| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2020/02363/и |
| Дугаар | 102/ШШ2020/02495 |
| Огноо | 2020-09-07 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2020/02495
| 2020 оны 09 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2020/02495 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С дүүрэг, дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, хмк, 0 дугаар байр, 00 тоотод оршин суух, Х/РД: 00000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2-3/02 тоот Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4/69 тоот Тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2-3/02 тоот Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолоор сэргээн явуулж байгаа ХХ ХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, түүний өмгөөлөгч Ө.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Ю ХХК-тай 2017 оны 01 сарын 18-ны өдөр "Хүнд даацын машин нийлүүлэх ХАИ/0000/00 тоот тэрээ байгуулан 4 ширхэг Белаз машин болон сэлбэг материалыг нийт 8,800,000 ам.доллараар худалдаж авахаар тохиролцон хамтран ажиллаж байгаа болно. Энэхүү гэрээний үүрэгтэй холбоотойгоор Ю ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2018 оны 10 сарын 8-ны өдрийн Ю2/ШШ2018/00000 тоот шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталгаажуулж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Манай компанийн зүгээс уг эвлэрлийн гэрээ болон захирамжид заасан мөнгөн төлбөр болох 4,325,045 240.67 төгрөгийг бүрэн төлж барагдуулж захирамжийг биелүүлсэн болно. Гэтэл эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Ю ХХК-ийн Хүнд даацын машин нийлүүлэх ХАИ/0000/00 тоот гэрээний дагуу нийлүүлсэн техникүүд нь биет байдлын доголдолтой, гэрээний дагуу засвар үйлчилгээ хийгээгүй, шаардлагатай сэлбэгүүдийг хүлээлгэн өгөөгүйгээс үүдэн техник сул зогсолт ихтэй байсан бөгөөд бидний зүгээс төлөвлөгөөт уулын ажлыг цаг тухайд нь гүйцэтгэж чадахгүй санхүүгийн хүнд байдалд орсон юм. Бидний зүгээс удаа дараа Эвлэрлийн гэрээ болон шүүгчийн захирамжид заасан үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч Ю ХХК-ийн зүгээс үүргээ биелүүлэхгүй шударга бус хандаж байсан болно. Ю ХХК-ийн энэхүү ёс зүйгүй шударга бус байдал нь хэрээс хэтэрч, 2019 оны 02 сарын 25-ны нэхэмжлэл гарган шаардаагүй, эвлэрлийн гэрээнд заасан хуваарьт төлбөр буюу 2018 оны 07 сараас 2019 оны 05 сар хүртэлх төлбөр болох 1,571,841.81 ам.долларын төлбөрийг албадан гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гарган гүйцэтгэх хуудас бичүүлсэн. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ю ХХК-ийн нэхэмжлэлээр шаардаагүй, ирээдүйд гэрээний дагуу үүсэх төлбөр болох 1,571,841.81 ам.долларын төлбөрт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах болсон.
Манай компанийн зүгээс Ю ХХК-ийн эрхий бүхий албан тушаалтнуудтай хоёр компанийн хооронд үүссэн өр төлбөрийг бүрэн хэмжээнд дуусгавар болгож дахин 2018 оны 10 сарын 8-ны өдрийн 102/ШШ0000/000000 тоот шүүгчийн захирамжид заасан нөхцөлтэй холбоотойгоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор харилцан тохиролцож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу эвлэрч, 2019 оны 06 сарын 13-ны өдөр №02 тоот Төлбөр авагч, төлбөр төлөгч нарын Эвлэрлийн гэрээ-г шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгуулсан болно. Энэхүү Эвлэрлийн гэрээний дагуу Ю ХХК 2019.06.18-нд Хнь 2019.06.14-нд тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт өгсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга, Ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Б2019.06.18-ны өдрийн 7/607 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоолоор ХХХК-нд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж хаагдсан болно.
Нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулга: Төлбөр авагч, төлбөр төлөгч нарын Эвлэрлийн гэрээ-нд заагаагүй 2019 оны 08 сарын 05-аас 2019 оны 12 сарын 05-ны өдөр хүртэлх хуваарьт төлбөр болох 712,381. 89$-ийг 2018 оны 10 сарын 8-ны өдрийн 102/ШШ0000/00000 захирамжийн дагуу шийдэж өгнө үү хэмээн хууль бус, ёс зүйгүй хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гаргасан болно. Гэтэл Ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Б нь Ю ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу 2020.03.05-ны өдөр 2-3/02 тоот Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол-ыг хууль, журам зөрчин гаргасан. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах үндэслэлийг заасан бөгөөд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэл байхгүй байхад хуульд заасан үндэслэлээр бус хувийн ашиг сонирхлоор хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон байхад манай компанид холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дараах үйлдэл, эс үйлдэхүйг хориглоно , 8.1.1 -д хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэх, эсхүл хувийн ашиг сонирхлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах , 8.1,6-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа бусдад ялгавартай хандах, хууль бусаар давуу эрх олгохыг хориглосон хуулийн зохицуулалтыг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.
Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулгын тухайд: Ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Бгийн 2020.03.05-ны өдрийн 2-3/02 тоот "Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол-ыг эс зөвшөөрч 2020 оны 03 сарын 16-нд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргахад Б.Б нь 2020 оны 04 сарын 02-ны өдөр 4/51 дугаар Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолоор 2020 оны 03 сарын 05-ны өдрийн Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 2-3/02 тоот тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг. Ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Бгийн 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 7/607 тоот тогтоолоор ХХХК-нд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол хүчинтэй хэвээр байхад Б.Б нь ХХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох 0000.00.00-ны өдрийн 0-0/000 тоот тогтоолыг бидэнд мэдэгдэлгүй дахин гаргасан болно. Гэтэл энэхүү 0000.00.00-ны өдрийн 0-0/000 тоот тогтоолоо 2020.04.20-ны өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 4/69 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, 2020 оны 04 сарын 21 -ны өдөр 0/0000 тоот Төлбөр барагдуулах Мэдэгдэл манай компанид ирүүлж улмаар 2020.04.29-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч М.Золбоо манай компанийн Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол үйлдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийсэн.
Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Б нь өөрийн гаргасан 2020 оны 04 сарын 02-ны өдрийн 0-0/000 тоот тогтоолоо 2020 оны 04 сарын 20-ны өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 4/69 дүгээр тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дагуу олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч л хүчингүй болгох эрх хэмжээг хуулиар олгосон байхад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хууль заасан үндэслэл байхгүй байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч хүчингүй болгон шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй хууль зөрчсөн ашиг сонирхлын зөрчилтэй байгаа нь харагдаж байна. Түүнчлэн 0-0/000 тоот тогтоолын үндэслэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.3-ыг зөрчсөн гэжээ. Гэтэл төлбөр авагч Ю ХХК, төлбөр төлөгч Хнар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эвлэрлийн гэрээ байгуулж Хгэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгэсэн байдаг болно. Энэ талаар талууд маргадаггүй. Мөн 2020 оны 04 сарын 02-ны өдрийн 0-0/000 тоот тогтоолыг хүчингүй болгосноор дуусгавар болсон ХХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргэхгүй байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Б 2020 оны 04 сарын 20-ны өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 4/69 дүгээр тогтоолын тогтоох нь хэсгийн 2 дугаар хэсэгт Төлбөр төлөгч ХХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу зөвтгөн явуулахыг 141 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч М.Золбоод үүрэг болгосугай хэмээн шийдвэрлэжээ. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан зарчим, 8 дугаар зүйлийн 8.1.1-д хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэх, эсхүл хувийн ашиг сонирхлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах, 8.1.4-д хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах гэж тус тус заасныг зөрчсөн шийдвэр болж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга, Ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Бгийн 2020 оны 04 сарын 20-ны өдрийн 4/69 тоот Тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Гуравдугаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулгын тухайд: Дээрх хууль бус 2020 оны 03 сарын 05-ны өдөр 2-3/02 тоот Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол-ын дагуу сэргэсэн, хууль бус 2020 оны 04 сарын 20-ны өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 4/69 дүгээр тогтоолын дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн шийдвэр гүйцэтгэх тасгийн 141 тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Золбоо 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 19250397/03 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг мөн өдрөө гардуулж, 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 19250397/03 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор эд хөрөнгө битүүмжил, дансны зарлагын хөдөлгөөнийг хаах тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийсэн. Хууль бус тогтоол, шийдвэрийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус байна. Мөн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол гаргахдаа хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй илтэд хууль зөрчсөн ажиллагаа болсон. Тиймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга, Ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Бгийн 2020 оны 03 сарын 05-ны өдрийн 2-3/02 тоот Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолоор сэргээн явуулж байгаа ХХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 сарын 08-ны өдрийн 102/ШШ0000/00000 дүгээр захирамжаар Хнь Хүнд машин механизм нийлүүлэх АИ/0004/17 тоот гэрээний төлбөрт 2018 оны 7 сараас хойш графикт заасан төлбөрийг хуваарийн дагуу сар бүр 151.985,63 ам долларыг Ю ХХК-д төлөхөөр талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 19250397 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж төлбөр төлөгч хуулийн этгээдэд төлбөр төлөх талаар мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсныг үндэслэн 2019 дугаар 06 дугаар сарын 18-ны өдрийн 7/607 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.4-т заасны дагуу дуусгавар болгосон. Төлбөр авагч Ю ХХК-ийн 2020 оны 01 сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай хүсэлтийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2-3/02 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 4 сарын 0-0/000 тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 сарын 20-ны өдрийн 4/69 тогтоолоор хүчингүй болгосон. Иймд шүүхийн шийдвэрт заасан графикт хугацааны төлбөр 2019 оны 7 сараас төлөгдөөгүй тул төлбөр төлөгч хуулийн этгээдийн банкин дахь дансыг төлбөрийн дүнгийн хэмжээнд битүүмжлэх, үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, компанийн удирдлагуудын гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх ажиллагааг явуулсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2-3/02 дугаартай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4/69 тоот Тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2-3/02 тоот дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолоор сэргээн явуулж байгаа ХХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ ...ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2-3/02 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахаар шийдвэрлэсэн тул төлбөр төлөгч хуулийн этгээдийн банкин дахь дансыг төлбөрийн дүнгийн хэмжээнд битүүмжлэх, үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, компанийн удирдлагуудын гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх ажиллагааг явуулсан байгаа нь хууль зөрчөөгүй... гэж тайлбарлаж байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ0000/00000 дугаартай захирамжаар Ю ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХХК-д холбогдох 5,635,063,479 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Улмаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1025/ШЗ2019/02540 дугаартай захирамжаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ0000/00000 дугаартай захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсний дагуу 102/ГХ2019/00227 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 19250397 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.
Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болох төлбөр авагч Ю ХХК болон төлбөр төлөгч Х ХХК нь эвлэрч, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн эвлэрлийн гэрээг ирүүлснийг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7/607 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.
Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Бгийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2-3/02 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7/607 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахаар шийдвэрлэсэн байна.
Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2-3/02 дугаартай тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0-0/000 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Х ХХК-д холбогдох 19250397 дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна.
Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дахин 4/51 дугаартай тогтоол гаргаж, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2-3/02 дугаартай тогтоолыг, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/69 дугаартай тогтоол гаргаж 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0-0/000 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх үйл баримтаас дүгнэвэл төлбөр төлөгч Х ХХК-д холбогдох 19250397 дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7/607 дугаартай тогтоол хүчин төгөлдөр байна.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ...ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2-3/02 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсан гэж тайлбарлаж байх боловч уг тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дахин 4/51 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7/607 дугаартай тогтоол хүчин төгөлдөр байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсныг гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2-3/02 дугаартай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4/69 тоот Тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч эдгээр тогтоол нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч байх тул бие даасан нэхэмжлэлийн шаардлага болохгүй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 00000 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхтэй холбоотойгоор нэхэмжлэгч ХХХК-д холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойш хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч ХХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн сэргээн явуулахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 00000 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхтэй холбоотойгоор төлбөр төлөгч ХХХК-д холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойш хугацаанд явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА