Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/243

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

шүүгдэгч, хохирогч Х.Бийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Н,

шүүгдэгч, хохирогч С.Аийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Ти,

шүүгдэгч, хохирогч Х.Б, С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Пгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Хы Б, Б овогт Сн А нарт холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Т овогт Хы Б, 1999 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдардаг, Б аймгийн Б сумын 04 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:0000000000,

2. Монгол Улсын иргэн, Б овогт Сн А, 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б аймгийн Ө суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Т”  ХХК-нд түгээгч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Ө сумын 01 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:БК90051577.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б, С.А нар нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ны шатахуун түгээх станц дээр таарамжгүй харилцаа, мөн тухайн үед үүссэн маргааны улмаас харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч, хохирогч Х.Б мэдүүлэхдээ: “...2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр машины түлш авах гэж байхад С.А ирээд маргаан гаргасан. Эмэгтэй түгээгч түлш хийгээд НӨАТ-ын баримтаа С.Аээс авчих гэсэн. Тэгэхэд С.А нь НӨАТ-ын баримтыг газар шидсэн, тэр үед би “баримтыг яаж өгч байгаа юм бэ” гээд бидний хооронд хэрүүл үүссэн. Дараа нь мөн оны 06 дугаар сарын 12-ны өдөр дахин машины түлш авах гээд түгээгч эмэгтэй түлш хийх гэж байхад С.А нь “түлш өгөхгүй, өмнө нь маргаан гаргасан” гэсэн. Тухайн үед С.А гарч ирээд надад “түлш өгөхгүй” гэж намайг зодож эхэлсэн. Өөрийгөө хамгаалахын тулд нэг удаа түүнийг цохисон. С.А намайг цохисоноос болж миний хамарнаас цус гарсан. Тийм байхад А эмч яагаад худал мэдүүлэг өгч байгаа юм. А эмч намайг үзэх үед хамараас маань цус гарч байсан. Мөн сумын эмч, шинжээч К.Хын үзлэгээр шинэ гэмтэл гэж гарсан. А эмч яагаад худал мэдүүлэг өгсөн явдалд гайхаж байна.

...хохирогчийн хувьд гэмт хэргийн хор уршигт нийтдээ 2 сая төгрөг нэхэмжилж байна. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилж байна” гэв.

2. Шүүгдэгч, хохирогч С.А мэдүүлэхдээ: “Миний бие “Т” ХХК-ны шатахуун түгээх станцад ажилладаг. 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Х.Б ирж эмэгтэй түгээгчтэй зууралдаж байхад нь тэрээр надад НӨАТ-ын баримтыг та өгчих гэж хэлсэн. Тухайн өдөр НӨАТ-ын баримт шүүгдэгч Х.Бт өгч байхад тэрээр зориуд баримтыг газарт хаясан. Дараа нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Х.Б нь Ланд-80 загварын машинаар ирсэн болохоор очсон. Тэр өмнө ч яарч байна гэж хэлсэн болохоор өнөөдөр ч түүнд хөнгөлөлтгүй түлш хийчих гэж хэлсэн. Тэгэхэд Х.Б надад “чи яагаад надад түлш хөнгөлөлтгүй хийдэг юм, би ирэхэд та нар бэлэн байх ёстой” гээд маргаан гаргасан. Миний зүгээс Х.Бийг цохисон асуудал болоогүй. Мөн түүний хамараас нь цус ч гараагүй. Тэр талаар бичлэгээс харж болно. Мөн тэрээр дараа нь намайг дагаж эмнэлэгт ирж, цагдаагийн газарт мөн адил очсон. Хэрэв түүний хамараас нь цус гарсан бол надтай хамт цагдаагийн байгууллага, эмнэлгээр явахгүй байсан. Чих, хамар хоолойн эмч Ад эхлээд Х.Б очиж, дараа нь би ороход “Х.Бийн гэмтэл хуучин юм байна, бүртгэчих” гэж хэлснийг сонссон. А эмч мэдүүлгээ бас өгсөн байгаа.

...хохирогчийн хувьд гэмт хэргийн хор уршигт нийтдээ 3,178,607 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилж байна” гэв.

3. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн С.Аээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хохирогч С.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 06-07 дахь тал/, хохирогч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/, гэрч Д.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/, “Т” ХХК-ны шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан СД бичлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/, шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 444 дугаартай “...иргэн С.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох”-ыг тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/, шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай К.Хын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 476 дугаартай “...иргэн Х.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох”-ыг тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/, Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн амбулаторын эмчийн үзлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 100 дахь тал/, хохирогч Х.Бээс гаргаж өгсөн хор уршигтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 118-136 дахь тал/, хохирогч С.Аээс гаргаж өгсөн СД бичлэг /хавтаст хэргийн 137 дахь тал/ шинжээч К.Хын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 146-149 дэх тал/, хохирогч С.Аээс гаргаж өгсөн хор уршигтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 71-76 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн байдал/, гэрч Ө.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 167 дахь тал/, Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн  2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн үйлчлүүлэгч Х.Бийн цахим бүртгэлийн хуулбар /хавтаст хэргийн 169-171 дэх тал/, шүүгдэгч Х.Б, С.А нарын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт.

4. Улсын яллагчаас “Шүүгдэгч Х.Б, С.А нар нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед Б аймгийн Ө сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ны шатахуун түгээх станцад харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн. Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шатахуун авсантай холбоотой, тухайн шатахуун авах үед үүссэн үл ойлголцолтой тухайн гэмт хэрэг 3 хоногийн дараа гарсан үйл баримт тогтоогдож байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлуулсан нотлох баримтууд, СД-д бичигдсэн дүрс бичлэгийг шинжлэн судалсан нөхцөл байдлуудаар тухайн тухайн цаг хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч нар харилцан зодолдсон үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч С.Аийн өмгөөлөгчийн зүгээс С.А тухайн цаг хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй, тэрээр хохирогч Х.Бийг зодоогүй, гэм буруугүй гэж гэм буруугийн талаар маргаж байгаа. Хэдий тийм ч шүүгдэгч С.Аийн гэм буруу нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нарийн мэргэжлийн эмч Ө.Ааас шүүгдэгч Х.Бийн эрүүл мэндэд учирсан хохирлыг “хуучин гэмтэл” гэж мэдүүлж байгаа хэдий ч шинжээчийн дүгнэлтээр бол хохирогч Х.Бийн биед учирсан гэмтлийг тогтоосон. Шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмтэл нь “шинэ гэмтэл” гэдгийг тогтоосон.

Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” дүгнэлтийг,

5. Шүүгдэгч Х.Бийн өмгөөлөгч С.Наас “...миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Мөн яагаад тухайн гэмтлийг үүсгэсэн гэдгээ мэдүүлэгтээ тусгасан. 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн таарамжгүй харилцаанаас болж мөн оны 06 дугаар сарын 12-ны өдөр миний үйлчлүүлэгч шатахуун авахаар очих үед шүүгдэгч С.А нь дахин үйлчлүүлэгчтэй зүй бусаар харьцаж, түүнд үйлчилгээ үзүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан. Өөрөөр хэлбэл өөрт байсан албан тушаалын давуу байдлаа ашиглаж, үйлчлүүлэгчийг доромжилсон асуудал гаргаж байсан. Үүнийг эс зөвшөөрч, эсэргүүцэл үзүүлж, харилцан зодоон бий болсон. Зодооныг үйлдсэн хүн нь С.А байсан. Миний үйлчлүүлэгч түлш авахаар очих үед түлш өгөөд явуулчих боломж байсан. Угаасаа цаанаасаа шатахуун түгээх станцын үйлчлүүлэгчдэд нэгэн жигд олгох урамшууллыг “чамд олгохгүй, авбал хөнгөлөлт үзүүлэхгүй, үндсэн дүнгээр аваад яв” гэх асуудал гаргасан. СД-д бичигдсэн бичлэгийн 28-д шүүгдэгч С.А нь шууд Х.Бийн нүүрэн тус, хамар тус газарт нь цохиж байгаа нөхцөл байдал ил тод харагдаж байна. Дээрээс нь Б сумын эмчийн амбулаторийн үзлэгийн тэмдэглэлд хоёр хоногийн дараах нөхцөл байдлыг тодруулж, эмчилгээ хийж, эм бичиж өгсөн. Х.Бийн биеийн байдлыг маш тодорхой бичсэн нөхцөл байдал байгаа. Үүнд хамраас нь цус гарсан, хавантай, цаашид чих, хамар, хоолойн эмчид үзүүлээрэй гэх зөвлөгөөг өгсөн. Үүний дагуу 10 хэдэн хоногийн дараа буюу 2024 оны 06 дугаар 24-ний өдөр чих, хамар, хоолойн эмчид үзүүлсэн. 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зодуулж, биедээ гэмтэл авсны дараа А эмчид үзүүлсэн байна. Тухайн эмчид үзүүлэх хооронд цус тогтоох арга хэмжээ авагдсан. Мэдээж тодорхой хэмжээний хаван буурсан. Хөхрөлт нь арилсан нөхцөл байдалтай байсан. Гэхдээ дотор талд нь гэмтэл байгаад байсан. Шинжээч К.Х сүүлийн үеийн дурангаар үзэхэд хамарын дотор талын ясны нуруу хэсэгт нь хавантай, цус хуралттай, шинэ гэмтэл мөн гэж дүгнэлт гаргасан. Эдгээр нотлох баримтууд байсаар байтал лорын эмч Аын гэрчийн мэдүүлэг, түүний бичиж байгаа цахим стор гэх зүйлийг бид зөвшөөрөхгүй байна. Үйлчлүүлэгчийн хувийн байдалтай холбоотой, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг өөр хүмүүст ярьж, үүнийг шүүгдэгч С.А сонсож, түүнийг асуугаад өгөөрэй гээд, С.Аийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхийн тулд мэдүүлэг өгсөн. Өөр өвчтөний нууцыг задруулсан. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа нөхцөл байдлаас санаатай зөрүүтэй мэдүүлэг өгсөн байж болзошгүй нөхцөл байдал гэж үзэж байна. Тиймээс А гэх хүнийг сэрдэж байгаа. Түүний мэдүүлэг бусад хөндлөнгийн нотлох баримтуудаас зөрүүтэй байгаа. Шинжээчийн мэдүүлэг нь хууль сануулсан, өөрийн гаргасан дүгнэлтдээ өөрөө хариуцлага хүлээдэг. Тэрээр дүгнэлтдээ “шинэ гэмтэл” гэдгийг тогтоож, дүгнэлт гаргаснаас гадна, шинжээчээс мэдүүлэг авсан байгаа. Юуг үндэслэж, яаж гаргасан гэдгийг тогтоож өгсөн тул шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл байхгүй” гэх дүгнэлтийг, 

6. Шүүгдэгч С.Аийн өмгөөлөгч С.Тээс “Миний үйлчлүүлэгч гэм буруугийн маргаантайгаар шүүх хуралдаанд оролцож байгаа. Шинжээчийн 476 дугаартай дүгнэлтэд тухайн тавьсан онош нь анх амбулаторийн эмч А эмчийн тавьсан хамарын таславч мурийсан гэх үндэслэлээр тухайн гэмтлийг нь тавьсан байгаа. Тухайн шинжээчийн объектэд амбулаторийн картыг би бичиж өгсөн гэх мэдүүлгийг А эмч мэдүүлсэн боловч тухайн амбуларторийн карт нь алга болсон. Үүнд “хуучин гэмтэл” гэж бичиж өгсөн гэсэн. Тийм байхад тухайн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр буюу шинжээчийн дүгнэлт нь А эмчийн тавьсан оношны дараа гарсан. Тухайн шинжээчийн дүгнэлтэд А эмчийн тавьсан оношийг үндэслэсэн атлаа амбулаторийн картад “хуучин гэмтэл” гэж бичсэн шинжээчийн обьект алга болгож, “шинэ гэмтэл”-ээр бичиж өгсөн асуудал байгаа. Өөрөөр хэлбэл хоёр эмчийн гаргасан дүгнэлт, тавьсан онош нь зөрүүтэй байна. Тиймээс шинжээчийн дүгнэлтийг өнөөдөр туйлын үнэн гэж үзэх боломжгүй. Мөн сүүлд гаргаж өгсөн нотлох баримтуудаар шинээр авсан гэмтэл ямар байдгийг зургаар харуулж өгсөн байгаа. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Тиймээс шүүгдэгч С.Аийг гэм буруугүйд тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

7. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Б, С.А нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

8. Хэргийн үйл баримт.

Шүүгдэгч Х.Б, С.А нар нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ны шатахуун түгээх станц дээр таарамжгүй харилцаа, мөн тухайн үед үүссэн маргааны улмаас харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

8.1. Иргэн С.Аээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

8.2. Хохирогч С.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед намайг ажил дээрээ байх үед тухайн зүс таних намайг зодсон залуу “Ланд-80” загварын машинтай ирж түлш авсан. Хамт ээлжинд гардаг Д.Со гэх эмэгтэйтэй дахин маргалдаж байсан ба манай “Тэс” шатахуун түгээх станцаас 50 литрээс дээш дизель түлш авсан тохиолдолд түгээгч нарт байдаг хөнгөлөлтийн картыг биедээ авч явсангүй гэж уурлаад хэрэлдэж байсан. Уг хөнгөлөлтийн карт нь 50,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй дизель түлш авсан тохиолдолд литр тутам 400 төгрөг хөнгөлдөг юм. Би Сод хандаж “наад үйлчлүүлэгч чинь өмнө нь яаарч явсан, одоо ч гэсэн яаарч яваа байх, хөнгөлөлтгүй өгч явуул” гэж хэлэхэд уг зүс таних залуу надад хандаж “та нар намайг ирэхэд бэлэн байх ёстой” хэмээн орилж машинаас бууж ирээд миний зүүн талын гуя руу баруун хөлөөрөө хоёр удаа өшиглөж улмаар намайг заамдах үед нь би тэрийг түлхэхэд эгч нь ирээд уг зүс таних залууг аваад явахаар нь би эргээд явж байтал хойноос ирээд миний хамар тус газар нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06-07 дахь тал/,

8.3. Хохирогч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Б аймгаас Б сум руу аавынхаа 77-59 БӨА улсын дугаартай, “Тоёота Ланд круйзер-80” загварын тээврийн хэрэгслээр явах замдаа “Тэс” шатахуун түгээх станцаас түлш авахаар зогссон, тэгэхэд эмэгтэй түгээгч ирээд ирээд түлш хийх гэж байхад араас нь нэг эрэгтэй түгээгч ирээд “чамд түлш өгөхгүй, зайлаарай” гэхээр би түүнтэй хэрэлдсэн, ямар учраас түлш өгөхгүй гэж байгаа талаар асуухад “чамд өгөхгүй” гээд хэрэлдээд эхлээд тэр миний хөл рүү өшиглөж зодоон эхлүүлсэн, тэгэхээр би түүний нүүр рүү гараа атгаж байгаад 2-3 удаа цохиод тэгээд түүнийг тэвэрч газарт унгаасан, гэхдээ газарт унах үед бол зодоогүй, тэр үед бид хоёрыг хамт явж байсан хүмүүс ирж салгасан, болсон явдал энэ юм. Тэрээр миний нүүр тус газарт 2 удаа цохисон.

...би 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөн тухайн станцаас түлш авч байхад тэр эрэгтэй НӨАТ-ын баримтыг шидэж өгсөн, тэр үед нь “харилцааны соёлгүй байна” гэж хэлээд явсан. Тэрүүнд өширхөж энэ асуудлыг гаргасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

8.4. Гэрч Д.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би “Т” ХХК-ны шатахуун түгээх 89 дэх салбарт түгээгч хийдэг, манай ажил 24 цаг ажиллаж, 48 цаг амардаг ба би С.Атэй хамт нэг ээлжинд гардаг. 2024 оны 06 дугаар сарын 09-ний орой 18 цагийн үед манайхаас түлш авахаар ирсэн цэнхэр өнгийн портер машинтай үйлчлүүлэгч 50,000 төгрөгт түлш авна гэж хэлсэн ба манай шатахуун түгээх станц нь 50,000 төгрөгөөс дээш түлш авсан тохиолдолд литр тутамд 400 төгрөгийн хөнгөлөлт олгодог. Түлш олгохоос өмнө хөнгөлөлтийн карт уншуулж байж 400 төгрөгийн хөнгөлөлт ордог ба С.А бид хоёрын дунд нэг хөнгөлөлтийн карт байдаг бөгөөд би тухайн үйлчлүүлэгчид хөнгөлөлт олгох карт байхгүй байсан бөгөөд картаа хайх үед тухайн үйчлүүлэгч надад хандаж “танайх чинь түлш өгөх юм уу, хурдлаач” гэж хэлээд уурлах үед С.А тухайн үйлчлүүлэгчид хандаж “эмэгтэй хүнд битгий уурлаад бай” гэж хэлээд тэр хоёр хэсэг маргалдаад тухайн үйлчлүүлэгч яваад өгсөн.

2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр бид С.Аийн хамт тус өдрийн 08 цагт ажилдаа очиж ээлж хүлээн авч ажиллаж эхэлсэн бөгөөд орой 20 цагийн орчимд манайхаас өмнөх ээлжин дээр түлш авах үедээ С.Атэй маргалдсан үйлчлүүлэгч хар өнгийн “Ланд-80” загварын машинтай түлш авахаар ирсэн. Би тухайн үйлчлүүлэгчид түлш олгох гэх үед С.А миний хойноос ирээд тухайн үйлчлүүлэгчид хандаж “чамд одоо түлш хөнгөлөлттэй олгохгүй” гэж хэлсэн бөгөөд улмаар тухайн үйлчлүүлэгч С.А хоёрын хооронд маргаан үүсэж эхэлсэн. Улмаар тухайн үйлчлүүлэгч С.Аийг баруун талын гуя хэсэг рүү хоёр удаа өшиглөж, нүүр тус газарт нэг удаа цохиход С.А газарт унасан, тэр үед би айж, сандарсны улмаас зарим үйл явдлыг сайн санахгүй байна. Тухайн үйл явдал болж байхад хоёр залуу ирж салгаж цагдаа, түргэн дуудаж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

8.5. “Т” ХХК-ны шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан СД бичлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

8.6. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 444 дугаартай “1. Иргэн С.Аийн биед хамрын таславчийн мурийлттай, зүүн талд хамрын яс бага зэрэг цөмөрсөн хугаралттай, салст хөөнгө, самалдгийн хөндийд агууламжтай, дух орчим зөөлөн эдэд хавантай, баруун доод зовхинд цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

8.7. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай К.Хын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 476 дугаартай “1. Иргэн Х.Бийн биед хамрын нуруугаар битүү хавантай, мурийлттай, хамраас цус гарсан гэмтэл тогтоогдлоо. 2. Иргэн Х.Бийн дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно. 3. Иргэн Х.Бийн биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

8.8. Хохирогч С.Аээс гаргаж өгсөн СД бичлэг /хавтаст хэргийн 137 дахь тал/,

8.9. Шинжээч К.Хын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн “...Шинжилгээ хийх тогтоолыг үндэслэн Б аймгийн Б сумын 04 дүгээр багийн иргэн, 25 настай, эрэгтэй, Х.Бт холбогдуулан хийсэн байгаа. Шинжилгээ хийлгэх тухай 2 хуудас шинжилгээний тогтоол, шинжилгээний объект хүргүүлэх 2 хуудас, амбулаторийн 6 хуудас карт, мөн өөрийн биеэр ирж үзүүлсэн. Амбулаторийн картад хамар битүүрнэ, хамрын таславч муруйсан, баруун талын хийц болон зоноос цус гарсан гэж бичсэн байна. Шүүх эмнэлгийн үзлэгээр толгойгоор гэмтсэн биеийн хэсгээр өвдөнө. Хүүхэн хараа 2 талд ижил, дугариг, гэрлийн урвалд жигд орсон. Дагзны булчингийн өсөлт 2 талдаа, хэсэг газрын үзлэгт хамраас цус гарсан байсан. Иргэн Х.Бийн биед хамрын нуруугаар битүү хавантай, мурийлттай. Хамраас цус гарсан гэмтэл тогтоогдсон. Х.Бийн дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Х.Бийн биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг нь түр сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн зэрэг гэж тогтоолоо” гэж бичсэн.

...амбулаторийн шинжээчийн объект дээр хамт очсон амбулаторийн карт дээр Лор гэж бичсэн байсан. Надад ирэхдээ 6 хуудас бүхий амбулаторийн карттай ирсэн.

...амбулаторийн карт, Лор эмчийн тодорхойлолт, мөн өөрийн үзлэгийг үндэслэн дүгнэлтээ гаргасан.

...лор эмч нар амбулаторийн картад “хуучин, шинэ гэмтэл” гэж бичдэггүй. Хамрын таславч мурийсан. Мөн “хийц болон зоноос цус гарсан” гэж байгаа тул энэ нь шинэ гэмтэл байгаа.

...ер нь хамарын ясны гэмтэл нь бусад хөнгөн зэргийн гэмтлүүдээс ялгагдах нэг онцлогтой байдаг. Яагаад хамрын яс амьсгалын системд оролцдог байна вэ. Мөн амьсгалын систем дотор байгаа бохир вирус, хүний биед хэрэггүй вирусийг гадагшлуулдаг. Хамрын яс маш хөдөлгөөнтэй, дотор нь байгаа зүйлсийг гаргахад их хөдөлгөөнтэй байдаг тул хамрын ясны гэмтэл маш удаан эдгэрдэг. Энэ нь хөнгөн болон хүндэвтэр гэмтлийн завсрын гэмтэл байгаа. Угаасаа завсрын гэмтэл болохоор шууд хөнгөнөөр тогтоож өгдөг. Яагаад гэвэл гэмтлийн хөнгөн зэрэг нь 28 хоног түр буюу 4 долоо хоног хүртэлх гэмтлүүдийг хөнгөн гэмтэл гэж нэрлэгдэг. Үүнээс дээшээгээ гэмтлүүдийг хүндэвтэр гэмтэлд хамааруулдаг. Өөрөөр хэлбэл Х.Бт үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл мөнөөс мөн.

...цагдаагийн байгууллагад манайх дээр ирсэн шинжилгээ, тогтоол, амбулаторийн карт зэргийг бид нар хүргүүлдэггүй. Манай дүн бүртгэлийн албанаас бид нарын гаргасан дүгнэлтийг даргад өгдөг. Дарга батлаад дүн бүртгэлийн албанд өгдөг юм. Дүн бүртгэлийн албанаас цагдаагийн байгууллагын мөрдөгч нар өөрсдөө ирээд авдаг.

...би дахиж хэлье. Х.Бийн гэмтлийг манайд шинэ ирсэн дурангаар үзсэн. Хамрын дайврын шинэ гэмтэл нь тодорхой байдаг. Хамрын гэмтлийг шинэ, хуучин гэж ялгах маш амархан. Яагаад гэвэл маш хурдан эдгэрдэггүй гэмтэл. 20, 25, 26, 28 хоног хүртэл зовиуртай байдаг. Хамрын ясны гэмтэл, хамрын нурууны гэмтэл, хамрын дайвруудын гэмтэл нь маш удаан хугацаанд шинэ гэмтэл нь хэвээрээ байдаг. 25-28 хоног хүний эрүүл мэндийг сарниулдаг. Зарим хүмүүс эхний хүний дүгнэлт үндэслэлтэй, дараагийн хүний дүгнэлт үндэслэлгүй гэж ярьдаг. Гэхдээ тэгж ярьж ойлгож болохгүй. Хамрын ясны гэмтэл бараг 20 хэдэн хоног хүртэл шинээрээ байдаг. Яагаад гэвэл хавангууд нь хурдан арилдаггүй. Мөн хамрын яс амьсгалын системд оролцож байнга нус гардаг болохоор хөдөлгөөнд оролцоод дотор нь байгаа зүсэгдсэн хамрын таславч хянганууд ир үзүүртэй болоод цус гарч жижиг судас, том судасыг зүсээд цус гарах магадлал өндөртэй. Тухайн үед зодооноос болж шууд цус гарахгүй байж болно. Тухайн үед цус гарахгүй байх тохиолдол нь дотор байгаа жижиг судаснууд шууд үхчихдэггүй. Хөдөлгөөнд оролцож, хавагнаж байдаг. Хэсэг хугацаанд хавагнаж, хөдөлгөөнд оролцож, 2, 3 цагийн дараа хянган мөгөөрөс нь жижиг судаснуудыг шууд зүсэж эхэлдэг тул цус гардаг.

            ...тухайн үед Х.Бээс болсон үйл явдлыг нь асуусан. Уг гэмтэл нь тухайн үед үүсэх боломжтой гэмтэл байсан. Шинжлэн ухааны үндэслэлтэй дүгнэлт гарсан гэж үзэж байгаа.

...3, 4 цагийн дараа цус гарна гэх тогтоосон хугацаа байхгүй. Амьсгалын хөдөлгөөнөөр эсхүл өөрийн буруу хөдөлгөөнөөр хаван нь арилаад өвдөлт, зовиур нь эхэлдэг. Тэр үед хүн хамраа дарна, найтааж гадагш юм гадагшлуулах зэрэг буруу хөдөлгөөн хийх хүртэл цус гарахгүй байж болно. 3, 4 цаг гэдгийг би барагцаагаар хэлж байгаа.

...А эмч хүний их эмч байгаа. Эмчийн ёс зүй гэж байдаг. Эмчийн өвчтөнтэйгөө харьцах журамтай. Таныг яагаад А эмчтэй дотно яриад байгааг тань ойлгохгүй байна. Танд хоёрдогч үйлчлүүлэгчийн тухай ямар нэгэн зүйл ярих ёсгүй байгаа. Анагаах ухааны их сургуулийн 1 дүгээр дамжаанаас эхэлж эмчийн ёс зүйн хичээлийг заадаг байгаа. Эмчийн ёс зүйн хувьд тэр танд хоёрдогч үйлчлүүлэгчийн талаар хэлэх ёсгүй байсан. Таны тухай бусдад хэлэх эрх эмч, сувилагч, өөр хэнд ч байхгүй.

...хамараас цус гарсан тохиолдолд энэ нь шинэ гэмтэл байж л таараа. Хэрэв хуучин  гэмтэл байсан бол “хамарын таславчийн мурийлттай” гэж бичнэ. Харин цус гарсан талаар юм бичигдэхгүй байсан. Харин манай тохиолдолд хамараас цус гарсныг бичсэн байна. Цус гарна гэдэг нь тухайн газарт хаван, салст дайврын үрэвсэл байна. Мөн “баруун талын хийц, зооноос цус гарсан” гэсэн байна. Хийц зооноос цус гарна гэдэг нь хамрын дайвар эрхтнүүд дотор үрэвсээд, судасны гэмтэл байна гэсэн үг юм. Зүгээр байгаа хүнээс шууд цус гараад байхгүй. Иймд тухайн үед амбулаторийн Лорын эмч мөн адил шинэ гэмтэл гэдгийг нотолсон байна. Мөн уг гэмтлийг өөрийн үзлэгээр бас харсан байгаа. Хамрын хөндийн гэмтлүүд бусад гэмтлүүдийг бодвол маш удаан эдгэрдэг. Бидний зүгээс энэ төрлийн гэмтлийг шууд хүндэвтэр гэмтэлд хамааруулах талаар санал гаргасан. Хохирлын хуулиар хөнгөн гэмтлээр явж байгаа. Үүнд маргаан байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 146-149 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

9. Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Б аймгийн Ө сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ны шатахуун түгээх станцаас шатахуун авахдаа түгээгч ажилтай шүүгдэгч С.Атэй түүний өгсөн НӨАТ-ын баримтыг гардуулж өгсөнгүй, гардаж авсангүй гэх шалтгаанаар шүүгдэгч нарын хооронд маргаан үүсэж, таарамжгүй харилцаа бий болсон болсон бөгөөд улмаар 2024 оны 06 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчимд шүүгдэгч Х.Б нь мөн тус аймгийн Ө сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ны шатахуун түгээх станц дээр очиж шатахуун авах үед шүүгдэгч С.Аийн зүгээс “хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлэхгүй” гэж урьд нь үүссэн таарамжгүй харилцаа, тухайн үед үүссэн маргааны улмаас харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

10. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч нараас “хохирогч Х.Бийг зодоогүй, түүний эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь хуучин гэмтэл байсан, амбулаторийн хуудас байхгүй байна” гэж тайлбарласан боловч шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай К.Х нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.” гэж зааснаар мөрдөгчөөс ирүүлсэн шинжээч томилох тухай тогтоолыг үндэслэж, үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, хууль сануулсан баримтад гарын үсгээ зурж, тусгай мэдлэгийнхээ хүрээнд хохирогч Х.Бийг биечлэн үзэж, түүний эрүүл мэндэд “хамрын нуруугаар битүү хавантай, мурийлттай, хамраас цус гарсан гэмтэл тогтоогдлоо, иргэн Х.Бийн дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно, эрүүл мэндийг түр сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн гэмтэл тогтоогдлоо” гэж дүгнэж, шүүх хуралдаанд шинжээчээр мэдүүлэг өгөхдөө шинжээчийн дүгнэлтийн үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарласан тул түүний гаргасан дээрх дүгнэлт, мэдүүлгийг шүүхээс үнэн, зөв нотлох баримт гэж үнэлэв.

11. Хавтаст хэргийн 167 дахь талд авагдсан гэрч Ө.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, мөн хавтаст хэргийн 169-171 дэх талд авагдсан Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн үйлчлүүлэгч Х.Бийн цахим бүртгэлийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар “хохирогч Х.Б ирж үзүүлэхэд хамрын таславч мурийлттай хуучин гэмтэл байсан, хуучин гэмтэл” гэж мэдүүлж, тэмдэглэснийг “Т” ХХК-ны шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан СД бичлэг, шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай К.Хын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 476 дугаартай дүгнэлттэй тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, эдгээр нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж, эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, үнэлэхэд шүүгдэгч С.А нь хохирогч Х.Бийг тухайн цаг хугацаанд нүүр тус газар цохиж зодсон нөхцөл байдал тогтоогдсон байх ба үүний улмаас хохирогч Х.Бийн эрүүл мэндэд “хамрын нуруугаар битүү хавантай, мурийлттай, хамраас цус гарсан” шинэ гэмтэл учирсан, шүүгдэгч С.Аийн үйлдэл нь хохирогч Х.Бийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

12. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

13. Шүүгдэгч С.А нь хохирогч Х.Бийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал нотлох баримтуудын хүрээнд бүрэн тогтоогдсон, шинжээч К.Х нь хохирогч Х.Бийг биечлэн үзэж түүний эрүүл мэндэд учирсан хохирол хөнгөн зэргийн хохирол болохыг тогтоож, дүгнэлтээ гаргасан, тухайн үед бичигдсэн их эмчийн амбулаторын үзлэгийн тэмдэглэл хэрэгт авагдаагүй боловч энэхүү нөхцөл байдал хэрэгт ач холбогдолгүй тул шүүгдэгч С.Аийг гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар гаргасан шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч нарын тайлбар, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, мөн шүүгдэгч нарын үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Эрх зүйн дүгнэлт.

14. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний  халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

15. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

16. Шүүгдэгч Х.Б, С.А нар нь дээрх хуулиар баталгаажуулсан хүний халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, шүүгдэгч Х.Б хохирогч С.Аийг зодож, түүний эрүүл мэндэд “хамрын таславчийн мурийлттай, зүүн талд хамрын яс бага зэрэг цөмөрсөн хугаралттай, салст хөөнгө, самалдгийн хөндийд агууламжтай, дух орчим зөөлөн эдэд хавантай, баруун доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, мөн шүүгдэгч С.Аийн хохирогч Х.Бийг зодож, түүний эрүүл мэндэд “хамрын нуруугаар битүү хавантай, мурийлттай, хамраас цус гарсан” хөгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.

17. Шүүгдэгч Х.Б, С.А нарын гэм буруутай үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэнээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Б, С.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

18. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын таарамжгүй байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”, 5. “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж хуульчилжээ.

20. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 505.2. “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.”, 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”, 511 дүгээр зүйлийн 511.3. “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж заасан байна.

21. Шүүгдэгч Х.Б, С.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Б, С.А нарын эрүүл мэндэд учирсан хохирол нь Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сай, Улсын ерөнхий прокурорын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225, А/153, А/85 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1 дэх заалтад зааснаар хөнгөн хохирлын зэрэгт хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг гэмт хэргийн хохирол гэж үзнэ.

22. Хохирогч Х.Бээс гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Аээс гэмт хэргийн хор уршигт нийтдээ 2,000,000 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүхээс хавтаст хэргийн 118-136 дахь талд хохирогч Х.Бээс гаргаж өгсөн гэмт хэргийн хор уршигтай холбоотой нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэхэд түүнд эмчилгээний зардалд 310,000 төгрөг /хавтаст хэргийн 118 дахь талд/, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шинжилгээ хийлгэхээр ирж буцахад тээврийн хэрэгсэлд хийсэн шатахуун үнэ 55,350 төгрөг, 40,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд дуудахад төлсөн шатахууны үнэ 34,800 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөөр шүүх хуралдаанд хүрэлцэн ирж буцахад төлсөн шатахууны үнэ 37,000 төгрөг, 37,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүх хуралаанд хүрэлцэн ирэхэд төлсөн шатахууны үнэ 37,000 төгрөг, нийт 551,150 төгрөгийн хор уршиг учирсан гэж дүгнэж, иргэний нэхэмжлэлийн бусад хэсэг болох нийт 1,488,850 төгрөг гаргуулахыг хүссэн нь гэмт хэргийн хор уршигт хамааралгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

23. Мөн хохирогч С.Аээс гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Бээс гэмт хэргийн хор уршигт нийтдээ 3,178,607 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүхээс хавтаст хэргийн 71-76 дахь тал, шүүх хуралдаанд гаргаж өгсөн гэмт хэргийн хор уршигтай холбоотой нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэхэд түүнд Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмийн эмчилгээнд 200,000 төгрөг, эмийн үнэ 86,280 /хавтаст хэргийн 75 дахь тал/, оношилгооны хураамж 36,000 төгрөг, эмийн үнэ 48,000 төгрөг /хавтаст хэргийн 76 дахь тал/, нийтдээ 370,280 төгрөгийн хор уршиг учирсан гэж дүгнэж, иргэний нэхэмжлэлийн бусад хэсэг болох 3 сарын цалинг 20 хувиар бууруулсан хэмжээ, хоолны мөнгө зэрэг болох нийт 2,808,327 төгрөг гаргуулахыг хүссэн нь гэмт хэргийн хор уршигт хамааралгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

24. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч Х.Бээс 370,280 төгрөг гаргуулан хохирогч С.Ат, шүүгдэгч С.Аээс 551,150 төгрөг гаргуулан хохирогч Х.Бт тус тус олгож, хохирогч С.Аийн 2,808,327 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг, хохирогч Х.Бийн 1,448,850 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

25. Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч С.А, Х.Б нар нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын дагуу тогтоосон хохирогч С.А, Х.Б нар нь сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч, сэтгэцэд учирсан хохирлыг тооцож, шүүгдэгч нараас гаргуулж өгөхийг хүссэн байна.

26. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1. “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр (цаашид хүснэгт гэх) шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтан үзнэ: ...2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6  дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах)”, 2.2. “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ” гэж заасан байна.

27. Мөн тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-эд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Хоёрдугаар” хүснэгтэд тодорхойлсон байна.

28. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан жишиг аргачлалын дагуу хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж чанарыг тус тус харгалзаж, тэдний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх нь зүйтэй хэмээн дүгнэж, хохирогч нарын сэтгэцэд учирсан төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр тооцож (5 хувь х хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг=2,750,000 төгрөг), шүүгдэгч Х.Б, С.А нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан гаргуулах нь зүйтэй байна.

29. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Б, С.А нар нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

30. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзаж шүүгдэгч нарт тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,

31. Шүүгдэгч С.Аийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдсэн гэж миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд шүүхээс тооцож шийдвэрлэсэн. Тиймээс 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөх” дүгнэлтийг,

32. Шүүгдэгч Х.Бийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Х.Бийн зүгээс гэмт хэрэгт холбогдсон үеэс үнэн зөв мэдүүлэг өгсөн. Мөн гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Тиймээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон маргаж байгаа оролцогч нарт эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй. Улсын яллагчийн шүүгдэгч нарыг 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар гаргаж байгаа дүгнэлт нь гэмт хэргийг нээж илрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн хүн болон гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, маргаж байгаа хүний үйлдэлд ялгамжгүй дүгнэлт гаргаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсоныг харгалзаж үзэхийг хүсэж байна. Мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн. Шүүгдэгч Х.Бт доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг тус тус гаргасан болно.

33. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Б, С.А нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

34. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

35. Шүүгдэгч Х.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

36. Шүүгдэгч С.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

37. Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б нь 1999 онд төрсөн, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  шүүгдэгч С.А нь 1990 онд төрсөн, “Т”  ХХК-нд түгээгч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тус тус тогтоогдож байна.

38. Шүүгдэгч Х.Б, С.А нар нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэрэг нөхцөл байдалд нь нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Аийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

39. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, С.А нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, С.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

40. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Б, С.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхэг, мөн хохирогч С.Аээс нотлох баримтаар гаргаж өгсөн СД 1 ширхгийг тус тус эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй гэж үзлээ.

41. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Б, С.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Хы Б, Б овогт Сн А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Аийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, С.А нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, С.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч Х.Бээс 370,280 төгрөг гаргуулан хохирогч С.Ат, шүүгдэгч С.Аээс 551,150 төгрөг гаргуулан хохирогч Х.Бт тус тус олгож, хохирогч С.Аийн 2,808,327 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг, хохирогч Х.Бийн 1,448,850 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигт шүүгдэгч Х.Бээс 3,300,000 төгрөг гаргуулан хохирогч С.Ат, шүүгдэгч С.Аээс 3,300,000 төгрөг гаргуулан хохирогч Х.Бт тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Б, С.А нар нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Б, С.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхэг, мөн хохирогч С.Аэс нотлох баримтаар гаргаж өгсөн СД 1 ширхгийг тус тус эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Б, С.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Б, С.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.Т11.6-1