Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2021/03081

 

021 оны 12 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2021/03081 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо 000 хороолол,00 байр, 00 тоот хаягт оршин суух, Монгол овогт доржийн  /РД:Ш0000000000/,

 

 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 хороолол, 83А-1 тоот хаягт оршин суух, Борборжигон овогт   /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма ганди гудамж-33, Рамана ресиденс 18 давхар,  гранд групп төв оффист байрлах,  гранд групп ХХК /РД: /-д холбогдох,

 

 

 

Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 32 518 680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Д., Ц. бид өөрсдийн гэр бүлийн бизнесийн хүрээнд шүдний эмнэлгийн байр түрээслэн ажиллуулж үйл ажиллагаа явуулдаг юм. Ингээд уг үйл ажиллагаандаа зориулан  гранд групп ХХК-иас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парк од молл үйлчилгээний зориулалттай барилгын 4 давхрын 33 /409/ тоотод байрлах 102.26 м.кв талбай бүхий 541 978 000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зорилготой харилцан тохиролцож, 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр тус компанитай гэрээ байгуулсан. Гэрээний 2.1-д зааснаар бидний зүгээс 162 539 400 төгрөгийн урьдчилгааг тус компанийн дансанд шилжүүлэн, үлдэгдэл төлбөрийг банкны зээл бүтэхээр 2021 оны 7 сарын 5-ны дотор төлөх үүрэг манай зүгээс хүлээсэн. Гэвч худалдан авагч биднээс үл шалтгаалах нөхцөл байдал үүсч, банкны зээл бүтэхгүй зэрэг нөхцөл байдлууд бий болж, 2021 оны 7 сарын 5-ны өдөр буюу гэрээнд заасан хугацаандаа цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсноо бичгээр нөгөө талд мэдэгдсэн. Харин үл хөдлөх эд хөрөнгө худалдагч тал болох  гранд групп ХХК нь бидний дунд байгуулсан гэрээний 2.4, 2.5 дахь хэсэгт зааснаар торгууль болгож 32 518 680 төгрөгийг суутган авч үлдсэн. Бид худалдан авах байсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан аваагүйгээсээ болж сарын дотор ямар нэгэн үйлчилгээ аваагүй, хэн нэгэнд хохирол учруулаагүй байж 32 518 680 төгрөгөөр хохирч үлдэж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Ингээд хууль зүйн зөвлөгөө авч, сураглахад бидэнтэй байгуулах ёсгүй гэрээ байгуулж /барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ гэсэн нэр бүхий/, хүлээх ёсгүй үүргээ хүлээн / торгууль төлөх/ хариуцлага үүрч хохирч байгаагаа мэдсэн. Иймд иргэн Д., Ц. бидний үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, цуцалсны үндсэн дээр 32 518 680 төгрөгийн торгууль төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага бол бидний байгуулсан гэрээний талуудын хүсэл зорилго нь манай зүгээс үнийг төлж үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах, нөгөө тал болох  гранд групп ХХК нь хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн худалдах худалдан авах гэрээг Барилга хөрөнгө оруулалт хийх гэрээ гэж байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл; 56.1.8.хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзэж байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, мөн уг гэрээнээс учирсан үр дагавар болох урьдчилан төлбөрт төлсөн төгрөгийг торгууль гэж хууль бусаар суутгасан нийт 32 518 680 төгрөгийг хариуцагч  гранд групп ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай байгууллага нь 32 жилийн түүхтэй, энэ хугацаанд тус барилгын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж ирсэн.  Гранд Групп ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Иргэн Д., мөн Ц. нартай №210603 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулсан. Захиалагч Д. нь бидэнд гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тухай 2021 оны 07-р сарын 05-ны өдөр бичгээр мэдэгдэж, урьдчилгаа төлбөрийг буцаан шаардсан байдаг. Манай компаниас үл шалтгаалан Д. нь гэрээг цуцалж байгаагаа мэдэгдсэнээс хойш бид гэрээний 2-р зүйлийн 2.3-т заасны дагуу гэрээг дүгнэж, цуцлах асуудлыг харилцан зөвшилцөн шийдвэрлэхээр хэд хэдэн удаа уулзалт хийсэн бөгөөд бидний зүгээс харилцан тохиролцох саналаа 2021 оны 7 дугаар сарын 22-ний өдөр БА 21/19 тоот албан бичгээр хүргүүлсэн. Захиалагч тал гэрээг дангаар цуцлах санал гаргасан тохиолдолд Иргэний хуулийн 232.4, 232.5-р заалтыг үндэслэн гэрээний 2.5 дахь заалтын дагуу нийт үнийн дүнгийн 20%-ийн торгуулийг суутгуулахаар харилцан тохиролцсон хэдий ч бид заавал энэ заалтыг барин торгууль ноогдуулахгүйгээр харилцан тохиролцохын тулд түүнд хэд хэдэн саналыг тавьсан. Үүнд тус талбайг манай компанийн борлуулалтын алба борлуулаад урьдчилгаа төлбөрийг 100% буцаан өгөх, захиалагч тал өөрөө тус талбайг бусдад худалдах, гэрээний дагуу 20 хувийн торгуулийг суутган үлдэгдэл төлбөрийг захиалагчид шууд шилжүүлэх зэрэг саналыг тавьсан боловч нэхэмжлэгч нь хүлээн аваагүй бөгөөд иргэн Д., Ц. нар нь манай компанийн саналд 2021 оны 08-р сард бичгээр хариу өгч, 20 хувийн торгуулийг суутгуулан үлдэгдэл төлбөрийг хүлээн авах тухайгаа илэрхийлсэн. Ийнхүү бид харилцан тохиролцсоны дагуу 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр захиалагч нарын тушаасан 162 593 400 төгрөгөөс 20 хувийг суутган 130 074 720 төгрөгийг Иргэн Д.гийн дансанд шилжүүлж тооцоог хаасан. Манай компани захиалагч Д., Ц. нартай гэрээ байгуулснаараа тус талбайг бусдад санал болгохгүйгээр борлуулалтаа зогсоон зөвхөн түүний төлөх үлдэгдэл төлбөрийг хүлээж байсан бөгөөд гүйцэтгэгч тал гэрээг цуцалснаар бид шууд түүний төлсөн төлбөрийг гарган өгөх боломжгүй байдаг тул гэрээний 2.5-дахь заалтыг оруулж, тус заалтыг захиалагч зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулагддаг гэдгийг энд тайлбарлах нь зүйтэй. Талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байх шинжийг агуулаагүй, хүчин төгөлдөр гэрээ байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д., Ц. нар хариуцагч  гранд групп ХХК-д холбогдуулан 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 210603 дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, уг гэрээний дагуу торгуульд суутган авсан 32 518 680 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

 

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

 

 

Талуудын хооронд 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 210603 дугаартай, барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр захиалагч буюу нэхэмжлэгч нар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Parkod mall үйлчилгээний зориулалттай барилгын 4 давхарт 102,26 м.кв талбайг захиалан, 541 978 000 төгрөгийн 30 хувь болох 162 593 400 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр, 70 хувь болох 379 384 600 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 05-ны дотор гүйцэтгэгч буюу хариуцагчид төлөхөөр, гүйцэтгэгч нь үйлчилгээний талбайг 2021 оны 7 дугаар сарын 05-ны дотор багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ. /хх-6-13/

 

 

 

Талууд байгуулсан гэрээгээ барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ гэж нэрлэсэн, гэрээний гол нөхцөл болон талуудын тайлбараас үзэхэд нэгэнт бий болсон үйлчилгээний зориулалттай талбайг санал болгож, нөгөө тал нь тохирсон үнийг төлөхөөр тохирсон нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна.

 

 

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

 

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр хийгдсэн байхыг шаардах бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдож байвал тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг.

 

 

 

Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ нэртэй гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан хийгээд хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Гэрээ хүчин төгөлдөр байна. Иймд гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

 

 

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэж ойлгох ба Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан.

 

 

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д. 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч  гранд ХХК-д үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлөх боломжгүй болсон тухайгаа тайлбарлаж, гэрээнээс татгалзах саналыг бичгээр хүргүүлсэн байх ба хариуцагч 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн БА21/19 дугаар албан бичгээр гэрээ цуцлах саналыг хүлээн авч, талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон байна. /хх-29-30/

 

 

 

Хариуцагч ...захиалагч тал гэрээг дангаар цуцлах санал гаргасан тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.5-д заасныг үндэслэн гэрээний 2.5 дахь заалтын дагуу үнийн дүнгийн 20 хувийн торгуулийг суутгахаар тохиролцсоны дагуу 32 518 680 төгрөгийг суутган авсан... гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

 

 

 

Учир нь гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаах үр дагавар үүсдэг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4-т хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна гэж заасан. Тодруулбал, анз нь гэрээний үүрэг бөгөөд гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог байхад гэрээний үүрэг болох торгууль 32 518 680 төгрөгийг суутган авсан нь хуульд нийцэхгүй юм.

 

 

 

Иймд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагчаас 32 518 680 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

 

 

Дээрх үндэслэлээр хариуцагч  гранд групп ХХК-иас 32 518 680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д., Ц. нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2021 оны 06 сарын 03-ны өдрийн 210603 дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

 

1.   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1, 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч  гранд групп ХХК /РД:2543729/-иас 32 518 680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д. /РД:ШБ83070778/, Ц. /РД:/ нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 210603 дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 390 744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  гранд ХХК-иас улсын тэмдгийн хураамжид 390 744 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

 

 

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГД