| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 105/2024/1310/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1322 |
| Огноо | 2024-12-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1322
2024 12 02 2024/ШЦТ/1322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,
улсын яллагч Д.Энхбаяр,
шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ***** овогт Г-гын Тэд холбогдох эрүүгийн 2406006542501 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр **** аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ****** тоотод оршин суух,
Урьд, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан,
****** овогт Г-гын Т /регистрийн дугаар: **********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь согтуурсан байх үедээ 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ГХ” нэртэй цайны газарт хохирогч Ш.Эын “та нар цайны газарт дуулж болохгүй гарцгаа” гэх шаардлага тавьсанд маргалдан улмаар хохирогч Ш.Эын нүүрэн хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2406006542501 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудаас гаргасан яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ш.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 889 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-60-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Д.Энхбаяр шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Г.Т нь согтуурсан байх үедээ 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ***** дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ГХ” нэртэй цайны газарт хохирогч Ш.Эын “та нар цайны газарт дуулж болохгүй гарцгаа” гэх шаардлага тавьсанд маргалдан улмаар хохирогч Ш.Эын нүүрэн хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.
Шүүгдэгч Г.Т гэм буруугийн талаар маргахгүй гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Г.Т нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ГХ” нэртэй цайны газарт үйлчлүүлэхдээ хохирогч Ш.Эын “бусдыг чирч гаргаж буй” үйлдлийг шалтаг болгон түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ үйл баримт нь
Хохирогч Ш.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ГХ нэртэй... манай цайны газарт 4 эрэгтэй хүн орж ирсэн бөгөөд хоол захиалаад, хоолоо идчихээд сууж байгаад согтуу байсан болохоороо дуулаад байхаар нь би гар гэж хэлсэн, тэгэхэд нэг нь миний өөдөөс маргалдаад байхаар нь би 2-ыг хаалгаар чирч гаргах гээд хоёр гартаа чирээд аваад явж байхад тэр дунд байсан сүүлд цагдаа дээр хүрч ирээд нэрийг нь мэдсэн жижиг биетэй эрэгтэй болох Т миний араас ирээд миний хамар хэсэгт 1 удаа цохиод авсан. Тэгээд зугтаад яваад өгсөн бөгөөд араас нь би, дүү Болд-Эрдэнийн хамт хөөж барьсан...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №889 дугаартай “Ш.Эын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт,
Г.Тийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...тухайн үед О нь согтуу байсан болохоор тэнд орилоод дуулаад байсан. Тэгтэл цайны газарт байсан Ш.Э нь гарч ирээд О-сийг чирээд гаргах гээд байхаар нь би өмөөрөөд очоод цохиод авсан. Би Ш.Эын хамар хэсэгт нь цохиод зугтаад явсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Г.Т нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ГХ” нэртэй цайны газарт Ш.Эын “бусдыг чирч гаргаж буй” үйлдлийг шалтаг болгон түүний нүүрэн хэсэгт гараараа цохисон үйлдэл нь гэм буруу санаатай хэлбэр гэж үзнэ.
Тодруулбал, Г.Т нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн буюу хохирогчийн нүүр хэсэгт цохих үйлдэл хийх нь хүний эрүүл мэндэд хор хөнөөл, сүйтгэл үүсэж болохыг урьдчилан ухамсарлан ойлгож мэдсэн, мэдсээр байж үйлдлээ хэрэгжүүлсэн байна.
Энэ үйлдлийн улмаас хохирогч Ш.Эын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь түүний мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.
Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдуулан зориуд худал мэдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн шүүгдэгч Г.Тийн халдсан гэх цаг хугацаанд Ш.Э нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл гаргаж, шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэн өөрт учирсан гэмтэл, хохирлыг тогтоолгосон нь түүний биед учирсан гэмтэл, хохирлыг Г.Т учруулаагүй гэж үзэх эргэлзээ бүхий баримт тогтоогдохгүй байна.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 889 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон хохирогч Ш.Эын биед учирсан гэмтэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлсон гэмт хэргийн хохирол, хор уршиг бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо үүсжээ.
Иймд Г.Тийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.
Хохирогч Ш.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд нотлох баримтаар хохирол гаргаж нэхэмжлээгүй тул шүүгдэгч Г.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Ш.Э энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хор болон цаашид хийлгэх эмчилгээний талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Тээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгч Г.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх,
Шүүгдэгч Г.Т нь эрүүгийн хариуцлагын талаар “...Хэлэх зүйл байхгүй...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Г.Тийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас торгох ялыг сонгон оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Г.Тэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Тэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Г-ын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийг есөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Тэд оногдуулсан торгох ялыг гурав (3) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Ш.Э энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хор болон цаашид хийлгэх эмчилгээний талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Тээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР