| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/01837/И |
| Дугаар | 102/ШШ2021/02751 |
| Огноо | 2021-10-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2021/02751
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: , “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “М” ХХК-д холбогдох,
42,105,882 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь тус компанитай 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Г/90 тоот “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулсан ба бид худалдан авагч талын хэрэгцээт, захиалгат шатахууныг цаг тухайд нь нийлүүлсээр ирсэн. Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээний 3.12-т “Худалдан авагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд шатахуун болон бүтээгдэхүүний үнэ, хүү, тээврийн зардал, үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээгээр тогтоосон хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй” гэж заасан ба гэрээний 4.3-т зааснаар “Худалдан авагч тал нь хүлээн авсан шатахууны төлбөрийг хуанлийн 30 хоногт багтаан Худалдагч талд төлөх” үүргийг хүлээсэн. Гэвч хариуцагч “М” ХХК нь гэрээний дагуу үүссэн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй биднийг хохироосоор байна. Төлбөр төлөх хугацаа хэтрээд бүтэн 8 сар өнгөрсөн буюу худалдан авагч тал гэрээний үүргийн ноцтой зөрчлийг бий болгоод байна. Гэрээний 3.3-т худалдагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд үнийг төлөхийг шаардах, гэрээний дагуу анз төлүүлэхээр худалдан авагчаас шаардах эрхийг тус тус эдлэхээр, мөн нөгөө талаас худалдан авагч нь гэрээний 3.12-т зааснаар гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол алданги төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон. Түүнчлэн, гэрээний 5 дугаар зүйлд “Худалдан авагч нь шатахууны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5%-иар тооцон худалдагчид алданги төлөх” хариуцлагын заалтыг тусгасан. Хариуцагч “М” ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Г/90 тоот “Худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу үүссэн үндсэн төлбөр 28,070,588 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тооцсон алданги 35,444,813.58 төгрөгийг тус тус төлөлгүй, өнөөдрийг хүртэл биднийг хохироосоор байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний биелэлтийг хангуулахаар зохих албан бичгийг хариуцагч талд удаа дараа хүргүүлэх, бусад холбооны хэрэгслээр удаа дараа шаардлага тавих, мөн гэрээний үүргээ гүйцэтгэх, төлбөр төлөх боломжит хугацааг олгосон боловч үр дүн гарсангүй. Иймд гэрээний харилцаанаас үүссэн гүйцэтгээгүй үүргийн үндсэн дүн 28,010,588 төгрөг, гэрээний дагуу тооцсон, хуульд заасан буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-тай тэнцэх хэмжээний алданги 14,035,294 төгрөг, нийт 42,105,882 төгрөгийг “М” ХХК-иас гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “М” ХХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Ш” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Тус компани нь “Ш” ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 139,030,600 төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээ (түлш, тос масло, аккумлятор, тээврийн хөлс) хүлээн авсан байдаг бөгөөд 110,960,012 төгрөгийн төлбөр хийж, үлдэгдэл 28,070,588 төгрөгийг хугацаандаа төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн.
2. Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан тус Г/90 тоот гэрээний 6.1-д заасан “Форс мажор болон Hardship” нөхцөл байдал үүсч гэрээг зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон.
3. Гэрээт хугацаанд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн хамгийн өндөр зэрэг болох “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжиж, гамшгийн нөхцөл байдал улам бүр хүндэрч хилийн боомтод тусгай дэглэм тогтоож мөрдүүлснээр машин тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл цаг хугацаандаа импортоор орж ирэх ямар ч боломжгүй болж аргагүй байдалд бидний үйл ажиллагаа зогссон.
4. Текник тоног төхөөрөмжийн хугацаат засвар үйлчилгээнээс гадна гэнэтийн эвдрэл гэмтэл гарч төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө үйл ажиллагаагаа бүрэн зогсоож цаашид ажиллах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн.
5. Тус компани гэрээний үүргээ биелүүлэхийг хичээж, өөр үйл ажиллагааны орлогоос төлөх боломжийг хайж 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 3,324,412 төгрөгийн төлөлт хийж байсан боловч бусад компаниудаас авах авлага мөн л цаг хугацаандаа орж ирэхгүй сунжирч санхүүгийн маш хүнд нөхцөлд байдалд байна. Ийнхүү биднээс үл шалтгаалан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэнийг; цар тахал буураагүй байгааг; төлөвлөсөн ажил үйлчилгээ байнга хугацаа алдаж эсвэл огт хийгдэх боломжгүй байгаа зэрэг онцгой хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн алдангид нэхэмжилсэн 14,035,294 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэн төлбөрийн үлдэгдэл болон 28,070,588 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Ш” ХХК болон “М” ХХК-иуд Г/90 тоот “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулжээ.
Дээрх гэрээний дагуу “Ш” ХХК нь “М” ХХК-д стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүн буюу бүх төрлийн шатахуун, тос, тосолгооны материал, аккумлятор нийлүүлэх, үүний хариуд “М” ХХК нь тодорхой төлбөрийг төлөхөөр харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулж 42,105,882 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 28,070,588 төгрөг, уг гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйн хариуцлага буюу алданги 14,035,294 төгрөг, нийт 42,105,882 төгрөгийг хариуцагчаас шаардана” гэж тайлбарласан.
Хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг бүрэн гүйцэд биелүүлээгүй буюу үлдэгдэл төлбөр нь 28,070,882 төгрөг байгаа, мөн гэрээгээр тохирсон алдангийн хэмжээ нь 14,035,294 төгрөг болсон эсэх тал дээр маргаагүй. Харин алдангийг эс зөвшөөрсөн агуулгаар татгалзлаа шүүхэд тайлбарлажээ.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, үүний хариуд худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг тул нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагчаас гэрээний дагуу шилжүүлсэн шатахууны төлбөрийн үлдэгдэл болох 28,070,882 төгрөгийг шаардах эрхтэй.
Түүнчлэн, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсгүүдэд заажээ. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч талууд гэрээний хариуцлага буюу алданги төлөх талаар тохирсон тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй. Харин гэрээний үүргээ зөрчсөн хариуцагчийн гэм буруу болон ноцтой байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг тодорхой хэмжээгээр буюу 4,000,000 төгрөгөөр багасгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасантай харшлахгүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “М” ХХК-иас нийт 38,105,882 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 38,105,882 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 348,479 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ