| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Даваадорж |
| Хэргийн индекс | 188/2024/1279/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1294 |
| Огноо | 2024-11-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Намдаг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1294
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хонгорзул, улсын яллагч А.Намдаг, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***ид холбогдох, эрүүгийн 2408000001416 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч *** нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, *** тоотод хамтран амьдрагч ***тай “хоол халаасангүй” гэх шалтгааны улмаас болж маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт болон биеийн бусад хэсэгт цохиж эрүүл мэндэд нь “зүүн шанааны хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хөхөнд цус хуралт, зулгаралт, бугалга, шуу, гуя, хамарт цус хуралт, хэвлийн зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2408000001416 дугаартай хэргээс:
2. Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1, 3 дугаар хуудас/,
3. Аюулын зэргийн үнэлгээ “дунд” гэж гарсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/,
4. Хохирогч ***гийн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо,*** тоотод байх гэртээ байхад гаднаас хамтран амьдрагч *** нь согтуу орж ирээд намайг унтаж байхад хөргөгч ухаад “хоол халааж өг” гэхээр нь би “чи хоолоо идчихээд ирсэн юм биш үү” гэхэд тэрээр уурлаад “ална п минь” гэж орилоод намайг хардаж уурлан заамдаж аваад үснээс зулгаагаад, улмаар миний толгой руу 2-3 удаа цохиход миний толгойноос болон хамраас цус гарсан. Тэгэхээр нь би гараад цагдаад дуудлага өгсөн. Би ***той 3 жил 4 сар хамт амьдарч байгаа бөгөөд цагдаад дуудлага өгөхөд ***ийг сахартай гээд эрүүлжүүлэхээс гаргачихдаг байсан. Өмнө нь намайг цохиж зодож байсан. ...Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11579 дугаартай: “...1. ***гийн биед зүүн шанааны хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хөхөнд цус хуралт, зулгаралт, бугалга, шуу, гуя, хамарт цус хуралт, хэвлийн зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,
6. Хохирогч ***гаас гаргасан: “...Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
7. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт бүхий баримт /хавтаст хэргийн 24-33 дугаар хуудас/,
8. Шүүгдэгч ***ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 34-53, 63-66, 79-89 дүгээр хуудас/,
9. Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн орой найзтайгаа хамт гадуур архи, пиво ууж байгаад шөнийн 12 цаг өнгөрч байхад гэртээ орсон. Тухайн үед эхнэр *** гэртээ ганцаараа байсан бөгөөд гэр бүлийн болж бүтэхгүй асуудлаас болж хоорондоо хэрэлдэж, маргалдсан. Эхнэр намайг хардлаа гээд байхаар нь би эхнэрийнхээ нүүрэн тус газар нь 2-3 удаа алгадаад түлхэхэд эхнэр унахдаа том өрөөний хаалга мөргөж унасан. Би жижиг өрөөндөө байж байхад манайд цагдаа орж ирсэн. Эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгчихсөн байсан. Би ***тай хамтран амьдраад 4 жил болж байна. Албан ёсны гэрлэлтийн баталгаагүй, дундаасаа хүүхэдгүй. Урьд өмнө нь эхнэр *** бид хоёрын хооронд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал гарч байгаагүй. Дээрх үйл явдлаас хойш эхнэр *** бид хоёр хоорондоо эвлэрч одоо хамт амьдарч байгаа... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,
10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд шүүхээр ял шийтгүүлж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаарх лавлагаа /хавтаст хэргийн 67-75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Мөрдөх байгууллагаас ***ид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, *** тоотод хамтран амьдрагч ***тай “хоол халаасангүй” гэх шалтгааны улмаас болж маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт болон биеийн бусад хэсэгт цохиж эрүүл мэндэд нь “зүүн шанааны хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хөхөнд цус хуралт, зулгаралт, бугалга, шуу, гуя, хамарт цус хуралт, хэвлийн зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.
Үүнд:
1. Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2408000001416 дугаартай хэргээс:
2. Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1, 3 дугаар хуудас/,
3. Аюулын зэргийн үнэлгээ “дунд” гэж гарсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/,
4. Хохирогч ***гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11579 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,
6. Хохирогч ***гаас гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
7. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт бүхий баримт /хавтаст хэргийн 24-33 дугаар хуудас/,
8. Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас ***ийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай” дүгнэлтийг гаргаж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс зүгээс “гэм бурууг хүлээн зөвшөөрч” оролцсон болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хохирогч ***гийн биед учирсан “зүүн шанааны хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хөхөнд цус хуралт, зулгаралт, бугалга, шуу, гуя, хамарт цус хуралт, хэвлийн зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал” хөнгөн хохирол нь шүүгдэгч ***ийн цохих, түлхэх зэрэг үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогджээ.
Хохирогч ***, шүүгдэгч *** нар нь хамтран амьдрагч нар тул тэднийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д заасанд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний бие махбодод халдсан үйлдлийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д гэр бүлийн хүчирхийлэлд тооцогдохоор хуульчилсан.
Прокуророос шүүгдэгч ***ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд тэрээр уг гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь баримтаар тогтоогджээ.
Иймд шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан байдаг.
Хохирогч ***гийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ***ийн үйлдлийн улмаас бий болсон бөгөөд энэ нь гэмт хэргийн хохирол болох тул учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан зардал, мөн бусад зардал нь гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Гэтэл хохирогч ***гийн зүгээс “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, хэмээн мөрдөн байцаалтын шатанд бичгээр хүсэлт гаргасан, мөн тэрээр шүүхийн шатанд хохирол, төлбөр нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч ***ийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “тус зүйл заалтад заасан торгох ялыг доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгөх” санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс ***ид ял шийтгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж шийдвэрлэв.
Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдав.
Дөрөв. Бусад:
Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***ид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ***ид торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Хохирогч *** нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэдгээ илэрхийлдэг тул ***ийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ***ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ