| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/02683/И |
| Дугаар | 102/ШШ2021/02817 |
| Огноо | 2021-11-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2021/02817
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э-д холбогдох,
9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ш” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч иргэн А.Э-тэй 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ХХАГ/01/ дугаар бүхий “Худалдах худалдан авах гэрээ” байгуулж корона вирус /Ковид-19/ өвчнөөс хамгаалж чадах стандартын шаардлага хангасан “Нэг удаагийн эко стандарт маск” авахаар харилцан тохиролцож гэрээний төлбөрт урьдчилгаа болгож 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр түүний Хаан банкны данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагчийн зүгээс нийлүүлсэн “Нэг удаагийн эко стандарт маск” нь стандартын шаардлага хангаагүй тул хүлээн авалгүй буцааж шаардлага хангасан маск нийлүүлэх шаардсан боловч үүргээ биелүүлээгүй. Үүний оронд авсан 10,000,000 төгрөгөө 1 сарын хугацаанд буцаан төлөхөөр болсон ч 1,000,000 төгрөг шилжүүлж үлдэх 9,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй байна. Үүнээс шалтгаалж нэхэмжлэгч 9,000,000 төгрөгөөр хохирч байгаа тул хариуцагч А.Эөөс 9,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А овогтой Э нь “Ш” ХХК-ийн 9,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2020 оны дундуур н.О гэдэг эгч над руу залгаад, “...Эөө маск олдох уу, энэ хүн маск яаралтай авна гэж байна” гээд н.Ж гэдэг хүний нэр, утасны дугаар (****-****) өгөөд холбогдоод үзээрэй гэсэн. Тухайн үед миний найз болох н.Д орос улсын сайн чанарын 2 давхар байгальд хор хөнөөлгүй эко маск зарна гэж байсан болохоор Д рүү залгахад “...ихэнх маскаа зарчихсан, одоо 150,000 ширхэг л маск байгаа. Налайхаас хэсэг хүмүүс ирж авна” гэсэн. Би түүнд “...танай ажилтай ойрхон нэг хүн маск авна гэж байна” гэж хэлэхэд, “за чи юу ч гэсэн тэр хүнтэйгээ холбогдоод уулзаад үз” гэсэн. Ингээд би н.О эгчээр дамжуулан “Ш” ХХК-ийн захирал гэх н.Ж гэж хүнтэй уулзаж, маскаа үзүүлсэн. н.Ж нь “...маск болж байна, одоо үнэ ханшаа тохироод гэрээ хийе” гэсэн. Тухайн үед, ковид гараад маск ховордсон, үнэ ханш их үнэтэй болсон 1 ширхэг маск 1200-1300 төгрөг болсон байсан. н.Д надад хэлэхдээ 1 ширхэг маскийг 800 төгрөгөөр зарна гэж байсан. Тэгээд н.Ж захирал жоохон буулгаач гэж гуйхаар нь н.Д рүү ярихад “780 төгрөгөөр өгнө” гэснийг н.Ж зөвшөөрөөд “100,000 ширхэг маск авах гэрээ хийе” гэсэн. Тухайн үед манай найз н.Д ажил дээрээ завгүй байсан болохоор, “...Эөө миний найз чи гэрээ хийчих” гэсэн юм. Тэгээд би 100,000 ширхэг маск худалдах гэрээг найз н.Дийн өмнөөс захирал н.Ж-тай хийсэн. н.Ж миний дансыг авч 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Би тэр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг тэр дор нь н.Дийн Хаан банкны 5676052498 тоот данс руу нь шилжүүлсэн. Тэгээд н.Ж өөрийнхөө компанийхаа унааг гаргаж н.Дийн ажил дээрээс 100,000 ширхэг маскаа ачуулаад аваад явсан. Тун удалгүй маскийнхаа үлдэгдэл мөнгөө авахаар ажил дээр нь очсон боловч байгаагүй. Утас руу нь залгасан чинь тэрээр “...МИАТ-с мөнгө орж ирээгүй байна, түр хүлээгээрэй” гэсэн. Тэгээд 20 хоногийн дараа над руу яриад “маскаа буцаая” гэж ярихаар нь би түүнд “н.Д-тэй ярь” гэсэн. Ер нь бол маскийг өөрөө шалгаж үзээд, болж бүтнэ, эко маск байна гэж гэрээ хийж ачиж авч явчихаад 20 хоногийн дараа буцаана гэдэг нь буруу. Маш их хүмүүс, байгууллага, аптекууд маск авъя гэж яарч ирж байсан. Өөрсдөө гэрээгээ биелүүлээгүй, бас н.Дийн цаг үетэйгээ уралдаж байсан ажлыг нь нэхэмжлэгч хохироосон. Тухайн үед бол маск бөөнддөг үе байсан. Тэгэхэд н.Д хэт ашиг харалгүй болж өгвөл Монголчууддаа бага ч гэсэн нэмэр болъё гэж ярьдаг байсан. Тиймдээ ч хямд үнээр тухайн үеийн ханшаас доогуур “Ш” ХХК-д буюу н.Ж захиралд зарсан. н.Ж өөрөө хэт өндөр үнэ нэмж, цааш нь борлуулах гэрээ хийчихээд, болохгүй болохоороо өчнөөн хоногийн дараа гэрээгээ зөрчиж буцаая гэж миний найз н.Дийг хохироож болохгүй. Одоо манай найз н.Д Орос улсад хувийн ажлаар явж байгаа болно. Иргэн А.Э би “Ш” ХХК-ийн болон иргэн Жгийн надаас нэхэмжилсэн 9,000,000 төгрөгийг аваагүй болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин найз н.Д нь нэхэмжлэгчид буцаагаад 1,000,000 төгрөг шилжүүлсэн, мөн 100,000 ширхэг маскаа нэхэмжлэгчээс буцаан авсан байгаа гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Ш” ХХК болон А.Э нар ХХАГ/01/ тоот “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулжээ.
Дээрх гэрээний дагуу А.Э нь “Ш” ХХК-д 100,000 ширхэг нэг удаагийн эко стандарт маскыг нэгж үнийг 780 төгрөгт тооцон нийлүүлэх, үүний хариуд “Ш” ХХК нь 78,000,000 төгрөгийг А.Э-д төлөхөөр харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч А.Э-д холбогдуулж 9,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчаас 100,000 маск авч, урьдчилгаанд 10,000,000 төгрөг төлсөн. Гэвч маск чанарын шаардлага хангахгүй байсан тул 20 хоногийн дараа маскуудыг буцаан өгсөн. Хариуцагч 10,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг буцааг төлсөн. Одоо үлдэх 9,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардана” гэж тайлбарласан.
Хариуцагчийн зүгээс “...би худалдах-худалдан авах гэрээг найзынхаа өмнөөс байгуулсан, ...хүлээн авсан 10,000,000 төгрөгийг тэр дор нь найз руугаа шилжүүлсэн. Би гэрээний оролцогч биш тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж өөрийн татгалзлаа шүүхэд тайлбарлажээ.
Харин зохигчид 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөгийг “маск урьдчилгаа төлбөр” гэсэн утгаар хариуцагч А.Э-ийн данс руу шилжүүлсэн, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч “...маскны буцаалт үнэ” гэсэн утгатай 1,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаангүй байна.
Шүүх зохигчийн тайлбарыг хэрэгт цугларсан баримтуудтай харьцуулан судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр талуудын хооронд үүссэн үүрэг дуусгавар болох талаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1, 240.1.5 дахь хэсгүүдэд заажээ.
2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Ш” ХХК болон А.Э нарын хооронд байгуулагдсан ХХАГ/01/ тоот “Худалдах-худалдан авах гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.2.3-т талууд зөвшилцсөнөөр гэрээ дуусгавар болохыг харилцан тохирчээ.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулагдсанаас хойш 20 хоногийн дараа нэхэмжлэгч нь хариуцагчаас хүлээн авсан 100,000 маскыг буцаан өгснөөр 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ХХАГ/01/ тоот “Худалдах-худалдан авах гэрээ”-ний харилцаа дуусгавар болсон гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч А.Эөөс 9,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцнэ гэж шүүх үзлээ.
2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ХХАГ/01/ тоот “Худалдах-худалдан авах гэрээ”-ний А.Э хийсэн, 10,000,000 төгрөгийн урьдчилгааг тэрээр хүлээн авсан тул гэрээний үүргийг А.Эд хариуцуулах нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт харшлахгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч А.Э-өөс 9,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э-өөс 159,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ