Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2021/02654

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлэг 3 гудамж, 0 тоотод оршин суух, Б овогт Б... /РД:-ын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар 69а байр, 0 тоотод оршин суух, Б овогт Ц ... /РД:/-д холбогдох,

 

2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”, “Газар худалдах, худалдан авах гэрээ” тус бүрээс татгалзаж, хувийн сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б...., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагч Ц...., хариуцагчийн өмгөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.З оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:                                      

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.... миний бие Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлэг 3 гудамж 0 тоотод байршилтай, 35 м2 талбайтай хувийн сууц болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй 4*5 хэмжээтэй үүдний сууц, 700 м2 талбайтай хашааны газрын хууль ёсны өмчлөгч юм. 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Ц....тай уулзаж 35 м2 талбайтай хувийн сууц болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй 4*5   талбайтай үүдний сууцыг 20,000,000 төгрөгт, 700 м2 талбайтай хашааны газрыг 10,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Хувийн сууцууд болон газрыг худалдах гэрээг нотариатаар батлуулахаар явж байхад Ц.... “...хоёулаа гэрээний үнийн дүнгүүдээ багасгаж нотариат оръё, үл хөдлөхийн татвар өндөр байдаг тул та мөнгөө хэмнэнэ” гэж хэлсний дагуу 35 м2 талбайтай хувийн сууц, үүдний 4*5 хэмжээтэй сууцны нийт үнийг 15,000,000 төгрөгөөр багасган 5,000,000 төгрөг, газрын үнийг 5,000,000 төгрөгөөр багасган 5,000,000 төгрөгөөр тооцсон болгон бичиж, мөн үнийн нөхцөл дээр “тооцоо дууссан” гэж нотариатаар гэрээг батлуулсан. Гэвч Ц.... нь надад гэрээний дагуу тохиролцсон 30,000,000 төгрөгийг төлөөгүй. Ц....тай 2019 оны 5 дугаар сараас хойш хэд хэдэн удаа утсаар ярьж  мөнгөө төлөхийг удаа дараа шаардахад Ц.... нь “...Таны мөнгийг өгнө, гэхдээ С.бэд машин өгсөн, би тодруулаад хариу өгье, мөнгийг чинь бүрэн төлж таныг хохиролгүй болгоно” гэж хариу өгсөн боловч сүүлдээ миний утсыг авахаа больсон. Үүний дараа 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн  3 дугаар хэлтэст гомдол гаргасан. Гомдлыг Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3815 тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй, Ц....ын оршин суугаа газрын Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн. Хариуцагч Ц.... нь оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр хэрэг нэг удаа буцаагдсан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02950 тоот шийдвэрээр эрэн сурвалжилсан. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №27/6081 албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №11/1283 тоот албан бичгээр хариуцагч Ц....ын оршин суугаа хаягийг тогтоосон. Нэгэнт хариуцагч нь мөнгөө төлөхгүй байгаа учраас Ц....тай байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, “газар худалдан авах гэрээ”-нүүдээс татгалзаж, хувийн сууц болон газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна.  2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар худалдах-худалдан авах гэрээ”, “Хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ”-нүүдийн төлбөрийг талууд илтэд багасгаж хийсэн байгаа нь өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан шинжийг ч агуулж байгаа. Хэрэв эдгээр гэрээ нь хүчин төгөлдөр бус бол угаасаа талууд өгсөн авснаа ч буцаах ёстой. Учир нь талууд үл хөдлөх хөрөнгөө 30,000,000 төгрөгөөр тохирч бодит байдал дээр гэрээ хийсэн мөртлөө татвар төлөхөөс зайлсхийж бага үнийн дүнгээр гэрээ байгуулсныг шүүхээс анхаарах ёстой. Хариуцагч нэхэмжлэгч рүү хоёр машин шилжүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Нэг машин байх нь байгаа. Тэр машин нь Хан-Уул дүүрэгт хамаатны охины хашаанд байгаа. Бусдад зарах гэхээр үнэ хүрэхгүй, хэт хуучин учир зарах боломжгүй байна. Ө.б нэхэмжлэгчид “том машин авах гэж байна. Хашаа байшинг чинь зараад мөнгө олоод таныг өөд нь татна” гэж хэлсэн. Гэвч Ө.Б мөнгөө ч өгөөгүй. Түүнээс нэхэмжлэх зав ч олдоогүй. Үүнээс болж охинтойгоо муудалцсан байгаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ", “газар худалдан авах гэрээ”-нээс татгалзаж, хувийн сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Ц.... би 2014 оноос эхлэн нөхөр Ж.Э хамт “Мөнгөн хүлэг” авто машины захад ажиллан хувиараа бизнес эрхэлж ирсэн бөгөөд манай нөхөр хүнээс машин худалдан авч бусдад борлуулдаг юм. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөр манай нөхрийн эгчийн хүүхдийнх нь найз болох С.б гэдэг хүүхэд манай нөхөр дээр ирж “дүү нь цэвэрлэх байгууламжид лаг зөөх ажилд орсон, хувиараа машинтай бол овоо мөнгө хийх юм байна, урьдчилгаа олоод машин лизингээр авах шаардлагатай байна...” гэж ярьсан. Тэгээд 2-3 хоногийн дараа манай нөхөр дээр дахин ирж Шар хадны 2-ын буудалд манай эмээгийн хашаа байшин байдаг та машинаар солиод авчихаач гэж санал тавьсан. Манай нөхөр Ж.Энхбаатар тэр хоёр 2016 онд С.бийн өвөөгийн хашаа байшинг манай нөхөрт худалдаж байсан учраас манай нөхрийг хашаа байшин худалдаж аваач гэж шалсан юм болов уу гэж бодсон. б нь “Энхбаатар ахаа захтай ойрхон юм чинь та гялс очоод үзчих л дээ” гэж гуйсаар байгаад тэр хоёр очиж үзсэн. Манай нөхөр очиж үзээд “ахад нь таалагдахгүй байна аа, би худалдаж авахгүй ээ” гэж хэлсэн чинь хэд хоногийн дараа дахин ирж “та дахиж очоод сайн үз” гэж шалсаар байгаад хамтдаа дахиж явсан байдаг. Тухайн үед би нялх хүүхэдтэй, гэртээ хүүхдээ хардаг байсан. Бидний хувьд машин тэрэг худалдаж борлуулахад хашаа байшин, орон сууц бартерт оролцуулдаг зүйл багагүй гардаг юм. Би нөхрөө орой нь ирж хэлэхэд эсэргүүцсэн боловч нөхөр маргааш өглөө очиж үзье машинаар бартердах юм чинь болох байлгүй дээ гэж хэлсний дагуу маргааш өглөө хамт очиж хашаа байшинг үзсэн. Энэ үед хашаа байшингийн эзэн гэж Б.... гуай өөрөө байсан бөгөөд яриа хөөрөөтэй сүрхий хөгшин байсан. Би ... гуайгаас “танай ач хүү б машинаар бартер хийе гээд байна ямар учиртай юм бэ, та мэдэж байна уу” гэхэд “Мэдэж байна аа,  манай б чинь миний охины хүү байгаа юм, миний байшинг янзалж өгдөг, энэ хашаа байшинг сунгах боломжтой бичиг баримт нь асуудалгүй, та хэд л тохирч байвал эмээд нь дургүйцэх зүйл байхгүй, дараа нь би С.бээс мөнгийг нь авна” гэж хэлж байсан. Нөхөр бид 2 ярилцаад бэлэн мөнгөөр биш бартер хийх юм чинь болох биз гээд бэд очиж “машинаа үз” гэж хэлсэн. бтэй хамт зах дээр буцаж очиж худалдаж байсан 00 УНИ улсын дугаартай Range rover маркийн авто машиныг манай нөхөр үзүүлээд “энэ машинаар бартер хийж болно, чи өөрөө мэд, хэрэв зөвшөөрвөл маргааш өглөө гэрээгээ манай эхнэртэй хийчих” гэж хэлсэн. Би нөхрийнхөө машины худалдаанд нэг их оролцдоггүй тул манай нөхөр С.б хоёр хашаа байшинг худалдах асуудлыг ярилцаж миний нэр дээр гэрээ байгуулсан. Маргааш нь 2019 оны 4 дүгээ сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн байранд байрлах нотариат дээр очиж гэрээгээ хийсэн бөгөөд нотариатч “эмээг дагаж яваа хүн байна уу” гэж асуухад С.б “би байна” гэсэн. Нотариатч гэрээг гэрчлэхдээ “гэрээний үүрэг, төлбөр тооцоо дууссан уу, үл хөдлөхийн шимтгэлийн 2 хувийг яах вэ” гэж асуухад ... гуай “б хоёулаа тооцоо дууссан, гэрээн дээр үнээ 5 сая төгрөг гэж тавих, худалдан борлуулж буй тал төлөх ёстой бол би төлнө өө” гэж ... гуай хэлж байсан юм. ... гуай настай хүн гэхэд сүрхий яриа хөөрөөтэй, хувиараа бизнес хийж Номин Их дэлгүүрт бараа нийлүүлдэг, үл хөдлөхийн шимтгэл төлөхөд би олон данстай гээд хувийнхаа картаар шимтгэлээ төлж байсан гээд үнэхээр мундаг хөгшин санагдсан. Тэгээд гэрээ байгуулсны дараа б тохирсон ёсоор 87-00 УНИ улсын дугаартай “Range rover” авто машиныг аваад явсан. Хэд хоногийн дараа б манай нөхөр дээр буцаж ирээд “ах аа би энэ машиныг зарж чадахгүй юм байна, та Япон тэргээр солиод өгөөч” гэхэд нь “Япон улсад үйлдвэрлэсэн, 70-23 УБО улсын дугаартай Тоёота Приус, мөн 0 УБЧ улсын дугаартай X-trial загварын машинуудыг үзүүлж эдгээр машинууд байна, үгүй гэвэл ахын дүү хашаа байшингаа буцаагаад авчих, ах нь машинаа авъя аа” гэж хэлсэн байдаг. ... гуайн ач хүү б машинуудыг шалгаж бичиг баримтыг үзээд “за тохирлоо, болж байна” гээд машинаа солиод дээрх хоёр машиныг аваад явсан. Сүүлд ... гуай 2019 оны намраас над руу утасдаж “б мөнгөө өгөхгүй байна, утсаа авахаа больсон, түүнээс болж охинтойгоо ч муудалцлаа” гэж ярих болсон. Би “... гуай тантай бид нар таны хэлсний дагуу бэд машинаа өгч хашаа байшингийнхаа төлбөрийг тохирсон ёсоор хийсэн, тухайн үед нь та нар хоорондоо ярьж тохиролц, би татгалзах зүйлгүй гэж хэлж байсан шүү дээ, та бтэй учраа ол, бид тохирсон ёсоороо үүргээ биелүүлсэн” гэж хэлсэн. Иймээс  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Б.... болон Ц.... нар “Газар худалдах-худалдан авах гэрээ”, “Хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ”-нүүдийг байгуулжээ.

 

Б.... нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар худалдах-худалдан авах гэрээ”-гээр Г-0 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлэг 3 гудамж, 85 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18650312400306 дугаартай, 700 м2 талбайтай газрыг 5,000,000 төгрөгөөр,

харин 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ”-гээр эрхийн улсын Ү-0 дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах 35 м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 5,000,000 төгрөгөөр тус тус Ц....д худалдахаар тохирсон байна.

 

Дээрх гэрээнүүдийн дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнүүд нь үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог бөгөөд дээрх 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хоёр гэрээг үндэслэж бүртгэлийн байгууллагаас Г-0 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлэг 3 гудамж, 85 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18650312400306 дугаартай, 700 м2 талбайтай газар, эрхийн улсын Ү-0 дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах 35 м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч Ц....ын нэр дээр шилжүүлж, гэрчилгээ олгожээ. 

 

2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Б.... нь хариуцагч Ц....д холбогдуулж 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар худалдах-худалдан авах гэрээ”, “Хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ”-нүүдээс татгалзаж,   Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлэг 3 гудамж, 85 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 0 дугаартай, 700 м2 хэмжээтэй газар, уг газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагуудыг гаргаж шүүхэд ханджээ.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагаа “...хариуцагч үл хөдлөх эд хөрөнгө болон газрын төлбөрөө гэрээгээр тохирсны дагуу төлөөгүй учраас түүнтэй байгуулсан гэрээнээс татгалзаж, өөрийн өмчлөлийн зүйлсээ буцаан авах хүсэлтэй” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс “...хариуцагчийн буруугаас гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй буюу хариуцагч төлбөрөө төлөөгүй” гэсэн агуулгаар татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгөө буцаан авахаар нэхэмжилсэн гэж үзэхээр байна. 

 

Хүчин төгөлдөр аливаа гэрээг тогтвортой, баталгаатай байлгах үүднээс гэрээний талуудыг үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Харин хоёр талын гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний нэг тал зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон хэдий ч үр дүн гараагүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй болохыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. 

 

Дээр дурдсанчлан талууд байгуулсан гэрээний дагуу хариуцагч төлбөрийг төлсөн эсэх тал дээр маргаж байгаа.

 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно”, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд  0 УБО улсын дугаартай, “Тоёота приус” загварын автомашин, 0 УБЧ улсын дугаартай, “Ниссан икс трейл” /Nissan X-trial/ загварын автомашинууд Ө.бийн нэр дээр шилжсэн байна.

 

Дээрх баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Ө.бийн “...Б.... нь манай эмээ”, ...надаас гуйж байгаад хашаа, байшингаа заруулсан”, “...Зараад өгөөч гээд машинаар солиод зарж болно гэж хэлж байсан”, “...Би том машин авах гээд хашааг нь зарчихаад мөнгийг нь хэрэглэж байгаад өгье гэж бодож байсан”, “...X-trail машиныг би Б.... гуайд өгсөн, ...Приус 11 машиныг зарсан, ...мөнгийг нь би өөрөө авсан” гэсэн мэдүүлэг, 

Ж.Э “...Ө.б нь манай дүүгийн найз, ...над дээр ирээд манай эмээгийн хашаа байшинг авчих гэж гуйгаад байсан”, “...Приус 11, X-trail машин өгсөн” гэсэн мэдүүлэг,

нэхэмжлэгч Б....ийн шүүх хуралдаанд гаргасан “...надад одоо хуучин машин үлдсэн. Тэр машин нь Хан-Уул дүүрэгт хамаатны охины хашаанд байгаа. Бусдад зарах гэхээр үнэ хүрэхгүй, зарах боломжгүй байна. ”, “...б надад том машин авах гэж байна. Хашаа байшинг чинь зараад мөнгө олоод таныг өөд нь татна гэж хэлсэн”, “...б надад мөнгөө өгөөгүй, түүнээс нэхэмжлэх зав олдоогүй” гэх тайлбартай харьцуулан судлахад хариуцагч Ц.... нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар худалдах-худалдан авах гэрээ”, “Хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ”-нүүдээр хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу төлбөрийг үүрэг гүйцэтгүүлэгчийн заасан /зөвшөөрсөн/ этгээдэд шилжүүлэн өгсөн байна.

 

Хариуцагчийн хувьд 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар худалдах-худалдан авах гэрээ”, “Хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ”-нүүдээр хүлээсэн үүргээ биелүүлж, талуудын хооронд үүссэн аливаа үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон байх тул хариуцагч Ц....д холбогдох Б....ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б....д холбогдох 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”, “Газар худалдах, худалдан авах гэрээ” тус бүрээс татгалзаж, хувийн сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай Б....ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б....өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 448,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ