Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/235

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

иргэний нэхэмжлэгч Х.О,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Ш.Е,

өсвөр насны шүүгдэгч Е.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Еын Ст холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, Ш овогт Еын С, 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Б аймгийн Н суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, Б аймгийн Н сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл 5, эцэг эх, ах эгч нарын хамт Б аймгийн Н сумын 05 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:000000000.

Өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  

Өсвөр насны шүүгдэгч Е.С нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн орой  Б аймгийн Н сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр, “Х” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 000000000 улсын дугаартай “Toyota land cruiser G80” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” дахь заалтыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Е.С, Х.А нарын амь насыг хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Ш овогт Еын Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хоёр хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Е.Сийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 12 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Е.Сийг хянан хүмүүжих хугацаанд “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж; мөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 12 жилийн хугацаагаар хассан хугацаанд “тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглох” хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Е.Ст хүлээлгэсэн “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг хэрэгжүүлэхийг Б аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт, “тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглох” хязгаарлалтыг хэрэгжүүлэхийг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Е.Сийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг эх болох Ш.Е, Х.С нарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Е.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Өсвөр насны шүүгдэгч Е.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч Е.С, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Ш.Е нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч Е.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар нь иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Е.Ст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.Т