Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/02726

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа, өөрийн байранд оршин байх, “д” ХХК /РД:-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, ДАТО төв, 3 давхарт оршин байх, “а” ХХК /РД/-д холбогдох,

 

64,871,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бхариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.З ар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “а” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, халаалтын зуух нийлүүлж, горимын туршилт хийж нийт 92,400,000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Гэтэл “а” ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөрийг шилжүүлээгүй тул захирал Ц.М утсаар ярьж, оффис дээр нь очиж биечлэн уулзаж шаардахад удаа дараа хугацаа зааж хойшлуулдаг байсан хэдий ч төлбөрөө төлөөгүй өдий хүрч байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөрт 52,400,000 төгрөг, мөн гэрээний 6.2-т заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 0.5%-иар тооцсон алдангид /52,400,000*0.5%*238 хоног=12,471,200/ 12,471,200 төгрөг, нийт 64,871,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Гэхдээ хариуцагч тал 5,000,000 төгрөгийг төлсөн байна. Иймд уг мөнгийг хасч болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын талаар дараах тайлбарыг гаргаж байна. Манай “а” ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хоёр ширхэг халаалтын зуух авахаар “д” ХХК-д захиалга өгч 92,400,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 40,000,000 төгрөг “д” ХХК-д төлсөн. Үлдэгдэл 52,400,000 төгрөгийг төлж чадаагүй. Учир нь “Таван Толгой Түлш” ХХК-д 2 ширхэг халаалтын зуух суурилуулсан ажлын хөлсөө авч чадахгүй байгаа, мөн цар тахлын үед засгийн газрын шийдвэрээр 2 удаа хатуу хөл хорио тавьж үйл ажиллагаа явуулаагүйгээс “д” ХХК-д төлбөрөө төлж чадаагүй байсан. Тус компани манай компанийг шүүхэд өгсөн талаар мэдээгүй 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Одоо үндсэн төлбөрийн үлдэгдэл 47,400,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгана. Иймд бидэнд хугацаа хэрэгтэй байна. Гэрээний 6.2-д зааснаар нийт ажилд ноогдуулах алдангийн хэмжээ нь 20 хувиас ихгүй байна гэсэн байхад “д” ХХК-ийн нэхэмжилсэн алданги нь 24 хувиар тооцсон байна гэж үзэж байна. Иймд алдангийн 12,471,200 төгрөгийг 50 хувь болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “а” ХХК болон “д” ХХК-иуд  “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулжээ.

 

Дээрх гэрээний дагуу “д” ХХК нь “а” ХХК-д 0.7 Мвт хүчин чадалтай халаалтын зуух 2 ширхэг /цахилгааны самбар-2, утаа сорогч-2, салхилуур-2, циклон-2, хянах хамгаалах хэрэгслийн хамт/-ийг нийлүүлэх, үүний хариуд “а” ХХК нь тодорхой төлбөрийг төлөхөөр харилцан тохирсон байна. Хэдийгээр талууд гэрээгээ “ажил гүйцэтгэх” гэж нэрлэсэн хэдий ч гэрээний агуулга, заалтуудыг зохигчийн тайлбаруудтай харьцуулж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. 

 

Нэхэмжлэгч “д” ХХК нь хариуцагч “а” ХХК-д холбогдуулж 64,871,200 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл  52,400,000 төгрөг, уг гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйн хариуцлага буюу алданги 12,471,200 төгрөг, нийт 64,871,200 төгрөгийг хариуцагчаас шаардана” гэж тайлбарласан. 

 

Хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг бүрэн гүйцэд биелүүлээгүй буюу үлдэгдэл төлбөрийн хэмжээн дээр маргаагүй. Харин алдангийн хэмжээг эс зөвшөөрсөн агуулгаар татгалзлаа шүүхэд тайлбарлажээ. 

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, үүний хариуд худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг тул нэхэмжлэгч “д” ХХК нь хариуцагчаас гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл болох 52,400,000 төгрөгийг шаардах эрхтэй. Харин хариуцагчаас 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага болох 52,400,000 төгрөгөөс хасч тооцно.

 

Түүнчлэн, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсгүүдэд заажээ. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байна. 

 

Нэхэмжлэгч болон хариуцагч талууд гэрээний хариуцлага буюу алданги төлөх талаар тохирсон тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй. Харин гэрээний үүргээ зөрчсөн хариуцагчийн гэм буруу болон ноцтой байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг тодорхой хэмжээгээр буюу 2,471,000 төгрөгөөр багасгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасантай харшлахгүй. 

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас нийт 57,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “а” ХХК-иас 57,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,471,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “а” ХХК-иас 459,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “д” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

   

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                               Н.ХАНГАЛ