Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 00048

 

Монгол  Улсын  нэрийн  өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж,шүүгч Б.Хэрлэн, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд 

           Нарийн бичгийн дарга                   Б.Ариунсанаа

                        Улсын яллагч                                    Э.Энхбат

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                 А.Хандмаа

                        Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дэлгэрмаа, Д.Гантулга

                        Хохирогч                                         Б.Дэлгэрмаа

                        Хохирогчийн өмгөөлөгч                 Ч.Мөнгөнцэцэг

                        Иргэдийн төлөөлөгч                      С.Одгэрэл

            Шүүгдэгч                                            Ш.Дэлгэрбаатар, Ц.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дунын прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Шинэбаатарын Дэлгэрбаатар, Базар овогт Цэвээндоржийн Даваа нарт холбогдох 201718020048 тоот эрүүгийн хэргийг хэлэлцэв.

 

2000 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 17 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг, Сүхбаатарын 5 тоотод амьдардаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй. Боржигон овгийн Шинэбаатарын Дэлгэрбаатар, РД: /М300231112/

2000 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Зүүнхараа Политехникийн коллежид гагнуурын 2 а ангид суралцдаг, ам бүл 4 эх, 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Партизаны 37 а тоотод амьдардаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй. Базар            овгийн Цэвээндоржийн Даваа, РД: /ЙГ00242411/

 

Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэнд дурьдснаар: ...Насанд хүрээгүй шүүгдэгч Ш.Дэлгэрбаатар, Ц.Даваа нар нь бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Баянхангайн 13 тоот хашааны зүүн талд иргэн Б.Дэлгэрмааг Ш.Дэлгэрбаатар нь саатуулж юм асуух зуур Ц.Даваа нь араас нь хавсарч унагаан Ш.Дэлгэрбаатар нь толгой, нүүр хэсэгт нь өшиглөх зэргээр эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан 7500 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Ш.Дэлгэрбаатар мэдүүлэхдээ: ... 2017 оны 02 дугаар сарын 14-15нд шилжих шөнө Даваа бид хоёр тоглоом тоглохоор Даваагийн гэрээс гарсан. Тэгээд тоглоомын газар очтол хаалттай байсан болохоор нэг гарсаных гадуур алхаж байгаад харья гээд замын хойно төмөр замын эмнэлгийн тэнд хүүхэдтэй уулзах гээд явж байхад хохирогч эгч бид хоёрын урд явж байсан. Гэтэл энэ эгч намайг хүнтэй андуурсан. Тэгээд би эгчийг дэгээдээд унагаасан. Гэтэл миний хөлнөөс бариад авсан. Тэгэхээр нь би 5-6 удаа өшиглөсөн. Тухайн үед би пүүзтэй байсан. Энэ эгчийн яг хаана нь өшиглөснөө мэдэхгүй байна. Харанхуй байсан болохоор сайн хараагүй. Энэ эгч нөхрөө дуудсан болохоор өшиглөсөн гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Даваа мэдүүлэхдээ: ... 2017 оны 02 дугаар сарын 14-15-ныг шилжих шөнө Дэлгэрбаатар бид хоёр спиртийн байранд байдаг хүүхэдтэй утсаар ярьж РС тоглохоор манай гэрээс гарсан. Тэгээд спиртийн байранд очтол нөгөө хүүхэд маань байхгүй байсан. Тэгээд хойшоо төмөр замын эмнэлгийн тийшээ Дэлгэрбаатар хүүхэдтэй уулзана гээд явж байтал энэ эгч явж байсан. Тэгээд Дэлгэрбаатар энэ эгчтэй юм яриад байсан. Би ард нь дагаад явсан болохоор юу ярьж байгааг нь сайн сонсоогүй. Тэгээд нарийн гудамны үзүүрлүү ортол Дэлгэрбаатар энэ эгчийг газар унаагаад өшиглөж байсан.Тэгээд би Дэлгэрбаатарыг татсан боловч дийлээгүй, тэгээд энэ эгч туслаарай гээд орилохоор нь бид хоёр айсандаа зугтсан гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Дэлгэрмаа мэдүүлэхдээ:  ...2017 оны 02 дугаар сарын 14-15-ныг шилжих шөнө би нөхөртэйгээ ахынхруугаа явж байтал ээж маань залгаад аав чинь үнстэй нурманд машинаа зоолгочихлоо хурдан хүрээд ир гэсэн. Тухайн үед 12-ийн тэнд явж байсан. Тэгээд манай нөхөр түрүүлээд гүйгээд явсан би араас нь алхаад явж байсан. Тэгээд төмөр замын эмнэлгийн тэнд явж байхад нилээн хойно 2 хүн явж байсан. 1 нь биеэрхүү өндөр, нөгөөх нь жижигхэн байсан болохоор эхнэр нөхөр хоёр явж байна гэж бодсон. Тэгтэл нарийн гудамруу ороход ард гүйцээд ирсэн байсан болохоор ямар хурдан явдаг хүмүүс вэ гэж бодоод явж байтал ар нуруунд хүрэх шиг болохоор нь эргээд хартал том биетэй хүүхэд нь хөөе юу байна даа гэхээр нь би таньдаггүй хүн болохоор нь хамаагүй ярихгүй гэж бодоод хэн бэ гэтэл таньдаг хүн чинь байна гэсэн. Манай дүү өндөр ороолт зүүхгүй маск зүүдэг болохоор нь дүүгээ юм байх гэж бодоод Цэндээ юм уу гэхэд үгүй ээ үгүй таньдаг хүн чинь байна гэсэн тэгээд том биетэй хүүхэд нь миний хажуугаар яваад урд гараад зогссон. Тэгээд яг тухайн үед юу болсоныг сайн мэдээгүй ямар ч байсан хажуугаар хөл ороод араас түлхчих шиг болсон. Тэгээд учиргүй дээрээс толгой тархи руу нүдээд явчихсан. Тэгэхээр нь би энэ жижиг хүүхдийг нь эмэгтэй хүн байна гэж бодоод хөөе чи эмэгтэй хүн байж энийгээ болиулчихаач дээ гэхэд огтхон ч дугарахгүй хүн хараад зогсоод байх шиг байсан. Тэгээд намайг өшиглөж өшиглөж байснаа халаас ухаад байх шиг байсан, тэгэхээр нь би дээрэм хийж байна гэж бодоод амьхандаа их тайван байсан. хэрэв өөрийнхөөрөө чанга хашгирвал энэ хоёрын цөс нь хөөрчих юм болов уу гэж бодоод аль болох чив чимээгүй толгойгоо бариад нүүрээ нуугаад газар хэвтээд байсан. Тэгтэл миний мөнгөгүй халаасыг ухсанаа мөнгө байхгүй байсан болохоор дахиад өшиглөөд байсан тэгээд миний үснээс зулгаагаад урд гудамруу явсан. Тухайн үед нь би Орос цэргийн анги руу авч яваад алах гэж байгаан байхдаа гээд би маш их айсан. Тэгээд нөхөр гарч ирэх болж байгаа аягүй бол айлын хүмүүсийг алаад хаячих юм болов уу гэж айсандаа миний нөгөө талын халаасанд мөнгө байгаа тэрийг аваад яваа, манай нөхөр одоо гараад ирнэ гээд тайван ярилцвал тэгээд явчих юм болов уу гэтэл мөнгө аваад явчихгүй дахиад аймар аймар өшиглөчихөөд яваад өгсөн. Тэгээд би гэрлүүгээ орсон. Тэгээд гэрийнхэн маань сандраад цагдаад дуудлага өгсөн гэв.

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Мөнхтогтох мэдүүлэхдээ: ...2017 оны 02 дугаар сарын 14-ний орой гэртээ харихаар эхнэр Б.Дэлгэрмаагийн хамт алхаж явахад хадам аав Баттөмөр бид хоёрын тосож авах байсан юм. Тэгсэн хадам ээж залгаад “аав чинь машинаа цогтой үнсэнд суулгачихлаа, хурдан ирээрэй” гэхээр нь эхнэрээ араас хүрээд ирээгэй гээд түрүүлээд гүйгээд явсан. Тэгээд би хашаандаа очоод аавын машиныг 20-30 минут болгож байж гаргаад байж байтал эхнэр хашааны хаалгаар нүүрээ гараараа барьчихсан нил цус, нөж болчихсон орж ирэхээр нь юу болсон талаар асуухад “хоёр хүнд зодуулаад дээрэмдүүлчихлээ” гэж хэлсэн. Би хашаанаас гараад нарийн гудамж руу очоод урагшаа хартал ямар нэгэн хүн байгаагүй ба эргээд гэртээ очтол эхнэр Б.Дэлгэрмаагийн нүүр ам нь хавдсан, цус болсон байхаар нь цагдаа руу залгаж мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-29-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Баттөмөр мэдүүлэхдээ: ...Хашаанд хүргэн Б.Мөнхтогтох гүйж орж ирээд бид хоёр машинаа гаргах гээд нааш, цааш нь болгоод байж байтал хашааны хаалга дугараал нэг хүн уйлаад ороод ирэхэд охин Б.Дэлгэрмаа байна гэж бодоод яасан талаар асуухад “хүн зодчихлоо” гэхээр нь хаана байсан гэсэн чинь урагшаа гүйчихсэн гээд Б.Мөнхтогтох гараад гүйхээр нь араас нь би очтол Б.Мөнхтогтох байгаагүй ба нимгэн гарсан болохоор гэртээ ороод хувцасаа өмсөхдөө охиноо харсан чинь нүүр ам нь нил цус болоод хавдсан байсан. Тэгээд Б.Мөнхтогтох бид хоёр цагдаа дуудаад хүлээж байхдаа хоёр хүний мөр харсан ба цас орж байсан болохоор арилаад байсан. Тэгсэн удалгүй эргүүлийн цагдаа нар түрүүлээд цагдаа нартай нийлээд мөрөө хөөгөөд цагдаа нар салж яваад удалгүй замын урдаас Партизаны гудамжнаас “нөгөө дээрэм хийсэн хүмүүсийг олчихлоо” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-30-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Дэлгэрмаа мэдүүлэхдээ:  ...2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн орой 23 цаг 50 минутын үед Төмөр замын эмнэлгийн зүүн талаар нь хойшоо Баянхангайруу алхаж яваад эргээд хартал миний ард хоёр хүн алхаж явсан би анзаараагүй явж байгаад Баянхангайн гудамжны нүүрэн хэсэгт очтол нөгөө хоёр залуу чинь араас ирсэнээ миний нуруунд хүрэхээр нь эргээд хартал нүүрээ ороолтоор ороочихсон өндөр, нам хоёр залуу байсан. Тэгэхээр нь би “хэн бэ?” гэсэн чинь өндөр нь нэг юм хэлэхээр нь би манай дүү Цэндээ юм биш үү гээд нүүрээ нуусан ороолтыг нь авах гэтэл болиулсанаа “Цэндээ байнаа” гэснээ “танай гэр ойрхон юм уу?” гэхээр нь тиймээ ойрхон гэсэн чинь намайг дэгээдээд түлхээд унагаагаад дээрээс миний нүүр, толгой руу өшиглөсөн. Тэгсэнээ миний куртикны зүүн талын халаасыг ухаад юм байхгүй болохоор буцаад дээрээс өшиглөөд байсан ба цаана нь хараад зогсож байсан намхан залууд чи энэ хүнийг болиулалдаа гэсэн чинь дугарахгүй гудамжны үзүүрт зогсоод хүн хараад байгаа бололтой зогсоод байсан. Нөгөө өндөр залуу нь намайг өшиглөж байснаа миний үснээс зулгаагаад чирээд нарийн гудамжнаас гаргаад дахиад цээж, толгой, нүүрлүү өшиглөөд байхаар нь би миний куртикны нөгөө халаасанд мөнгө байгаа тэрийг ав, одоо манай нөхөр гараад ирнэ гэсэн чинь дугарахгүй байснаа миний үснээс зулгаагаад куртикны баруун халаасанд байсан 7500 төгрөгийг аваа дахиад миний дээрээс өшиглөөд байхаар нь би туслаарай Мөөгий гээд нөхрөө дуудсан тэгсэн чинь зугтаагаад явсан...Ш.Дэлгэрбаатар нь миний замыг хаагаад урд гараад зогссон, араас дэгээдсэн, намхан залуу нь буюу Ц.Даваа нь зогсож байсан...Ш.Дэлгэрбаатар, Ц.Даваа нар нь хоорондоо юу ч яриагүй, Ш.Дэлгэрбаатар өшиглөж байхдаа куртикний халаасыг ухахад энэ хоёр намайг дээрэмдэж байгааг ойлгосон...Надад эмчилгээний зардалд нийт 630.900 төгрөг гарсан ба баримттай нь 490.600 төгрөг байгаа. Зодуулсаны улмаас хамар хугарч биедээ хөнгөн гэмтэл авсан” гэх мэдүүлэг /хх-20-22-р хуудас/

            Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №58 дугаартай “...Б.Дэлгэрмаагийн биед хамрын хугарал, тархи доргилт, дээд уруулын дотор хэсэгт шарх, баруун шанаа, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, баруун гарын шуу, зүүн гарын алганы ар хэсэг, зүүн ташаа, баруун зүүн хөлийн өвдөгний үеэнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-37-р хуудас/

            Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-ийн 03-05-р хуудас/, хүний биеп үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-08-10-р хуудас/, хувцас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 11-16-р хуудас/, эд өмрийн баримтаар тооцож хураан авсан зүйл фото зургийн үзүүлэлт /хх-ийн 18-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 65, 77-р хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 71-72, 79-80/-р хуудас, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 73-75, 82-92-р хуудас/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 76-р хуудас/, ял шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээн эсэх лавлагаа /хх-ийн 93-96-р хуудас/, хүүхэд хамгаалах хамтарсан багийн дүгнэлт /хх-ийн 98-101-р хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 102-108-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар...

 

            Шүүгдэгч Ш.Дэлгэрбаатар, Ц.Даваа нар нь бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Баянхангайн 13 тоот хашааны зүүн буланд иргэн Б.Дэлгэрмааг араас нь хавсарч унагаан Ш.Дэлгэрбаатар нь толгой, нүүр хэсэгт нь өшиглөх зэргээр эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан 7500 төгрөгийг дээрэмдэх  гэмт хэргийг Ц.Даваатай бүлэглэн  үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дэлгэрмаагийн биед хамрын хугарал, тархи доргилт, дээд уруулын дотор хэсэгт шарх, баруун шанаа, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, баруун гарын шуу, зүүн гарын алганы ар хэсэг, зүүн ташаа, баруун зүүн хөлийн өвдөгний үеэнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн  хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.Хохирогчийн эрүүл мэндэд учирсан  гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал 680000 төгрөгийг насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Г.Дэлгэрмаа, Д.Гантулга нараас хувь тэнцүүлэн гаргах нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2500 /хоёр мянга таван зуун/ төгрөгийг хохирогч Б.Дэлгэрмаад буцаан олгох, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүйг,хураагдсан иргэний бичиг баримтгүйг, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тогтоолд тусгах,

Шүүгдэгч Ш.Дэлгэрбаатар, Ц.Даваа нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан, хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх үндэслэлд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, Ш.Дэлгэрбаатар, Ц.Давааг нарт энэ хугацаанд хяналт тавих үүргийг хууль ёсны төлөөлөгч ээж Г.Дэлгэрмаа,ээж Д.Гантулга нарт даалгах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт Шинэбаатарын Дэлгэрбаатар, Базар овогт Цэвээндоржийн Даваа нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр шүүгдэгч Ш.Дэлгэрбаатарт 05 жил 10 хоног хорих, Ц.Даваад эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр, 05 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус, тус  оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар Ш.Дэлгэрбаатар, Ц.Даваа нарт оногдуулсан 05 жил 10 хоногийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  тус, тус эдлүүлсүгэй

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Дэлгэрмаагийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд  680000 төгрөгийг насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Г.Дэлгэрмаа, Д.Гантулга нараас хувь тэнцүүлэн гаргаж хохирогч Баттөмөр овогтой Дэлгэрмаад олгосугай.            

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2500 /хоёр мянга таван зуун/ төгрөгийг хохирогч Б.Дэлгэрмаад буцаан олгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар Ш.Дэлгэрбаатарт 05 жил 10 хоног хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар, Ц.Даваад 05 жил 10 хоног хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж энэ хугацаанд хяналт тавих үүргийг Ш.Дэлгэрбаатар, Ц.Даваа  нарын хууль ёсны төлөөлөгч ээж Г.Дэлгэрмаа, ээж Д.Гантулга нарт даалгасугай

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, хураагдсан иргэний бичиг, баримтгүйг  дурьдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.       

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол,эсэргүүцлийг гаргах эрхтэй.

  

 

 

 

      ДАРГАЛАГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ

 

 ШҮҮГЧИД                           Б.ХЭРЛЭН
 

                                                                Ж.ЭРДЭНЭБАТ