| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2021/03128/И |
| Дугаар | 102/ШШ2021/02870 |
| Огноо | 2021-11-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2021/02870
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч М.Б нэхэмжлэлтэй
Хариуцагч Б “А........” ХХК
Хариуцагч Б..Х холбогдох худалдах, худалдан авах гэрээний хохиролд 4.702.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С..Б, хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П..П хариуцагч Б..Х итгэмжлэгдсэн төлөөлөгч О..Б, гэрч Д..Б, Н..О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С..Б нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн М..Б иргэн Б.Х. автомашиныг 21.400.000 төгрөгөөр худалдан авсан.
Уг автомашиныг хххх улсаас 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр оруулж ирсэн бөгөөд “Худалдах, худалдан авах гэрээ”-г 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан.
Худалдан авснаас хойш 2 сарын дараа М..Б автомашинаар гэр бүлээрээ хөдөө явж байхад автомашины мотор цохиж эвдэрсний улмаас Улаанбаатар хот руу автомашиныг зөөвөрлөн авчирч худалдагчид мэдэгдсэн.
Ингээд худалдагч талын зааж өгсөн авто засварын газар очиж үзүүлэхэд гадна гэмтэл байхгүй, тоос шороо байхгүй, эд ангид ус орсон зүйлгүй, мотор цохигдсон гэмтсэн зүйл байхгүйг аль аль тал харсан.
Мотор сольсон зардлыг худалдагчаас нэхэмжилсэн боловч төлөхгүй гэх тайлбар өгсөн.
Автомашиныг “Н..ХК-ийн “М”-ний инженер А..Б гэх хүнд үзүүлэхэд хөдөлгүүрийн тос бохирдсон, тахир голын 3 дугаар цилиндрийн гар биеийн вкладыш дууссан, тахир голын 3 дугаар цилиндрийн гар биеийн хэсэг элэгдсэн, 3 дугаар цилиндрийн шатуны доод эрүү тосгүйн улмаас улайссан, вкладышнууд дууссан, цохисон хүзүүний шатуны 2 боолтын нэг нь тасарч, нэг нь шувтарсан, 3 дугаар цилиндрийн шатуны эрүү суларч тасарснаар поршень дээд хөдөлгүүрийн гавлын калапангуудыг хугалсан, поршень шатуны дээд хэсгээр салснаар маслоны насосын арьсыг хагалсан, 3 дугаар цилиндрийн хэсэгт ямар гэмтэл үүссэнийг бүрэн задаргаа хийж тогтоох ёстой гэх оношилгоо хийсэн.
Оношилгооны дагуу автомашины моторыг цаашид солихоос өөр боломжгүй учир моторыг сольж автомашиныг одоо ашиглаж байгаа.
Нэхэмжлэлийн шаардлага мотор 3.500.000 төгрөг, ажлын хөлс 200.000 төгрөг, автомашиныг ачуулж ирсэн зардал 420.000 төгрөг, оношилгоо 64.500 төгрөг, үнэлгээ 10.000 төгрөг, итгэмжлэл 8.000 төгрөг, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг нийт 4.702.500 төгрөгийн хохирлыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа дэмжиж байна.
Мөн “А”..ХХК өөрийнхөө компанийн автомашиныг Б..Хнэрээр оруулж ирдэг бөгөөд автомашиныг “Худалдах худалдан авах гэрээ”-нд Б..Х гарын үсэг зурсан. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын төлбөр төлөх үүргийг хамтран гүйцэтгэх үүрэгтэй. “А.ХХК-ийн фейсбүүк групп дээр маргаан бүхий автомашиныг зарна гэж зар тавьсан байсан. “А.ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ” байхгүй. Моторын эд анги элэгдээд тасарсан байсан тул энэ нь моторын өөрийнх гэмтэл. Моторын гэмтлийг худалдан авагч шалгаж авах ёстой гэж хариуцагч тайлбарласан ч моторыг мэргэжлийн бус хүн харж үзэж авах боломжгүй, задалж тайлж байж л моторыг гэмтэлтэй эсэхийг шалгах боломжтой, гэжээ.
Хариуцагч Б..Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч О..Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбар гаргаж байна.
Б..Х, М..Б нар 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Худалдах худалдан авах гэрээ”-г байгуулж “Тоёота сай” маркийн автомашиныг 21.400.000 төгрөгөөр худалдан борлуулсан. Нэхэмжлэгч автомашиныг худалдан авч байхдаа автомашиныг шалгаж, үзсэний дараагаар гэрээг байгуулсан.
Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “худалдаж байгаа тээврийн хэрэгсэл эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой бөгөөд гэрээ байгуулах үед бусдад худалдаагүй, барьцаалаагүй, битүүмжлэгдээгүй, түрээслэгдээгүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй байна”, гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон худалдан авагчийн буруугаас гарах аливаа зардал, уг эд хөрөнгө тохиолдлоор устаж гэмтсэний эрсдэл, татвар, хураамж, торгууль худалдан авагч талд шилжинэ” гэж зааж гэрээ байгуулагдсан.
“Н” ХХК-ийн “М”-ний инженер А..Б оношилгоонд автомашиныг мотор ямар гэмтэлтэй байсныг тодорхой дурдаж, оношилгоонд хөдөлгүүрийн тос бохирдсон, тахир голын 3 дугаар цилиндрийн гар биеийн вкладыш дууссан, тахир голын 3 дугаар цилиндрийн гар биеийн хэсэг элэгдсэн, 3 дугаар цилиндрийн шатуны доод эрүү тосгүйн улмаас улайссан, вкладышнууд дууссан, цохисон хүзүүний шатуны 2 боолтын нэг нь тасарч нэг нь шувтарсан, 3 дугаар цилиндрийн шатуны эрүү суларч тасарснаар поршень дээд хөдөлгүүрийн гавлын калапангуудыг хугалсан, поршень шатуны дээд хэсгээр салснаар маслоны насосын арьсыг хагалсан, 3 дугаар цилиндрийн хэсэгт ямар гэмтэл үүссэнийг бүрэн задаргаа хийж тогтоох ёстой, шатун хугарснаар хөдөлгүүрийн блок цөмөрч хагарсан гэх оношилгоо хийсэн.
Үүнээс үзэхэд, моторын шатун хугарснаас шалтгаалж бусад гэмтэл үүссэн байна.
Б..Х тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр биет байдлын доголдолгүйгээр талуудын хооронд байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.2, 3.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн.
Нэхэмжлэгч автомашиныг 2 сар 20 хоног ашиглаж байх хугацаандаа өөрийнхөө буруутай, хайхрамжгүй үйлдлээс шалтгаалж оношилгоогоор тогтоогдсон гэмтлүүдийг үүсгэсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн автомашин худалдаж авч буй хүн болгон автомашины моторыг задалж шалгаж авахгүй. Нэхэмжлэгч автомашиныг дээр дурдсан шиг 2 сар 20 хоног ашигласан ба энэ хугацаанд нэхэмжлэгчийн өмчлөлд эрсдэл бүрэн шилжсэн.
Уг автомашинаар хөдөө хэдэн километр явсан эсэхийг бид мэдэхгүй. Шатун автомашины цилиндрээс хамаарч дээшээ, доошоо хөдөлдөг бөгөөд 3 дугаар цилиндрийн дээшээ, доошоо хөдөлдөг төмөр хугарч бусад эд ангиуд руугаа үсэрснээр мотор цохидог.
Иймд нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж автомашин эвдэрсэн гэх тайлбар үндэслэлтэй байна, гэжээ.
Хариуцагч “А.ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П..П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч М..Б “А.ХХК нь ямар нэгэн “Худалдах, худалдах авах гэрээ” хийж автомашиныг зараагүй тул нэхэмжлэгчийг зөвшөөрөхгүй байна.
Б..Х манай зогсоолыг түрээсэлж автомашинаа зардаг байсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М..Б хариуцагч Б..Х, “А.ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний хохиролд 4.702.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Б..Х нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж автомашин эвдэрсэн, хариуцагч “А.ХХК манайх автомашиныг зараагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч М..Б хариуцагч Б..Хтай “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Япон улсад 2010 онд үйлдвэрлэгдсэн, арлын дугаартай, “T” маркийн, цайвар цэнхэр өнгийн суудлын автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн, хэлэлцэн тохиролцсон үнийг төлсөн нь гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Уг суудлын автомашин “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг”-ээр 2021 оны 05 дугаар сард Монгол улсын хилээр иргэн Б..Хын нэр дээр ххххх улсаас орж ирсэн болох нь тогтоогдож байна.
Шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэн талуудын хооронд “Худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнээд, нэхэмжлэгч хохирлоо Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
Зохигчдын хооронд үүссэн маргааны зүйл суудлын автомашины доголдлын талаар маргаж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ” гэж заасанчлан нэхэмжлэгч автомашины үнэ 21.400.000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бүрэн төлж, өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч, хариуцагч төлбөрийг хүлээн авснаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбарлаж маргаагүй.
Хариуцагч Б..Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч О..Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “эд хөрөнгийн доголдолгүй автомашиныг өгсөн, харин нэхэмжлэгч хөдөө унаж яваад автомашин эвдэрснийг хариуцагчид хэлэхэд тухайн үед автомашин юунаас болж эвдэрснийг үзүүл гээд засварчин зааж өгсөн. Үүнийг гэрчилсэн гэрч анх автомашины үзэхэд ямар эвдрэл гэмтэл байсан эсэхийг хэлсэн. Түүнээс хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зүйлгүйг гэрч нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн оношилгооны хуудсаар нотлогдоно”,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С..Б “оношилгооны дагуу автомашины моторыг солихоос өөр боломжгүй болж сольсон тул хариуцагч төлбөрийг төлөх үүрэгтэй” гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.
Дээрх тайлбараас харахад, нэхэмжлэгчийн худалдан авсан тээврийн хэрэгслийн мотор цохиж эвдэрсэнтэй хэн аль маргаагүй бөгөөд автомашины гэмтлийн шалтгаан, гарсан зардал, хохирлыг худалдан авагч, худалдагч нар төлөх, төлөхгүй талаар маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч эд хөрөнгөндөө доголдол бий болгох нөхцөл боломжийг өөрийн буруутай үйлдэл буюу техникийг ашиглах явцдаа бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа, тос тосолгооны хэрэгслийг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй алдаа гаргасан болох нь “Мастер авто сүлжээ” оношилгооны хуудсанд “хөдөлгүүрийн тос бохирдсон, тахир голын 3 дугаар цилиндрийн гар биеийн вкладыш дууссан, 3 дугаар цилиндрийн шатуны доод эрүү тосгүйн улмаас улайссан, вкладышууд дууссан, цохисон хүзүүний шатуны 2 дугаар боолтны нэг нь тасарч, нэг нь шувтарсан, 3 дугаар цилиндрийн шатуны эрүү суларч тасарснаар поршень дээд хөдөлгүүрийн гавлын клапангуудыг хугалсан, поршень, шатуны дээд хэсгээр салснаар маслын насосны арьсыг хагалсан, 3 дугаар цилиндрийн хэсэгт ямар гэмтэл үүссэнийг бүрэн задаргаа хийж тогтоох боломжтой, шатун хугарснаар хөдөлгүүрийн блок цөмөрч хагарсан”,
Гэрч Н..О “Намайг анх үзэхэд автомашины моторын урд хэсэг цоорсон байсан. Энэ нь хөдөлгүүрийн хажуу талын шатун тасрахаар тийм болдог. Тэр үед М..Б шатун тасарсан байна, автомашин асахгүй гэж хэлсэн. Юунаас болж энэ эвдэрдэг вэ? гэхэд 3 дугаар цилиндр дээр тос очоогүй бол дотор тос байхгүй байх ёстой байсан. Автомашины хөдөлгүүрийн тосыг хамгийн түрүүнд үзсэн. Гэтэл масло хэвийн хэмжээтэй байсан. Шатун ихэнх тохиолдолд дээд талд гаднын биет орохоор тасардаг. Гэтэл автомашинд гаднын биет орсон юм харагдаагүй. Автомашиныг задалж үзээгүй учраас гаднаас нь хараад дүгнээд явуулсан. Тосгүй болоод тасрах хэмжээний байсан юм бол урд талын хөдөлгүүрээс дуу гарах ёстой. Тэр үед жолооч зогсоод масло үзэх ёстой. Хэрвээ гар биеийн боолт тасарч, эрүү доош унахад хөдөлгүүрээс маш их хэмжээний дуу гаргадаг. Шатун хугарсан автомашин 80 хоногийн хугацаанд хөдөлгөөнд оролцож явах ямар ч боломжгүй. Мотор хэвийн хэмжээнээс илүү хурдлах тохиолдолд энэ гэмтэл үүсэх боломжтой. Хэвийн хэмжээнд жигд явж байсан автомашины шатун тасардаггүй. Хөдөлгүүрийн тосны чанар муудсанаас вкладыш элэгдэж болох бөгөөд өндөр хурд даахгүй 3 дугаар цилиндр тасрах боломжтой. Бохирдсон тосыг худалдаж авсан хүн солих үүрэгтэй, жолооч тосыг шалгах үүрэгтэй. Жолооч автомашиныг худалдаж авсныхаа дараа засварын газарт очоод тос бохирдсон эсэхийг шалгуулах ёстой”
Гэрч Д..Б “Би нөхөртэйгөө 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн үед “А.ХХК дээр очоод, 4 машин байснаас манай авсан машин усан цэнхэр өнгөтэй, үзэмж гайгүй болохоор авахаар тохирсон. Автомашиныг цаад заалнаасаа нааш нь татаж ирэхэд автомашины ар талын гуперын өнгө өөр байсан. Гуперын өнгө өөр байна гэж борлуулагчид хэлэхэд орж ирэхдээ сэв болсон юм, үнэгүй янзлуулаад өгнө гэж хэлсэн. Тэр үед тос масло яах бэ? гэж асуухад одоо солих шаардлагагүй, нэг мөр хүйтрэхээр соль гэж хэлсэн. Автомашины гуперийг солиулахаар засварын газарт өгөөд, 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр очиж авсан. 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр автомашины бичиг баримтыг нэр дээрээ шилжүүлж авахад борлуулагч талаас анхааруулсан зүйлгүй. Бид хөдөө амралтаа авч явахад автомашин эвдрээд, 3.500.000 төгрөгөөр моторыг засварын газарт солиулсан. Оношилгоо хийсэн инженер маралын элэгдэлд орсон, тос масло бохирдсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг, бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3,3, 3.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б..Х эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, өмчлөлийн зөрчилгүй, эвдрэл гэмтлийг зохих шинжилгээний байгууллагаар шинжлүүлсэн баримтын хамт хүлээлгэн өгсөн нь “Автомашин дуудлага худалдааны хуудас-ххххх” баримт, гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдож, гэрээнд дурдсанаар автомашинд гарсан аливаа гэмтэл худалдан авагчийн буруугаас болбол гарсан зардал худалдан авагчид шилжихээр заажээ.
Иймээс нэхэмжлэгч эвдэрсэн моторыг засуулахад гарсан зардал 3.700.000 төгрөг, ачуулж ирсэн зардал 420.000 төгрөг, ажлын хөлсөнд 200.000 төгрөг төлсөн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанчлан баримтаар нотолж чадаагүй, худалдан авагчийн буруутай үйлдлээр суудлын автомашин эвдэрсэн нь тогтоогдож мөн хариуцагч “А.ХХК-тай тухайн суудлын автомашин болон түүний эвдрэл гэмтэлтэй холбоотой ямар нэгэн эрх зүйн харилцааг нэхэмжлэгч үүсгэсэн нь нотлогдоогүй, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт зааснаар худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэл бичгийн баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасны дагуу худалдан авагчийн доголдлын талаарх гаргасан гомдол хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Намайг мэтгэлцэх зарчмаар хангахгүй байна. Шүүх хуралдаан хойшилно гэж бодож байсан. Нотлох баримт гаргаж өгөх байсан“ гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч М..Б 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 31 минутанд өөрийгөө төлөөлүүлэхээр Б..Хд холбогдох иргэний хэрэгт, төлөөлөгчөөр С..Б сонгон, Бүртгэлийн 000 дугаартай, “Итгэмжлэл” олгож, уг “Итгэмжлэл”-ийн дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С..Б 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр бичсэн нэхэмжлэлийг тус шүүх 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 000/00000/0000 дугаартай Шүүгчийн захирамжаар “Иргэний хэрэг” үүсгэжээ.
Ингээд нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Б..Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч О..Б, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “А.ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П..П нар гардан авч, хуульд заасан хугацаанд “Хариу тайлбар”-ыг холбогдох нотлох баримтын хамт ирүүлж, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх 000/0000000 дугаартай Шүүгчийн захирамж гарч, шүүх хуралдааны товыг талуудад шүүгчийн туслах мэдэгдэж, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч Б..Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрч асуулгах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “яаралтай ажил гарсан очих боломжгүй байна” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хянаад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж, гэрч асуулгах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг ханган, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон боловч хэрэгжүүлээгүй, шүүх зохигчдыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тэгш эрхээр хангасан нь “Хэрэг танилцуулсан баримт”, “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” бичгийн баримтаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан М..Б нэхэмжлэлтэй, хариуцагч Б..Х, “А.ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний хохиролд 4.702.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.190 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА