Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2018/01626

 

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2018/01626

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ... дүгээр хороо, Дельта төв... дугаар давхар, ... тоотод оршин суух, Э ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, Хасбаатарын гудамж, ... тоотод оршин байх, Х овогт С-ын Б /РД: .../-д холбогдох, 

 

Баталгааны гэрээний үүрэгт 5,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаандНэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбатын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Э ХХК нь Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүлийн Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран ажиллах гэрээтэй. Г.Анударь нь Солонгос улсын Сөүлийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хэлний бэлтгэлийн сургалтанд хамрагдахаар Э ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр №49 тоот сургалтын гэрээ байгуулан суралцахаар Солонгос улс руу явсан. Гэрээний 6.1.4, 7.4.2, 5.2.4 дэх заалтын үүргийн гүйцэтгэлийг хангах, бүрэн биелүүлэхийг батлан нагац С.Б баталгааны гэрээг манай компанитай байгуулсан. Баталгааны гэрээгээр хэрвээ Г.Анударь нь сургалтын гэрээний үүргээ зөрчвөл 5,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг манай байгууллагад баталгаа гаргагч С.Б төлөх ёстой. Г.Анударь нь сургалтын гэрээгээ зөрчиж, тус улсад харлаж, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураггүй алга болсон нь манай байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд баталгаа гаргагч С.Баас гэрээний нөхөн төлбөр 5,000,000 төгрөг, хүү 250,000 төгрөг, нийт 5,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Бын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулууны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхойгүй байна. Баталгааны гэрээний үүрэг үү, эсхүл батлан даалтын гэрээний үүрэг шаардаж байгаа юу гэдэг нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн аль зүйл заалтаар нэхэмжлэл гаргаад байгаа нь тодорхойгүй байна. Баталгааны гэрээ нь өөрөө үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд зохицуулагдсан байгаа. Уг 5,000,000 төгрөг юуны төлбөр болох, 250,000 төгрөгийн хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд хүүг бол мөнгөн төлбөрийн гэрээний үед хүү тооцогддог байхад уг үүргийн гүйцэтгэлийн хувьд хүү тооцогдохгүй юм. Эдулайн ХХК нь батлан даалтын гэрээний дагуу ямар үүрэг гүйцэтгэсэн гэж үзээд ямар учраас уг 5,250,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй.

 

Уг 5,000,000 төгрөгөөр ямар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргаад байгааг ойлгохгүй байна. Мөн Э ХХК нь Солонгосын сургуулийн хэлний бэлтгэлийн 1 жилийн сургалтанд зуулчилж өгсөн талаар тайлбарлахгүй, сургуульд явуулаад өгсөн юм шиг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Мөн тухайн компани нь сургалтанд зуулчлах тусгай зөвшөөрөлтэй эсэхийг тодруулах талаар шалгуулах ч шаардлагатай харагдаж байна. Г.Анударь нь тухайн үед гэрээг байгуулаад сургуульд явахдаа сургуулийн төлбөр 4,850,000 воныг төлж, Э ХХК-ийн сургуульд зуулчилсантай холбоотой төлбөрийг мөн төлсөн бөгөөд сургуульдаа 1 жил суралцсан байгаа. Уг гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус гэрээ байж болзошгүй нөхцөл байдал дээрх үндэслэлүүдээс харагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүрэгтэй. Өнөөдрийн шүүх хуралдаанаар уг асуудал тогтоогдсонгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн баталгааны гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан боловч үүргийг хангуулах тухай гэрээ байгуулагдсан байдал нь үндэслэлгүй буюу нотлогдсонгүй гэж үзэж байна. Баталгааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан эдийн болон эдийн бус хохиролгүй болгох баталгаанд 5,000,000 төгрөг төлөх тухай тусгасан боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдсонгүй. Мөн хүүний төлбөр гэх шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хүү нэхэмжилдэг бөгөөд тус компани нь мөнгөн төлбөрийн гэрээ байгуулаагүй тул хүү нэхэмжлэхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч С.Бд холбогдуулан баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүлийн Шинжлэх ухаан технологийн дээд сургуультай 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монголоос Солонгос хэлний бэлтгэл болон бакалавр, магистрын сургалтанд оюутан элсүүлэх, сурталчлах, сургалтанд хамруулах зорилгоор Хамтын гэрээ байгуулсан бөгөөд Гансүхийн Анударь нь Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүлийн Шинжлэх ухаан технологийн дээд сургуулийн хэлний бэлтгэл сургалтанд хамрагдахаар Э ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр №49 тоот сургалтын гэрээ байгуулан суралцахаар явсан. Сургалтын №49 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах, бүрэн биелүүлэхийг батлан, нагац эгч С.Б нь Э ХХК-тай Баталгааны гэрээ байгуулсан. Баталгааны гэрээгээр хэрвээ Г.Анударь нь сургалтын гэрээний үүргээ зөрчвөл 5,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг Э ХХК-д баталгаа гаргагч С.Б төлөхөөр тохиролцсон ба талуудын хооронд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д заасан баталгааны гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан баталгааны гэрээний 1.2-т Баталгаа гаргагч нь №49 гэрээний үүрэг зөрчигдсөн тохиодолд энэхүү гэрээний 2.1 дэх хэсэгт заасан 5,000,000 төгрөгийг сураглцуулагч буюу Э ХХК-д үл маргах журмаар гарган өгөх баталгаа гаргаж, хүсэл зоригоо илэрхийлэн хүлээн зөвшөөрч байгаа болно., мөн гэрээний 2.1-д Баталгаа гаргагч нь суралцагч болох Гансүх овогтой Анударьтай байгуулсан сургалтын гэрээний үүрэг зөрчигдсөн, суралцуулагч талд хохирол учруулсан, ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн, халдсан тохиолдолд суралцуулагч талыг эдийн болон эдийн бус хохиролгүй болгох баталгаанд 5,000,000 төгрөгийн нөхөн төлбөр олгоно. гэжээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК, Г.Анударь нарын хооронд байгуулсан 2016 оны №49 тоот сургалтын гэрээний 2.2.1-д Суралцагч нь хэлний бэлтгэлийн сургалтаа дуусгаад ... эргэн эх орондоо ирсэн тохиолдолд цуцална. гэжээ. Энэхүү гэрээгээр Г.Анударь нь Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүлийн Шинжлэх ухаан технологийн дээд сургуульд 1 жилийн хугацаатай Солонгос хэлний бэлтгэлд хамрагдахаар яваад одоог хүртэл Монгол улсад эргэж ирээгүй болох нь зохигчдын тайлбар, Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 2-5а/4787 тоот албан бичгээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар хариуцагч тал маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно. гэж заасан ба суралцагч Г.Анударь нь Солонгос улсад хэлний бэлтгэлд хамрагдаж, эх орондоо буцаж ирэх үүргээ биелүүлээгүй байх тул 2016 оны №49 тоот сургалтын гэрээний салшгүй хэсэг болох баталгааны гэрээний 1.2, 2.1-д зааснаар баталгаа гаргагч С.Баас 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин баталгааны гэрээний 3.3-д зааснаар нэхэмжлэгч нь хүү нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасантай нийцэхгүй буюу баталгааны гэрээний хариуцлагад хүү тооцох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, баталгааны гэрээний 1.2, 2.1-д заасныг баримтлан хариуцагч С.Баас 5,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баас 94,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР