Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2019/0353/З |
Дугаар | 128/ШШ2019/0368 |
Огноо | 2019-06-13 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2019/0368
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Д ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ү*******, тус сургуулийн Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Д ХХК
Хариуцагч: Ү*******
Гуравдагч этгээд: Э
Нэхэмжлэлийн шаардлага: “Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх БХИС /2019*******/01/01 тоот урилгын дугаартай тендер шалгаруулалтын 2 дугаар багцад ирүүлсэн тендерийг хууль журмын дагуу шалгаруулаагүй тул тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг Ү*******, түүний дэргэдэх тендерийн хороонд даалгах” тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагчийн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П, Ж.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.Х, нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани 1959 онд байгуулагдсан Монгол улсын ууган гурилын үйлдвэрүүдийн нэг билээ. Бид байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй 60 жил үйл ажиллагаа явуулж байна.
Манай компани Үндэсний Батлан хамгаалах их сургуулиас зарласан Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх БХИС/2019*******/01/01 тоот урилгын дугаартай тендерийн 2 дугаар багц буюу гурил нийлүүлэх 117.600.000 төгрөгийн төсөвт өртөгтэй худалдан авах ажиллагаанд оролцсон. Уг саналд манай компани 87.024.000 төгрөг, даруй 30.576.000 төгрөг хэмнэх хамгийн бага харьцуулах үнэтэй үнийн санал хүргүүлсэн юм. Гэтэл үнэлгээний хороо манай компаниас харьцангуй их үнийн санал буюу 26.576.000 төгрөгийн илүү үнийн санал илгээсэн Э ХХК-ийг тендерт хууль бусаар шалгаруулсан юм.
Захиалагч Үндэсний Батлан Хамгаалах Их Сургуулийн захирал П.Ж-с 2019 оны 4 сарын 05-ны өдрийн 01/454 дугаартай албан бичгээр “... тус сургуулийн 2019 оны хэрэгцээт хүнсний бараа материал бэлтгэн нийлүүлэх БХИС/2019******* дугаартай нээлттэй тендерийн багц 2-д ирүүлсэн тендер нь ТОЭЗ 12.1 /ё/ дахь шаардлагыг биелүүлээгүй тул тус тендерээс татгалзсан болохыг үүгээр мэдэгдье...” гэх хариуг манай компанид ирүүлсэн юм.
ТОЭЗ 12.1 /ё/-д зааснаар “ТОЭЗ-ны дагуу бэлтгэж ирүүлэх бусад материал” гэж тодорхой бичиг баримт заагаагүй болно. Энэхүү тендерээс татгалзсан шалтгаан нь хангалттай нотлох баримтгүй бөгөөд манай компанийн зүгээс материалын үйлдвэрлэгчийн техникийн тодорхойлолт, шаардлага хангасан гарал үүсэл, чанарын холбогдох сертификатуудыг болон тендерийн баталгааг хүргүүлсэн юм. Манай компани дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд бичгээр гомдол гаргасан боловч Сангийн яамнаас захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэх хариуг бичгээр өгсөн болно.
Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1-д зааснаар Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг баримтална. 28 дугаар зүйлд “Тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь үнэ байна” гэсэн үндсэн шалгуур зарчмуудыг баримтлахгүйгээр захиалагч болон үнэлгээний хороо нь манай компанийн ирүүлсэн тендерээс үндэслэлгүйгээр татгалзсан тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.
Манай компани үйлдвэрлэгч бөгөөд тендерт шалгарсан гэх компани нь үйлдвэрлэгч аж ахуй нэгж биш бусдаас дамжуулж гурил нийлүүлэх аж ахуй нэгж бөгөөд тендерт шалгарсан гэх компаниас 26 сая төгрөгийн бага үнийн санал өгсөөр байхад хууль бусаар тендерт шалгаруулж улсыг хохироож байгаад гомдолтой байна.
“Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх” БХИС/2019*******/01/01 дугаар тендер шалгаруулалтын 2 дугаар багцад ирүүлсэн тендерийг хууль журмын дагуу шалгаруулаагүй тул тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, тендерийн сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг Ү*******, түүний дэргэдэх тендерийн хороонд даалгаж өгнө үү.
Тендер шалгаруулалт хууль бус талаар нэхэмжлэл гаргасан тул захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тендерийн хорооны шийдвэр болон захиалагчаас Э ХХК-тай гэрээ байгуулсан бол гэрээний хэрэгжилтийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д ХХК-ийн өмгөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д ХХК Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна.
Д ХХК-ийн гурил хүнсний аюулгүй байдал, чанарын шалгуурыг хангасан талаарх тодорхойлолтууд, шаардлага хангасан талаарх бүх баримт бичиг нь тендерийн материал дотор байсан боловч нэмэлтээр дээж шаардсан нь үндэслэлгүй байна.
Дээж ирүүлсэн эсэхээс үл хамаараад бүтээгдэхүүн маань зах зээлд танигдсан бүтээгдэхүүн байгаа. Тухайн үед Д ХХК дээж ирүүлэх талаар өгөгдлийн хүснэгтэн дээр заасан байсан талаар мэдээгүй учир орхигдуулсан байснаа бид хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ хавтаст хэргийн 47 дугаар хуудасны 30 дугаар хэсэгт “...тендерийг хянан үзээд, үнэлэх болон харьцуулах явцад тендерийг үнэлэхэд зайлшгүй шаардлагатай бол тендерт оролцогчоос түүний тендерийн талаар тодруулга хүсэж болно” гэж заасны дагуу тендерийг нээхээс өмнө дээжийг ирүүлээгүй талаар үнэлгээний хорооноос тодруулж асуух боломжтой байсан. Хүснэгтэд заагдсан дээж өгөх шаардлагыг хангаагүй нь үнэн боловч тухайн үед нэмэлтээр тодруулга авах боломж байсан гэж үзээд нэхэмжлэл гаргасан.
"Д" ХХК хамгийн бага үнийн саналтай байсан. Гурил нь чанар болон техникийн шаардлага хангаж байгаа талаар дүгнэлтүүд бүрэн байсан. Захиалагчийн зүгээс тендер нээснээс хойш шийдвэр гаргах хүртэлх хугацаандаа ямар нэгэн байдлаар тодруулга хүсч, гурилын дээжийг авах бүрэн боломж байсан. Хэрвээ гурилын дээжийг аваад асуудлыг шийдсэн бол төр хэмнэлттэй зарчмаар ажиллах бүрэн боломжтой байсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгөөч гэж хүсэж байна” гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Тус сургуулиас Хүнсний бараа, материал нийлүүлэх БХИС/2019*******/01/01 тоот дугаартай, багц-2 буюу гурил нийлүүлэх Тендерийн урилгыг Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын вэб хуудсанд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасан мэдээллийг бүрэн тусган, байршуулж зарлахад Д ХХК, Э ХХК гэх хоёр компани материалаа ирүүлсэн.
Үндэсний Батлан Хамгаалах Их Сургуулийн захирлын 2019 оны А/13 дугаартай тушаалаар томилогдсон “Үнэлгээний хороо” 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 15:00 цагт нээлттэй тендерийн баримт бичиг болон ирүүлсэн дээжид үнэлгээ хийхээр хуралдаж, тендер тус бүр нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэхэд Д ХХК нь хуулийн 27.1.3 Тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлага буюу Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны хоёрдугаар бүлэг Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1/ё/-д заасан “...тухайн нийлүүлэх гэж буй бараа, бүтээгдэхүүний дээжийг ирүүлэх (энэхүү заалт нь багц 2,3,4,5,7 багцуудад хамаарна) талаар заасан шаардлагыг үл биелүүлэн, нийлүүлэх гэж буй бараа, бүтээгдэхүүнийхээ дээжийг ирүүлээгүй.
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 /Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ/, 27.4 /Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана/ гэх заалтуудыг тус тус үндэслэн Үнэлгээний хороо Д ХХК-ийн тендерээс татгалзаж, уг хуулийн 28.1-д “нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж заасны дагуу цаашид Д” ХХК-ийн тендерийг үнэлэх боломжгүй болсон.
Иймд захиалагчийн 2019 оны 01/454 тоот дугаартай “Тендерээс татгалзсан тухай” мэдэгдлийг Д ХХК-д хүргүүлсэн.
Д ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч, Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яам 2019 оны 6-1/2215 дугаартай албан бичгээр “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх” шийдвэр гаргаж, 2019 оны 6-1/2356 дугаартай албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй тул тендерийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн хариуг манай байгууллагад тус тус ирүүлсэн. Иймд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай байгууллага нь оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагч, нийт бие бүрэлдэхүүнийхээ хүнсний аюулгүй байдлыг ханган, талхаа дотооддоо талхан цехээрээ үйлдвэрлэдэг бөгөөд зайлшгүй дээжийг авч, талх барин дүгнэлт гаргадаг.
Жич: 2016 онд нээлттэй зарласан тендерийн гурилын багцад “И*******” ХХК шалгарч, нийлүүлсэн гурилаар талх барихад цавуулаг багатай, хөөлтгүй байсны улмаас удаа дараа талх түүхийрч сонсогч, хугацаат цэргийн алба хаагчдаас гомдол гарсан тул тухайн байгууллага өөрийн хүсэлтээр үл маргах журмаар гэрээгээ цуцалж байсан удаатай” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Үндэсний батлан хамгаалах их сургуулийн захирлын 2019 оны А/13 дугаар тушаалаар томилогдсон үнэлгээний комисс энэ тендерт үнэлгээ хийсэн. Үнэлгээний явцад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь хэсэгт “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” гэж заасны дагуу Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 2 дугаар бүлэг, өгөгдлийн хүснэгтийн 12 дугаар зүйлийн 12.1.ё хэсэгт тусгайлан “нийлүүлэх гэж байгаа бараа бүтээгдэхүүний дээжийг ирүүлэх” гэж заасан байгаа. Манай сургууль авсан гурилаараа талхаа өөрсдөө үйлдвэрлэдэг учир гурилын дээж авч чанарыг тодорхойлох шаардлагатай байдаг. Иймд Д ХХК дээжээ авчирч өгөөгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байсан учир үнэлэх боломжгүй болж тус хуулийн 27.1-д заасан шаардлагад нийцсэн тендерээс хасагдсан.
Д ХХК-ийн хувьд дээж ирүүлэхээс бусад зүйл нь шаардлага хангаж байсан, хэрвээ дээж нь ирсэн бол Д ХХК ялах боломж байсан. Энэ цахим тендер учраас бүх материалыг цахим сайтаас харах боломжтой байсан, мэдээгүй гэх үндэслэл байхгүй” Гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дээжийг хэзээ ирүүлэх талаар тусгайлан заасан зүйл байдаггүй, тендерийн нээлт хийхээс өмнө дээжээ явуулдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зорилго нь техникийн тодорхойлолт, шаардлагыг хангасан бараа бүтээгдэхүүнийг авах зорилготой. Бид хямд үнийг хараад шалгаруулчихаар чанар муутай байна гэсэн асуудал гардаг. Бүх компани шаардлага хангаж байгаа талаар баримт бичиг ирүүлдэг ч бодит байдал дээр талхны хөөлт муу, гурилны цавуулаг бага байна гэсэн асуудал гарч байгаа учир бид чанарт анхаарал хандуулах болсон. Ирүүлэхээр заасан зүйлийг ирүүлээгүй байж дахин дахин гомдол гаргаад байгаа нь олон цэргийн албан хаагчид хоолгүй хүндрэх болоод байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тендерийг үнэлэхэд бусад компанийн төлөөлөгчид дээжээ авч ирээд хүлээлгэн өгсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан, бусад оролцогчид Д ХХК-ийг ирээгүй байсныг мэдэж байсан тул магадгүй Д ХХК-ийг шалгаруулсан бол Э ХХК дээж авч ирээгүй компанийг шалгарууллаа гээд гомдол гаргах нөхцөл байдал үүсэхээр байсан. Тендер нээлттэй, ил тод явагдсан.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлэхдээ 12 дугаар зүйлийн 12.1.ё дахь заалтыг бид мэдээгүй гэж байна. Хууль мэдэхгүй байх нь хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.” гэв
Гуравдагч этгээд Э ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Д ХК нь “гурил нийлүүлэх 117 сая төгрөгийн төсөвт өртөгтэй худалдан авах ажиллагаанд оролцохдоо 30 сая төгрөг хэмнэхээр доод үнийн санал хүргүүлсэн, гурил үйлдвэрлэгч компани оролцсоор байтал үйлдвэрлэгч бус компанийг шалгаруулж улсыг хохироож байгаад гомдолтой” талаар нэхэмжлэлдээ дурджээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар худалдан авах ажиллагаанд зөвхөн “хэмнэлттэй" байх зарчмыг дангаар баримталдаггүй бөгөөд манай компанийн үнийн санал ч үнийн хэмнэлттэй байсныг хэлэх нь зүйтэй.
Мөн Батлан хамгаалах их сургуулиас зарласан энэхүү нээлттэй тендер шалгаруулалтад зөвхөн үйлдвэрлэгч компанийг оролцуулахаар нөхцөл, шаардлага тавигдаагүй болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна.” гэж заасан.
Үнэлгээний хороо нь тендерийн дагуу нийлүүлэх “бараа, бүтээгдэхүүнийхээ дээжийг захиалагчид ирүүлэх” шаардлагыг биелүүлээгүй үндэслэлээр Д ХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан нь хуульд нийцсэн, Сангийн яаманд гаргасан гомдлыг нь хянан үзээд захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь зөв болсон, тендер сонгон шалгаруулалтаас үүдэн Монгол Улсад ямар нэгэн хохирол учруулаагүй гэж үзэж байна.
Иймд тендерийн дагуу нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүний хэрэглэгч болсон хугацаат цэргийн алба хаагчдын хууль ёсны эрх ашиг хөндөгдөж, гэрээгээр тогтоосон хүнсний хангалтын хугацаа нэгэнт тулсан учир хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, яаралтай шийдвэрлэж өгнө үү.” гэжээ
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.Хээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд тайлбараа бичгээр өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар тендерийн бичиг баримтад заасан шаардлагыг хангасан тендер дотроос үнийн саналыг шалгаруулах талаар зохицуулалт байдаг. Д ХХК шаардлагад нийцсэн тендерт шалгарч чадаагүй харин шаардлагад нийцсэн ганц компани нь Э ХХК байсан.
Гуравдагч этгээдийн санал нь боломжтой гэж үнэлсэн үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь одоо дагаж мөрдөж байгаа хуулийн зохицуулалттай бүрэн нийцэж байгаа.
Хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд, 39 дүгээр хуудсанд авагдсан Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтүүдэд Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 12 дугаар зүйлийн 12.1.ё дахь хэсэгт Тендерт оролцогч дараах баримтыг нэмэлтээр авч ирнэ гэж заасан заалт байгаа. Үүнд мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн бараа, бүтээгдэхүүнд гаргасан дүгнэлт, Тухайн нийлүүлэх гэж буй бараа бүтээгдэхүүний дээжийг ирүүлэх /энэхүү заалтад багц 2, 3, 4, 5, 7 багцуудад хамаарна/ гэж заасан байгаа. Тендерт бэлтгэх гэсний дагуу бүгдийг судалж байж тендерт оролцох ёстой байсан.
Захиалагч болон гуравдагч этгээд нар 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан. Энэ маргаанаас болоод хангамжийн асуудал үүсч байна. Олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа учир хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. “Ө*******” ХХК-иас авч нийлүүлнэ, одоогоор гурилаа нөөцөлсөн байгаа.
Тендерийн бичиг баримт гэдэг бол захиалагчийн тогтоож байгаа нөхцөл, шаардлагыг бүхэлд нь оруулсан баримт бичгийг хэлнэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг” хэлнэ гэж заасан. 5 дугаар зүйлийн 5.1.5 “тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг”, 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь хэсэгт тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагын тухай тодорхой заасан байгаа.
Д ХХК өмнө нь ижил төрлийн тендерт оролцож байсан туршлагатай компани гэж бодож байна. Гэтэл алдаа гаргачхаад захиалагчийг тодруулах байсан гэж буруутгаад байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 31 дүгээр зүйлийн талаар яриад байна. 31 дүгээр зүйлийн 31.1 дүгээр зүйлд “аливаа тендерийг нарийвчлан үнэлэхээс өмнө уг тендер нь дараах шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан үзнэ” гэж заасан. Нэгдүгээрт эрх бүхий тендерт оролцогч байх шаардлагыг хангасан эсэх, хоёрдугаарт тендерт зохих ёсоор гарын үсэг зурж баталгаажуулсан эсэх, гуравдугаарт тендерийн баталгаа ирүүлсэн эсэх, дөрөвдүгээрт тендерийн баримт бичигт заасан бусад шаардлагад нийцсэн эсэх, тавдугаарт тендерт оролцох гэрээг хэрэгжүүлэх чадварын доод шаардлага хангасан эсэх гэсэн 5 заалт байгаа. 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэгт дээрх шаардлагыг хангасан тохиолдолд шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж заасан байгаа.
Шаардлагад нийцсэн тендер гэдэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3 дахь хэсэгт заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэсэн зохицуулалттай захиалагчийн явуулсан тендер нийцэж байгаа учир захиалагч тендерээ хуулийн дагуу явуулсан гэж үзэхээр байна. Шаардлагад нийцсэн тендер буюу нэгдүгээр даваагаа давж чадаагүй компанийг шаардлагад нийцсэн бусад тендертэй харьцуулан үзэж, дээжийг нөхөж ирүүлэх шийдвэр гаргах нь захиалагчийн хувьд тендерийн шаардлагаас гадуур үйл ажиллагаа явуулбал үйлчилж байгаа хуулийн 27 дугаар зүйлийг шууд зөрчсөн үйлдэл болно.
Бид мэдээгүй, хариуцсан ажилтан нь тодруулаагүй зэрэг нэхэмжлэгчийн хэлж байгааг тендерийн баримт болон холбогдох хууль тогтоомжид зохицуулсан зүйл байхгүй. Хянан үзэх явцдаа тендерийн шаардлагыг нөхөж бүрдүүлэхийг оролцогчоос шаардах хууль зүйн боломж захиалагчид байхгүй. Үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцэхгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д ХХК нь “Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх БХИС /2019*******/01/01 тоот урилгын дугаартай тендер шалгаруулалтын 2 дугаар багцад ирүүлсэн тендерийг хууль журмын дагуу шалгаруулаагүй тул тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг Ү*******, түүний дэргэдэх тендерийн хороонд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь “ТОЭЗ 12.1 /ё/-д зааснаар “ТОЭЗ-ны дагуу бэлтгэж ирүүлэх бусад материал” гэж тодорхой бичиг баримт заагаагүй болно. Энэхүү тендерээс татгалзсан шалтгаан нь хангалттай нотлох баримтгүй бөгөөд манай компанийн зүгээс материалын үйлдвэрлэгчийн техникийн тодорхойлолт, шаардлага хангасан гарал үүсэл, чанарын холбогдох сертификатуудыг болон тендерийн баталгааг хүргүүлсэн” буюу гурилын дээжийг ирүүлэх гэж тендерийн баримт бичигт тодорхой заагаагүй, манайх хамгийн бага үнийн санал илгээсэн гэсэн агуулгаар маргаж байна.
Хариуцагч нь ТОӨЗ 12.1 (ё)-д Тухайн нийлүүлэх гэж буй бараа, бүтээгдэхүүний дээжийг ирүүлэх гэж тодорхой заасан ба гурилын дээжийг ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэсэн агуулгаар маргаж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ”, 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Сангийн сайдын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар “Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг”-ийг баталсан байна.
Уг “Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг”-ийн ТОӨЗ-ны 7.3-д “Тендерт оролцогч тендерийн баримт бичиг дэх бүх зааварчилгаа, нөхцөл, маягт болон техникийн тодорхойлолтыг нягталж үзэх нь зүйтэй. Тендерийн баримт бичигт шаардсан мэдээлэл, баримт материалыг ирүүлэхгүй байх, маягтыг дутуу бөглөн ирүүлэх нь тухайн тендерээс татгалзах үндэслэл болж болно” гэж заасан байна.
Дээрх “Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг”-ийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-ны 12.1-ийн ё-д “ТШӨХ-д шаардсан ТОӨЗ-ны дагуу бэлтгэж ирүүлэх бусад материал” гэж заасан.
Мөн “Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг”-ийн тендерт шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн В-ийн ТОӨЗ 12.1 (ё)-д Тендерт оролцогч дараах нэмэлт материалыг өөрийн тендерт хавсралтаар ирүүлнэ. Үүнд:
1. Тухайн нийлүүлэх гэж буй бараа, бүтээгдэхүүний дээжийг ирүүлэх (энэхүү заалт нь багц 2,3,4,5,7 багцуудад хамаарна) гэж заасан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно” гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалт болон тендерийн жишиг баримт бичгийн ТОӨЗ-ны 7.3-д зааснаас үзэхэд тендерт оролцогч нь тендерийн баримт бичиг дэх бүх зааварчилгаа, нөхцөл, маягт болон техникийн тодорхойлолтыг нягталж үзэх үүрэгтэй байхаар тодорхой заасан, мөн дээрх 7.3-д зааснаас үзэхэд тендерийн баримт бичигт шаардсан баримт материалыг ирүүлэхгүй байх нь тухайн тендерээс татгалзах үндэслэл болохоор байна.
Мөн дээрх “Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг”-ийн ТШӨХ-ийн В-ийн ТОӨЗ 12.1 (ё)-д тухайн нийлүүлэх гэж буй бараа, бүтээгдэхүүний дээжийг ирүүлэх гэж тодорхой заасан байх бөгөөд тендерт оролцогч нь тендерийн баримт бичигтэй танилцах үүрэгтэй.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д зааснаас үзэхэд “Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно” гэж зааснаас үзэхэд тендерт оролцогч нь гурилын дээжийг ирүүлэх эсэх, хэзээ ирүүлэх эсэхийг захиалагчаас тодруулах боломжийг хуулиар олгосон байна.
Дээрх үндэслэлүүд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд тендерийн жишиг баримт бичигт бүтээгдэхүүний дээжийг ирүүлэх талаар тодорхой заасан байтал нэхэмжлэгч нь бүтээгдэхүүний дээжийг ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд бүтээгдэхүүний дээжийг ирүүлээгүй гэсэн үндэслэлээр татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 22 дугаар зүйлийн 22.3-д заасныг тус тус баримтлан “Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх БХИС /2019*******/01/01 тоот урилгын дугаартай тендер шалгаруулалтын 2 дугаар багцад ирүүлсэн тендерийг хууль журмын дагуу шалгаруулаагүй тул тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг Ү*******, түүний дэргэдэх тендерийн хороонд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ