Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2020/01833

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэгийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ..

Хариуцагч: ..

10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..., хариуцагч ..., хариуцагчийн өмгөөлөгч ... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

... бид хоёр олон жилийн түншийн харилцаатай байж, .. худалдааны төвд лангуу түрээслэн наймаа хийдэг байсан. Би хөдөөнөөс мах авч ирдэг байсан бөгөөд ...д махаа зээлээр өгч, зарагдсаных нь дараа махны мөнгөө авдаг байсан. ... авсан махны мөнгөө гүйцэт өгөхгүй хойшлуулсаар өнөөдрийн байдлаар 10,000,000 төгрөг өгөх ёстой. 2011 онд ... 3,000,000 төгрөг өгнө гэж гарын үсэг зурсан байдаг. Бид 2013, 2014 онд тооцоо нийлэхэд махны үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөг ... гарын үсэг зурсан. 1,000,000 төгрөг нь гарын үсэггүй. ... яагаад төлбөр төлөхөөс татгалзах болсон бэ гэвэл энэ хүн миний хашаа байшинг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж зээл авхуулсан. Манай хашаа байшинг хураахаар болж манай гэр бүлийн хооронд маргаан үүссэн. Надад ...гаар гарын үсэг зуруулаагүй нэхэмжлэх мөнгө зөндөө байгаа. ... өөрөө ч мэдэж байгаа. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би ...гаас мөнгө нэхэхэд намайг нөхөртэйгөө нийлж зодоод явуулсан. Би энэ хүнээс болж өөрийгөө харвасан гэж бодож байна. Учир нь надаас энэ хүнтэй холбоотой байнгын өр төлбөр нэхэгддэг байсан. Намайг 2016 онд өрөө нэхэхээр очиход над руу дайрч сэтгэл санааны хямралд оруулж байсан. Би байнгын эмчийн хяналтанд байдаг хүн. Гол нь ... гарын үсэг зурахдаа он сараа тавьдаггүй байсан. 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр надад 300,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед би ...г ингээд төлөөд явах юм байна даа гэж бодсон боловч дахиж мөнгө өгөөгүй. Энэ хүн миний нэр дээр зээл авахдаа би өөрөө төлчихнө гэж хэлсэн боловч төлж дуусгалгүй намайг банкны өрөнд унагасан. Би тэр зээлийг нь өөрөө төлж дуусгасан. ...д би зах зээлийн ханшаас өндөр үнээр мах өгөөгүй. Сая гэрчийн танилцуулсан компанид би мах нийлүүлж байгаагүй. Би ...д 6,700 төгрөгөөр мах нийлүүлээгүй. 5,300 төгрөгөөр нийлүүлж байсан санагдаж байна. ... надад мөнгийг чинь төлж дуусгасан та миний бичгийг өгчих гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Би банкнаас өөрийн хүсэлтээр зээл аваагүй. 2014 онд өгөх ёстой байсан мөнгө одоо болтол өгөхгүй байна. Нөхөр нь намайг зодоогүй. Би өөрөө өвчтэй хүн болохоор бие өвдсөн зүйл байгаа. Миний биед ил шарх сорви байхгүй байсан болохоор цагдаад өгөөгүй. ... хүнийг юу ч гэж гүтгэж мэдэх хүн. Өмнө нь надаас мөнгө авчихаад өгөхгүй байсан удаатай. Би ...д 2013, 2014 онд 13,000,000 төгрөг, 14,000,000 төгрөгийн мах өгч байсан. ... мөнгөний тоо тавьдаггүй, он сар тавьдаггүй байсан. Би байнга мөнгөө нэхдэг байсан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Талууд тухайн үед хэдэн кг мах хүлээлцсэн талаар хэн аль нь тодорхой хэлж чадахгүй байна. Хариуцагчийн өөрийн гараар бичиж өгсөн баримт бол хэрэгт ач холбогдолтой гол баримт юм. Түүний мөнгөө төлөлгүй удлаа гэсэн бичгийг өвөл бичиж өгсөн байна. Үүгээр хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна. ... гуай байнга төлбөр төлөхийг шаардаж байсан. Хэрвээ шаардаж байгаагүй бол ... ийм бичиг бичиж өгөхгүй байсан. Өөрөө тайлбартаа ч гэсэн үүнийгээ хэлдэг. ... энэ мөнгийг төлөх үүрэгтэй байсан нь дэвтэр, болон өөрийнх нь гараар бичиж өгсөн нотлох баримтаар тогтоогдож байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувь Иргэний хуулийн 78 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хойшлогдож байсан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт заасны дагуу өмнөх хугацааг тоолохгүйгээр шинээр тоолох ёстой гэж үзэж байна. ...ийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 186.2, 243 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой харилцаа дуусгавар болсон гэв.

 

Хариуцагч ... шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

... надаас 10,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. Гэхдээ ...ийн гаргасан нэхэмжлэл нь хэзээ, хэдий хэмжээний махыг /хэдэн үхрийн/ надад өгч нийт хэдэн төгрөг төлөгдсөн, хэд үлдсэн зэрэг нь ойлгомжгүй, дээр нь ямар баримтаар энэ их мөнгө нэхэмжилж байгааг ойлгоход бэрх байна. Би ...ээс 10 биш 5 үхрийн махыг нь борлуулж өгөхөөр авсан. Манай гэрт 5 үхрийн махыг бөөнд нь авчирсан. Энэ нь 2013 оны 9 дүгээр сард шиг санагдаж байна. Би увуулж цувуулж өгсөөр нийт 6,700,000 төгрөгийг ...ийн Хаан банк дахь...дугаарын дансанд нь нийт 12 удаагийн шилжүүлэг хийсэн байдаг. 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд шилжүүлсэн. ... надад итгэмжлэл хийж өгч би үл хөдлөх хөрөнгийг 2009 онд зээлд тавьж байсан болохоос ... өөрөө зээл авч надад мөнгө өгсөн өгч байсан явдал үгүй юм. Би үл хөдлөх хөрөнгийг нь чөлөөлүүлж эрт өгсөн. Энэ талаар бид тооцоо байхгүй. Надад 2013 онд өгсөн 5 үхрийн мах нь 1000 орчим килограмм болж байсан, тэр үеийн ханшаас дээгүүр үнээр буюу 6,300 төгрөгөөр өгсөн санагдана. Би тооцоог дуусгасан учир одоо ...д өргүй. 2013 онд ... эгчтэй хамт зах дээр зогсоогүй байгаагүй. Тэгээд байж байхад ... эгч 5 харлачихсан үхэр авчирч өгөөд энийг юмандаа хийгээд борлуулчихаарай гэж надад өгсөн. Тэгээд гуанзнуудаар явж махнуудаа өгсөн. Өмнө нь 2011 онд ... эгч надад итгэмжлэл өгсөний дагуу үл хөдлөх хөрөнгийг нь 3,000,000 төгрөгт тавьсан байсан. Тэгээд нөгөө мөнгөө өгч чадахгүй болж ирсэн. Эхний ээлжинд махыг нь төлж дуусгахаар орж ирсэн хэмжээгээр нь цувуулаад өгсөн. Цувуулаад өгч байгаа гэдэг утгаар ... эгчид бичиг хийж өгсөн. Би түүний үл хөдлөх хөрөнгийг нь тавьсандаа байнгын дарамттай байдаг байсан. Би энэ хүнд үхрийн махны мөнгийг төлж дуусгасан. Энэ хүний дансаар орсон мөнгө бол дандаа энэ үхрийн махны мөнгө. Дансны хуулгыг харахаар үхрийн мөнгийг өгч дуусгасан. Баримтуудаа нийлүүлээд харахад үхрийн махны мөнгө 6,700,000 төгрөг болсон байсан. Би өөрөө 8,500,000 төгрөгөөр хүмүүстэй гэрээ хийж ... эгчийн үл хөдлөх хөрөнгийг авч өгсөн. Энэ хүний өрийг төлж дуусгасан. Дараа нь би хүмүүстэй хийсэн гэрээний төлбөрөө өөрөө төлж дуусгасан. Энэ хүн өөрөө түргэн ууртай. Манай нөхөр энэ хүнийг зодож цохьсон зүйл байхгүй. Настай хүн байж худлаа ярьдаг. Сая гаргаж өгсөн дансны хуулгууд бол үхрийн махны мөнгө. Би махны мөнгийг төлж дуусгасан. Үл хөдлөх хөрөнгийг нь тухайн үед төлж дуусгаад зээлээс суллаж авч өгсөн. Би хүнээс авсан зүйлээ өгөх юмсан гэдэг бодолтой хүн гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 10 тооны үхэр гэж нэхэмжилсэн боловч түүний тайлбараас 5,6 үхрийн мах өгсөн болж таарлаа. Гэрчийн мэдүүлэг, шүүх хурлын үйл явцаар 4, 5 үхрийн мах өгсөн үйл баримт тогтоогдож байна. Хэдэн үхэр вэ гэхээр 5 үхэр байна. Хэдэн кг мах өгснийг асуухаар нэхэмжлэгч мэдэхгүй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хэдэн кг мах өгсөн нь тодорхойгүй байна. 1000 кг махыг тухайн үеийн ханш 5,800 төгрөгөөр тооцож үзэхэд 5,800,000 төгрөгийн тооцоо энэ 2 хүнд байсан байна. Хариуцагч ... Ц....ийн дансанд шилжүүлсэн мөнгөний тоо нь 6,700,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн. Яригдаад байгаа мах 1000 кг мах байж. Тэгээд төлбөрийн хувьд 1,000,000 гаруй төгрөгөөр илүү төлөгдсөн харагдаж байна. Шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэнэ. 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн огноотой 3,000,000 төгрөг өгнө гэсэн баримтын талаар ярьж байна. Хэрэгт энэ талаар ямар нэг баримт байхгүй. Банкнаас зээл авч 2,000,000 төгрөг өгсөн гэж яриад байгаа нь тодорхойгүй, хэрэгт хамааралгүй. Нэхэмжлэлдээ энэ талаар дурдсан зүйл байхгүй байхад 3,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Юу нэхээд байгаа нь тодорхойгүй байж нэхэмжлэл гаргаад байгаа учраас ...гийн гарын үсэг мөн эсэх дээр шинжээч томилуулах шаардлага үүснэ. 9 жилийн хугацаанд цугларсан баримт дотор ...гийн гарын үсэг мөн гэсэн зүйл байхгүй. ... надаас мөнгө өг гэж нэхээд дарамтлаад байхаар нь бичиж өгсөн гэж хэлдэг. Хүнийг айлгаж гарын үсэг зуруулчихаад тэр мөнгөө нугалж нэхэмжлэх эрх байхгүй. Аливаа маханд гарал үүслийн гэрчилгээ байдаг. Гарал үүслийн гэрчилгээнд хэдэн кг мах нэхэмжилсэн талаар тодорхой болно. Гэтэл ийм баримт хэрэгт байхгүй. Өнөөлөр авсан мөнгөө дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан махны үнэ 10,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, ...худалдаж авсан махны үнийг төлж дууссан учир зөвшөөрөхгүй.. гэх агуулга бүхий тайлбар гарган маргажээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч, хэлцэл аман хэлбэрээр хийгдэн, худалдагч тал болох ... нь худалдан авагч ...д үхрийн мах нийлүүлсэн байна.

Нэхэмжлэгч худалдах, худалдан авах хэлцлийн дагуу хариуцагчид 10 үхэр нийлүүлсэн гэж тайлбарласан бол, хариуцагч нэхэмжлэгчээс 5 үхэр хүлээн авсан хэмээн маргах ба, гэрээний зүйлийг 2013 оны 10 дугаар сард хүлээн авсан гэх боловч, ...гийн ...д бичиж өгсөн гар бичмэл баримтаар 2013 оны 11 дүгээр сард хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрч үлдэгдэл төлбөрийг төлөх баталгаа гаргажээ. /хх-6/

...гийн үйлдсэн гар бичмэл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан эх баримт бөгөөд, зохигчид тухайн баримт үйлдэгдсэн талаар хүлээн зөвшөөрч байна. Тухайн баталгаа бүхий баримтад хариуцагч ...: ...... эгчээс 2013 оны 11 сард мах авсан. Үүний үлдэгдэл 5,578,000 үлдсэн 422,000 үүний зөрүү гэж нийт 6,000,000 төгрөг махны тооцоо бий. Үүнийг өгч чадалгүй их удлаа...Энэ мөнгийг 1-2 сарын дотор багтаан өгнө... гэсэн байна.

Хариуцагч ... уг гар бичмэл баримтыг 2013 оны өвөл бичсэн гэж тайлбарлан, үүнээс хойш нийт 6,400,000 төгрөг төлж барагдуулсан учраас ...д төлөх төлбөр байхгүй хэмээн маргаж, төлбөр шилжүүлсэн баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкны орлогын мэдүүлэг бүхий 12 ширхэг баримтуудаар ... нь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 6,400,000 төгрөг төлсөн бөгөөд, үүнээс хойш ...д төлбөрийн баталгаа гаргаж, гар бичмэл баримт үйлдсэн гэж үзэхээр байна. Учир нь уг гар бичмэл баримтад ... нь 2013 оны 11 дүгээр сард авсан махны үлдэгдэл төлбөрийг заан тодорхойлсон байгаа, түүнийгээ төлөөгүй их удсан болохоо илэрхийлсэн байна.

Иргэний хууль 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино... гэж заасан ба, энэ нь үүрэг гүйцэтгэгч хүлээн зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болох үндэслэл болно. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус зааснаар хариуцагч 6,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлэн бичсэнийг нэхэмжлэгч хүлээн авч, дээрх үүргийг шаардаж буй нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасанд нийцжээ.

Хариуцагч дээрх үндэслэлээр 6,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд, үүнээс 300,000 төгрөгийг 2019 оны 1 дүгээр сард төлсөн байгаа тул гүйцэтгээгүй төлбөрөөс хасч, нийт 5,700,000 төгрөгийг Иргэний хууль 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргахад, нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөр төлөхийг өөрийн биеэр байнга шаарддаг байсан талаар зохигчид маргаагүй бөгөөд, 2017 онд мөнгө шаардан очиход тэдний хооронд зөрчилдөөн үүсч, цагдаагийн байгууллага дуудсан талаар хэн аль нь зөвшөөрсөн, мөн 2019 онд хариуцагч нь 300,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн зэргээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас 2011 оны 3,000,000 төгрөгийн махны тооцоо, мөн 1,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардах боловч эдгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, уг шаардаж буй мөнгө нь хариуцагчийн бичсэн баталгаанд дурдагдаагүй, нэхэмжлэгчийн тэмдэглэлийн дэвтэрт бичсэнээр 2011 он гэсэн байх ба, энэ мөнгийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байх тул нотлох үүрэг нэхэмжлэгчид шилжинэ.

Нэхэмжлэгч ... хариуцагчаас шаардаж буй 1,000,000 төгрөг нь чухам юуны төлбөр болохоо тодорхойлоогүйн зэрэгцээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул 2011 оны тооцоо гэх 3,000,000 төгрөг, мөн 1,000,000 төгрөгийн шаардлага болон, 2019 онд ...д ...гаас худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөгдсөн 300,000 төгрөг, нийт 4,300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 5,700,000 төгрөгийг хариуцагч ...гаас гаргуулан нэхэмжлэгч ...д олгож шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг буюу 5,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 4,300,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан хэмжээгээр буюу 5,700,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 106,150 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... 5,700,000 /таван сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,300,000 /дөрвөн сая гурван зуун мянган/ төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 106,150төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгтт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНТУЯА