэнгийн Пүрэвжаргал /РД: НШ85051679/

Монгол улсын иргэн 1986 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Загдалын голын орчим оршин суух, 1 удаагийн ял шийтгэлтэй, 2008 оны 04 дүгээр сарын 14-нд Төв аймгийн Сум дундын шүүхийн 50-р тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 20 хоног хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 10 дугаар сарын 11-нд хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай Өндөрийнхөн овогт Цэрэндоржийн Очирбат /РД: НШ86020471/

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч С.Пүрэвжаргал, Ц.Очирбат  нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэн Р.Батжаргалын хонгор гүү, хээр гүүг хулгайлж 1200000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Пүрэвжаргал мэдүүлэхдээ: …2016 оны 12 сарын 27-нд Төв аймгийн Сүмбэр сумаас хойшоо адуундаа явж байтал замд нэг хонгор азаргатай адуу байсан. Би цаашаа адуугаа эргэчээд Ц.Очирбат руу ярин энд танихгүй адуу байна. Хоёулаа хоёрыг аваад заръя гэхэд тэгье гэсэн. Тэгээд азарга адууг Ц.Очирбатын хашаанд аваачаад 2 гүүг нь барьж авч янзлаад хотруу явсан. Бусдыг нь тавьсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Очирбат мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 27-нд гэртээ байж байхад С.Пүрэвжаргал утасдаад танихгүй азарга адуу байна. Хоёрыг нь янзалъя гэхэд нь тэгье гэсэн. Орой 5,6 цагийн үед С.Пүрэвжаргал ирээд манай гадаа хонгор азаргатай адуу авчирсан. Тухайн үед саваагүйтээд нэг адууг бугулдсан чинь нэлээн догшин бугуйл таслаад давхисан. Тэгээд тэндээс хонгор, хээр зүсмийн хоёр гүүг нь бид 2 нийлж янзлаад хотруу явсан гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч Р.Батжаргал мэдүүлэхдээ: ... Би өөрийн хувьдаа 100 гаран тооны адуутай миний адууг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд шилжиж ирсэн Эрдэнэцогт залуу маллаж Баянгол сумын Хараа 1 дүгээр баг Ар зүрхэт гэдэг газарт нутагладаг юм.Тэгтэл 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчим манай малчин Эрдэнэцогт утасдаж “Ахаа хонгор азаргатай 34 тооны адуу алдагдчихлаа нэг адуу буцаж давхиж ирсэн ирэхдээ хүзүүндээ мяндсан уяатай ирлээ тэр адуу ирсэн мөрийг нь дагаад явсан чинь Төв аймгийн Сүмбэр сумын баруун хойд талын модон гүүрэн дээр ирээд алдчихлаа гэж хэлэхээр нь би Баянгол сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчдад мэдэгдэж 16 цагт Төв аймгийн Сүмбэр суманд очиж ажиллаад хошууч Ганчигчулуун “танай адууг хулгайлсан хүмүүсийг оллоо” гэж хэлээд гурван хүн барьж ирсэн....хоёр гүү хулгайд алдагдсан....Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирол мөнгөө бүрэн авсан /хх- ийн 35-36-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Эрдэнэцогт мэдүүлэхдээ Одоогоос 3 хоногийн өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаан хонгор азаргатай 34 тооны адуугаа Баянгол сумын Бортолгой гэдэг газарт бэлчээрээр нь хайж яваад олоогүй юм. Маргааш өдөр нь буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн орчим хонгор азаргатай 34 тооны адуутай хамт алга болсон хар голтой ягаан үрээ морь маань хүзүүндээ шүхрийн цагаан уяа чирчихсэн хотондоо ганцаараа гүйж ирэхээр нь хонгор азаргатай адуунууд хулгайд алдагдсан байна гэж мэдээд Батжаргал ахад утсаар мэдэгдэж хэлээд өөрөө ягаан бор үрээнийхээ уяа чирж ирсэн мөрөөр нь мөрдөөд явахад Төв аймгийн Сүмбэр сумын хойд талын модонд гүүрний хойд хэсэгт амьдардаг өвөлжөөтэй айлын хажууханд мөр нь очоод баларчихсан юм. Би тэр үед энэ айлын хүн л манай адууг хашиж ягаан бор үрээнд минь шүхрийн цагаан уяа чирүүлж тавьж дээ гэж бодоод Батжаргал ахад утсаар хэлсэн. Батжаргал ах цагдаа нар дагуулаад Сүмбэр суманд ирчихсэн байхаар нь бас хэлсэн. Тэгээд л цагдаа нар тэр айлын хүмүүсийг барьж авсан юм./хх-ийн 43-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Отгонбаатар мэдүүлэхдээ:  43-22 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу Приус 11 автомашин нь миний автомашин байгаа юм. Ц.Оном надаас худалдаж авна гэж авсан боловч мөнгө төгрөгийг нь надад ерөөсөө өгөөгүй байгаа юм. Ц.Ономд 2 сая төгрөгөөр зарсан боловч надад төлбөр мөнгөө өгөөгүй./хх-ийн 46-р хуудас/ гэх мэдүүлгүүд /хх-ийн 74-р хуудас/. Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 38-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургууд /хх-ийн 03-06/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-07-15-р хуудас/ болон яллагдагч С.Пүрэвжаргал, Ц.Очирбат нар хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /хх-74, 77-р хуудас/, иргэни үнэмлэхний хуулбар /хх-83-86-р хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 86-88-рхуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 89-114-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар:  

 

Шүүгдэгч С.Пүрэвжаргал, Ц.Очирбат нар  бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Ар зүрх гэх газраас иргэн Р.Батжаргалын хонгор зүсмийн азаргатай 34 тооны адуунаас  хонгор, хээр зүсмийн 2 тооны гүүг хулгайлж 1200000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна. С.Пүрэвжаргал, Ц.Очирбат нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон яллах дүгнэлтэнд дурьдагдсан хуулийн зүйл хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй. Шүүгдэгч С.Пүрэвжаргал, Ц.Очирбат нар  нь гэмт хэргийн улмаас1200000 төгрөгний хохирол учруулсан ба хохиролд 2 тооны гүү өгч төлбөрийг  барагдуулсан, С.Пүрэвжаргал нь 2015 оны 05 дугаар сарын 21-нд Сэлэнгэ аймгийн Хөтлийн сум дундын 22 дугаар шүүхийн 41-р тогтоолоор 145.2-оор 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д зааснаар ялгүйд тооцогдож Ц.Очирбат нь 2008 оны 04 дүгээр сарын 14-нд Төв аймгийн Сум дундын шүүхийн 50-р тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 20 хоног хорих 2009 оны 10 дугаар сарын 11-нд хугацаа дуусч суллагдсан ба ялтай байх хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүйд тооцогдсон тул шүүгдэгч нарын хэн аль нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, хэрэгтээ гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, Шүүгдэгчийн хувийн болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Хотгойд овогт Содномцэрэнгийн Пүрэвжаргал, Өндөрийнхөн овогт Цэрэндоржийн Очирбат нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр С.Пүрэвжаргалыг 2 жил, 03 сарын   хорих ялаар,  эд хөрөнгө хураахгүйгээр Ц.Очирбатыг 02 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар  С. Пүрэвжаргалд оногдуулсан 2 жил, 03 сарын  хорих ялыг, Ц.Очирбатад  оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн адууны бугуйл гэх цагаан уяаг С.Пүрэвжаргалд буцаан олгож, бусад эд мөрийн баримт болох адууны 2 ширхэг толгой, 8 ширхэг шийр, цус мэт зүйлээр бохирлогдсон  гэрийн  цагаан  бүрээсний даавуу, зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.10-д зааснаар энэ хэрэгт С.Пүрэвжаргалын 48 инчийн зурагт, Самсунг загварын хоёр хаалгатай хөргөгч, Ц.Очирбатын сартай хүрэн морь, буурал морийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

            5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч С.Пүрэвжаргал, Ц.Очирбат нарын цагдан хоригдсон 3 хоногийг тус, тусын эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            6.С.Пүрэвжаргал, Ц.Очирбат нар нь бусдад төлөх төлбөргүй, хураагдсан баримт бичиггүйг дурьдсугай.

            7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар С.Пүрэвжаргалд оногдуулсан 02 жил, 03 сарын хорих ял, Ц.Очирбатад оногдуулсан 02 жилийн хорих ялыг  тус, тус тэнсэж 01 жилийн хугацаагаар тус, тус  хянан харгалзаж, мөн хугацаанд ялтанд хяналт тавих үүргийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

             8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Пүрэвжаргал, Ц.Очирбат нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.  

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлийг гаргах  эрхтэй.

 

             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.АЛТАНЦЭЦЭГ