| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/04153/И |
| Дугаар | 183/ШШ2021/03079 |
| Огноо | 2021-12-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2021/03079
2021 оны 12 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2021/03079 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, 3 хороолол, Парк таун хотхон *** байр, *** тоот хаягт оршин суух, Боржигон овогт *****ийн /РД: /,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, 3 хороолол, Парк таун хотхон *** байр, *** тоот хаягт оршин суух, Боржигин овогт -***н /РД:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж **** байр, 1**** тоот хаягт оршин суух, Шаадай овогт баярын /РД:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 66 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б., Д. нар нь эхнэр нөхөр бөгөөд тэд 2018 оноос Ц.т сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлүүлсээр ирсэн. Нэхэмжлэгч нар нь Ц.тэй хамаатан садны холбоотой бөгөөд тухайн үед төрөл садны харилцаагаа бодон нэхэмжлэгч нар нь боломжит хэлбэрээр аль болох түүнд тусалж дэмжих үүднээс мөнгө хэрэгтэй гэх бүрт нь боломжоороо зээлдүүлж байсан. Мөнгө зээлдүүлэх үед Б., Д. нар нь мөнгөний боломжгүй үедээ эхнэр Д. хадгаламж барьцаалсан зээл, цалингийн зээл хүртэл авч зарим үед ахаасаа хүртэл мөнгө зээлж түүнийгээ, Ц.т зээлдүүлж байсан. Бичгээр байгуулсан 40, 50 сая төгрөгийн зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй боловч өмнөх үүргээ алгаажуулах зорилгоор бичгээр гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу үндсэн зээл 44 000 000 төгрөг, гэрээнд заасны дагуу 0,5 хувиар алданги тооцоход 22 000 000 төгрөг, нийт зээлийн төлбөр 66 000 000 төгрөгийг хариуцагч Ц.ээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Ц. миний бие Б., Д. нараас тус тусад нь зээлийн гэрээгээр мөнгө авсан ба эргүүлэн төлөлтийг хийж байсан. Миний тооцоогоор зээлийн үлдэгдэлгүй гэж үзэж байна. нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хэдээс хэдэн онд хамаарах хэзээ зээлсэн зээлийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Талуудын хооронд зээлийн харилцаа байсан хариуцагч нь хугацааны турш нийт 258 779 000 төгрөгийн төлөлт хийсэн байдаг. Нэхэмжлэгч нар цагдаад гомдол гаргасан байх үед талууд тооцоо нийлээгүй байхдаа төлнө гэсэн алгаа гаргасан гэж хариуцагч тайлбарладаг. Бичгээр байгуулсан 2 гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй нэхэмжлэгч тайлбарлаж байна. Мөн гэрээнд бичигдсэн үнийн дүнгээ өмнө зээлсэн мөнгө болон хүүг оруулан тодорхойлсон тухайгаа ч тайлбарлаж байх тул тухайн гэрээний дагуу шаардах эрхгүй гэж үзэж байна. Мөн алдангийг ямар үнийн дүнгээс, хэзээнээс үүрэг зөрчсөн гэж үзээд шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Хариуцагч нэхэмжлэгч нарт төлөх зээлийн үлдэгдэл төлбөргүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д., Б. нар нь хариуцагч Ц.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 66 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.
Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, 2018 оны 10 сарын 05-ны өдөр Д. болон Ц. нарын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 40 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор,
2019 оны 12 сарын 01-ны өдөр Б., Ц. нар 50 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тус тус тохиролцон байна. /хх-10-12/
Шүүх дээрх гэрээг шинжлэн судлаад, нэхэмжлэгч Д., Б., хариуцагч Ц. нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээнд хамаарах боловч нэхэмжлэгч нар дээрх гэрээнүүдийн дагуу шаардах эрхгүй гэж дүгнэлээ.
Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор зохицуулсан бөгөөд зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэхэд маргаантай тохиолдолд уг мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээлгэн өгснөө нотлох үүрэг зээлдүүлэгчид хамаарна.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...нэхэмжлэгч нар бичгээр байгуулсан гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлээгүй, гэрээнд бичигдсэн үнийн дүнгээ өмнө зээлсэн мөнгө болон хүүг оруулан тодорхойлсон... гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Д. нь зээлийн гэрээний 3.4-т зээлийг бэлнээр 2018-10-05 өдөр зээлдэгчид хүлээлгэн өгнө гэх, нэхэмжлэгч Б. гэрээний 3.4-т бэлэн бусаар зээлдэгчийн Хаан банкны 5019589000 тоот дансанд 2019-12-01-ний өдөр зээлдүүлэгч мөнгийг шилжүүлнэ гэх үүргээ тус тус биелүүлээгүй байна.
Тиймээс зээл олгосноор буцаан төлөх үүрэг үүсэх тул дээрх бичгээр байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн дагуу үүрэг үүсээгүй гэж дүгнэв.
Харин хэрэгт авагдсан зохигчдын дансны хуулга, хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2017 оноос 2020 оны хооронд харилцан мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба тодруулбал, Д.гаас 2017 онд 20 300 000 төгрөг, 2018 онд 73 300 000 төгрөг, 2019 онд 88 300 000 төгрөг, 2020 онд 9 000 000 төгрөг, нийт 190 900 000 төгрөг, нэхэмжлэгч Б. 2018-2019 оны хооронд нийт 57 240 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байх ба хариуцагч Ц. нь дээрх хугацаанд нэхэмжлэгч нарт нийт 263 584 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Дээрхээс үзэхэд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн ба гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нарт хүү болон алданги шаардах эрх үүсээгүй байна. Хариуцагч нэхэмжлэгч нараас нийт 248 140 000 төгрөгийг шилжүүлэн авч, улмаар 263 584 000 төгрөгийг буцаан төлсөн нь хүү өгөх талаарх хүсэл зориг илэрхийлэгдсэн, тухайн хүсэл зориг нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр тул хариуцагч буцаан шаардах эрхгүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болохоор заасан бөгөөд хариуцагч шилжүүлэн авсан мөнгөө буцаан өгөх үүргээ биелүүлсэн гэх тайлбар баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Д., Б. нарын хариуцагч Ц.т холбогдуулан гаргасан үндсэн зээл 44 000 000 төгрөг, алданги 22 000 000 төгрөг, нийт 66 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д., Б. нарын хариуцагч Ц.т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 66 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 487 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
Дэ
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ