Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2021/03080

 

20*** оны 12 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ20***/03080 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 000 байр, *** тоот хаягт оршин суух, Заан овогт ******ийн  /РД:000000000/-ын нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо,  өглөө 0000 байр, 11 тоот хаягт оршин суух, Баяд овогт гийн  /РД:00000000/-д холбогдох,

 

 

 

2019.05.06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулж, хохиролд 69 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, гэрч Л., Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...О. нь Л.****** гэдэг хүнээс 97 000 000 төгрөгөөр орон сууц худалдан авахаар болж 60 000 000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл 37 000 000 хуваан төлөхөөр тохиролцон нотариат орж гэрээ байгуулахаар болсон. Нотариатч Л.******аас үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ямар ч баримт авалгүйгээр бид хоёрын иргэний үнэмлэхийг авч гэрээг бичиж байх үед гаднаас үл хөдлөхийн гэрчилгээний канондсон хуулбарыг авч ирсэн ба нотариатч гэрээг баталгаажуулсан. Миний бие гэрээгээр тохирсны дагуу үлдэгдэл төлбөрийг сар бүр бага багаар төлснөөр 9 000 000 төгрөг төлөөд явж байтал 2020 оны 10 сарын 20-ны өдөр манай гэрт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гүйцэтгэгч нар ирж миний худалдан авсан орон сууцыг битүүмжлээд явсан. Худалдах, худалдан авах гэрээ хийх үед орон сууц зээлийн барьцаанд байгаа гэдгийг огт мэдээгүй. Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь худалдагч Л.аас шаардан авч гэрээг гэрчлээгүй нь хууль тогтоомж ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Л.ын БСБ Финанс ББСБ ХХК-тай байгуулсан барьцааны гэрээнд барьцааны зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувиараа хадгалагдахаар заасан ба нэхэмжлэгч О. 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Л.ын танил нотариатч Б.гийн ажил дээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийхээр очих үед БСБ Финанс ББСБ ХХК-ийн зөвшөөрөл, Ү-*********** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний эх хувь байхгүй байхад өөрт хадгалагдаж байсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хувийг ашиглаж гэрчлэл үйлдсэн нь Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааврын ноцтой зөрчсөн. Иймд Нотариатч Б.гийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож, хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлээс болж учирсан хохирол 69 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэн О., Л. нар нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Буянт ухаа *** байр, *** тоот хаягт байршилтай 69,35 м.кв талбайтай 2 өрөө Л.ын өмчлөлийн орон сууцыг зээлээр худалдан авахаар тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Талууд орон сууцыг 97 080 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд гэрээг гэрчлэхдээ гэрээний төлбөрийн нөхцлөө зээлээр, мөн талууд нэмэлт нөхцөл хэсэгт төлбөрөө хэдий хугацаанд хэрхэн төлөх, гэрээ байгуулах үед БСБ фнанас ББСБ-н зээлийн барьцаанд байгаа талаар тодорхой тусгаж, төлбөр тооцоо дууссан тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэх талаар тохиролцон гэрээг уншиж танилцаад гарын үсэг зурцгаасан. Нэхэмжлэгч тал худалдан авч буй орон сууцаа зээлийн барьцаанд байгааг мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй. Нотариатын тухай хуульд зааснаас бусад тохиолдолд нотариатч үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхгүй бөгөөд гэрээ хэлцлийг гэрчлэхдээ үндсэн эх бичиг баримт болон түүнтэй адилтгах бичиг баримтыг тулгаж үзсэний үндсэн дээр үйлдэл хийдэг. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч О. нь хариуцагч Б.д холбогдуулан 2019 оны 05 сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож, хохирол 69 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

 

 

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ....нотариатч гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувийг худалдагч буюу өмчлөгч Л.аас шаардаагүй, барьцаанд байгаа эд хөрөнгийг барьцаалагч БСБ финанс ББСБ ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр, гэрчилгээний эх хувь байхгүй байхад гэрээг гэрчилснээс учирсан хохирол 69 000 000 гаргуулж, хууль зөрчиж хийсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулна... гэж тайлбарлаж байна.

 

 

О. болон Л. нар 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч буюу Л. нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа /17120/ *** дугаар байрны *** тоот 69,35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авагч О.д 97 080 000 төгрөгөөр худалдахаар тохиролцон, төлбөрийн урьдчилгаа 60 000 000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 37 080 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар эхний 30 сарыг сар бүрийн 6-нд 600 000 төгрөгөөр, үлдсэн 6 сард үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь төлөхөөр, тооцоо дуусахаар өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байх ба гэрээний нэмэлт нөхцөлд уг орон сууц нь гэрээ байгуулах үед БСБ фнанс ББСБ-ын зээлийн барьцаанд байгаа болохыг тусгасан гэрээг Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Б. гэрчилжээ.

 

 

 

Дээрх гэрээ нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д зааснаар заавал гэрчлэхээр заагдсан хэлцэл бөгөөд Нотариатын үйлдэл хийх зааврын 5.5-д ...гэрээ, хэлцлийн агуулгыг хянах явцад тэдгээр нь хууль тогтоомж зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан, эсхүл хэлцэл хийсэн этгээд ноцтой төөрөгдсөн, мэхлэгдсэн зэрэг Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийн шинж илэрвэл тухайн гэрээ хэлцлийг нотариатч гэрчлэхгүй... гэж зааснаар үйлчилгээ үзүүлэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй.

 

 

Учир нь талууд гэрээ чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд барьцаанд байгаа эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар тохиролцсон болох нь гэрээний 3.6-д заасан нэмэлт нөхцөлөөр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн гэрээний зүйл болох орон сууцыг барьцаалагдсан болохыг мэдээгүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Мөн барьцааны эд хөрөнгийн өмчлөх эрхийг барьцаалуулагч эдэлдэг, барьцаалагчийн хувьд эд хөрөнгийн эрх үүсдэггүй тул нэхэмжлэгчийн ...барьцаанд байгаа эд хөрөнгийг барьцаалагч БСБ финанс ББСБ ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр худалдсаныг гэрчилсэн... гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

 

Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйийн 49.3-т анхны хуулбар урьд нь нотариатчаар гэрчлэгдсэн тохиолдолд баримт бичгийн хуулбарын хуулбарыг гэрчилнэ гэж заасан бөгөөд О., Л. нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг гэрчилсэн нотариатчийн үйлдэл нь Нотариатын тухай хуулийн *** дүгээр зүйлийн ***.1, ***.2, ***.3, 25 дугаар зүйлийн 25.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

 

 

Иймд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.ын хариуцагч Б.д холбогдуулан гаргасан 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах, хохирол 69 000 000 гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.ын хариуцагч Б.д холбогдуулан гаргасан 2019 оны 05 сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах, хохирол 69 000 000 гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ