| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/02581/И |
| Дугаар | 102/ШШ2021/02623 |
| Огноо | 2021-10-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2021/02623
2021 оны 10 сарын 18 өдөр Дугаар 102/ШШ2021/02623 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт ***ийн Б /РД:***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** дүгээр давхарт оршин байх, “Э ” ХХК /РД:6269745/-д холбогдох,
1,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Э ” дэлгүүрт кассчнаар 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж орсон. Нэг сарын цалинг 650,000 төгрөг байхаар тохирсон. Иймд уг компаниас ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө, 2021 оны 3 дугаар сард ажилласан цалин болох 1,100,000 төгрөгийг гаргуулах, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх хүсэлтэй байна. Намайг ямар нэг алдаа дутагдал гаргаагүй ажиллаж байхад хариуцагч компани нь надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчин үндэслэлгүйгээр ажлаас гэнэт халсан. Тодруулбал, би 2021 оны 4 дүгээр сараас эхлээд ажилгүй болсон. Өмнөх сарын цалин буюу 2021 оны 3 дугаар сарын цалин огт өгөөгүй. Мөн 2020 оны 12 дугаар сард би ээлжийн амралтаа авах ёстой байсан. Гэтэл ээлжийн амралт ч өгөөгүй, нөхөн олговор ч олгоогүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Иргэн М.Б нь “Э ” ХХК-д холбогдуулан, “Ээлжийн амралтын олговор болон ажилласан хугацааны цалинд 1,100,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. М.Б 2021 оны 3 дугаар сард ажлаас халагдсан бөгөөд ажлаас халах болсон шалтгаан нь “О ” маркетын ажилчид байгууллагын хөрөнгөнөөс хувьдаа завшсан, хий бичилт хийж хувийн барааг дэлгүүрийн кассаар борлуулсан, камерын бичлэгийг устгасан, хязгаарлалтын дэглэмийн үед архи согтууруулах ундааг хувьдаа борлуулсан зэрэг ноцтой зөрчлийн улмаас ажлаас халагдсан болно. Улмаар иргэн М.Б нь 2021 оны 4 дүгээр сард Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудлаар буюу цалин хөлс, ээлжийн амралтын олговрын асуудлаар гомдол гаргаж, улмаар Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн *** тоот актаар цалин хөлсийг олгох шийдвэр гаргасан бөгөөд иргэн М.Б ийг байгууллагатай уулзаж, учруулсан хохирлоо арилгаж эцсийн тооцоо нийлэхийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл ирээгүй болно. Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан үндэслэлд хамаарах тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 -д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч “Э ” ХХК-д холбогдуулж 2021 оны 3 дугаар сарын цалин болон ээлжийн амралтын олговорт нийт 1,100,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгчийн “...Миний бие ‘Э ’ дэлгүүрт кассчнаар 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж орсон. Нэг сарын цалинг 650,000 төгрөг байхаар тохирсон. ...2021 оны 3 дугаар сар хүртэл ажилласан. Ажилласан хугацаандаа ээлжийн амралт авч байгаагүй” гэх тайлбарыг хариуцагчийн зүгээс үгүйсгээгүй. Иймд дурдсан үйл баримтын талаар зохигчид маргаангүй гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Ажилтны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, олговрыг мөнгөн хэлбэрээр олгоно” гэжээ.
Түүнчлэн ажил олгогч ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлэх үүрэгтэй ба ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгүүдэд тодорхой заасан.
Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн *** тоот “Ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор, нийгмийн даатгалын шимтгэл, алданги төлүүлэх тухай” актаар “...М.Б ийн 2021 оны 3 дугаар сарын цалин 651,136 төгрөг, ээлжийн амралтын олговор 572,351 төгрөгийг ...олгоогүй” болохыг тогтоожээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй. Харин нэхэмжлэгчийн “...цалин хөлс, ээлжийн олговорт нийт 1,100,000 төгрөгийг гаргуулна” гэж өөрийн шаардлагын хэмжээг тодорхойлсон байдлыг харгалзан уг хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй учир нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага хангагдана.
Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой, ийм нөхцөл байдал иргэний хэрэг үүссэнээс хойш үүссэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгүүдэд заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх учир энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Э ” ХХК-иас 1,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б т олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б т олгох 1,100,000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, татварыг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч “Э ” ХХК-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,950 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч “Э ” ХХК-иас 30,950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ