| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/01383/И |
| Дугаар | 102/2021/02727 |
| Огноо | 2021-10-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 102/2021/02727
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 38-56 тоотод оршин суух, А овогт Х ... /РД:с/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 61-23 тоотод оршин суух, Д овогт Г ... /РД:д холбогдох,
гэм хорын хохирол 2,373,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х...., хариуцагч Г...., хариуцагчийн өмгөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Знар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.... 2020 оны 6 дугаар сарын 15-нд Г....од зүүн хөлийн шагай хэсэгтээ өшиглүүлсний улмаас зүүн хөлөндөө гурван хугарал авсан. Төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийн хяналтад эмчлүүлж, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хэвтрийн дэглэм сахиж ажил эрхлээгүй. Г....ын учруулсан гэмтэл нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 7138 дугаартай дүгнэлтээр эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл гэж дүгнэлт гарсан. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны 2021/ШЦТ/ 139 тогтоолоор Г....ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Г.... энэ хугацаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд анхан шатны эрүүгийн шүүхээс Г....ыг гэм буруутайд тооцсоны дараа эмчилгээний зардал 991,000 төгрөгийн нөхөн төлбөр төлсөн. Миний бие нь 2013 оноос цагдаагийн байгууллагад тасралтгүй ажилласан бөгөөд миний нэг сарын үндсэн цалин 1,164,615 төгрөг байдаг. 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хоёр сар эмнэлгийн магадлагаагаар ажил эрхлээгүй, харин 9 сард бүтэн ажилласан бөгөөд миний бие дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:
1/ 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 2 сарын хугацааны цалин 2,329,230 төгрөг;
2/ “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр 35,000 төгрөг;
3/ Шүүхэд хандахад бичиг баримтаа баталгаажуулсан нотариатын зардал 9,500 төгрөг, нийт 2,373,730 төгрөг. Хариуцагчийн гэм буруугаас миний эрүүл мэндэд хохирол учирсан. Иймд би ажилгүй байсан хугацааны цалин, эмчид үзүүлсэн үзлэгийн төлбөр, мөн шүүхэд хандахдаа нотариатаар бичиг баримт баталгаажуулсны төлбөр зэргээ хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй. Хариуцагч намайг хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг авах эрхтэй гэж хэлж байна. Гэхдээ би өөрт учирсан бүх хохирлоо хариуцагчаас гаргуулж авна гэж бодсон учир холбогдох баримтуудаа бүрдүүлж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хөөцөлдөж аваагүй гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ер нь бол нэхэмжлэгч Х....ийн буруутай үйлдлээс болж бүх асуудал эхэлсэн. Тэрээр над руу согтуу дайрахад нь би бие хамгаалж, түүнийг өөрөөсөө түлхэж холдуулахад тэрээр унасан. Согтуугийн улмаас унахдаа хөлийн хэсгээ хугалсан. Уг нь бидний хооронд хувийн болон өс хонзонгийн харилцаа байхгүй. Гэхдээ нэгэнтээ эрүүгийн шүүхээс гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн, уг шийдвэрт би гомдол гаргаагүй учир гэм буруугийн тал дээр одоо маргахгүй. Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Х.... нь холбогдох баримт бичгүүдээ өгөөд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг авах бүрэн боломжтой байсан. Гэтэл уг эрхээ хэрэгжүүлээгүй. Хэрэв тэрээр тэтгэмжээ авсан байсан бол миний төлөх төлбөрийн хэмжээ багасах ёстой байсан. Ийм учраас энэ нөхцөл байдлыг шүүхийн зүгээс харгалзаж үзнэ үү. Эмчид үзүүлсэн төлбөр, нотариатын зардлын хувьд маргаад байх зүйл алга гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2021/шцт/139 тоот шийтгэх тогтоолоор Г....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Х....ийн буюу “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Х.... нь хариуцагч Г....од холбогдуулж гэм хорын хохиролд дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:
1/ 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 2 сарын хугацааны цалин 2,329,230 төгрөг;
2/ “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр 35,000 төгрөг;
3/ Шүүхэд хандахад бичиг баримтаа баталгаажуулсан нотариатын зардал 9,500 төгрөг, нийт 2,373,730 төгрөг.
Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчийн буруугаас миний эрүүл мэндэд хохирол учирсан. Иймд би хариуцагчаас эмнэлгийн магадлагаагаар ажиллаагүй хоёр сарын цалин 2,329,230 төгрөг, ...эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр 35,000 төгрөг, нотариатаар бичиг баримт баталгаажуулсны төлбөр 9,500 төгрөг, нийт 2,373,730 төгрөгийг шаардах эрхтэй” гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгээр зохицуулжээ.
Нэгэнт хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй учраас нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрх хуулийн дагуу үүссэн байна. Харин гэм хорыг арилгахад хариуцагчийн гэм буруугаас гадна түүний гэм буруутай үйлдлээс учирсан гэм хорын хэмжээ нотлогдсон байх ёстой.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ.
Нэхэмжлэгч “...2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл гэмтлийн улмаас ажиллаагүй. Харин 2020 оны 9 дүгээр сард бүтэн ажилласан, ...9 дүгээр сарын цалинд 1,164,615 төгрөг авсан” гэсэн тайлбарыг гаргаж, өөрийн тайлбарыг нотлох үүднээс хэрэгт 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ыг баримтаар гарган өгснийг хариуцагчийн зүгээс няцааж, маргаагүй.
Түүнчлэн нотариатын төлбөрт төлсөн 9,500 төгрөг, “Мөнгөн гүүр” эмнэлэгт шагайн үений зураг авахуулахад төлсөн 35,000 төгрөгийн зардлуудыг хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 2 сарын цалин 2,329,230 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг, үзлэгийн төлбөр 35,000 төгрөг, нийт 2,373,730 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах үндэслэлээр багасгаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Х.... нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг өөрийн ажилласан хугацаанаас хамааран хувь тооцуулж авах эрхтэй байсан.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...би хариуцагчаас бүх зардлаа гаргуулж авна гэж бодсон учир холбогдох баримтуудаа бүрдүүлж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг аваагүй” гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд түүний өөрийнх нь эс үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Ийм учраас 2 сарын цалин 2,329,230 төгрөгийн 10 хувь буюу 232,923 төгрөгөөр хэмжээг бууруулж, үлдэх 2,140,807 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г....оос 2,140,807 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х....д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 232,923 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г....оос 49,203 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ