Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 03

 

Э.Н-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс 132/2018/00617/И

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Са.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 660 дугаартай шийдвэртэй,

Э.Н-ийн нэхэмжлэлтэй, Б а д Х а а М с ү-ийн төвд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                  Б.Д

Нарийн бичгийн дарга                                                  С.Гончигбал нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие  Х а а М с ү-ийн т-ийн ерөнхий нягтлан бодогчоор 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн ажилласан. Захирал С.О нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182\ШШ2017\01861 дугаартай шүүхийн шийдвэрээр намайг ажилд орсноос хойш томилогдон ажилласан юм. Намайг ажилдаа орсон цагаас л ялих шалихгүй зүйлээр шалтаглан надад сахилгын арга хэмжээ авсан ч тэр бүрийг нь "хэл ам хийгээд яах вэ?" гэж тэвчсээр өдийг хүрсэн. Гэтэл тус төвийн захирал С.О нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б\18 дугаартай тушаалаар Э.Н намайг ажил тасалсан, ээлжийн амралтаа дураараа эдэлсэн, ажлын байр орхин явсан гэж буруутган ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Энэ тушаалыг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа очиход бүх ажилчдын хурал дээр танилцуулаад надад өгсөн. Захирлын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А\30 дугаартай тушаалаар багш, ажилтнуудын 2018 оны ээлжийн амралтын хуваарийг гаргахдаа миний амралтын хуваарийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар гаргасан ба Ерөнхий нягтлан бодогч нь ажлын шаардлагаар хагас жилийн тайлан гаргана, сарын мэдээ зэрэг хугацаатай ажлууд байгаа болохоор "08 дугаар сарын 01-ний өдрөөс амрая" гэдэг саналаа хэлэхэд захирал зөвшөөрч, миний амралтын хуваарийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр гаргасан тушаал танилцагдсан. Ээлжийн амралтаас өмнө хугацаатай ажлуудаа амжуулах гэж 2018 оны 07 дугаар сард ачаалал ихтэй ажилласан. Надад амралтын мэдэгдэл өгөөгүй. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс амрах тухайгаа Захиралд мэдэгдээд 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажиллаад амарсан. Мөн 2018 оны 08 дугаар сарын 28, 29, 31-ний өдөр бүтэн ажил тасалсан гэдэг нь бодит байдалтай нийцэхгүй байна. Дээрх зүйлээр шалтаглан сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй тул захирлын Б\18 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, Э.Н намайг Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ХАА-н М с ү-ийн т-ийн захирал С.О-аас гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Н нь Б а д Х а а м, с ү-ийн т-ийн ерөнхий нягтлан бодогчоор 2017 оны 04 дүгээр сарын 12-ний өдрөөс эхлэн ажилласан. Б а д Х а а М с ү-ийн т-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П гэдэг хүн ажилд авч хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Ингээд 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр тус төвийн захирлын Б/18 тоот тушаалаар ээлжийн амралтыг дур мэдэн авсан, ажил тасалсан гэж ажлаас халсан байна.  Уг тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.1, 7.4.2, 7.4.3 заасан  заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж болох бөгөөд Төрийн албаны тухай хуулийг үндэслэсэн нь алдаатай байна. Э.Н нь төрийн үйлчилгээний ажилтан учраас төрийн захиргааны ажилтанд үйлчлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Э.Н нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/30 дугаартай ээлжийн амралтын хуваарь батлах тушаалд 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдлэх ёстой гэж байгаа боловч надад ээлжийн амралтын хуваарь танилцуулахдаа 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс гэж танилцуулагдсан. Ингээд 2018 оны 7 дугаар сард тайлан мэдээгээ явуулчихаад 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн амрах тухайгаа С.О захиралд мэдэгдэж байсан гэж тайлбарласан байдаг. Үүнийг нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан байгаа учраас ээлжийн амралтыг дур мэдэн эдэлсэн гэх үйл баримт нь баримтаар нотлогдохгүй байна. 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Төрийн санд гүйлгээ хийсэн, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Аудитын газарт тайлан мэдээгээ өгсөн, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Төрийн санд гүйлгээ хийсэн тухай баримтууд хэрэгт авагдсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлд заасан үндэслэлээр Э.Н-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцон гаргах нь зүйтэй байна. Түүний нэг өдрийн цалинг тооцож гаргахад 31453 төгрөг байх бөгөөд нийт ажлын 65 хоногт үржүүлэхэд  2045095 төгрөгийн цалин бодогдож байна. Иймд Э.Н-ийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг Б а д Х а а м, с ү-ийн т-ийн захирал С.О-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус сургуулийг үүд хаалгаа нээхэд анхны захирлаар нь томилогдон ирж улмаар 8 жил гаруй хугацаанд тогтвор суурьшилтай ажиллаж байна. Харин 2015 оны 10 дугаар сарын сүүлчээр ажлаас үндэслэлгүй халагдсан тул 3 шатны шүүхээр явж өөрийгөө буруугүй болохыг нотлон Хөдөлмөр, нийгэм хамгааллын Сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний  өдрийн Б/48 тоот тушаалаар өөрийн үүрэгт ажилдаа эргэн орсон билээ. Э.Н нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр  Х а а м, с ү-ийн т-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалаар нягтлан бодогчоор ажилд орсон байсан. Шинэхэн ажилд томилогдоод удаагүй байсан залуу хүнийг дэмжье гээд Э.Н-той хамтран ажиллах болсон. Э.Н нь анхандаа ааш зан сайтай, хурдан шалмаг, ажилч нэгэн мэт сэтгэгдэл төрүүлж байсан. Гэтэл суурь хүмүүжил, төлөвшилт муутай ажил хэрэгч бус, барин тавин худал хэлдэг, архинаас ихээхэн хамааралтай зэрэг нь анзаарагдах болсон юм. Иймд 2017 оны 09 дүгээр сарын 22, 2017 оны оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдийн захирлын тушаалуудаар шат дараалсан сахилгын шийтгэлийг тус тус ногдуулж байсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил хийдүүлсэн, ажил тасалсан нь архидан согтуурах болон архи хэтрүүлэн уусантай холбоотой байсан.  Урьд өдөр нь архи уусан бол маргааш нь ажилдаа бүтэн өдрөөр ирэхгүй байх эсвэл ажил тарахын үед согтуурлын байдалтай үзэгдэх нь Э.Н-ийн хувьд хэвийн үзэгдэл байсан. Ажлын цагаар архидан согтуурах, бусдад үлгэргүй байдал үзүүлэх, өөрийн нэр хүндийг унагах нь тухайн хүний хувийн асуудал хэмээн үзэж боловч санхүүгийн хүний хувьд төсвийн сахилга бат, хариуцлага алдах улмаар  Х а а м, с ү-ийн т-ийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, харилцагч болон түншлэгчдийн итгэлийг хөсөрдүүлэх зэрэг асуудлууд газар авч нэн хүнд нөхцөл байдал үүссэнийг Э.Н сайн мэдэж байгаа. Тухайлбал 2013 оноос манай сургуультай олон улсын төсөл хэрэгжүүлж байгаа /6 дахь жилдээ/ ХБНГерман улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд 5 талт гэрээний дагуу тухай бүрд нь буцаан шилжүүлдэг байсан зардлыг нягтлан бодогчийн буруугаас 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хийгдэх байсан гүйлгээ хагас жилийн дараа буюу 2018 оны 08 дугаар сар хүртэл хойшилж хоёр байгууллагын хооронд үл ойлголцол үүссэн байдаг. Улмаар захирал миний бие Улаанбаатар хотод очиж өөрийн биеэр учир явдлыг тайлбарлан төслийн баг хамт олноос уучлалт эрсэн хэдий ч ХАА-н м, с ү-ийн т-ийн сануулга авч Г-ны ОУ-ын Х-ын А-ны Н-ийн төсөл хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч КШ.К-д хариуцлага алдсаны төлөө Германы талаас хатуу сануулга өгсөн нь бидний харилцаанд хар толбо болон үлдсэн юм. Мөн өөрөө ээлжийн амралтаа эдэлж байгаа атлаа өөртөө нэмэгдэл урамшуулал авдаг гэх мэт зөрчил дутагдалуудыг гаргасан.

2018 оны 06 дугаар сараас хойш ХАА-н МСҮТ-ийн шилэн дансанд мэдээлэл огт байршуулаагүй, 2019 оны төсвийн төсөөллөө Хөдөлмөр нийгэм хамгааллын яаманд хүргэхдээ томоохон алдаа дутагдал гаргасан. Үүний улмаас хоёр багшид 5 жилд нэг удаа олгогддог хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжээ авч чадахааргүй болсон. Хувь хүмүүс ийнхүү хохирсоноос гадна сургууль хамт олны нэр хүндэд ихээхэн хохиролтой нөхцөл үүсч олон харилцагч нартай өрийн сүлжээнд орсон нь Э.Н-ийн худал үг, хуурамч амлалтанд итгэж найдаж явсанаас болсон гэж үздэг. Өнөөдрийн байдлаар 17 зүйлийн 9 сая гаруй төгрөгийн өглөгтэйгөөс гадна ажил хүлээлцэхдээ согтуу байдалтай хүлээлцсэн. Нягтлан бодогчийн программыг огт ашиглаж байгаагүй нь илэрч жил хагас ажиллахдаа санхүүгийн бичиг баримтаа эмх цэгцэнд оруулаагүй, үдэж хавтаслаагүй, задгай замбараагүй байдалтай байсан. Мөн Э.Н нь хамт олон дунд гэр бүлээс гадуурх харилцааг нууцаар үүсгэж, гэр бүлийн талаар тогтвор алдан ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан. Ээлжийн амралтын хуваарь батлах үед санхүүгийн ажилчид хагас жилийн тайлан гаргах ажилтай байдаг тул 8 дугаар сарын эхний 7 хоног ажиллаад амрах нь зөв гээд хуваарь батласан байсан. Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Э.Н нь сургуулийн коридорт надтай тааралдаад ээлжийн амралтаа авлаа гэж хэлээд явсан. Э.Н нь сургуулийн дотоод журмыг удаа дараа зөрчсөн учраас сахилгын шийтгэлийг шат дараалан шийтгэл оногдуулаад засрахгүй болохоор нь ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй гэжээ.

Шүүх хуралдаанд гэрч Э.О мэдүүлэхдээ: Миний бие  2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Булган аймаг дах ХАА-н М с ү-ийн т-д няраваар ажиллаж байсан. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр багш ажилтнуудын хурал болж  ээлжийн амралтын хуваарийн талаар ярьсан. Санхүүнийн ажилчид 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс амарна гэж хэлсэн. Ээлжийн амралтын хуваарийг хүний нөөцийн мэргэжилтэн танилцуулсан. Санхүүгийн 2 амрах болоогүй гэж байсан болохоор хуваартай танилцаж гарын үсэг зураагүй, бусад ажилчдаар гарын үсэг зуруулсан гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 660 дугаартай шийдвэрээр:

              Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан И овогт Э-ын Н-ийг Б а д Х а а М с ү-ийн т-ийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 2010205 /хоёр сая арван мянга хоёр зуун таван/ төгрөгийг Б а д Х а а М с ү-ийн т-өөс гаргуулж, нэхэмжлэгч Э.Н-д олгож,

              Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Э.Н-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Б а д Х а а М с ү-ийн т-ийн нягтлан бодогчид даалгаж,

              Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Б а д Х а а М с ү-ийн т-өөс улсын тэмдэгтийн хураамж 47113 /дөчин долоон мянгө нэг зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О давж заалдах гомдолдоо: “...Э-ын Н-д 2017 оны 09 дүгээр сарын 22, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдийн Захирлын тоот тушаалуудаар шат дараалсан сахилгын шийтгэл тус тус ногдуулж байсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил хийдүүлсэн, ажил тасалсан зэрэг үйлдлүүд нь архидан согтуурах болон архи хэтрүүлэн уусантай холбоотой байсныг хамт олон гэрчилж байгаа. Мөн ХАА-н МСҮТ-ийн цаг бүртгэлийн баримтууд гэрчилсэн болно.Э.Н 2018 оны 07 дугаар сарын 31-нээс ээлжийн амралтаа эдэлж байсан гэх атлаа өөртөө нэмэлт урамшуулал болон амралтын мөнгөө үндсэн цалинтай давхардуулан бүтнээр нь авсан дутагдалууд баримтаар илэрсэн. Үүний уршгаар Э.Н өөрийн хувийн ашиг сонирхолын үүднээс 2.834.930 төгрөгийг албан тушаалаа урвуулан ашиглаж хувьдаа завшсан болох нь илчлэгдсэн. 2019 оны санхүүгийн төсвийн төсөөллөө Х, Н-ийн х-ын я-д хүргэхдээ хариуцлага алдаж 5 жилийн тэтгэмж авах ёстой нэр бүхий 2 багшийг хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны төлөө олгодог 1 удаагийн тэтгэмжээс хоцроож, түүнийг авах эрхгүй болгож хохироосон. Нягтлан бодогч Э.Н Сургууль хамт олны нэр хүндэд ихээхэн хохирол учруулж, олон олон харилцагч байгууллага, хувь хүмүүстэй өр үүсгэж /14.521.310 төгрөг/ өрийн сүлжээ бий болгосон нь тухайн этгээд эрхэлсэн ажилдаа хичээл  зүтгэл  гаргадаггүйн  зэрэгцээ  мэргэжлийн  чадвар,  чадамж ихээхэн дутмаг болох нь нотлогдож батлагдаад байгаа. Э-ын Н нь санхүү, нягтлан бодох мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага дутмаг байж болох ч хувь хүнийхээ хувьд гүйцэт төлөвшөөгүй хамт олон болон гэр бүлийн хүрээнд нэр хүнд муутай, ёс зүйн хэм хэмжээг баримталж сураагүй, өнөөгийн залуу хүнд байх ёстой наад захын соёл хүмүүжил эзэмшээгүй тул ХАА-н МСҮТ-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажлыг эрхлэх боломжгүй хэмээн үзэж ... байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д хариу тайлбартаа: “...Хариуцагч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдээгүй, ажлаас чөлөөлсөн тушаалд ч дурьдаагүй баримтуудыг дэлгэж, Э.Н-ийн эрхэлж байсан ажилтай холбоотой 5 /тав/ зүйлийн зөрчлийг дурьджээ. Энэ гомдлыг би өөрийн үйлчлүүлэгчдээ хүргүүлсэн байгаа. Хариуцагч тал Э.Н-ийг ажлаас чөлөөлсөн тушаалд огт байхгүй зөрчил, баримтуудыг дурьдаж, давж заалдах гомдол гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байх тул хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 660 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Давж заалдах гомдолд дурьдсан 5 зүйл бүхий "...Э.Н-ийг Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилох боломжгүй ..." гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна…” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Э.Н нь Б а д Х а а М с ү-ийн т-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан ба хариуцагч нь тайлбартаа Э.Н  байгууллагын дотоод журам зөрчиж, сахилгын зөрчил удаа дараа гаргаж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд ажил олгогч Б а д Х а а М с ү-ийн т-ийн захиралын 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн б/18 дугаар тушаалаар Э.Н-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахдаа “... ээлжийн амралтын хуваарь зөрчин дур мэдэн амарсан, ажил тасалсан, сахилгын шийтгэл удаа дараа авагдсан атлаа өөртөө дүгнэлт хийгээгүй, өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлдэггүй, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан”  гэсэн үндэслэлээр  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1., байгууллагын хөдөлмөрийн дотоод журамын 5.1.1., 7.4., 7.4.2., 7.4.3. дахь заалтуудыг үндэслэсэн байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нь нэхэмжлэгч Э.Н-ийг дээр дурьдсан сахилгын зөрчил гаргасан гэх боловч зөрчлийг нотлох баримтуудаар хангалттай нотлоогүй байх тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн эрх зүйн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.      Нэхэмжлэгч Э.Н нь 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан, мөн 8 дугаар сарын 28, 29, 31-ний өдрүүдэд ажилласан болох нь Х а а М с ү-ийн т-ийн ажилчдын цагийн бүртгэл, Аудитын газарт тайлан хянуулсан тухай баримт, санхүүгийн гүйлгээ хийсэн баримт, эмнэлэгийн магадлагаа зэрэг баримтуудаар нотлогдсон байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 660 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ё.БЯМБАЦЭРЭН

                     ШҮҮГЧИД                                                   Са.УРАНЧИМЭГ           

                                                                                          М.ХҮРЭЛБААТАР