Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/234

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З, Х.Т,

шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Сы Жт холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, Ж овогт Сы Ж, 1994 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б аймгийн Ө суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Н” ХХК-ны Ө сум дахь шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Н сумын 07 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо тус аймгийн Ө сумын 08 дугаар багт оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:000000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ж нь 2024 оны 07 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчимд Б аймгийн Н сумын 09 дүгээр баг, Ц тосгоны нутаг дэвсгэрт согтуурсан үедээ 0000000 улсын дугаартай “Toyota ist” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” дахь заалтыг зөрчсөний улмаас бага насны хохирогч Ж.Аийн амь насыг хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.Шүүгдэгч С.Ж мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

2. Эрүүгийн 00000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Иргэн Х.Жаас 2024 оны 07 дугаар сарын 11-ний орой 21 цаг 35 минутад гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-08 дахь тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 09-10 дахь тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 11-14 дэх тал/, жолооч С.Жийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/, амь хохирогч Ж.Аийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 24 дэх тал/, амь хохирогч Ж.Аийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 23 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 149, 151 дэх тал/, гэрч Х.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/, мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн магадалгаа /хавтаст хэргийн 47-48 дахь тал/, шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч албан тушаалтай Х.Еын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаартай цогцост хийсэн шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 100-102 дахь тал/, шинжээч Х аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн химийн шинжээч албан тушаалтай Б.Цийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 112 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 111-113 дахь тал/, яллагдагч С.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 134 дэх тал/, яллагдагч С.Жийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

3.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Жийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

Хэргийн үйл баримтын талаар.

4. Шүүгдэгч С.Ж нь 2024 оны 07 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчимд Б аймгийн Н сумын 09 дүгээр баг, Ц тосгоны нутаг дэвсгэрт согтуурсан үедээ 0000000 улсын дугаартай “Toyota ist” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” дахь заалтыг зөрчсөний улмаас бага насны хохирогч Ж.Аийн амь насыг хохироосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1. Иргэн Х.Жаас 2024 оны 07 дугаар сарын 11-ний орой 21 цаг 35 минутад гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

4.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-08 дахь тал/,

4.3. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 09-10 дахь тал/,

4.4. Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 11-14 дэх тал/,

4.5. Жолооч С.Жийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/,

4.6. Амь хохирогч Ж.Аийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 24 дэх тал/,

4.7. Амь хохирогч Ж.Аийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 23 дахь тал/,

4.8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Амь хохирогч Ж.А нь бидний 3 дахь хүүхэд байсан. Хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, гаргаж өгөх баримт байхгүй болно, гомдол саналгүй,

...0000000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролтой холбоотой үнэлгээ гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна, уг машиныг 1 жилийн өмнө 4 сая төгрөгөөр худалдан авч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 149, 151 дэх тал/,

4.9. Гэрч Х.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...өчигдөр орой 21 цаг өнгөрч байх үед миний бие өөрийнхөө машинаараа эхнэр хүүхдүүдийнхээ хамт Ц тосгоны төвөөс У чиглэлд гараад 4-5 км зайтай явах үед зам дагуу бага насны 4 хүүхэд намайг зогсоосон. Би машинтай ирж зогсоод юу болсон талаар асуухад тэр хүүхдүүд “осол боллоо” гэсэн юм яриад зам тээврийн осолд орсон тээврийн хэрэгслийг харуулсан. Тухайн машин нь засмал замаас 4-5 метр орчим зайтай, шороон хэсэгт онхолдсон байдалтай байсан бөгөөд би машины хажууд дөхөж очиход тэнд эхнэр, нөхөр болон бага насны хоёр хүүхэд байсан. Тэгж байтал эмэгтэй нь надад “машины доор хүүхэд байна” гэж хэлсэн бөгөөд машины дээд таазны доод хэсэгт бага насны нэг хүүхэд дарагдсан, нас барсан байдалтай харагдахаар нь ойртоогүй, цагдаагийн газрын 102 дугаарын утсанд залгаж дуудлага өгсөн.

...осол болсон газарт жолооч эрэгтэй болон түүний эхнэр байж болзошгүй эмэгтэй хүн байсан, бусад нь дандаа бага насны хүүхдүүд байсан. Нас барсан хүүхэдтэй нийлээд 7 хүүхэд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,

4.10. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч албан тушаалтай Х.Еын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаартай цогцост хийсэн шинжилгээний “1.2.3.Амь хохирогч Ж.Аийн биед гэмтэл тогтоогдоогүй. 4.5.Амь хохирогч Ж.А нь Авто ослын гэмтэл, зүрх гэнэт зогсох, ослын дараах шок, амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. 6.Амь хохирогч Ж.Аийн үхэлд хүргэхээр ямар нэгэн гэмтэл, архаг хууч өвчингүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 100-102 дахь тал/,

4.11. Шинжээч Х аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн химийн шинжээч албан тушаалтай Б.Цийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 112 дугаартай “1.“01352356, 01347439” дугаартай 2 ширхэг хуруу шилтэй шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн цусанд тус бүр 2.1 промилли спиртийн агууламж илэрсэн. 3.Цусан дахь 2.1 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 111-113 дахь тал/,

4.12. Яллагдагч С.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би тухайн өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Уаас Ц тосгон руу өөрийн 0000000 тээврийн хэрэгслээр эхнэр болон 7 хүүхдийн хамт ирж байх замдаа замын хонхорхойнд машин тэнцвэр алдаад тоормос дарсан чинь машин маань хөндлөнгөөрөө хэд хэдэн удаа өнхөрч байгаад зогссон бөгөөд би өөрөө урд салхины шилийг хагалж байгаад гарсны дараа эхнэрээ гаргаад хүүхдүүдийг гаргаж авсан. Миний хамгийн бага хүү Ж.А нь ээжийнхээ урд сууж явсан бөгөөд машинаас гаргах үед ухаангүй байсан ба тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан бөгөөд эмч ирээд хүүг маань нас барсан гэж хэлсэн юм.

...би Х гэх газарт наадам болж байсан болохоор 2 ширхэг лаазтай пивр уугаад хөдөлгөөнд оролцсон. Би наадам болж байгаа учраас хүүхдүүдийг баярлуулах гээд л авч явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 134 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч С.Жийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч С.Жээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З, Х.Т нараас “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.   

6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

 

Эрх зүйн дүгнэлт.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилжээ.

8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техН ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

9. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь Замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2. “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч С.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй.

10. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: “-Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.”, -“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно.”, -“Тээврийн хэрэгсэл” гэж мехаНжсан тээврийн хэрэгслийг ойлгоно.” гэж хууль тогтоогчоос тайлбарлажээ. 

11. Шүүгдэгч С.Ж нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд түүний цусан дахь спиртийн агууламж 2.1 промилли буюу дунд зэргийн согтолттой  байсан нь шинжээч Х аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн химийн шинжээч албан тушаалтай Б.Цийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 112 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

12. Шүүгдэгч С.Ж нь 2024 оны 07 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчимд Б аймгийн Н сумын 09 дүгээр баг, Ц тосгоны нутаг дэвсгэрт согтуурсан үедээ 0000000 улсын дугаартай “Toyota ist” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэг. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ …эсхүл согтууруулах ундаа… хэрэглэсэн… үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” заалтыг зөрчсөний улмаас бага насны хохирогч Ж.Аийн амь насыг хохироож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйл баримт, хэргийн нөхцөл байдал нотлох баримтуудын хүрээнд бүрэн тогтоогдсон байна.

13. Шүүгдэгч С.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай, идэвхтэй үйлдлээр хандсан байх бөгөөд харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бага насны хохирогч Ж.Аийн амь насыг хохироосон үйлдэлд болгоомжгүй хэлбэрээр хандсан, шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь бага насны хохирогч Ж.Аийн амь нас хохирсон хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

14. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч С.Ж нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-д заасан жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг зөрчсөний улмаас түүний жолоодож явсан 0000000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож, бага насны хохирогч Ж.Аийн амь нас хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний амь нас хохироож үйлдэж, гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн агуулж байх тул прокуророос шүүгдэгч С.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

15. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

16. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.Жийн согтуурсан, мөн хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

18. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан байна.

19. Шүүгдэгч С.Ж нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас бага насны хохирогч Ж.Аийн амь насыг хохироосон нь шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Х.Еын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

20. Шүүгдэгч С.Жийн гэм буруутай үйлдлийн улмаас бага насны хохирогч Ж.Аийн амь хохирсон нь гэмт хэргийн хохиролд хамаарах бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Баас гэмт хэргийн хор уршиг, тээврийн хэрэгслийн хохирлыг нэхэмжлээгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн тул шүүгдэгч С.Жийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

21. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч С.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 10 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байгаа. Уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Улсын яллагчийн зүгээс 3 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд бол оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлсон. Улсын яллагчийн зүгээс бага насны хүүхдийн амь нас хохирсон нөхцөл байдлыг харгалзаад 3 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоног байхгүй байгаа. Түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байгаа. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйл тус тус байхгүй болно.” гэх дүгнэлтийг,

22. Шүүгдэгч өмгөөлөгч Х.Заас “Шүүгдэгч С.Жийн үйлдэл холбогдол мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтуудын хүрээнд бодит байдлаар нотлогдон тогтоогдсон. Уг хэргийн улмаас хохирогчийн амь эрсэдсэн байгаа. Хэргийг зөв зүйлчилж ангилсан байгаа. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас үйлдсэн гэмт хэрэгт чинь санаанаасаа гэмшиж, хэргийг бүрэн хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Энэ үндэслэлээр хэргийг хөнгөрүүлэх нэг үндэслэл болж байгаа гэж үзэж байгаа.

Шүүгдэгчийн үйлдэл холбогдол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж үзэх 8 нөхцөлийн аль нэг нь тогтоогдохгүй байгаа. Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл шалтгаан тогтоогдохгүй байна. Харин хөнгөрүүлж үзэх нөхцөл шалтгаануудаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар анх удаа тохиолдлын нөхцөл, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэний дараа тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигчдод эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн үйл баримт нь нотлогдон тогтоогдсон. Энэ гэмт хэргийг шүүгдэгч нь анх удаа өөрийгөө илчилсэн буюу гэмт хэрэг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн гэмт хэрэг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ гэмт хэрэг өөрөө болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэргийн ангилалд багтаж байгаа. Өөрөөр хэлбэл болгоомжгүй, гэнэтийн тохиолдлоос болж гэмт хэрэг үйлдэгдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл шалтгаануудаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан.

Энэ хэргийн хувьд хөнгөрүүлж үзэх нэг нөхцөл шалтгаан гэвэл талийгаач буюу энэ хэргийн улмаас амь хохирогч нь шүүгдэгчийн төрсөн хүүхэд нь байгаа. Энэ утга агуулгаараа шүүгдэгч өөрөө энэ хэргийн хохирогч нь болоод орж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б нь амь хохирогчийн ээж, шүүгдэгчийн эхнэр нь байгаа. Иймд хүүхдийнхээ амь нас эрсэдсэн явдалд шүүгдэгч сэтгэл санааны болон эд хөрөнгө эрсэдсэн нөхцөл байдалтай хохирогчийн байр сууринаас оролцож байгаа. Эдгээр нөхцөл шалтгаануудыг харгалзан үзэж, ялангуяа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байхгүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгааг харгалзан, шүүгдэгч өөрийнхөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгож байгаа 3 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж болохоор хэдий заагдсан боловч Эрүүгийн хуулийн энэрэнгүй зарчмыг удирдлага болгон шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хэргийн улмаас хүний амь насыг төлөх, хохирлыг нь арилгуулах боломж нэгэнт үгүйгээс хойш хохирогч өөрөө тухайн амь хохирсон хүүхдийн эцэг гэдэг утга агуулгаар хохирол, нөхцөл байдлыг харгалзан байж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилсныг иш үндэслэл болгож ял халдааж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,

23. Шүүгдэгч өмгөөлөгч Х.Таас “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол, хор уршгийн талаар нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн. Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үйлдэлдээ буруутай. Гэхдээ болгоомжгүйгээр үйлдсэн гэмт хэрэг байгаа. Тиймээс түүнд холбогдох хэргийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн ерөнхий ангид гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар заасан. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд эсэх нь тогтоогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан.

Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 554 дүгээр тогтоолд “Эрүүгийн хуульд заасан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэмт хэргийн үр дагаврыг ухамсарлан ойлгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзнэ” гэж заасан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолд зааж өгсөн байгаа.

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал нь энэ хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг 2-8 жилийн санкацтай байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан. Тиймээс шүүгдэгчид ялын доод хэмжээ нь 2 жил байгаа юм чинь шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөх” дүгнэлтийг тус тус гаргаж, эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцэв.

24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Жийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

25. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

26. Шүүгдэгч С.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

27. Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч С.Ж нь тээврийн хэрэгсэл осолд орсны дараа нэн даруй зорчигч нарыг тээврийн хэрэгсэл дотроос гаргаж, аюулгүй байдлыг хангаж, эмнэлэгт дуудлага өгсөн нөхцөл байдал тогтоогдсон байх ба харин энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Жийн хүү Ж.Аийн амь нас хохирсон байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй болно.    

28. Шүүгдэгч С.Жийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 1994 онд төрсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд  боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд эь ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

29.  Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

30. Шүүгдэгч С.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Жийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 9 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байх ба шүүхээс шүүгдэгч С.Жийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт өгсний үндсэн шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

32. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно: ...1.3.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж заасан байх ба шүүгдэгчийн өмгөөлөгч нараас дээрх хуулийн хэм хэмжээг журамлан шүүгдэгч С.Жт хорих ял оногдуулах дүгнэлтийг шүүхээс хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

33. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь шүүхэд үүрэг болгосон хуулийн заалт биш бөгөөд шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэгдэх хэм хэмжээ юм. Шүүгдэгч С.Ж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас бага насны хохирогч Ж.Аийн амь насыг хохироосон, нөхөн сэргээгдэхгүй хохирол учруулсан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

34. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.7 дугаар зүйлийн 3. “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа… үеэс хугацааг тоолно.” Гэж заасныг үндэслэн шүүгдэгч С.Жийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

35. Шүүгдэгч С.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

36. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Сы Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Жийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 9 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жт оногдуулсан 2 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч С.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч С.Жт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.Т