| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00148/И |
| Дугаар | 102/ШШ2017/01279 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2017/01279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ........... тоот хаягт оршин суух, Х овогт Т.С /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ........... тоот хаягт оршин суух, Х овогт С.Ш /РД: 00000000/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ............ тоот хаягт оршин суух, н.Н нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүрэг, ............... тоот хаягт байрлах 77 м.кв талбайтай хувийн сууц болон 249.89 м.кв талбайтай газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.С-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М-тэй 1999 онд гэр бүл болж, 0000 оны 0 дугаар сарын 00-нд хүү М.О төрсөн. Бид Баянгол дүүргийн ............... тоот 1 өрөө байрыг хууль ёсны дагуу өмчилж гэр бүлээрээ амьдардаг байсан. Би 2008 онд БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад яваад 2009 оны 03-р сард ирэхэд манай гэрт нэг эмэгтэй ирсэн байсан, үүнээс болж бидний дунд маргаан үүссэн. Энэ хүнийхээ асуудлыг шийдээрэй гээд би Төв аймагт байдаг ээж, аав руугаа явсан. Д.М нь 2010 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Хэнтий аймагт явж байгаад нас барсан. Хүү М.О арьсны өвчтэй, группэд байдаг. Гэтэл одоо болтол бидний өмчлөлийн байранд Х гэх эмэгтэй 2 хүүхдийн хамтаар амьдарч байна. Мөн М бид хоёр хам амьдарч байхдаа 2005 онд креста маркийн авто машин худалдаж авсан. Түүнийг мөн Х эзэмшиж байна. Иймд бидний байр болон машиныг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч С.Ш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2008 оны 08 дугаар сард М-тэй танилцаж, хамтын амьдралтай болсон. 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр М-ийн О төрсөн. 2008 оны 08 сараас биднийг хамтын амьдралтай болоход Ц гэдэг хүн байгаагүй. Хэрвээ айлын эхнэр хүн байсан бол би очихгүй юм. Манай гэрт нэхэмжлэгч нарын эд хөрөнгө ч байгаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Байрнаас гарахгүй, машиныг бол авахгүй надад байгаа. Би мөнгийг гаргаж өгч чадахгүй учраас машиныг нэхэмжлэгч нарт өгнө гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч С.Ш нарт холбогдуулан Баянгол дүүрэг, ............... тоот хаягт байрлах 77 м.кв талбайтай хувийн сууц болон 249.89 м.кв талбайтай газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хариуцагч н.Нд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Т.С нь Баянгол дүүргийн ............... тоот хаягт байрлах, 77 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 249.89 м.кв талбайтай газрын өмчлөгч болох нь 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр олгогдсон Ү-0000000000, Г-0000000000 бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.
Харин уг хашаа байшинд хариуцагч С.Ш нь гэр бүлийн хамт амьдардаг болох нь зохигчийн тайлбар, хорооны тодорхойлолтоор тогтоогдож байх тул өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах, бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
Хариуцагч С.Ш нь хашаа, байшинг чөлөөлөхгүй гэсэн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ энэ хашаа байшингийн өмчлөгч нь С.Б тул хариуцагч нь бас С.Б болно. Би өмчлөгч биш гэж тайлбарладаг боловч энэ тайлбар нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн эрхийг зөрчих, өмчийн зүйлийг хууль бусаар эзэмших үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь заалтыг баримтлан Т.С-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ............... тоот хаягт байрлах, 77 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Г-0000000000 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ............... тоот хаягт байрлах, 249.89 м.кв талбайтай газар зэргийг С.Ш-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар н.Н-д холбогдох хашаа, байшин чөлөөлүүлэхийг хүссэн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Ш-гаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ