Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 00045

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                                       С.Баянжаргал

 Улсын яллагч                                                     Н.Дүүрэнжаргал

 Шүүгдэгч                                                             Т.Анхбаатар нарыг оролцуулан

тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Анхбаатарт холбогдох 201718020023 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын харъяат, 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймаг Жаргалант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, 4 дүгээр анги төгссөн, мэргэжилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч болон дагавар охины хамт Сэлэнгэ аймаг Мандал сум 3-р баг Гандангийн 48 тоотод оршин суудаг, 6 удаагийн ял шийтгэлтэй 1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №01 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг 1 жил хойшлуулсан, 2. 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял дээр 2007.01.04-ний өдрийн №01 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас заримыг буюу 6 сарын хорих ялыг оногдуулан нийт 6 жилийн хорих ял оногдуулан 2009 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар үлдсэн хорих ялыг өршөөн хэлтрүүлэн суллагдсан, 3. 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг биеэр эдэлж ялын хугацаа дуусч суллагдсан, 4. 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлэн ялын хугацаа дуусч суллагдсан, 5. 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар 1 жил 4 сар 10 хоногийн хорих ялыг биеэр эдэлж өршөөлийн хуулиар суллагдсан, 6. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн 6 удаагийн ял шийтгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Газарчин овгийн Тэгшжаргалын Анхбаатар /РД:НМ91110573/

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Т.Анхбаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, эдлэх ёстой ялаас 164 цагийн албадан ажил хийх ялыг биеэр эдэлж, үлдэгдэл 136 цагийн албадан ажил хийх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн санаатай биелүүлээгүй шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Анхбаатар мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтанд мэдүүлгээ тодорхой өгсөн гэв.

Мөрдөн байцаалтанд гэрч П.Мөнхтуслах мэдүүлэхдээ: Т.Анхбаатар нь 2016 оны 029 дүгээр сарын 26- ны өдөр 300 цагийн албадан ажил хийх ял шийтгэгдэж манай албанд шилжиж ирсэн юм. Би Т.Анхбаатарт 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 16030005 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх тухай тогтоол үйлдсэн. Т.Анхбаатарыг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зарлан дуудах хуудсаар дуудуулж авч ирж албадан ажил хийлгэх ялыг нь эдлүүлэх болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.4-д “сумын засаг дарга ялтныг албадан ажил хийлгэх ажил олгох, ажлын байраар хангах үйл ажиллагаа зохион байгуулах үүрэгтэй” байдаг учраас Т.Анхбаатарыг тухайн үед Мандал сумын засаг даргаар ажиллаж байсан Н.Нямдаваад хүлээлгэж өгсөн. Н.Нямдаваа засаг дарга Т.Анхбаатарыг Мандал сумын хот тохижуулах газарт ажиллуулахаар цохож өгсөн учраас Т.Анхбаатарыг хот тохижуулах газарт албадан ажил хийлгэхээр 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс ялыг нь эдлүүлж эхэлсэн юм. Т.Анхбаатарын албадан ажил хийлгэхийг хот тохижуулах газрын менежер Цолмон хариуцаж өдөрт 8 цагаар ажиллуулж цагийг нь бүртгэж байсан. Би 30 цаг тутамд нь албадан ажил хийлгэх ялаа хэвийн гүйцэтгэж байгааг нь хянадаг байсан. Т.Анхбаатар 2016 оны 09 дүгээр сарын 30-аас 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл нийт 164 цагийн албадан ажил хийсэн тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн Т.Анхбаатар албадан ажил хийх ялаа эдлэхээс зайлсхийгээд оргон зугатаад алга болчихсон юм. Би Т.Анхбаатарын оршин суух хаяг буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Гандангийн 77 тоотод 2-3 удаа очиж үзэхэд гэрт нь ерөөсөө хүн байдаггүй байсан. Энэ байдлаар би Т.Анхбаатарыг эрж хайж байгаад долоо хоногийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орчим гэрээс нь олж аваад яагаад алга болчихсон талаар нь асуухад “ар гэрийн амьдрал хэцүү байна надаас өөр ажил хийх хүн байхгүй би айлд ажил хийж байгаад ирсэн юм” гэдэг байсан. Т.Анхбаатар албадан ажил хийх ялаас зайлсхийгээд алга болчихоод байхаар нь үлдэгдэл албадан ажил хийх ялыг нь баривчлах ялаар солиулахаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт хандахад боломжгуй гэж хариу өгсөн. Прокуророос шийдвэр гартал 2-3 хоног Анхбаатартай утсаар ярьж холбогдож болж байсан, тэгтэл 2016 оны 11 дүгээр сарын 22-ны орчим Т.Анхбаатар гэртээ ч байхгүй, эхнэрийнх нь гар утас ч холбогдохгүй алга болчихсон. Анхбаатарыг батлан дааж авсан Тэгшжаргал гэдэг хүнтэй утсаар холбогдож Анхбаатар хаана байгаа талаар асууж лавлахад “Анхбаатар самарт явчихсан Энхээ гэдэг хүний бригадад ороод явчихсан”, гэж хэлж байсан...Би ялтан Т.Анхбаатарыг шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс зайлсхийгээд алга болчихоор нь Т.Анхбаатарын амьдарч байсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Гандангийн гудамжинд байдаг гэрт нь байнга очдог байсан боловч гэр нь цоожтой эзэнгүй байдаг байсан...тэгээд гэр нь эзэнгүй байгаад байсан учраас би зарлан дуудах хуудас гардуулан өгч чаддаггүй байсан юм. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр арга бараад зарлан дуудах хуудас хаалганых нь завсар хийж байсан боловч Т.Анхбаатар ирж албадан ажил хийх ялаа эдлэхгүй байсан болохоор Цагдаагийн байгууллагад хандсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 42, 44-р хуудас /

            Мөрдөн байцаалтанд гэрч О.Цолмон мэдүүлэхдээ: “...Т.Анхбаатар 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл нийт 164 цагийн албалан ажил хийсэн, тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлээд ажилдаа ирэхгүй алга болчихсон, үлдэгдэл 136 цагийн ажлаа манай байгууллагад ирж ерөөсөө хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Л.Мөнхбаатар мэдүүлэхдээ:  Би 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн 3ил-131 загварын машинаар уул руу Хуш модны самарт явсан юм. Намайг самарт хүн авч явахад Т.Анхбаатар өөрийн эхнэр Энхцэцэгтэй хамт явсан юм. Бид нар ууланд 22 хоног самар бэлтгэж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Мандал суманд ирсэн юм. Т.Анхбаатар надтай хамт уул руу самарт явахаасаа өмнө бас өөр хүмүүстэй ууланд самарт явж байгаад ирсэн юм байна лээ тэгээд Мандал суманд ирээд хоёр хоног байж байгаад надтай хамт уул руу самарт явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд Яллагдагч Т.Анхбаатарын сэжигтнээр болон яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн: ...Би өөрийн хамтран амьдрагч Б.Энхцэцэгийг зодсон хэргээр 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Мандал сумын шүүхээс 300 цагийн албадан ажил хийх ялаар шийтгүүлсэн юм. Намайг Мандал сумын засаг даргын тамгын газраас Зүүнхараагийн хот тохижуулах газарт нэг өдрийн 8 цагаар ажиллуулахаар томилсон юм...манай гэрт мөнгө төгрөгийн хэрэг болоод би уул руу самарт явчихсан юм. Би уул руу самарт явахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчдад хэлж мэдэгдээгүй харин намайг уул руу явчихсан байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагч нар манай хамтран амьдрагч Б.Энхцэцэгтэй утсаар ярьж намайг уул руу явсныг мэдсэн байсан. Би 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Мөнхөө ахтай хамт ууланд самарт явчихаад 17 хоноод нэг эргэж Зүүнхараад ирээд хоёр хоночихоод дахиад уул руу самарт явчихсан юм. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр уулнаас бууж ирсэн...” /хх-ийн 49-р хуудас/

            “...Би 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын шүүхээр 300 цагийн албадан ажил хийх ялаар шийтгүүлсэн юм. Тэгээд би Зүүнхараагийн хот тохижуулах газарт ажил хийж албадан ажил хийх ялаа дэлж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн уул руу самарт явчихсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/

            Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-р хуудас/, урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 56-73-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар:

 

Шүүгдэгч Т.Анхбаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, эдлэх ёстой ялаас 164 цагийн албадан ажил хийх ялыг биеэр эдэлж, үлдэгдэл 136 цагийн албадан ажил хийх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн санаатай биелүүлээгүй шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн гэмт хэрэг үйлдсэн нотлогдон тогтоогдсон. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ба шүүх шүүгдэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тогтоосон “Хот тохжилтын албанд 164  цагийн ажил хийж байгаад ар гэрт гачигдал гарч шийдвэр гүйцэтгэгчид хандахад хүлээж аваагүй ...арга буюу амин зуулгаа залгуулахаар...... хүүхдэдээ эмийн мөнгө олохоор самарт явсан гэж мэдүүлж байгаа энэ байдлыг шалгаж тогтоох ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийгээгүй, эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хөнгөрүүлэх болон цагаатгах талын нотлох баримтыг бүрэн бодиттой тогтоогоогүй,байцаалтын ажиллагааг, нэг талыг барьж хийгдсэн, иймд  яллагдагчид ашигтай байх эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан зарчмыг баримтлан шүүх сонсгосон ялыг, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Т.Анхбаатарт ял шийтгэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн  2016 оны 09 дүгээр сарын 01-ний 67 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн албадан ажил хийлгэх ялаас, эдлээгүй үлдсэн 136 цаг буюу 17 хоногийн  ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,төлөх төлбөргүйг тогтоолд тусгах зүйтэй гэж үзлээ.  

       

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон Тогтоох нь:

        

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Газарчин овогт Тэгшжаргалын Анхбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.3-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг  хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2.Шүүгдэгч Т.Анхбаатарыг хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолыг үл биелүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.1-д зааснаар 02 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 сар 10 хоногийн баривчлах ял дээр 2016 оны 09 дүгээр сарын 01-ний 67 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн албадан ажил хийлгэх ялаас, эдлээгүй үлдсэн 136 цаг буюу 17 хоногийн ялыг нэмж нэгтгэн, бүгд 02 сар 27 хоногийн баривчлах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Т.Анхбаатарт оногдуулсан 02 сар 27 хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэлэлцэгдэх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж,

6. Т.Анхбаатарын өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Анхбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий  этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Б.АЛТАНЦЭЦЭГ