| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/02293/И |
| Дугаар | 102/ШШ2021/02728 |
| Огноо | 2021-10-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2021 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2021/02728
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н /*/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н-т холбогдох,
3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 7 дугаар сард Х.Н-т 3,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Тэрнээс хойш одоо болтол зээлсэн мөнгө нийт 3,000,000 төгрөгийг өгөөгүй байгаа. Хариуцагчтай би найзаараа дамжуулж танилцсан тухайн үедээ ресторан, цайны газар ажиллуулж байсан учраас итгээд мөнгө өгсөн. Мөнгийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Уг нь хариуцагч надад 5 хувийн хүү өгнө гэж байсан ч өгөөгүй. Нэгэнт бичгээр хүүгийн талаар гэрээ байгуулаагүй учир хүүгээ нэхэмжлээгүй. Ийм учраас хариуцагч Х.Н-аас 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбар ирүүлээгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Х.Наас 3,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гарган шүүхэд ханджээ.
Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...Х.Н-тай өөрийн найзаараа дамжуулан танилцсан. Тухайн үед хариуцагч нь ресторан, цайны газар ажиллуулж байсан учраас итгээд мөнгө өгсөн. Уг нь хариуцагч надад 5 хувийн хүү өгнө гэж байсан ч өгөөгүй. Нэгэнт бичгээр хүүгийн талаар гэрээ байгуулаагүй учир анх зээлсэн 3,000,000 төгрөгөө нэхэмжилнэ” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Энэхүү үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн зүгээс өөрийн Хаан банк дахь дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Дээрх дансны хуулгаас үзэхэд 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Д.Н хариуцагч Х.Нын данс руу 1,000,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ.
Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлага, холбогдох нотлох баримтыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар бичгийн тайлбарыг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, ямар нэг байдлаар эсэргүүцээгүй.
Нэгэнт нэхэмжлэгчийн “...хариуцагчид 3,000,000 төгрөг зээлсэн” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй учир шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ.
Дээр дурдсанчлан хариуцагч нь нэхэмжлэгчээс 3,000,000 төгрөгийг хүлээн авсан, мөн буцаан төлөөгүй байгаа үйл баримтын талаар тайлбар гаргаж маргаагүй тул шүүхийн зүгээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрх бий болсон гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр хариуцагч Х.Н-аас 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Н-аас 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Наас 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ