| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2020/01987/И |
| Дугаар | 102/ШШ2021/02182 |
| Огноо | 2021-09-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2021/02182
2021 оны 09 сарын 07 өдөр Дугаар 102/ШШ2021/02182 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт ***ын О /РД:*** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, *** овогт ***ын Д /РД:***/,
Хариуцагч: *** тоотод оршин байх, “Л ” ХХК /РД:***/-д холбогдох,
орон сууц захиалсан гэрээний, үлдэгдэл төлбөрийн төлбөр авагчаар тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Г , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Л ” ХХК-тай*** багт тус компанийн барьж байсан “***” хотхоны 9 давхар орон сууцны “А” блок, 1 дүгээр орцны 8 давхарын *** тоот хаягт байршилтай, 59.84 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар гэрээ хийж, гэрээний дагуу байрны үнийн 30% болох 17,952,000 төгрөгийг төлсөн. Уг захиалсан байр нь 2018 онд ашиглалтанд орсноор миний бие уг байранд тэр үеэс хойш амьдарч байгаа болно. Миний бие гэрээнд заасны дагуу байрандаа ороход “Л ” ХХК-иас “...үлдэгдэл төлбөрийг сар бүр манай дансанд хийгээрэй” гэж хэлж байсан. Үүний дагуу дагуу төлбөрийг хийх гэтэл иргэн Б.Д гэж хүн 2018, 2019 онуудад ирж надтай уулзаад “...энэ байр нь миний өмчлөлд байгаа, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь авсан. Үлдэгдэл мөнгө төгрөгийг надад өгөх ёстой” гэж хэлсэн. Энэ байдлаас шалтгаалж би гэрээнд заагдсан төлбөрийг хаана төлөхөө мэдэхгүй, хэнээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авахаа ч мэдэхгүй 2 жил шахуу болж байна. Гэрээний дагуу “Л ” ХХК-д төлбөрийг төлөх гэхээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь иргэн Б.Д ий нэр дээр гарсан байдаг. Б.Д д төлбөрийг өгөх болохоор олон айлын байр нэг гэрчилгээн дээр бичигдсэн, мөн “Л ” ХХК нь иргэн Б.Д тэй шүүх дээр эвлэрлийн гэрээ хийж, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн зэргээс шалтгаалж одоо болтол төлбөрөө төлж, байрныхаа гэрчилгээг авч чадахгүй байгаа. Энэ байдлаас болж би шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргасан. Үүнд:
1/ Гэрээний дагуу байрны үлдэгдэл төлбөрийг хэнд төлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хэнээс гаргуулахыг тогтоолгох.
2/ Гэрээний зүйл болох орон сууцны гэрчилгээг гаргуулах. Нэгэнт би гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгийг бодитоор эзэмшиж байгаа,мөн төлбөрийг зохих хэмжээнд төлсөн байгаа учир нэхэмжлэлийн дээр дурдсан шаардлагуудаа дэмжиж байгаа. Хэрэв бидний байгуулсан гэрээний нэг тал буюу төлбөр төлөгч нь тодорхой болох юм бол би өөрөө гэрээний үүргээ бүрэн биелүүлэх болно. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон гол санаа нь бол уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох явдал юм. Гэрээний нэг тал нь Б.Д эсхүл “Л ” ХХК-ийн хэн нь мөн гэдгийг шүүхээр тогтоолгох шаардлагатай байсан учир хоёр хариуцагч татсан байгаа гэжээ.
Хариуцагч Б.Д шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Ц.О нь орон сууц захиалсан гэрээний үлдэгдэл төлбөрийн төлбөр авагчийг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. “Л ” ХХК нь *** айлын 1 дүгээр орцны 8 давхарын 10А байрны *** тоот хаягт байршилтай, 59.84 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг иргэн Ц.О т худалдахаар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байна. Харин тус байрны хэд хэдэн орон сууцны өмчлөх эрх 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс иргэн Б.Д д шилжин өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан. Уг орон сууцанд иргэн Ц.О ийн эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгө багтсан байна. Ц.О нь 59.84 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны 30% төлбөр болох 17,952,000 төгрөгийг гэрээний дагуу төлсөн байна. Тиймээс орон сууцны хууль ёсны өмчлөгч Б.Д миний бие иргэн Ц.О тэй харилцан тохиролцож, орон сууц захиалан бариулах гэрээг шинэчлэн байгуулах, байрны төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Д.О ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул намайг эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Л ” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.О болон “Л ” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 031 тоот “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулсан гэдэг. Ц.О нь *** ын 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах “*** ” нэртэй 144 айлын орон сууцны 10А байрны 31 тоот хаягт байршилтай, 59.84 м2 талбайтай 2 өрөө байранд 2018 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. “Л ” ХХК-ийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр шилжүүлсэн авсан. Компанийг худалдан авсны дараа 144 айлын орон сууцыг, хөрөнгө оруулагчдын байрыг иргэдэд давхардуулан худалдсан байсаныг мэдэж 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр А.Лхагвасүрэнд буцаан шилжүүлсэн. Хувьцаа эзэмшигч А.Лхагвасүрэн эрх шилжүүлсэн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, тэрээр 2018 онд гадаад руу яваад өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа болно. Мөн компанийн санхүүгийн бичиг баримт, хөрөнгө оруулагч, иргэдтэй хийсэн гэрээ хэлцэл, компанийн дансны хуулга гэх компанийн үйл ажиллагаатай холбоотой баримт материалыг өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй байгаа болно. “Л ” ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч байсан А.Лхагвасүрэнг Цагдаагийн байгууллагад хандаж эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа юм. Иймд Ц.О ийн “Л ” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 031 тоот “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”-г өмнөх хувьцаа эзэмшигч хүлээлгэн өгөөгүй учир компанид байхгүй байгаа. Хариуцагч гэрээний дагуу байрны төлбөрт 17,952,000 төгрөгийг “Л ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 464004610 тоот дансанд 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тушаасан нь харагдаж байгаа болно. Маргаан бүхий байрыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар эвлэрлийн гэрээг баталгаажуулах захирамжаар Б.Д ий өмчлөлд шилжүүлсэн. Иймд “Л ” ХХК талаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О ийн нэхэмжлэлтэй Л ” ХХК, Б.Д нарт холбогдох иргэний хэрэгт О.*** нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа. О.*** “Л ” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр *** дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, 1,500,000,000 төгрөгийг зээлсэн. Улмаар уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдрөө *** дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулсан. Тус “Зээлийн барьцааны гэрээ”-гээр улсын бүртгэлийн *** дугаартай, гэрчилгээний *** дугаартай *** дугаар хороолол хаягт баригдахаар болсон 144 айлын 8,470 м2 талбай бүхий орон сууц, мөн нэгж талбарын *** дугаартай *** хороолол хаягт байрлах 1,500 м2 газрыг тус тус барьцаалсан ба хуульд заасны дагуу барьцааны бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулсан. Барьцааны зүйл болох орон сууц нь одоогоор барьцаанаас бүрэн чөлөөлөгдөөгүй, зээлдэгч болох “Л ” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа тул О.*** миний зүгээс барьцааны зүйл болох маргаан бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн эрхтэй байгаа болно. Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу барьцааны зүйлийн өмчлөгч хэн байхаас үл хамаараад барьцаалагчийн хувьд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлээ хангуулах эрхтэй. Иймд өнөөдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд барьцаалагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, эрх ашиг хөндөгдөж болзошгүй байх тул холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.О болон хариуцагч “Л ” ХХК-иуд 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 031 тоот “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр Ц.О нь *** , 11 дүгээр баг, “*** ” хотхон, 9 давхар орон сууцны А блокын 1 дүгээр орцны 8 давхарт 31 тоот хаягт байршилтай, 59.84 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 59,840,000 төгрөгөөр захиалан бариулах, харин гүйцэтгэгч тал болох “Л ” ХХК нь орон сууцыг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан Ц.О т хүлээлгэн өгөх үүргийг хүлээжээ.
2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *** дугаар захирамжаар “Л ” ХХК-иас 2,900,000,000 төгрөг гаргуулж Б.Д д олгохоор шийдвэрлэсэн байна.
Төлбөр төлөгч “Л ” ХХК өөрийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон өгөх хүсэлт гаргасан тул “...*** байрны /А блок/ 31 тоот хаягт байршилтай, 59.84м2 талбайтай 2 өрөө орон сууц”-ыг төлбөр авагч Б.Д ий нэр дээр шилжүүлэн бүртгэжээ /хх70-76/.
2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Б.Д болон “Л ” ХХК-д холбогдуулж 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 031 тоот “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”-ний төлбөр авагчийг тогтоолгох, *** , 11 дүгээр баг, “*** ” хотхон, 9 давхар орон сууцны А блокын 1 дүгээр орцны 8 давхарт *** тоот хаягт байршилтай, 59.84 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай шаардлагуудыг гарган шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгч тал өөрийн шаардлагын үндэслэлээ “...Анхнаас нь маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байгаа. Гэрээний дагуу төлбөрөө төлөөд явж байтал гэрээний нөгөө тал нь буюу төлбөр авагч нь хэн болох нь эргэлзээтэй болж эхэлсэн. Ийм учраас хэн төлбөр хүлээн авахыг шүүхээр тогтоолгоно, мөн орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй” гэсэн агуулгаар тайлбарласан.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулгыг шүүх хуралдаанд гаргасан тайлбартай харьцуулж үзэхэд тэрээр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох агуулгаар шүүхэд хандсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Хэдийгээр нэхэмжлэгч болон хариуцагч нар 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 031 тоот гэрээг “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ” гэж нэрлэсэн хэдий ч гэрээнүүдийн агуулгыг хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудтай харьцуулан судлахад талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 031 тоот “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”-гээр талууд нийт төлөх төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх болон байрыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа, гэрээ цуцлах нөхцөл, төлбөр бүрэн төлөгдсөнөөр өмчлөх эрх үүсэх зэрэг нөхцлийг тогтоосон ба нэхэмжлэгч Ц.О нь гэрээний дагуу төлбөрийн зарим хэсэг болох 17,952,000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй талаар зохицуулсан ба гэрээний үүргийг бодитойгоор биелүүлэхийг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой гэж шүүхээс үзлээ.
Хариуцагч Б.Д ий шүүхэд гаргасан тайлбарыг хэрэгт цугларсан баримтуудтай харьцуулан судлахад тэрээр нэхэмжлэгч Ц.О болон хариуцагч “Л ” ХХК-иудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан 031 тоот “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”-ний үүргийг хүлээн авсан, талуудын байгуулсан гэрээний тал нь Б.Д болжээ. Харин Б.Д нь “...төлбөрийг төлсөн тохиолдолд өмчлөлийг шилжүүлэхэд татгалзахгүй” гэсэн тайлбарыг өгчээ. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Дээр дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан гэрээний нэг талыг Б.Д гэж үзсэнээс гадна өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэл байх тул нэхэмжлэгчийн “...гэрээний төлбөр авагчийг тогтоолгох” тухай шаардлагыг тусгайлан шийдвэрлэх шаардлагагүй.
Харин гуравдагч этгээд зээлийн болон барьцааны гэрээний үүргийг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан **** талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ц.О ийг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д өөс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.О т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ