Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2019/0352

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах комисст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “Б” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах комисс,

Гуравдагч этгээд: “С” ХХК 

Нэхэмжлэлийн шаардлага: “С” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материал нь журамд заасан шаардлага хангаагүй байхад хүлээн авсан сонгон шалгаруулалтын комиссын буруутай үйл ажиллагааг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 09 тоот дүгнэлтийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгон шалгаруулалтад удаах байранд шалгарсан “Б” ХХК-г сонгон шалгаруулалтад шалгарсанд тооцож, дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулалтын комисст даалгах” тухай,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, түүний өмгөөлөгч З.С, нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хууль болон, Засгийн газрын 2017 оны 37 дугаар тогтоол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт 3924,54 га бүхий “Ч*******” нэрэй, С******* кодтой талбайд явуулсан сонгон шалгаруулалт 2017 оны 10-р сарын 16-ны өдөр болсон.

Энэхүү сонгон шалгаруулалтад манай компани оролцсон бөгөөд Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрэм, журмын дагуу геологи эрэл хайгуулын ажил гүйцэтгэхээр саналаа хүргүүлсэн юм.

Сонгон шалгаруулалтад “Ө*******” ХХК, “С*******” ХХК, “Х*******” ХХК-иуд манай компанитай хамт сонгон шалгаруулалтын үнийн саналыг зарласан хугацаанд нь ирүүлсэн байдаг.

Ийнхүү Сонгон шалгаруулалтын журмын дагуу тогтоосон хугацаа /17:00 цаг болж/ дуусахад сонгон шалгаруулалтын комисс журналыг хааж Кадастрын хэлтсийн дарга Д.М, ахлах мэргэжилтэн О.Бнар гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

Гэвч сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан ажлын хэсэг санал авах эцсийн хугацаа дууссанаас 4 хоногийн дараа 2017 оны 10-р сарын 16-ны өдөр хуралдан “С” ХХК-ийн саналыг хүлээн авч, сонгон шалгаруулалтад оруулахаар шийдвэрлэсэн байсан.

Энэ үйлдэл нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 6-р сарын 29-ний өдрийн А/129 дугаартай тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 5 дугаар зүйлийн 5.9-д заасан “Сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацаанд, дурдсан хаягаар лацдаж, битүүмжилсэн сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад биечлэн хүлээлгэн өгнө. 5.13-т “Сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацаа дуусмагц сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалтын санал бүртгэх дэвтрийг хааж, ирүүлсэн нийт сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулах комиссын даргад акт үйлдэн хүлээлгэн өгнө” гэсэн заалтуудыг илтэд зөрчсөн хууль бус үйл ажиллагаа болсон гэж үзэн “Б*******” ХХК-ийн зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган 2018 оны 5-р сарын 30-ны өдөр хянан шийдвэрлэсэн байдаг.

Ийнхүү шийдвэрлэхдээ хэрэг маргааны үйл баримтад үзлэг хийсэн бөгөөд “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 5.8-д Битүүмжилсэн сонгон шалгаруулалтын саналын хавтасны гадна талын зүүн дээд буланд сонгон шалгаруулалтад оролцохоор санал ирүүлж буй компанийн нэр, хаяг, холбоо барих утас, сонгон шалгаруулалт зарласан талбайн байршил, нэр, саналын хуудасны нийт тоо, эх хувь эсхүл хуулбар хувийн аль болохыг тодорхой бичсэн байна гэж заасныг зөрчиж “С” ХХК холбоо барих утас, саналын хуудасны нийт тоог тавилгүй санал ирүүлсэн болох нь шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын архивт хийсэн үзлэгээр тогтоогдсон.

Журмын 5.11-д “Сонгон шалгаруулалтын санал нь энэ журмын 5.7 ба 5.8-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга тэмдэглэл үйлдэн хүлээн авахаас татгалзсан үндэслэл, буцаасан он, сар, өдөр, цаг минутыг тэмдэглэсэн тодорхойлолтыг ирүүлсэн саналын хамт сонгон шалгаруулалтын саналыг хүлээлгэн өгсөн этгээдэд буцаан өгнө гэж заасны дагуу “С” ХХК-ийн саналыг хүлээн авахаас татгалзаж буцаах ёстой байжээ гэж дүгнэсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2018 оны 5-р сарын 30-ны өдөр гарч, улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 8- р сарын 02-ны өдрийн 427 магадлалаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан боловч Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим хянан шийдвэрлэж, 2018 оны 10-р сарын 24- ний өдрийн 408 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Тодруулбал Сонгон шалгаруулалтын комисс нь журмаа зөрчиж авах ёсгүй /шаардлага хангаагүй/ саналыг авсан болохыг Захиргааны хэргийн шат шатны шүүх хянан шийдвэрлэж тогтоосон.

Энэхүү сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “Б*******” ХХК нь оролцсон бөгөөд сонгон шалгаруулалтад оролцсон оролцогчийн үнэлгээний нэгдсэн дүнгээр манай компани 74.5 оноотойгоор удаах байранд шалгарсан байдаг.

Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт илт хууль бус болох нь нэгэнт тогтоогдсон учраас Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 11 дүгээр зүйлийн 11.3-т “... тухайн сонгон шалгаруулалтанд шалгарсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухай шүүхийн шийдвэр гарсан бол Төрийн захиргааны байгууллага хамгийн өндөр үнэлгээ авсан дараагийн оролцогчид тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргана гэж заасны дагуу дараагийн оролцогчид тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргах хууль зүйн үндэслэл бүрдэнэ.

Улсын дээд шүүхийн тогтоолыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 11-р сарын 07-ны өдөр гардан авч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2018 оны 11-р сарын 23-ны өдөр гомдол гарган илтэд хууль, тогтоомж зөрчсөн Сонгон шалгаруулалтын коммиссын дүгнэлтийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, холбогдох журмын дагуу шийдвэрлэх талаар гомдлоо гаргасан билээ.

Төрийн захиргааны төв байгууллага /Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам/ 2018 оны 12- р сарын 11-ний өдрийн 03/3299 дугаартай албан бичгээр хариу өгсөн болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 1-р сарын 04-ний өдөр бичиг хэргээс гардан авсан байдаг.

Гэвч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нэхэмжлэгч компанийн зүгээс гаргасан гомдлыг ямар ч үндэслэлгүйгээр хүлээн авахгүй гэсэн хариуг өгсөн тул захиргааны хэргийн шүүхэд хандах үндэслэл болж байна.

Дээрх шүүхийн шийдвэр, тогтоол, үйл баримтад дүгнэлт хийвэл “С” ХХК-ийн Сонгон шалгаруулалтад ирүүлсэн санал нь журамд заасан шаардлагыг хангаагүй байхад Сонгон шалгаруулалтын нарийн бичгийн дарга хүлээн авч, саналыг үнэлсэн нь илтэд хууль, журмаа зөрчсөн үйл ажиллагаа байх тул Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 10-р сарын 20-ний өдрийн №9 дугаартай дүгнэлтийн “С” ХХК-д холбогдох хэсэг нь хүчингүй буюу илтэд хууль бус захиргааны акт болно.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу Сонгон шалгаруулалтын комиссын дээрх дүгнэлт нь захиргааны актад хамаарах бөгөөд энэ акт нь хууль зөрчиж гарсан болохыг анхан шатны шүүх тогтоосон гэж үзэхээр байна.

Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт “Эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болгохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж заасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд гомдлоо гаргасан боловч дээрх 2018 оны 12-р сарын 11-ний өдрийн 03/3299 дугаартай албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг авсан болно.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. “С” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материал нь шаардлага хангаагүй байхад хүлээн авсан буруутай үйл ажиллагааг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,

2. Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 10-р сарын 20-ний өдрийн №9 дугаартай дүгнэлтийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох,

3. Сонгон шалгаруулалтад удаах байранд шалгарсан “Б******* ХХК”- ийг шалгарсанд тооцож, дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулалтын комисст даалгаж өгнө үү” гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017онд зарлагдсан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт 3924.54 га бүхий “Ч*******” С******* кодтой талбайд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу сонгон шалгаруулалт явуулсан.

Сонгон шалгаруулалтад “Ө*******” ХХК, “С*******” ХХК, “Х*******” ХХК-иуд манай компанитай хамт сонгон шалгаруулалтын үнийн саналыг зарласан хугацаанд ирүүлсэн.

Гэтэл 17 цаг 00 минутад багтааж гуравдагч этгээд “С” ХХК материалаа өгч чадаагүй. Үүнтэй холбоотой маргаан үүсч, гуравдагч этгээд гомдлоо журмын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд гаргах байтал Ашигт малтмалыг газарт гаргасан.

Тус гомдлын дагуу 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хурал хийгээд 17 цагаас хэтэрсэн материалыг авах эсэхийг санал хурааж, материалыг нь авахаар шийдвэрлэсэн. Гэтэл тухайн өдөр Ашигт малтмал газрын тосны газрын даргын тушаалаар комисс томилогдож, гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэж дүгнэлт гарга гэсэн ажлын хэсэг байгуулагдаж, тус ажлын хэсгийн дүгнэлт 16-ны өдөр нээсэн үнийн саналыг 17-ны өдөр буюу маргааш нь ав гэж гарсан.

Цаг хугацааны хувьд болоод өнгөрсөн зүйлийн араас дүгнэлт гаргасан. Үүний дагуу “С” ХХК 16-ны өдөр хурлын протоколын дагуу сонгон шалгаруулалтад оролцсон.

Сонгон шалгаруулалтад нийт 4 компани материалаа ирүүлсэн, сонгон шалгаруулалтын журмын дагуу материалаа хүлээлгэж өглөө гээд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн баримт байгаа. Эдгээр компанийн материалыг хүлээж аваад, хүлээлгэж өглөө гэсэн С.Дгийн үйлдсэн баримт байгаа.

Тухайн үед 4 компани бүртгүүлснийг нарийн бичиг нь журнал дээрээ бүртгээд, 17цаг 00 минутад хаагаад гарын үсэг зурсан байсан. Гэтэл энэ материал нь Д.Мт материалыг хүлээлгэж өгсөн текстэн бичвэртэй зөрдөг.   

Гуравдагч этгээдийн материалыг авах эсэх нь 16-ны өдөр шийдэгдсэн байхад өмнө нь буюу 12-ны өдөр С.Д хүлээж аваад, Д.Мт гардуулж өгсөн үйл баримт хэрэгт авагдсан байгаа. Хэрэв тус баримт 12-ны өдөр үйлдэгдсэн бол яагаад тус өдөр үйлдэгдсэн журналтай таарахгүй байгаа юм бэ?

Ингээд “С” ХХК ялж, манай компани удаах байранд орсон. Бид маргаан үүсгээд, шүүхээр шийдүүлж, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 337 дугаар шийдвэр гарсан. Шүүгчийн захирамжаар баримтад үзлэг хийхэд сонгон шалгаруулалтын материал нь Сонгон шалгаруулалтын журмын 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байсан болохыг олж мэдсэн.  

Шүүхийн шийдвэрийн 13 дугаар талд “маргаан бүхий үйл баримтад дүгнэлт хийлээ. 5 дугаар зүйлийн 5.7, 5.8 дахь хэсэгт заасан шаардлага хангасан сонгон шалгаруулалтын саналыг комиссын нарийн бичгийн дарга хүлээн авч, бүртгэлийн дэвтэрт бүртгэх ба сонгон шалгаруулалтын саналын хавтас дээр бүртгэсэн он, сар, өдөр, цаг, минутыг бүртгэлийн дугаарт тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг оролцогчдод өгнө” гэсэн байна.

Сонгон шалгаруулалтын хугацаа дуусмагц буюу 17 цаг болмогц сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалтын санал, бүртгэлийн дэвтрийг хааж, ирүүлсэн нийт саналыг сонгон шалгаруулах комиссын даргад акт үйлдэж хүлээлгэж өгнө гэсэн байдаг. 16-ны өдөр шийдвэрлэгдсэн зүйлийг 12-ны өдөр акт үйлдэж, өгсөн байгаа нь цаг хугацааны хувьд илэрхий алдаатай байна.

Шүүхийн шийдвэрийн 14 дүгээр талд ...5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсэгт битүүмжилсэн сонгон шалгаруулалтын саналын хавтасны гадна талын зүүн дээд буланд компанийн нэр, хаяг, холбоо барих утас, сонгон шалгаруулалт зарласан талбайн байршил, нэр, саналын хуудасны нийт тоо, эх хувь эсвэл хуулбар хувийн аль болохыг тодорхой бичсэн байна гэж заасан байдаг. Эдгээр 7 шаардлагыг хангасан байвал саналыг хүлээж авдаг.

Гэтэл 3 удаагийн шүүхийн үзлэгээр гуравдагч этгээдийн ирүүлсэн материал нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан журмын дагуу шаардлага хангаагүй болохыг анхан шатны шүүх баримтаар тогтоож, дүгнэсэн. Тус дүгнэлтэд “С” ХХК-ийн саналыг хүлээн авахаас татгалзаж, буцаах ёстой байжээ” гэсэн байдаг.

Анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон. Дээд шатны шүүх хэвээр үлдээсэн. Дээд шатны шүүхийн шийдвэрийн 5 дугаар талд “...2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр техникийн санал өгөх ажиллагаа эхлэхээс өмнө маргах, гомдол гаргах эрхээ эдлэх ёстой байсан” гэж дүгнэсэн байдаг.

Гэтэл тухайн өдөр бид энэ саналын шаардлага хангаагүй баримт гэдгийг мэдэх боломжгүй байсан. Энэ талаар 2018 оны 05 дугаар сард шүүхийн журмаар баримт бичгийн үзлэг хийх үедээ мэдсэн.

Улсын Дээд Шүүхийн 22 дугаартай хянасан хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан агуулгатай нийцэхгүй байна гэсэн байна. Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт “.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж заасан байдаг.

Тэгэхээр Улсын Дээд Шүүхийн 22 дугаар дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулиас илүү хүчинтэй болж таарсан. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас шүүхээс шийдсэн асуудлыг авч хэлэлцэхгүй гэж хэлсэн. Хар дээр цагаанаар бичсэн Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг үндэслэлгүйгээр гуйвуулан тайлбарлаж байгаа шүүгчийг яаж тангарагтаа үнэнч гэж хэлэх юм бэ.

Нэгэнт шүүхээр тогтоогдсон үйл баримт байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэгэнт шүүхээр тогтоогдсон үйл баримтыг дахин дүгнэх боломжгүй гэсэн учраас “С” ХХК-ийн ирүүлсэн санал нь журамд заасан шаардлагыг хангаагүй байна.

Тендерт ирүүлсэн материалынхаа хуудасны тоог зүүн дээд буланд тавиагүй, мөн утасны дугаараа тавиагүй нь 5 дугаар зүйлийн 5.7, 5.8 дахь хэсэгт заасныг хангаагүй.

Хэрвээ дээрх шаардлагыг хангаагүй бол журмын дагуу 5.7, 5.8 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй бол нарийн бичгийн дарга хүлээн авахаас татгалзсан үндэслэл, буцаасан он, сар, минутыг тэмдэглэсэн тодорхойлолтыг ирүүлсэн саналын хамт сонгон шалгаруулалтын саналыг хүлээлгэн өгсөн этгээдэд буцаан өгнө гэж заасан байдаг.

Тухайн үед Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарийн бичгийн даргаар сууж байсан.

Сонгон шалгаруулалтын журамд сонгон шалгаруулалт дээр маргаан гараад, шалгарсан этгээд нь хууль бусаар шалгарсан болохыг эрх бүхий байгууллага тогтоосон тохиолдолд дараагийн өндөр оноо авсан оролцогчийг шалгарсанд тооцно гэж заасан байдаг.

Гуравдагч этгээд “С” ХХК-ийн материалыг нь буцаах ёстой байсан. Хэрвээ буцаасан бол манай компани ялах ёстой байсан. Ийм учраас манай компаний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа учир Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан “.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзээд тус  хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргасан.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг хүлээж аваад, Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Гомдлын хариуг авснаас хойш 30 хоногийн дотор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хандсан. Яамнаас хариу өгөхдөө энэ асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн байна гэсэн.

Гэтэл шүүхээс авах ёсгүй материал авсан байна гэж дүгнэсэн байхад яамнаас боломжгүй гэсэн хариу өгсөн учир дахин захиргааны хэргийн шүүхэд хандсан. Иймээс ямар ч тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахааргүй байна.

Хариуцагч болон гуравдагч этгээдүүд энэ талаар сайн мэдэж байгаа. Өмнөх шүүхээр шийдвэрлүүлж байх үед хуурамч нотлох баримт авч ирж хэрэгт хийж байсан. Энэ бүх үйл баримтууд нь цаанаа ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй байж болохыг үгүйсгэхгүй.

2017 оны журамд зааснаар бид 2 дугаар байранд орсон оролцогч учраас хайгуулын тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах эрхтэй байсан. Бидний эрхийг санаатайгаар зөрчиж, “С” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон нь эрх зүйт төртэй Монгол Улсад байж боломгүй үйлдэл байна. Миний шүүхэд итгэх итгэлийг хэн нэгэн эрх мэдэлтэй, мөнгөтэй этгээд хулгайлж байна гэдгийг хэлмээр байна.

Компаниудын ирүүлсэн саналыг шалгах үүрэг нь сонгон шалгаруулалтын комисст байгаа. Тодруулбал Улсын Дээд Шүүхийн тогтоолыг шинжлэн судлахад 6.4 гэдэг зүйл дурдагдаж байна. “6.4 дэх хэсэгт заасан тендерийн баримт бичгийн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах үйл явцыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулсан байна” гэсэн байна.

Журмын 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “...5.1, 5.3 дахь хэсэгт заасан баримт байна” гэсэн байна. Энэ дээр 5 дугаар зүйлийн 5.7, 5:8 дахь хэсгийг заагаагүй. 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “сонгон шалгаруулалт зарласан талбайд ирүүлсэн сонгон шалгаруулалтын санал нь энэхүү журмын 5 дугаар зүйлийн 5.1, 5.3-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах үйл явцыг нээлттэй хэлбэрээр явуулна” гэж заасан байдаг. 5 дугаар зүйлийн 5.7, 5.8 дугаар зүйл заалт 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт байхгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Дээд шатны шүүх хэвээр үлдээсэн. Дээд шатны шүүхийн эрх мэдлийн хүрээнд асуудлыг яръя. Дээд шатны шүүхэд “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлээр гомдол гаргасан. Дээд шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-127.2.5 хүртэл шийдвэр гаргана. ...шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхино”, “...шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна” гэсэн байдаг.

Гэтэл шийдвэр, магадлалд өөрчлөлт ороогүй. “...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгосон, эсхүл нэхэмжлэлийг хангах” гэсэн байдаг.

127 дугаар зүйлийн 127.2.5 дахь хэсэгт “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах” ийм шийдвэр гараагүй. 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэж энэ шийдвэр гарсан байна.

Гэтэл “...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн”. Яагаад хяналтын шатны шүүх миний оюун дүгнэлтэд дүгнэлт хийгээд, яагаад дүгнэлт хэсэгт засвар оруулаад байгаа юм. Буруу бол буруу гээд, зөв бол зөв гээд явах ёстой. Улсын Дээд Шүүх хэргийн үйл баримтыг дүгнэсэн шүүгчийн дүгнэлтийг өөрчилж, засаж, залруулж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Ямар үндэслэлээр сонгон шалгаруулалтад ялсан гэж үзээд байгаа юм гэж шүүгч асуусан. Сонгон шалгаруулалтын буруутай үйл ажиллагааг шүүх тогтоосон байсан. “С” ХХК-ийн материалыг буцаах ёстой байсныг шүүх тогтоосон. Сонгон шалгаруулалтын журмын 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “сонгон шалгаруулалтад шалгарсан бөгөөд 10.4-т заасан мөнгөн дүнг байршуулсан оролцогч тусгай зөвшөөрөл авахаас татгалзаж буйгаа бичгээр мэдэгдсэн, эсхүл энэ журмын 11.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрөө төлөөгүй, эсхүл тухайн сонгон шалгаруулалтад шалгарсан холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухай шүүхийн шийдвэр гарсан бол энэ захиргааны байгууллага хамгийн өндөр үнэлгээ авсан дараагийн оролцогчид тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргана” гэж заасан байдаг.

Бид энэ журамд заасны дагуу материалаа бүрдүүлж өгөөд, оролцоод явсан. Ганцхан н.С******* гэдэг хүн үүнийг мэдэж байгаа юм биш.

14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “сонгон шалгаруулалтад оролцогч нь сонгон шалгаруулалтын явцад өөрийнх нь эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзвэл төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргана” гэж заасан байдаг. Дээрх журам болон хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоолд тайлбарлахдаа “...миний гомдох эрхийг алдагдуулаад, “С” ХХК-ийн материалыг хүлээж авсан нь хууль зөрчөөгүй байна” гээд байгаа.

“С” ХХК төрийн захиргааны байгууллагад нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй. Маргаан гарвал эх хувьтай нь тулгаж үзэх ёстой. Шүүхээс үзлэг хийхдээ эх хувийг гол баримт болгож үзэх ёстой.

Журмын 9 дүгээр зүйлд сонгон шалгаруулалтад оролцогчдын эрх, үүргийг заасан байгаа. “...журамтай танилцана, урилгад зарлагдсан хэд хэдэн талбайд сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй, сонгон шалгаруулалтын саналыг үнэн зөв бүрдүүлж ирэх бөгөөд үүнтэй холбоотой аливаа хариуцлагыг хүлээх үүрэгтэй, сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлттэй танилцах эрхтэй гэж заасан боловч өмнө нь дурдсан 5.7, 5.8 дахь хэсэгт заасан үйл баримттай танилцах эрх бидэнд олгогдоогүй.

Гэтэл Улсын Дээд Шүүхийн тогтоолын 22 дугаар зүйлд эдгээр холбогдох дүрэм, журмыг судлалгүйгээр шийдвэр гарсан байна. Журмын 11.3 дахь хэсэгт заасан эрхийг “Б*******” ХХК эдэлж чадаагүй.

Бид Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд 47.1.6 дахь хэсэгт заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” учир 09 дүгээр дүгнэлтийн “С” ХХК-д холбогдох хэсэг үндэслэлгүй, илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байгаа төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас 2 компани шүүх, цагдаагийн байгууллагад хандаж, зардал мөнгө гаргаж, хохирч байна. Мөн магадгүй гуравдагч этгээд одоо хөрөнгө мөнгө гаргаад, тэр газарт тодорхой хэмжээний хөрөнгө зарлагадсан байгаа.

Гэтэл тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох нөхцөл байдал үүсвэл эрхийг нь төр хамгаалах үүрэгтэй.

Сонгон шалгаруулалтын комисст гуравдагч этгээд хандаж гаргасан гомдлыг нь хүлээн авч, ажлын хэсэг байгуулсан байтал бидний тухайн үед гаргасан гомдлыг шийдүүлэхээр ажлын хэсэг томилоогүй байдал нь төрийн захиргааны байгууллагаас иргэд, хуулийн этгээдэд тэгш хандахгүй байна гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс буруу зүйл хийсэн бол түүнийгээ ухамсарлаад хуульд зааснаар үйл ажиллагаагаа зөвтгөх боломж байгаа” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ маргаантай холбоотой маргааныг өмнө нь 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн. Өмнө нь бичгээр гаргаж өгсөн тайлбараа дэмжиж байна. Сонгон шалгаруулалтын эрх зүйн үндэслэлтэй ямар нэг байдлаар маргаан гаргаагүй. Өмнөх шүүхийн шийдвэрүүд нь Төрийн захиргааны байгууллагын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж 3 шатны шүүх тогтоосон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “С” ХХК-ийг хоцорч ирсэн, мөн сонгон шалгаруулалтын журмын зүүн дээд буланд дутуу бичилт хийсэн баримтыг хүлээж авсан гэж маргаж байна. Шүүх үзлэг хийхдээ сонгон шалгаруулалтын 2 баримтад үзлэг хийгээгүй. Үлдсэн 1 баримтад нь үзлэг хийсэн.

Зарим аж ахуй нэгж байгууллага 2 хавтастай материалаа 1 хавтсанд нэгтгэж хийгээд, гадна талын хавтасны зүүн дээд буланд хаяг, утас зэргээ биччихсэн байдаг. Бид дотор талыг нь задалж үзэхгүйгээр зөвхөн гадна талыг харж авдаг. Гадна талыг нээхдээ аж ахуйн нэгжүүдэд бүгдэд нь харуулж байгаад ямар нэг асуудал байгаа эсэхийг асууж байгаад нээдэг.

Тухайн үед “Б*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэнд сууж байсан. Хавтсыг нээх үед бичилт дутуу байна гэсэн зүйл яригдаагүй учир бичилт нь бүрэн материал хүлээж авсан болох нь дээрх үйлдлээр нотлогдож байна.

Хүлээж авсан дэвтэрт 4 аж ахуйн нэгжийн бичилт хийчхээд, 5 аж ахуйн нэгжийн материал хүлээлгэж өгсөн гэж байна. Тухайн өдөр шүүхээс үзлэг хийж байсан учир би шүүгчид үзлэг хийх фондыг зааж өгчхөөд дээшээ гарч ирэх хооронд кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Б намайг орлоод дэвтэр дээр тэмдэглэгээ хийж байсан. н.Б өмнөх аж ахуйн нэгжийн компаний гэрчилгээний хуулбар ирээгүй байна гээд “С” ХХК-иас материалыг нь хүлээж авахгүйгээр сууж байсан.

Би 16 цаг 58 минутад доороос орж ирээд цаг нь болоогүй байна. Авах эсэхээ та бүхэн шийд гэж хэлж байсан. Тухайн үеийн бичлэг нь нэхэмжлэгч талд байгаа талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх шүүх хуралдаанууд дээр ярьж байсан. Тус бичлэг нь 16 цаг 58 минутаас 17 цагийн хоорондох үйл явцыг бичсэн байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус бичлэгээ гаргаж өгөөгүй байна.

Гуравдагч этгээдийг 17 цагаас өмнө орж ирсэн болохыг хяналтын шатны шүүх дүгнэсэн байгаа. Хяналтын шатны шүүхийн дүгнэлтийн 4 дүгээр хуудасны 18 дугаар хэсэгт “...нэхэмжлэгч 4 үндэслэлээр маргасан байх бөгөөд үндэслэл тус бүрээр дүгнэлт хийхэд 17 цагт сонгон шалгаруулалтын баримтаа хүлээн авах байсан бөгөөд 17 цаг болж “С” ХХК-ийг бүртгэх эсэх талаар маргаан гарсан. Уг хуулийн  цаг болох үед захиргааны байгууллагад ирсэн байсан.

Харин өмнөх компанийн бүртгэл дуусаагүй шалтгаанаар бүртгээгүй болох хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна гэж дүгнэсэн байгаа. Иймээс 17 цагаас хойш ирсэн гэх асуудал байхгүй. Энэ асуудлыг шүүх нэгэнт дүгнэчихсэн.

Зүүн дээд буланд нь утасны дугаар бичээгүй, хуудасны тоог бичээгүй гэж яриад байна. Задлах үедээ комиссын гишүүд болон тендерт оролцогчид бүгд бүрэн эсэхийг шалгаж байж задалдаг. Магадгүй нэг хэсэг дээр бүрэн бичээд, нэг хэсэг дээр дутуу бичсэн байсны бичилттэй хэсэг нь задарсан байхыг үгүйсгэх аргагүй.

Хэрэв бичилт нь дутуу байсан бол тэр материалыг задлахгүй байсан. Комисс хүлээж авсан байсан ч бичилт нь дутуу байвал буцаадаг.

Тухайн асуудлаар хяналт тавьж байсан комиссын гишүүд болон оролцогчдын төлөөллөөс энэ талаар  маргаагүй. Журман дээр нарийн бичиг нь сонгон шалгаруулалтад санал ирүүлсэн бүх баримтыг комиссын дарга, гишүүдэд хүлээлгэж өгнө гэсэн журмын дагуу 12-ны өдөр 17 цаг 50 минутад комиссын дарга н.М болон комиссын гишүүдэд 5 аж ахуйн нэгжийн 9 баримтыг хүлээлгэж өгсөн.

Мөн доогуур нь зураас зурахад дахиж бичих зайгүй болдог. Намайг орж ирэхэд доогуур нь зурсан байсан учир би тэнд дахин бичилт хийж болохгүй байсан учир тус баримтад бичигдээгүй. Баримтуудыг задлахдаа ямар нэг асуудалгүй байна гээд гарын үсэг зурсан баримтууд нь хэрэгт авагдсан байгаа. Иймээс дутуу баримт хүлээж авсан гэх үндэслэлгүй гэдгийг хэлж байна. Нэгэнт сонгон шалгаруулалтын комисс журмынхаа дагуу хүлээж аваад, дүгнээд, шийдсэн асуудал дээр маргах боломж нь хугацааны хувьд ч байхгүй.

Энэ талаар О.Д бид 2 үзлэг хийх үедээ мэдсэн байж болно. Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр саналын баримт бичгийг нээх үед мэдсэн байгаа.

“С” ХХК сонгон шалгаруулалтын комисстой холбоотойгоор агентлагт нь гомдол гаргасан байсан. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу иргэдээс ирүүлж байгаа гомдлыг шийдвэрлэх үүргийнхээ дагуу тухайн үед ажиллаж байсан агентлагийн дарга тушаал гаргаад, ажлын хэсэг байгуулж, энэ гомдол үндэслэлтэй эсэхийг шалга гээд комисс байгуулсан. Энэ комиссын дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байгаа.

16-ны өдөр агентлагийн дарга тус комиссын гишүүдээс тушаалаар байгуулагдсан комиссын дүгнэлт хэзээ гарах талаар асууж комиссын даргаар нь ажиллаж байсан н.Э бид дүгнэлтээ гаргасан, “С” ХХК-ийн материалыг хүлээж авах нь зөв гэж шийдсэн гээд төслөө танилцуулаад, комиссын нэг гишүүний гарын үсэг дутуу байгаа та бүхэн үүнийг үнэлээд явахад татгалзах зүйл байна уу гэхэд татгалзах зүйлгүй гэсэн учир “С” ХХК-ийн материалыг задалсан. Тухайн өдөр Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс “С” ХХК-ийн төлөөллийг оролцуулаад, комисс хуралдсан. Тус хуралдааны тэмдэглэл дээр “С” ХХК-ийн материалыг хүлээж авах нь зөв гэж гарсан байгаа. Комиссын гишүүд материалтай нь танилцаад бүрэн байсан учир хүлээж авсан.

“С” ХХК 17 цаг 00 минутаас өмнө өгсөн эсэх дээр маргаж байсан учир материалыг нь хүлээж авахгүй байж магадгүй гэж үзээд гомдол гаргасан болов уу гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сонгон шалгаруулалтад удаах байранд орсон аж ахуйн нэгжийг шалгарсанд тооцдог журам байдаг гэж хэлж байна. Шалгарсан оролцогч нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол дараагийн оролцогч нь шалгарсанд тооцно гэсэн заалт байдаг. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.

Өмнө 17 цагаас өмнө ирсэн байна, баримтыг нь хүлээж авсан нь зөв байна гээд шүүх дүгнэсэн мөн хяналтын шатны шүүхийн дүгнэлтэд заасан байгаа. Ирж байгаа материалын эх хувь болон хуулбар хувийг нэг цаасанд боосон байдаг.

Харин дотор талд нь байгааг бид харах боломжгүй. Гаднах боолтыг нь урж аваад, доторхыг нь үздэг. Журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан бичиг баримтуудыг зөрчил гарсан бол эх хувьтай тулгаж үзнэ гэж заасан байдаг. Түүнээс биш хуулбар хувийн хавтсыг эх хувийн хавтастай нь тулгаж үзнэ гэсэн заалт байхгүй.

Сонгон шалгаруулалтын журам болон Ашигт малтмалын тухай хуульд сонгон шалгаруулалтыг  ил тод, нээлттэй, хөндлөнгийн хяналтын дор явуулна гэж заасан байгаа. Бид сонгон шалгаруулалтыг хөндлөнгийн хяналтын дор явуулсан. Гадна талынх нь буланд бичсэн зүйл зөв эсэхийг тэнд оролцож байгаа компаниудын төлөөлөл хянаж үздэг. Энэ асуудлаар Улсын Дээд Шүүх дүгнэлтээ хийсэн. Техникийн саналыг үнэлэхээс өмнө гомдол гаргах эрхээ эдлээгүй байна гэж дүгнэснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөд, Дээд Шүүхийн дүгнэсэн асуудлыг дахиж дүгнэхгүй гэж хэлээд байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь өмнөх шүүх хуралдаанууд дээр яригдсан бүх үйл явцыг дахин тавьж байна.

Өмнө нь шүүхээр дүгнэгдсэн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт зааснаар шийдэх боломжтой байсан гэж үзэж байна.

“С” ХХК-ийн 17 цагаас өмнө орж ирснийг нотолж байгаа баримт нь комиссын дүгнэлт болон ажлын хэсгийн дүгнэлт байгаа. Журнал дээр өмнөх аж ахуйн нэгжийнх нь материалыг 16 цаг 58 минутад авч дууссан байгаа. Эхэлсэн хугацааг биш, дууссан хугацааг бичдэг. Би н.Б шугам татчихсан байсан гэж хэлсэн. Хэрвээ шугамын доор бичсэн бол би хардагдах байсан учир бичээгүй.

Иймээс хүлээж авах эсэхийг комисс өөрөө шийдвэрлэхээр болсон. Бичлэгтэй холбогдуулж хэлэхэд ганцхан энэ сонгон шалгаруулалт биш, 20 гаруй сонгон шалгаруулалтын 10 гаруйг нь нарийн бичгээр хүлээж авсан. Янз бүрийн хаанаас хэзээ хийсэн нь мэдэгдэхгүй бичлэг байхыг үгүйсгэхгүй. Шүүх энэ талаар дүгнэчихсэн.

Гуравдагч этгээд “С” ХХК-ийн өмгөөлөгч З.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдагдаж байгаа үйл баримтын үндэслэлүүд өмнө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа яригдаж байгаа. Энэ асуудлаар шат шатны шүүхээс тодорхой дүгнэлтүүдийг хийгээд шийдвэрлэсэн байгаа. Өмнө нь 2 нэхэмжлэлийн шаардлага гаргаад шийдвэрлүүлчихсэн. Одоо 3 шаардлага болгосон байна.

Үг үсгийн хувьд өөр байгаа боловч эцсийн үр дүн, хүрэх гээд байгаа зорилго нь нэг юм. Өөрөөр хэлбэл үйл баримт нь нэг гэсэн үг. Нэг үйл баримтын талаар шийдвэрлэсэн байхад дахин энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ гэдэг нь байж болохгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх рүү дайрсан нэлээдгүй зүйл ярьж байна.

Хэргийн 48 дугаар хуудаст үнийн санал байгаа. Манайх нэхэмжлэгч компаниас илт давуу оноотой байсан. Тухайн үед нь манайх илүү оноо авах ёстой гэж гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрчхөөд, жилийн дараа ийм зүйл ярьж байгаа нь хууль зүйн хувьд, шүүхийн практикийн хувьд хүлээж авах ямар ч боломжгүй. Хууль зүйн хүрээнд үйл баримтууд нь хэрэгт тодорхой авагдсан байгаа.

Сонгон шалгаруулалтын үйл явц, эцсийн үр дүн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хөндөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй гэж тайлбарлаж байна. Хуульд илт хууль бус болох 7 үндэслэлийг заасан байдаг. Сонгон шалгаруулалтын комисс тусгай зөвшөөрөл олгох асуудлаар сонгон шалгаруулалт явуулж байгаад, тариалангийн зориулалтаар өмчлөх, эзэмших газар олгосон бол чиг үүргийн асуудлаа хэрэгжүүлээгүй гээд илт хууль бус болгохыг үгүйсгэхгүй. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан аль ч үндэслэлд хамаарахгүй байна. Тийм учраас илт хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй.

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна. Энэ дүгнэлтийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах үндэслэл байхгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч илт хууль бус захиргааны акт гэж өөрийн бухимдлаар илэрхийлж байгаа болохоос биш бодит үйл явдал, хэрэгт авагдсан баримт, өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн үйл баримт түүнийг илтгэж илэрхийлэхгүй. Бодит байдал дээр болсон үйл явц нэхэмжлэгчийн ярьж байгаагаас зөрүүтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдана.

Удаах байранд шалгарсанд тооцож, дүгнэлт гаргуулах гэсэн шаардлага гаргасан байна. Өмнө нь энэ зөвшөөрлийг манай компанид олго гээд нэхэмжлэлийн шаардлага гаргаад, түүнийг шүүх шийдвэрлэсэн. Өмнөх нэхэмжлэлийн шаардлагатай нэг байна.

Тусгай зөвшөөрлийн хойноос хөөцөлдөж нэхэмжлэлийн шаардлагыг цаана, наана оруулж, үе шатыг нь өөрчилж, төөрөгдүүлснээр юуг өөрчлөх гээд байгаа нь тодорхойгүй байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Хамгийн том үндэслэл нь эртний Ромын эрх зүйгээс төлөвшсөн нэгэнт тогтоогдсон өмнөх үйл явцын талаар дахин маргах эрхгүй. Мөн манай улсын процессын хуулиудаар шүүхээр өмнө нь шийдвэрлэгдсэн асуудлаар дахин дүгнэхгүй гэдэг байдлаар тусгагдаад шийдвэрлэгдсэн байгаа.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж буй бүх зүйл өмнөх шүүх хуралдаанууд дээр яригдсан учир би цаг хэмнэх үүднээс зөвхөн хуулийн хүрээнд тайлбар хийж байна. Процессын хуульд нэг асуудлаар өөр өөр нэхэмжлэлийн шаардлага гаргаад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа талуудад хүндрэл, чирэгдэл учруулж, шүүхийн ачааллыг нэмэхийг зөвшөөрдөггүй. Тийм учраас нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь гуравдагч этгээдийн цаг хугацааг барсан асуудал болж байна.

Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Кадастрын хэлтсийн дарга сонгон шалгаруулалтын үйл явцуудыг үндэслээд тусгай зөвшөөрөл олгосон. Тусгай зөвшөөрлийг журмын дагуу өгсөн болохыг 3 шатны шүүхээс үе шаттай дүгнэсэн байгаа. Энэ асуудлаар нэхэмжлэгч тал маргаж байсан.

Өмнөх шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх шийдвэрлэсэн гэхдээ ярьж байгаа асуудлуудын хүрээ нь өргөн байсан учир шүүх хуралдааны явцад тавьж байсан гомдлыг нь сонсоод, гомдолд дурдсан үндэслэлүүдээр нь дүгнэлт өгсөн байдаг. Шүүх процессын явцад нэхэмжлэгчээс та материалаа гүйцэд өгсөн үү, нэхэмжлэлийн шаардлагын хүрээ иж бүрэн үү, шийдвэрлүүлэх асуудлаа бүрэн шийдвэрлүүлсэн үү гэж асуусан.

Хамгийн сүүлд хүчин төгөлдөр болсон Улсын Дээд Шүүхийн тогтоолд анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүдийг үгүйсгээгүй учир эдгээр дүгнэлтүүдээр хийгдсэн үйл баримтуудтай маргахгүй гэсэн үг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан байдаг. Улсын Дээд Шүүхээс нэхэмжлэгчийн маргаж байгаа 4 асуудлаар дүгнэлт өгсөн.

Улсын Дээд Шүүхийн тогтоолын хянавал хэсгийн 14 дүгээр зүйлд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийн үйл баримтын талаарх зарим дүгнэлтийг залруулж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв гээд анхан шатны шүүхийн алдаатай хэсгийг залруулаад тодорхой бичсэн байсан.

Бид нэхэмжлэлүүдийн шаардлагуудыг харьцуулж хараад анализ хийж үзсэн. Өмнө дүгнэгдээд шийдэгдсэн асуудалтай бүгд тохирч байна. Шүүхийн шийдвэр заргаа алдсан талд гомдол төрүүлдэг нь үнэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.” заасан байдаг. Гэтэл өмнө нь шийдвэрлээд дууссан ажиллагааны талаар маргаад байна.

Нэхэмжлэгч тал сонгон шалгаруулалтын үнэлгээн дээр маргаагүй, техникийн санал дээр “Б” ХХК өндөр санал авсан. Үнийн саналаараа манайх хагас тэрбум төгрөг илүү байсан. Ингээд нийт оноогоороо ялагдсанаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж байна. 47.1.6 дахь заалт нь тодорхой тайлбар шаарддаг “энэ хуулийн энэ үндэслэлээр манай эрх, ашигт халдсан” гэж ярих ёстой, Сонгон шалгаруулалтын явцад магадгүй үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийг хассан бол 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бусаар намайг хассан гэж эсвэл оноон дээр маргалдаж болно.

Гэтэл нэхэмжлэгч 47.1.6 дахь хэсэгт зааснаар үндэслэл, тайлбар, нотолгоогоо гаргаж мэтгэлцэхгүй харин өмнөх шүүхийн шийдвэрүүдийг шүүх маягаар түүнийг өөрчлөн гоочлох замаар шүүхэд элдэв дарамттай бохирдуу үг хэллэгийг хүргэх замаар хэрэг маргааны заргаа авна гэж бодож байгаа бол ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хатуу хэлэхийг хүсэж байна.

Ийм учраас нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа ба ийм нэхэмжлэл гэж байхгүй гэж хэлмээр байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК нь “С” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материал нь журамд заасан шаардлага хангаагүй байхад хүлээн авсан сонгон шалгаруулалтын комиссын буруутай үйл ажиллагааг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 09 тоот дүгнэлтийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтад удаах байранд шалгарсан “Б” ХХК-г сонгон шалгаруулалтад шалгарсанд тооцож, дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулалтын комисст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 408 тоот тогтоолын хянавал хэсэгт дараах байдлаар дүгнэлтүүд хийсэн байна. Үүнд:

14-д “Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн боловч уг алдаа нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлөхөөргүй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийн үйл баримтын талаарх зарим дүгнэлтийг залруулж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ”,

18-д “Нэхэмжлэгч 4 үндэслэлээр маргасан байх бөгөөд үндэслэл тус бүрээр дүгнэлт хийхэд, нэгдүгээрт, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагт сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авах байсан бөгөөд 17 цаг болоход С ХХК-ийн тендерийг бүртгэх эсэх талаар маргаан гарсан, уг хуулийн этгээд нь 17 цаг болох үед захиргааны байгууллагад ирсэн байсан, харин өмнөх компанийн бүртгэл дуусаагүй шалтгаанаар тус компанийг бүртгээгүй болох нь хэрэгт авагдсан Сонгон шалгаруулах комиссын хуралдааны тэмдэглэл, Ажлын хэсгийн тайлан зэрэг баримтаар тогтоогдсон байна. Иймээс нэгэнт гуравдагч этгээдээс заасан хугацаанд ирсэн тул тухайн компанийг 17 цагаас хойш ирсэн гэж буруутгах боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.”

19-д  “Хоёрдугаарт, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 16 цагт үнийн санал нээх байсан бөгөөд хэрэгт авагдсан Үнийн санал нээлтийн тэмдэглэлд “Б*******” ХХК-ийг 16 цаг 27 минут, ... “С” ХХК-ийг 16 цаг 30 минут гэж цаг хугацааг тэмдэглэсэн байна. ... А/129 дүгээр тушаалаар баталсан ... журмын 7.2.3 дахь хэсэгт зааснаар ....урилгад заасан газар болон цаг хугацаанд хүрэлцэн ирээгүй бол саналыг задлахгүйгээр хүчингүйд тооцох байна. Гэтэл энэ тохиолдолд гуравдагч этгээдийн төлөөлөгч хоцорч ирсэн гэдэг нь баримтаар тогтоогдоогүй, ... Энэ үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчээс тухайн цаг хугацаанд Сонгон шалгаруулалтын комиссын хугацаа хэтрүүлсэн үйл ажиллагаатай холбогдуулан маргаагүй, улмаар үнийн саналыг нээх ажиллагаа явагдаад дууссан байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.”

21-д  “Гуравдугаарт, нэхэмжлэгчийн С компани нь тендерийн баримт бичигт мэдээлэл дутуу бичсэн, холбоо барих утас, саналын хуудасны нийт тоо бичээгүй байсан тул хүлээн авахаас татгалзах байсан гэх үндэслэлийн тухайд: Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 5.11 дэх хэсэгт зааснаар шаардлага хангаагүй баримт бичгийг Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга тэмдэглэл үйлдэн буцаах бөгөөд журмын 6.4 дэх хэсэгт зааснаар тендерийн баримт бичиг шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах үйл явцыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулах байна.”

22-т “Сонгон шалгаруулах журмын 7.2.2 дахь хэсэгт зааснаар техникийн саналыг нээх үед сонгон шалгаруулалтын баримт бичгийн иж бүрдлийг нягтлан шалгах ба энэ үед нэхэмжлэгчээс дээрх үндэслэлээр маргаж байгаагүй, бусад оролцогчийн баримт бичигтэй танилцах, маргах эрхээ хэрэгжүүлээгүй буюу 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр техникийн санал өгөх ажиллагаа эхлэхээс өмнө маргах, гомдол гаргах эрхээ эдлэх ёстой байжээ. Учир нь шаардлага хангасан тендерийн баримт бичгийг дараагийн шат буюу техникийн саналын үнэлгээ өгөх шатанд оруулах ба нэхэмжлэгчийн тухайд техникийн санал үнэлэх үе шатанд дээрх асуудлаар маргаагүй, цаг хугацааны хувьд маргах эрхээ алдсан байна.”

23-д “Дөрөвдүгээрт, нэхэмжлэгчийн Сонгон шалгаруулалтын комисс өөрт олгогдоогүй эрх эдэлсэн, санал хүлээн аваагүй тухай гуравдагч этгээдийн гомдлыг шийдвэрлэх эрхгүй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам шийдвэрлэх байсан гэх тухайд: Сонгон шалгаруулах журмын 5.10 дахь хэсэгт зааснаар сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авах ажлыг Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга хүлээн авч, комиссын даргад хүлээлгэн өгөх байна. Харин уг журамд Сонгон шалгаруулалтын нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд холбогдуулан хаана, ямар байгууллагад гомдол гаргах талаар нарийвчлан зохицуулаагүй тул журмын ерөнхий харилцааг зохицуулсан заалтыг хэрэглэх байна.”

24-д “Сонгон шалгаруулалтын журмын 6.5 дахь хэсэгт Сонгон шалгаруулалтын комиссын эдлэх эрх, хүлээх үүргийг заасан байх бөгөөд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах эрх хэмжээний хүрээнд нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй тул гуравдагч этгээдийн тендерийн баримт бичгийг хүлээн авахтай холбоотой гомдлыг хянах эрхгүй гэж үзэх боломжгүй, өөрт олгогдсон эрхийн хүрээнд шийдвэр гаргасан байна. Энэ нь Сонгон шалгаруулалтын журмын 13.1 дэх хэсэгт заасан төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах эрхтэй зөрчилдөхгүй буюу сонгон шалгаруулалтын бэлтгэх үе шат, сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх бүрэн эрх нь Сонгон шалгаруулах комиссын бүрэн эрхэд хамаарах бөгөөд харин сонгон шалгаруулалтын үе шатуудтай, үнэлгээтэй холбогдуулан гомдол хянан хэлэлцэх нь төрийн захиргааны төв байгууллагад хадгалагдах юм” зэрэг байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим дүгнэлтийг залруулж дүгнэсэн байх ба уг хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны дугаар 408 тоот тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээр дурдсан Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 408 тоот тогтоолын маргааны үйл баримтын талаар хийсэн дүгнэлтүүдийг тоймлон, товчлон авч үзвэл

  • “С” ХХК-ийн тендерийн материал 17 цаг болох үед захиргааны байгууллагад ирсэн байсан, харин өмнөх компанийн бүртгэл дуусаагүй шалтгаанаар тус компанийг бүртгээгүй байсан, тухайн компанийг 17 цагаас хойш ирсэн гэж буруутгах боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.”
  • Нэхэмжлэгчээс тухайн цаг хугацаанд Сонгон шалгаруулалтын комиссын хугацаа хэтрүүлсэн үйл ажиллагаатай холбогдуулан маргаагүй, улмаар үнийн саналыг нээх ажиллагаа явагдаад дууссан байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.”
  • техникийн саналыг нээх үед сонгон шалгаруулалтын баримт бичгийн иж бүрдлийг нягтлан шалгах ба энэ үед нэхэмжлэгчээс дээрх үндэслэлээр маргаж байгаагүй, бусад оролцогчийн баримт бичигтэй танилцах, маргах эрхээ хэрэгжүүлээгүй, техникийн санал өгөх ажиллагаа эхлэхээс өмнө маргах, гомдол гаргах эрхээ эдлэх ёстой байжээ. нэхэмжлэгчийн тухайд техникийн санал үнэлэх үе шатанд дээрх асуудлаар маргаагүй, цаг хугацааны хувьд маргах эрхээ алдсан байна.
  • Журмын 6.5 дахь хэсэгт... эрх, хүлээх үүргийг заасан байх бөгөөд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах эрх хэмжээний хүрээнд нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй тул гуравдагч этгээдийн тендерийн баримт бичгийг хүлээн авахтай холбоотой гомдлыг хянах эрхгүй гэж үзэх боломжгүй, өөрт олгогдсон эрхийн хүрээнд шийдвэр гаргасан байна. ....сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх бүрэн эрх нь Сонгон шалгаруулах комиссын бүрэн эрхэд хамаарна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон .... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрөл олгох Сонгон шалгаруулалтын комиссын үйл ажиллагааны талаар буюу нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлүүд, үйл баримтын талаар Улсын Дээд шүүхийн 2018 оны дээрх 408 тоот тогтоолоор дүгнэсэн, уг 408 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэлийг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр “С” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материал нь шаардлага хангаагүй байхад хүлээн авсан буруутай үйл ажиллагааг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэж шаардлага гарган илт хууль бус захиргааны актад тооцох ёстой гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүд тогтоогдохгүй байна. Үүнийг тайлбарлавал:

Шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн архивт 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр очиж үзлэг хийсэн ба уг шүүхийн үзлэгээр “С” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн эх хувь материалыг үзэж, танилцаж холбогдох баримтыг хуулбарлан авсан ба тус компанийн эх хувь материалаас үзэхэд гадна хавтасны зүүн дээд өнцгийн саналын хуудасны тоо гэсэн хэсэгт саналын хуудасны тоог тавиагүй байсан болно.

“С” ХХК-ийн гомдлыг хянан шалгах ажлын хэсгийн тайлан[1] /“С” ХХК-ийн материалыг нөхөж хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэсэн/ 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гарсан, Сонгон шалгаруулалтын комиссын гуравдагч этгээдийн материалыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн шийдвэр 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр[2] гарсан байх ба үүнээс үзэхэд цаг хугацааны хувьд зөрчилтэй, журамд нийцэхгүй байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд хэдийгээр “С” ХХК-ийн эх хувь материалын гадна хавтасны зүүн дээд өнцгийн саналын хуудасны тоо гэсэн хэсэгт саналын хуудасны тоог тавиагүй, бөглөөгүй, гомдлыг хянан шалгах ажлын хэсгийн тайлан комиссын шийдвэрээс 1 хоногийн дараа гарсан зэрэг журамд нийцэхгүй, цаг хугацааны зөрчилтэй үйл баримт тогтоогдож байх боловч эдгээр үйл баримт нь комиссын үйл ажиллагааг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох үндэслэл болохгүй.

Хууль тогтоогчоос илт хууль бус гэж тодотгон хуульчилсан ба захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж, нэрлэж заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй бол захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож болохгүй.

Илт хууль бус захиргааны акт гэдэг нь хэн ч харсан (хуульч биш хүн харсан ч) илт, илэрхий хууль бус захиргааны актыг ойлгоно.

Тодруулбал “С” ХХК-ийг шалгаруулсан Ашигт малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрөл олгох Сонгон шалгаруулалтын комиссын үйл ажиллагаанд илэрхий, илт хууль бус захиргааны актын шинж тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурдсан үйл баримт, үндэслэлүүдээс үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрөл олгох Сонгон шалгаруулалтын комиссын үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул ““С” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материал нь шаардлага хангаагүй байхад хүлээн авсан буруутай үйл ажиллагааг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Шүүхээс нэгэнт нэхэмжлэгчийн ““С” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материал нь журамд заасан шаардлага хангаагүй байхад хүлээн авсан сонгон шалгаруулалтын комиссын буруутай үйл ажиллагааг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир үлдэх нэхэмжлэлийн шаардлагууд болох “Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 09 тоот дүгнэлтийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “сонгон шалгаруулалтад удаах байранд шалгарсан “Б” ХХК-г сонгон шалгаруулалтад шалгарсанд тооцож, дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулалтын комисст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл үүсэхгүй.

Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийн 1 дэх нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул үүнтэй уялдаа холбоо бүхий үлдэх 2, 3 дахь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан ““С” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материал нь журамд заасан шаардлага хангаагүй байхад хүлээн авсан сонгон шалгаруулалтын комиссын буруутай үйл ажиллагааг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”, “Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 09 тоот дүгнэлтийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “сонгон шалгаруулалтад удаах байранд шалгарсан “Б” ХХК-г сонгон шалгаруулалтад шалгарсанд тооцож, дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулалтын комисст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.БАТЗОРИГ

 

[1] 128/2018/0098/3 индекстэй захиргааны хэргийн 1-р хавтасны 68-р хуудас

[2] 1-р хавтасны 55-57-р хуудас