Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1031

 

 

 

 

 

 

 

2024       09          25                                   2024/ШЦТ/1031

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,

улсын яллагч Д.Аззаяа,

шүүгдэгч М.В нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ***** овогт М-ийн Вд холбогдох эрүүгийн 2406 00000 1900 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ********-ны өдөр ****** төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ****** дүгээр хороо, ****** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ***** дүгээр хороо, ********* тоотод оршин суух,

Урьд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1712 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан,

            ******* овогт М-ийн В /регистрийн дугаар: ************/,

 

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч М.В нь 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, ****** хорооллын гадна талд хохирогч А.Атай “таксины төлбөрөөс” болж маргалдаж улмаар түүн рүү архины шилний хагархай шидэж зүүн тохой, шуунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Вг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2406 0000 1900 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудаас гаргасан яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

Хохирогч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9757 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгасан баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17, 44-52-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Д.Аззаяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...М.В нь 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн ***** дүгээр хороо, ****** хорооллын гадна талд хохирогч А.Атай “таксины төлбөр мөнгөнөөс” болж маргалдаж улмаар түүн рүү архины шилний хагархай шидэж зүүн тохой, шуунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Вг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.

 

Шүүгдэгч М.В гэм буруугийн талаар маргахгүй гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

М.В нь 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн ******** хорооллын гадна талд хохирогч А.Атай “таксины төлбөрөөс” болж маргалдаж улмаар түүн рүү архины шилний хагархай шидэж зүүн тохой, шуунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь

Хохирогч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр такси үйлчилгээнд явж байгаад 1000 оюутны байрнаас үл таних согтуу хүнийг суулгаад Шарх хад зүг рүү яваад буулгах гэтэл тооцоо 7,000 төгрөг өгчих гэхэд ингэж гардаггүй. 2,000 төгрөг гардаг газар гэж маргалдаж, буцаж эргээд 1000 оюунтны байр орчхоод хэд гардаг юм гэж миллээ нойллоод буцаад явчхаад цааш яван Саруул тэнгэрийн цаана байдаг баар оръё гэхээр нь Хан хөхий гэх баарны гадна очоод машинаа байрлуулаад буучих гэхэд машинаас ерөөсөө буухгүй байсан. Буухгүй байсаар байгаад Саруул тэнгэр 2 хотхоны гадна очиход хойно сууж байсан залуу хоёулаа уух уу гэхээр нь уухгүй гэхэд эр хүн шиг уучихъя гээд салахгүй байсан. Тэр хүнээс холдох санаатай эхнэрээ дуудах гэхэд байгаагүй. Тэгээд тэр хүн буухгүй болохоор эхлээд машинаасаа буугаад тэр залууг арай гэж машинаасаа буулгахад машинд авч орж ирсэн архиараа намайг цохих гээд дайраад далайхаар нь би бултсан чинь тэр архины шил нь хойд дэлгүүрийн хананд цохигдоод архины шилний тал нь хагарчихсан. Би тэр шилийг нь зайлуулчих санаатай бултаж явж байтал нөгөө залуу ардаас архины шилээ шидчихээд миний гар зүсэгдсэн. Тэгээд гэр рүүгээ орж хүнд цохиулчихлаа гэж эхнэртээ хэлээд буцаад гараад ирэхэд нөгөө залуу манай машины ачаан дээр байсан запас дугуйг тайлаад байж байсан. Тэгээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №9757 дугаартай “А.Аын биед зүүн тохой, шуунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Тогтоогдсон үйл баримт болох М.В нь 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ********* хорооллын гадна талд хохирогч А.Атай “таксины төлбөрөөс” болж маргалдсан үйлдэл нь гэм буруу санаатай хэлбэр гэж үзнэ.

 

Тодруулбал, М.В нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн буюу хохирогчийг мөргөх үйлдэл хийх нь хүний эрүүл мэндэд хор хөнөөл, сүйтгэл үүсэж болохыг урьдчилан ухамсарлан ойлгож мэдсэн, мэдсээр байж үйлдлээ хэрэгжүүлсэн байна.

 

Энэ үйлдлийн улмаас хохирогч А.Аын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь түүний мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.

 

Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдуулан зориуд худал мэдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн шүүгдэгч М.Вгийн халдсан гэх цаг хугацаанд хохирогч А.А нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл гарган, шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэн өөрт учирсан гэмтэл, хохирлыг тогтоолгосон нь түүний биед учирсан гэмтэл, хохирлыг М.В учруулаагүй гэж үзэх эргэлзээ бүхий баримт тогтоогдохгүй байна.

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9757 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон хохирогч А.Аын биед учирсан гэмтэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлсон гэмт хэргийн хохирол, хор уршиг бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо үүсжээ.

 

Иймд М.Вгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзлээ.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

 

Хохирогч А.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд нотлох баримтаар хохирол гаргаж нэхэмжлээгүй тул шүүгдэгч М.Вг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч А.А энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын талаарх баримт болон цаашид хийлгэх эмчилгээний талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Вгээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгч М.Вд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ял оногдуулах саналтай...” гэх,

            Шүүгдэгч М.В нь эрүүгийн хариуцлагын талаар “...торгуулийн ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

 

            Шүүгдэгч М.Вгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас торгох ялыг сонгон, ялыг таван зуун тавин нэгж буюу 550,000 төгрөгөөр тогтоож оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч М.Вд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.В нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Вд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** овогт М-ийн Вг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Вд таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Вд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.В нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.В нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Хохирогч А.А нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч М.Вгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Вд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.ОТГОНБААТАР