Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2018/01562

 

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2018/01562

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .. дугаар хороо, ... байрны 0 тоотод оршин байх, З.Г.Б СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух, С овогт Х-гийн А /РД: .../ -д холбогдох,

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний хөлсөнд 753,791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Г.Б СӨХны төлөөлөгч Г.Оролмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Г.Б СӨХны шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Оролмаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 35-ын “А” байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг манай сууц өмчлөгчдийн холбоо хариуцаж үйл ажиллагааг явуулж байгаа. Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 35-ын “А” байрны 35 тоотын оршин суугч Х.А нь дундын өмчлөлийн эд хөрөнгөний засвар, үйлчилгээ, лифт, цахилгаан, цэвэрлэгээний зардлыг 2014 оны 5 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сарын төлбөрөө төлөхөөс зайлсхийж төлбөрөө цаг хугацаандаа төлдөг оршин суугчдын хохироож байна. Иймд дээрх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны зардалд 753,791 төгрөгийг Х.Агаас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч З.Г.Б СӨХ нь хариуцагч Х.Ад холбогдуулан 2014 оны 5 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, цэвэрлэгээ, лифт, цахилгаа, үйлчилгээний төлбөрт нийт 753,791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Хариуцагч Х.Ад шүүх хуралдааны товыг 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Оролмаа “хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.” гэж заасан боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4.-т зааснаар “орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна.” гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д “орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг” хэлнэ гэж тус тус заасан байх ба дээрх заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай сууц өмчлөгч нь заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.

 

Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 35-ын “А” дугаар байрны 56 тоот орон сууцны оршин суугч, өмчлөгч нь хариуцагч Х.А мөн эсэх,  тухайн орон сууц нь З.Г.Б СӨХнд харьяалагддаг эсэхэд талууд маргаагүй байх тул хариуцагч Х.А нь З.Г.Б СӨХны гишүүн байна.  

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй.

 

Хариуцагч Х.А нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрт нийт 753,791 төгрөгийг төлөөгүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч З.Г.Б СӨХ нь гишүүдээсээ засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ, цахилгаан, лифтний төлбөрт 1 сард 18,117 төгрөгийг хуримтлуулдаг болох нь тус холбооны удирдах зөвлөлийн 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоол, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Харин нэхэмжлэгч нь 2014 оны 5 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сар хүртэл нийт 3 жил 8 сар буюу 42 сарын сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрийг нэхэмжилжээ. Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдсон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;” гэж заасан ба 2014 оны 5 дугаар сараас хойшхи сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагч Х.Агаас шаардаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул 2015 оны 1 дүгээр сараас 2018 оны 1 дүгээр сар хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрт /36 сар х  18,117 төгрөг/ 652,212 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 101,579 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Х.Агаас 652,212 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Г.Б СӨХнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 101,579 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 22,641 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 20,203  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР