Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2020/ДШМ/31

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                         Прокурор Д.Ганцэцэг

                                                         Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн

                                                         Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэн

                                                         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд

                                                         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат/цахим сүлжээгээр/  

                                                         Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн /цахим сүлжээгээр/  

                                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш /цахим сүлжээгээр/  

                                                         Шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ

                                                         Шүүгдэгч Ц.Доржсүрэн

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ     

                                                         Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, шүүгч Ц.Дагиймаа, Э.Дулмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Хурц-Эрдэнэ, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 1927001990065 дугаартай 6 хавтас хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1 ганцаараа Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 74-839 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 66 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар зүйлчилж ялыг дүйцүүлэн 05 жил 07 сар 09 хоногийн хорих ял болгож сулласан, Халзан овогтой Далайн Хурц-Эрдэнэ /РД:ГП78072119/,

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-4 эхнэр, хүүхэд, хадам ээжийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалчдын 5 дугаар гудамж 129 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, Нийслэлийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1021 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 6 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 407 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ялыг дүйцүүлэн 1 жил 02 сар 13 хоногийн хорих ял болгож хасч сулласан, Мангууд овогтой Цоодолын Доржсүрэн /РД:ЗП78022058/,

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3 аав, ээжийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонтын 26-22 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар ял хойшлогдож байсан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 911 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, Зузаан овогтой Ганбатын Бат-Эрдэнэ /РД:ШЖ87061011/.

 

Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, Ц.Доржсүрэн нар нь 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг Мойлтын 11-1 тоотод оршин суух иргэн Ё.Намжимын гэрт нэвтэрч “Ямандаг”, “Дамдинчойжоо” нэртэй 2 ширхэг бурханыг зэвсгийн чанартай зүйл буюу хутгыг хэрэглэн, хүч хэрэглэж дээрэмдсэн,

Д.Хурц-Эрдэнэ нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бөхийн өргөөний орчимд хууль сахиулагч Ө.Танатыг албан үүргээ гүйцэтгэж явахад нүүрэн тус газарт нь газ цацан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, Ц.Доржсүрэн нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар, Д.Хурц-Эрдэнэд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. 

 

            Анхан шатны шүүх, шүүгдэгч Халзан овогтой Далайн Хурц-Эрдэнэ, Мангууд овогтой Цоодолын Доржсүрэн, Зузаан овогтой Ганбатын Бат-Эрдэнэ нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Халзан овогтой Далайн Хурц-Эрдэнийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар Д.Хурц-Эрдэнэ, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нарыг 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар Д.Хурц-Эрдэнийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Хурц-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар оногдуулсан 08 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 09 /ес/ жилийн хугацаагаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нарт оногдуулсан 08 жилийн хугацаагаар, Д.Хурц-Эрдэнэд оногдуулсан 09 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 91 хоног, Ц.Доржсүрэнгийн цагдан хоригдсон 34 хоног, Д.Хурц-Эрдэнийн цагдан хоригдсон 98 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ ажигласан 20-1З УНИ улсын дугаартай Ниссан Адван маркын автомашины үнэ болох 4000000 төгрөгийг хувь тэнцүү буюу 1333000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан иштэй ажлын хэсэг нь 15 см урттай хутга 1 ширхэг, Sputnat нэртэй претка 2 ширхэг, тал претка 1 ширхэг, NАТО гэх нэртэй шар өнгийн газ 1 ширхэг, 56 см урттай мод, хар өнгийн хуванцар буу 1 ширхэг, блокон хашааны эмтэрсэн хэсэг 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлэн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс өөрчилж, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, тогтоол хүчин төгөлдөр болтол Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Доржсүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Би 2019 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ нартай хулгай хийнэ гэж ярилцаад Өвөрхангай аймгийн Хархорин суманд ирсэн. Тухайн үед Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ нар айлруу хулгай хийнэ гээд явсан, явахдаа зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл авч яваагүй. Би машинд үлдсэн. Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ нар яваад 3-4 минут орчим болоод хүрч ирсэн ба машинд орж ирээд хөдлөөд яваарай гэж хэлсэн. Тэр үед би энэ хоёрыг хулгай хийсэн гэж бодсон. Би энэ хоёртой хулгай хийнэ гэж ярилцаж ирсэн, дээрэм хийх санаа зорилгогүй байсан. Иймд миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие 2013 онд нойр булчирхайн хүнд хагалгаанд орсон. Түүнээс хойш саахарын өвчтэй болсон ба таслагдсанаас хойш сахарын хэмжээ 24.3 хүрсэн. Мөн цөсний чулуутай, бөөрний уураг алдагдалтай, элэгний өөрчлөлттэй гэсэн оноштойгоор 2020 оны 06 дугаар сарын 10-наас 17-ны өдрийг хүртэл 7 хоног Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Иймд миний хувийн байдал болон гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулж, эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Д.Хурц-Эрдэнэ, Ц.Доржсүрэн нарын хамт дээрэмдэх гэмт хэрэгт холбогдсон. Энэ хэрэг болохоос өмнө анх Ц.Доржсүрэн 2019 оны 06 дугаар сарын сүүлээр хэлж байсан. Тэр үед манай найз Равдангийн аавын үлдээсэн бурхан байгаа гэж хэлсэн. Бэр эгчид нь байгаа өгөхгүй юм гэсэн. Хэдүүлээ хулгай хийж авъя гэсэн. Равдан сайн судалж байгаад хэлж өгье гэж байна. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед хотоос гарсан. Хархорин суманд 19 цагийн үед ирсэн. Тэр үед Равдантай Доржсүрэн хэд хэдэн удаа утаар ярьсан. Тэгээд Равдангийн зааж өгснөөр тэр айлыг олсон. Архангай аймаг руу явах замд байдаг Баянгол гэх газар очиж гэр цайны газар орж 3 цуйван идээд шөнө болтол тэнд байсан. Шөнө 02 цаг өнгөрч байхад Хархорин суманд нөгөө айлын арын гудамжинд ирж Д.Хурц-Эрдэнэ бид хоёр хашаа давж орсон. Гэрийн хаалга дотор талаасаа түгжээтэй байсан. Буцаж гараад хашааны урд талаас би архины шилний хагархай олж аваад хашаа давж ороод гэрийн бүслүүрийг шилээр тасалсан. Бас хөшгийг шилээр зүсэж гар орохоор болгосон. Би шилний хагархайг хойд хашаа давуулж шидсэн. Тэр хооронд Д.Хурц-Эрдэнэ хаалгыг онгойлгож гэрт орсон. Би гэрт орж гэрийн зүүн талаар тойрч зүүн хойд авдар дээр байсан гууг үүдэнд аваад ирэх үед Д.Хурц-Эрдэнэ надахаараа яах гэж байгаа юм гээд гууг хага цохиж нэг зүйл авсан. Би жааз, нэг бөөрөнхий боолттой юм аваад шууд гүйн гарч хашаа давж гараад машиндаа сууж явсан. Энэ айлын гэрт ороод гарсан хугацаа 10 секунд болсон. Тэр үед Доржсүрэн машиндаа сууж байсан. Энэ айлын хашаагаар орох үед Доржсүрэн хулгай хийнэ гэж бодож үлдсэн. Яагаад гэвэл Равдан нэг дүлий хөгшин, нэг охин байгаа тэр нь утсаар тоглож байгаад унтдаг болохоор шөнө сэрэхгүй гэж байсан. Дээрэмдэх сэдэл байгаагүй болохоор сэмхэн хаалгыг нь онгойлгож орсон боловч хүмүүс өндийсөн болохоор сандарсандаа шууд гүйн очиж аваад л гарсан. Би цагдан хорих байранд байхдаа хүсэлт гаргаж гэрийн бүслүүр огтолсон архины шил авсан, хаясан газраа зааж өгч зургийг нь авахуулсан. Тэр шилний зураг болон шилийг эд мөрийн баримтаар аваагүй. Гэрийн бүслүүр болон хөшгийг шинжээчээр шинжлүүлээгүй. Мөн хохирогч Б.Дэжид намайг гууг хагалсан гэх боловч Хурц-Эрдэнэ хага цохиж байхдаа гараа зүссэн тэр нь 2 дугаар хавтаст хэргийн 106-109 дүгээр хуудсанд гэрийн шал хэсэгт, хаалганы мод хэсэгт, блокон хашааны дээр хэсэгт гэж нотлогдож байгаа. Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн нь бүрэн нотлогдоогүй байхад ялласан. Хэрэг гарсан үеэс хойш хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Хохирол гомдлоо бүрэн барагдуулсан. Мөн Равдан гэх хүн энэ хэрэгт хамааралтай, оролцоотой гэж хэлж мэдүүлсээр байхад мөрдөн байцаагч, прокурор, шүүх авч хэлэлцээгүй. Тусгаарлаж шийдвэрлэнэ гэж үзсэн. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд суманд Ц.Зоригт, Д.Хурц-Эрдэнэ бид гурав эрүүгийн 1829002350160 дугаартай хэрэгт шалгагдаж байсан. Энэ хэргийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. Энэ бүгдийг дахин шалгахгүйгээр шийдвэрлэсэн. Иймд миний гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

 

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтэндээ: Ганбат овогтой Бат-Эрдэнэ миний бие 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээр 1927001990065 дугаартай хэрэгт 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Д.Хурц-Эрдэнэ, Ц.Доржсүрэнтэй хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж дээрмийн гэмт хэрэг хийснээ хүлээж байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хөгшин жар гарсан аав ээжтэйгээ амьдардаг. Ээж биеийн байдал муу хүн байдаг. Би зүүн хөлний дунд чөмгөндөө имплант төмөртэй хүнд хүчир ажилд  муу. Иймд эрхэм шүүгчид та миний энэ байдлыг харгалзан үзэж миний ялаас хөнгөлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Д.Хурц-Эрдэнийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шийдвэрт гомдолтой байна. 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Ё.Намжимын гэрт хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлж хохирол төлбөрөө барагдуулсан. Тухайн хэрэг үйлдэгдэх үед хутга хэрэглээгүй бөгөөд хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаас зайлшгүй хэрэгт холбоотой яллагдагчид эрх зүйн байдлыг дээрдүүлэх баримт материалыг нарийвчлан шалгаагүй, шалгуулах хүсэлтийг хангаж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 2, 4, 6, 15.4 дүгээр зүйлийн 1, 2, 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж хэтэрхий яллах талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн. Мөн хохирол төлбөрөө барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэгтээ үнэн зөвөөр мэдүүлсэн байтал шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс хутга барьсан байсан, далайсан байсан, тулгасан байсан зэрэг мэдүүлэг зөрүүтэй байсаар атал, тухайлбал гэрч Дэжид /1-р хх-ийн 172-179 хуудас/ махлаг дуу залуу надруу хутга далайсан байсан. Хамт орж ирсэн залуу нь гэрийн зүүн талаар явж гуутай бурхныг авч хаалганы орчим тавиад баруун гараар шилийг хагалж бурханыг авсан. Б.Сарангэрэлийн мэдүүлэгт /1-р хх-ийн 189-191 хуудас/ масктай залуу бор гуутай бурханыг зуухны урд тавиад баруун гараараа хагалж бурхан авсан. Махлаг залуу хутга барьчихсан ална шүү гэж хэлсэн гэх мэт мэдүүлэг зөрүүтэй байсаар атал хэргийн газар болсон бодит явдал би хаалгаар дөнгөж орж ирээд зуухны урд зогсож байсан бөгөөд Г.Бат-Эрдэнэ гэрийн зүүн талаар тойрч гуутай бурханыг миний өмнө авч ирж тавьсан. Би баруун гараар гуутай бурханыг цохиж хагалах үед гараа шилэнд зүсэж газар дуссан цус шүүх шинжилгээний ДНХ шинжээчийн Д.Хурц-Эрдэнийн цус хэргийн газраас бэхжүүлж авсан №1 гэрийн шал, №2 хаалганы мод, №3 блок дээрх цустай тохирч байна гэсэн 57/10 дугаар дугаар дүгнэлтээр /2-р хх-ийн 106-109 хуудас/ тохирч байгаа нь би тухайн нөхцөл байдалд баруун гартаа хутга бариагүй, баруун гараар шил хагалаад бурхан авсан авахдаа гараа зүсээд цус дуссан газар зогсож байсан нь орон дотроо хэвтэж байсан хүмүүст хутга тулгаад зогсож байх боломжгүй. Мөрдөн байцаалтын явцад гэрийн бүслүүр болон хөшгийг шүүх шинжилгээнд явуулж шилээр зүссэн үү, хутгаар зүссэн үү гэдгийг тогтоох боломж байсаар атал тогтоогоогүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд өгсөн

1. /4-р хх-ийн 105 хуудас/ бурхантай айлыг хэн зааж өгсөн, захиалагч байгаа талаар байцаалт өгөх хүсэлт,

2. /4-р хх-ийн 148 хуудас/ анх саатуулагдах үед Ө.Танатаас болж хөлийн 2 өвдөгөнд үүссэн шархны зураг хавтаст хэрэгт хавсаргах хүсэлт,

3. /4-р хх-ийн 65 хуудас/ энэ хэрэг гарах шалтгаан хэрэгт оролцсон хүмүүс, захиалагч, хамжигч байж болох хүнийг шалгуулах хүсэлт эдгээр хүсэлтийг хангасан хангахаас татгалзсан талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 2-т заасан хүсэлт гаргаснаас ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ гэсэн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 2, 4, 6, 15.4 дүгээр зүйлийн 1, 2, 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж хэтэрхий яллах талыг барьж яллагдагч нарын эрхийг хангаагүй гэж үзэж байна.

2019 оны 09 дүгээр сарын 11-ний оройн 20 цагийн үед бөхийн өргөөний урд Ц.Доржсүрэнтэй уулзахаар явж байсан. Уулзах зорилго нь Хархорин сумаас авсан 1 ширхэг бурханыг буцааж эзэнд нь юм уу, цагдаад хураалгая гэж өмнө нь ярилцаж тодорхой яг хэзээ өгөхөө тохирч чадалгүй салаад маргааш нь Доржсүрэн Дундговь аймаг явсан байсан. Энэ бурхан буцааж өгөх талаар яриаг гэрч Э.Эрдэнэцэцэг /5-р хх-ийн 65 хуудас/ мэдүүлэг өгөхдөө хэлсэн байсан. 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагийн үед бөхийн өргөөний урд хар өнгийн приус машинаас буугаад Ц.Доржсүрэнгийн байгаа гэсэн газар очих гээд явж байхад гэнэт араас хүн барьж аваад араас өшиглөж намайг цементэн зам дээр өвдөглүүлсэн. Үүнээс болж хоёр өвдөг зулга татагдаж шархалсан. Энэ үйл явдлыг намайг хүргэж өгсөн хар машины жолооч Цэрэн /5-р хх-ийн 159 хуудаст/ мэдүүлсэн байсан. Тухайн үед Ө.Танат энгийн хувцастай, бичиг баримт үзүүлээгүй хүн гэнэт надад халдахад би цагдаа гэж мэдэх ямар ч боломжгүй байсан. Миний биед тухайн үед үүссэн шарх зовиуртай байсан, хоёр өвдөг улаан нялга болоод цус гоожиж байсан. Тэр үед үүссэн хоёр өвдөгний зургийг хавтаст хэрэгт хавсаргах гэж хүсэлт өгсөн боловч хавсаргаагүй. /4-р хх-ийн 148 хуудсанд шархны зураг хавсаргах хүсэлт байгаа/. Тухайн үед Ө.Танат энгийн хувцастай явж байсан. Бичиг баримт, тэмдэг үзүүлэлгүй надад халдсан нь миний хувьд тухайн хүнийг цагдаа гэж мэдэх боломжгүй эсэргүүцсэн нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн гэм буруугийн зарчим, 1.4 дүгээр зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учир ч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй  байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ гэжээ. Энэ хуулинд Эрүүгийн хуулийн 1.4 зүйлийн 2-т гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэжээ.

Ө.Танат тухайн цаг үед энгийн хувцастай бичиг баримтаа үзүүлээгүй талаар /5-р хх-ийн 68 хуудсанд/ наториатаар баталсан тодорхойлолт хийж өгсөн байна. Тухайн хэрэг болох үед миний бие Ц.Доржсүрэнтэй уулзаж 1 ширхэг бурханыг цагдаад хураалгах талаар ярилцахаар явж байсан нь Ө.Танат цагдаа гэж мэдсэн бол эсэргүүцэхгүй байсан. Оройн харанхуйд 20 цагийн үед гэнэт араас нь хүн ирээд өшиглөж унагаавал ямар ч хүн амь биеэ хамгаалах гэж эсэргүүцэх биз. Миний хувьд нөхцөл байдлыг андуурч цагдаагийн ажилтныг цагдаа гэж мэдэлгүй өөрт учирсан гэмтлээс болж эсэргүүцсэн нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т заасан заалтад тохирно гэж үзэж байна. Тухайн үед Ө.Танат араас өшиглөж унагааснаас болоод хоёр өвдөг зулгарсан шархны зургийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа хорих 423 дугаар ангийн дэргэдэх цагдан хорих байрны тоо бүртгэл хийх үед баримтжуулан авсан байгаа. Иймд миний гомдлыг хянаж үзнэ үү. Мөн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т заасан зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Хохирол төлбөрөө барагдуулсан, хохирогч нар гомдолгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж хэргээ үнэн зөвөөр мэдүүлж байгаа зэргийг харгалзан үзэхийг хүсч байна. Мөн Равдан хэмээх мэдээлэл дамжуулсан, хохирогчийн гэрийг зааж өгсөн, хохирогчийн садан төрөл болох хүнийг шалгуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гаргасан хүсэлтэндээ: Миний бие давж заалдах гомдлоосоо татгалзаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 08 дугаар сарын 23-ны шөнө хохирогч Ё.Намжимын гэрт зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрмийн гэмт хэрэг үйлдээд хутга байгаагүй хэмээн гэм буруугаа хүлээхгүй байсан нь миний буруу. Мөн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр саатуулагдахдаа хууль сахиулах ажилтанг эсэргүүцсэндээ харамсаж байна. Миний хувьд 2001, 2008 онуудад гэмт хэрэг үйлдэж олон жил хорих ялаар шийтгэгдэж ял эдэлж байсан нь миний амар хялбар аргаар мөнгө олох гэсэн өчүүхэн бодлоос, мөн ял эдлэх хугацаанд эцэг, эх хоёроо бурханы оронд явуулчихаад одоо намайг гэх хэн байхав дээ, яаж ч амьдарсан яахав гэсэн тэнэг бодлоос минь гагцхүү миний өөрийн ухамсараас болж гэдгийг ухамсарлаж байна. Би 2007 онд хорих  ангиас суллагдаад нэг жил эрх чөлөөтэй байхдаа нэг бүсгүйтэй танилцаж 2008 онд хүүтэй болсон билээ. Энэ хэрэгт холбогдоод 2020 оны 12 дугаар 17-ны өдөр хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөн суллагдаад анхан шатны шүүхээр шийтгэгдэх хүртэл 6 сарын хугацаанд хүүтэйгээ болон хүүгийнхээ ээжтэй хамт амьдарч өөрийн хүч хөдөлмөрөөр хувиараа автомашины доторлогоо ажиллуулж байгаад шийтгэгдсэн. Энэ богинохон хугацаанд хүний амьдралын утга учир, эцэг хүний аз жаргалыг мэдэрч, эрх чөлөө гэж ямар үнэ цэнэтэй болохыг мэдэрч эрх чөлөөт амьдралд тэмүүлж байна. Би гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Оногдуулсан ялыг дуусгаж суллагдаад дахин гэмт хэрэгт холбогдохгүй сайхан амьдарна. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.  

 

Шүүгдэгч Д.Хурц-Эрдэнийн өмгөөлөгч Д.Дашцэрэн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Д.Хурц-Эрдэнийн давж заалдах гомдолтой танилцлаа. Давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. Учир нь гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд хутга байсан эсэх нь тодорхойгүй, бүх мэдүүлгүүд нь хоорондоо зөрдөг. Эд мөрийн баримтаар хураасан хутга хэрэг гарах үед хэрэглэсэн гэх хутга мөн эсэх нь тодорхойгүй. Д.Хурц-Эрдэнийг баривчлах үед Ө.Танат цагдаагийн ажилтан мөн эсэхээ шалгуулаагүй. Ард хувцастай явсан гэдгээ бичээд нотариатаар батлуулсан баримт хэрэгт хавсрагдсан байхад ял оноосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.  

 

Прокурор Д.Алимаа давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: ...Шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ нараас гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ нь хутга хэрэглээгүй гэж мэдүүлж байгаа хэдий ч хохирогч Б.Дэжидийн “...би юу вэ гээд хэлэхийн завдалгүй тухайн махлаг залуугийн араас туранхай залуу гүйж орж ирэхэд тухайн махлагдуу залуу над руу хутга далайсан байсан бөгөөд би тухайн агшинд юу ч дугарч чадалгүй шоконд орсон” гэсэн, гэрч Ё.Намжимын өгсөн “...махлагдуу залуу нь цаашаа охин, ач хүү ач охины унтаж байсан орны урд баруун гартаа хутга бариад далайгаад зогсчихсон...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Сарангэрэлийн “...баруун гартаа мөнгөлөг өнгөтэй төмөр хутга барьчихсан махлагдуу дунд зэргийн нуруутай залуу нь “ална шүү” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог.

Мөн шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ нь гэм буруугаа огт хүлээдэггүй, өөрсдөө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж хэлж байгаа ч хохирогчийн гэр гэрэлтэй дотор нь хүн байгаа гэдгийг мэдсээр байж, мөн гэрт байгаа хүмүүст нүүр царайгаа харуулахгүйн тулд баг зүүж нүүрээ далдаж орж байгаа нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх гэсэн нөхцөл байдалтай огт нийцдэггүй юм.

Гэм буруугаа хүлээсний улмаас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн зохицуулалтын үндсэн агуулга нь өөрийнхөө үйлдлийн учир холбогдлыг ойлгон ухамсарлаж, уг үйл баримтанд нийцсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн хууль зүйн шинжийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгодог байтал шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ нарын зүгээс өөрсдийн үйлдсэн гэмт хэргийн хууль зүйн дүгнэлт болон үйлдлийн арга дээр маргадаг нь гэм буруугаа хүлээсэн байдалтай адилтган дүгнэх боломжгүй байна.

Шүүгдэгч нараас хохирол төлбөрөө төлсөн гэж мэдүүлж байгаа хэдий ч энэ нь үндэслэлгүй юм. Учир нь уг хэргийн улмаас хохирогчид учирсан 210.000.000 /хоёр зуун арван сая/ төгрөгний хохирлыг шүүгдэгч нар төлж барагдуулсан зүйл байхгүй, цагдаагийн алба хаагч нар нь үүрэг гүйцэтгэх явцдаа биет байдлаар нь 2 бурхныг олж илрүүлэн хохирогчид хүлээлгэн өгч хохирол барагдсан. Шүүгдэгч нарын өөрсдийнхөө гэм бурууг нотлох үүрэггүй мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ нараас гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Доржсүрэнгийн өмгөөлөгч П.Адьяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05-р сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/40-р шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Доржсүрэнд 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулахдаа тухайн гэмт хэрэгт шүүгдэгч нар нь ямар хэмжээний оролцоотой байсныг нарийвчлан тогтоолгүй, адил тэнцүү хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ нар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө өөрсдийн үйлдсэн гэмт хэрэгтээ Ц.Доржсүрэнг оролцсон талаар мэдүүлээгүй байгаа төдийгүй хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад Ц.Доржсүрэн нь тухайн дээрмийн гэмт хэрэгт хэрхэн яаж оролцсон, ямар хэмжээний эд зүйлийг дээрэмдэж, дээрэмдсэн зүйлээ хаана яаж нуусан, зарж худалдсан талаар нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Харин шүүгдэгч Д.Хурц-Эрдэнийн мэдүүлэгт ...бид гурав тухайн бурханыг хулгай хийх зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин суманд ирсэн” гэсэн мэдүүлэг байна. Өөрөөр энэхүү дээрэмдэх гэмт хэрэгт Ц.Доржсүрэн хэрхэн яаж оролцсоныг тодорхой нотлох баримтаар тогтоосон дүгнэлт шийтгэх тогтоолд байхгүй байна. Энэхүү гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Доржсүрэн нь хулгай хийх санаа зорилгоор нэгдсэн байж болох байхад шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ нар нь анхны тохиролцоогоо зөрчиж “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Доржсүрэнд ял оногдуулахгүй байх хуулийн заалттай. Шүүх хуулийг өөрийн үзэмжээр хэрэглэж болохгүй. Ц.Доржсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6-р зүйлийн 2 дахь заалтыг хэрэглээгүй нь буруу гэж үзэж байна. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05-р сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Доржсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих оногдуулсаныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ц.Доржсүрэнгийн өмгөөлөгч Г.Нямсүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Доржсүрэнг бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 8 жил хугацаагаар хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь:

1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1  /дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал/ хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шийтгэх тогтоолд тусгагдсан нотлох баримтуудаас харвал шүүгдэгч Ц.Доржсүрэнгийн хувьд хохирогч Б.Дэжидийн гэрт орж дээрэмдэх гэмт хэрэг буюу шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ нарын гэрт ороод хутга хэрэглэсэн эсэхэд шалтгаант холбоотой үйлдэл Ц.Доржсүрэнгийн хувьд тогтоогдохгүй байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 /дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол/ шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, Ц.Доржсүрэн нар нь анх тухайн гэмт хэргийг үйлдэхээр тохиролцохдоо хулгайлах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхээр хэлэлцэн тохиролцсон нь хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдал бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Доржсүрэнд ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байсан юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг нотлох үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тус бүрд нь тодорхойлох бөгөөд хэрэгт ямар оролцоотой байсан талаар нотлон тогтоох ёстой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 /дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол/ шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт өөрсдийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэргийн сэдэлт, зорилгынхоо талаар үнэн зөвөөр мэдүүлсээр байтал анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр дээрмийн гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Эдгээрийг дүгнэж үзвэл Ц.Доржсүрэнг “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх” гэмт хэргийг Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн үйлдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүгдэгч Ц.Доржсүрэн нь энэхүү гэмт хэргийг буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдээгүй болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дэжид, хохирогч Ё.Намжим, насанд хүрээгүй гэрч Б.Сарангэрэл, Н.Баттүвшин нарын мэдүүлэг зэргээс нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл Ц.Доржсүрэнгийн гэмт үйлдэлд шалтгаант холбоо бүхий үйлдэл /обьектив шинж/, гэм буруугийн санаатай хэлбэр, сэдэлт, зорилго /субьектив шинж/ байхгүй бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж Эрүүгийн хуульд тодорхой хуульчилсан байдаг.

Шүүгдэгч Ц.Доржсүрэн, Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэргийн сэдэлт, зорилго зэргийг зөв тодорхойлвол анхнаасаа дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх зорилгогүй, хулгайн гэмт хэрэг үйлдэхээр тохиролцсон бөгөөд шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ” гэж зааснаар шүүгдэгч Ц.Доржсүрэнтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гүйцэтгэгчийн зөрж гүйцэтгэсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Доржсүрэнд ял оногдуулах ёсгүй юм.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос шүүгдэгч Ц.Доржсүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг огтоос хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шудрагаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх” бөгөөд мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” хэмээн хуульчилсан нь гэм буруугүй хүнд ял шийтгэхээс сэргийлсэн, хүний эрхийг хангахад чиглэсэн зохицуулалт гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс шүүгдэгч Ц.Доржсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Прокурор Д.Алимаа давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: ...Шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нар нь хулгай хийх зорилготой байсан дээрэм хийхээр урьдчилан ярилцаагүй гэж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогддоггүй зөвхөн шүүгдэгч нар л мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч нарын уг мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа нь дангаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нар нь эхнээсээ хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож ярилцсан бол эзэнгүй айлд орж хулгай хийхэд баг зүүж нүүрээ далдлах шаардлагагүй бөгөөд хүн байгааг мэдэж байсан учраас гэмт хэргийн ул мөрийг баллах, гэмт хэргийг илрүүлэхэд саад болох зорилгоор өөрсдийнхөө царайг далдалж нуусан байдаг. Шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн бөгөөд шүүгдэгч Ц.Доржсүрэн нь гадаа автомашиндаа Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ нарыг хүлээж үлдсэн нь уг хэргийг үйлдэх үйлдэл оролцоогоо хувиарласан төдий бөгөөд өөрөөр хэлбэл бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тухайд тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр урьдчилан тохирч, субьектив санаа болон үйлдлээрээ нэгдэж, тухайн хэргийн тухайд гүйцэтгэх үүрэг оролцоог хувиарладаг бөгөөд 1 хүний үйлдсэн гэмт хэргээс нийгмийн аюулын хэр хэмжээ нэмэгдэж, 1 хүний үйлдэж чадахгүй хэргийг хамтарч үйлдсэнээр гэмт үйлдлээ түргэн хугацаанд, төгс гүйцэтгэх, ул мөрийг баллахад дөхөмтэй байдаг хууль зүйн шинжтэй юм. Иймд шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ нар нь уг гэмт хэргийг зөрж гүйцэтгэсэн нөхцөл тогтоогдохгүй, шүүгдэгч Ц.Доржсүрэнгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Иймд гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.

 

Хохирогч Б.Дэжид давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Доржсүрэнгийн давж заалдах гомдолтой танилцсан болно. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Доржсүрэнд 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсаныг хууль журмын дагуу гаргасан шийдвэр гэж бодож байна. Ц.Доржсүрэн мэдүүлэгтээ найз Равдангаас бурхадын талаар мэдээлэл авсан гэж хэлсэн байсан. Доржсүрэн нь Хурц-Эрдэнэ, Бат-Эрдэнэ нартай үгсэн нэгдэж өөрийн унаа машинаар үйлчилж дагуулж ирсэн нь тухайн мэдүүлгээс тодорхой харагдаж байна. Доржсүрэн нь бурхадын талаар мэдээлэл, бодит нөхцөл байдлыг урьдчилан судалж, бүх тохироо цаг үеийг судалж тохирсны улмаас хоёр этгээдийг оруулж өөрөө гадаа нөхцөл байдлыг ажиглан машиндаа хүлээж байсан гэж бодож байна. Энэ хэргийг хэлэлцэн тохиролцсон бүлэглэл дээрэмдсэн гэж үзэж байна. Хэрэг үйлдэх үед манайх гэрэлтэй ээж маань хөл нь өвдөөд орон дээр сууж байсан. Мөн хашаан дотор хоёр машинтай хүмүүс манай дүү болох Гантулгынд ирж хоносон. Хамар хашааны айл унтаагүй байхад шууд орж ирсэн нь Доржсүрэн мэдээлэл авч гэрт ямар ямар хүн хоносныг хүртэл мэдсэний улмаас айж эмээх зүйлгүй төлөвлөснийхөө дагуу хамтрагч болох Хурц-Эрдэнэ, Бат-Эрдэнэ хоёрыг оруулж бурхадыг авахуулсан нь санаатай үйлдсэн дээрмийн хэрэг гэж үзэж байна. Хэрэв хулгайлах зорилгоор ирсэн бол айл гэрэлтэй унтаагүй байхад орж ирэхгүй байсан. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн үдээс хойш бороо орсон болохоор гэрийн бүслүүр нилээд чангарсан байсан. Гэрийн бүслүүрийг шилээр зүсэж тасалсан гэж худал мэдүүлэг өгсөн байсан. Хутгатай орж ирснийг ээж, дүү, хүү болон би өөрөө гэрчлэнэ. Доржсүрэн нь өөрөө удирдан унаагаар хангаж бурхадын авахуулсан болох нь тодорхой байна. Мөн өөрөө машиндаа үлдэж хойшид гарч болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалж үлдэх ганц гарц байж болох юм. Өөрөө орж ирээгүй гэх шалтгаанаар ялыг завших санаа өвөрлөж үлдсэн гэж бодож байна. Иймд хэргийг зөв шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.      

 

Шүүгдэгч Ц.Доржсүрэнгийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шүүхээс Ц.Доржсүрэнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 08 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Тодруулбал:

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэл оролцоог нарийвчлан тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл Ц.Доржсүрэн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд ямар оролцоотой байсан эсэх тухайд хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитойгоор үнэлж дүгнэлт хийгээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Шүүх дүгнэлт хийхдээ: Ц.Доржсүрэн нь бурханыг авахаар урьдаас ярилцаж тохиролцон Улаанбаатар хотоос Хархорин суманд ирсэн, гадаа машиндаа хүлээж байсан, Г.Бат-Эрдэнэ, Д.Хурц-Эрдэнэ нарыг бурхан аваад гарч ирэхэд хамт зугтаасан зэрэг идэвхитэй үйлдлээрээ гэмт хэрэгт нэгдсэн байна. Мөн шүүгдэгч нар хулгайлах зорилготой байсан гэж мэдүүлдэг ч энэ нь хохирогч Б.Дэжид, гэрч Ё.Намжим, насанд хүрээгүй гэрч Б.Сарангэрэл, Н.Баттүшиг нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна гэж дүгнэдэг.

Шүүгдэгч Ц.Доржсүрэн үйлдлээрээ гэмт хэрэгт нэгдсэн эсэх тухайд: Эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гол асуудал бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотлох асуудал байдаг. Гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн байдал, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр гэх мэт. Шүүгдэгч Ц.Доржсүрэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдээгүй талаар анхнаасаа тогтвортой мэдүүлж ирсэн байдаг. Мөн Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ нар ч мэдүүлэхдээ Ц.Доржсүрэнгийн үйлдэл оролцооны талаар тодорхой мэдүүлдэг. Энэ нь хэрэт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлэг болон хохирогч, гэрч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Шүүх Ц.Доржсүрэнг үйлдэл оролцоогоороо дээрэмдэх гэмт хэрэгт нэгдсэн гэж үздэг боловч шүүгдэгч нарын анхнаасаа хулгайлах зорилготой байсан гэж мэдүүлдэг мэдүүлгийг үнэлээгүй. Яагаад үнэлээгүй талаараа ч дурдаагүй байдаг. Ц.Доржсүрэнгийн тухайд дээрэмдэх бус хулгайлах зорилготой байсан талаар анхнаасаа мэдүүлдэг ба энэ нь ч бусад шүүгдэгч нарын “...Ц.Доржсүрэн гадаа машинд байсан...” гэх мэдүүлгүүдээр нотлогддог. Дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэн боловч Ц.Доржсүрэн яагаад гадаа машиндаа байсан талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримт нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход эргэлзээ бүхий байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн тодорхой заалттай.

Мэдүүлгийн нотлох баримтыг үнэлсэн эсэх тухайд: Шүүх шүүгдэгч нар бурханыг хулгайлах зорилготой байсан гэж мэдүүлдэг ч энэ нь хохирогч Б.Дэжид, гэрч Ё.Намжим, насанд хүрээгүй гэрч Б.Сарангэрэл, Н.Баттүшиг нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна гэж дүгнэдэг. Дээрх гэрч нар бол нэг гэр бүлийн гишүүд буюу хоорондоо хамаарал бүхий этгээдүүд юм. Хамгийн гол асуудал бол дээрх гэрч нар гэрт 2 хүн орж ирсэн талаар мэдүүлж шүүх мэдүүлгийг үнэлсэн байдаг. Тэгэхээр Ц.Доржсүрэн тухайн гэрт орж ирээгүй нь харагддаг. Энэ нь Ц.Доржсүрэнгийн өөрийн болон шүүгдэгч Ц.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Энэ байдлаас үзэхэд шүүх мэдүүлгийн нотлох баримтад дүгнэлт өгсөн асуудал ихээхэн эргэлзээ дагуулна. Учир нь шүүгдэгч нарын мэдүүлгээс хулгайлах зорилготой гэж мэдүүлснийг болон Ц.Доржсүрэн тухайн гэрт ороогүй буюу үйлдэл оролцооны тухайд үнэлээгүй, харин гэрч нарын мэдүүлгийг бүхэлд нь үнэлсэн байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” нь харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.2-т хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэрч өөрийн мэдэх зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг хуульчилсан. Шүүгдэгч болон хохирогч, гэрч нарт хууль сануулж мэдүүлэг авсан байдаг боловч тэдний мэдүүлгийг хэрхэн үнэлсэн талаар тодорхой дурдаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, харилцан зөрүүтэй нотлох баримтыг үнэлсэн болон үгүйсгэсэн талаарх үндэслэлээ заагаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ мэдүүлгийн нотлох баримтад ихээхэн ач холбогдол өгсөн байдаг. Мэдүүлгийн нотлох баримт гэдэг бол хувь хүний гадаад мэдэрхүйгээр дамжин биежиж, дотоод ухамсраар илэрхийлэгддэг учир хэргийн ул мөр, эд мөрийн баримт, дуу дүрсний баримт зэрэг баримтат мэдээллээс хүний хүсэл зоригтой шууд холбоотой байдгаараа онцлог ялгаатай тул түүнийг үнэлэхдээ эх сурвалжийн баталгаа агуулгын үнэн зөв байдлыг бодитойгоор шалган тооцох учиртай. Энэ байдлыг хууль сануулснаар бий болголоо гэж үзэж бусад нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй орхигдуулбал мөрдөн шалгах болон шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой төөрөгдөл үүсгэх аюултай. Дээрх байдлаас дүгнэвэл анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Доржсүрэнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиин 39.6 дугаар зүйлийн 1.1-д “...дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2-т “...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3-д “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэх заалт буюу шүүхийн шийдвэрийн Ц.Доржсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлүүд тогтоогдож байна.

 

Иймд Ц.Доржсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т заасан эрүүгийн хариуцлага оногдуулсан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Доржсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө бид гурав хулгай хийх зорилготой гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ц.Доржсүрэнгийн өмгөөлөгч П.Адьяасүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийн хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн. Шүүх шийтгэх тогтоолдоо хүн бүрийн үүрэг бүрийг тогтоож, ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах ёстой. Гэтэл энэ ажиллагааг хийгээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч зөрж гүйцэтгэсэн гэж дүгнэдэг. Үүнийг няцаасан баримт шийтгэх тогтоолд байхгүй.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлд зааснаар зөрж гүйцэтгэсэн бол оролцоогүй хүмүүст ял оногдуулахгүй гэж заасан. Доржсүрэн хулгай хийх сэтгэхүйтэй байсан. Гэтэл хамт явсан хүмүүс зөрж гүйцэтгэсэн. Дээрмийн хэрэгт хамт оролцсон нь зөвхөн машинд сууж байсан гэх нэг л өгүүлбэр байдаг. Машинд сууж байсан нь оролцоогүй гэсэн үг. Доржсүрэнд хулгай хийх санаа зорилго байсан, энэ талаараа хэлдэг. Хүний бодол санаанд шийтгэл оногдуулдаг хуулийн заалт байхгүй. Хүний үйлдэлд шийтгэл оногдуулдаг. Энэ нь Доржсүрэнд ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байдал нь харагддаг. Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, оролцогч нэг бүрийн үйлдлийг зааж, ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах ёстой. Прокурор Д.Алимаа тайлбар гаргахдаа тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн. Бүхэлд нь хүчингүй болгуулах гомдол гаргаагүй. Харин Доржсүрэнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан. Гэрэлтэй байсан түүнийг мэдэж байсан гэж хохирогч тайлбар хэлж болно. Доржсүрэнд дээрмийн гэмт хэрэг үйлдсэн идэвхитэй үйлдэл байхгүй. Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэвэл оролцоог нь харах хэрэгтэй. Тийм учраас давж заалдах гомдлоо дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв.

 

Шүүгдэгч Ц.Доржсүрэнгийн өмгөөлөгч Г.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолыг эсэргүүцэж давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэл тогтоол, прокурорын тайлбар зэрэгт Доржсүрэнг хулгай хийх гэсэн зорилготой байсанг нотолсон нотлох баримт хавтас хэрэгт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримт гэдэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтад мэдээллийг нотлох баримт гэнэ. Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт баримтад мэдээлэл  гэдэг нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг болно. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, гэрчээр өгсөн мэдүүлэг нь бүгд нотлох баримт болно. Энэ нь нотлох баримтаар үнэлэгдэх ёстой. Энэ нотлох баримт нь хавтас хэрэгт бүрэн дүүрэн авагдсан. Улаанбаатар хотоос Хархорин руу явахдаа хулгай хийх зорилготой байсан талаар яллагдагч, шүүгдэгч, гэрчээр мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн. Энэ гурван хүний мэдүүлэг таарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийг зөрж гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, энэ гурван хүний гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, зорилгыг тодорхойлох ёстой. Зорилго нь зөвхөн хулгай хийх зорилготой байсан. Д.Хурц-Эрдэнэ, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамласан. Бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэдэг гэмт хэргийг хоёр, түүнээс дээш олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрмийн гэмт хэргийг санаатай нэгдэж үйлдээгүй учраас Доржсүрэн энэ гэмт хэргийг үйлдээгүй гэдэг нь харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэхээр хуульчилсан. Доржсүрэнгийн тухайд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Бат-Эрдэнэ, Хурц-Эрдэнэ нар нь хулгай хийх зорилготой байсан гэдэг. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн асуудлыг бичсэн байдаг. Доржсүрэн нөгөө хоёроосоо зөрж гүйцэтгэсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Доржсүрэнд ял оногдуулахгүйгээр Ц.Доржсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүгдэгч Ц.Доржсүрэнгийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Ц.Доржсүрэн болон өмгөөлөгч П.Адьяасүрэн, Г.Нямсүрэн нараас гомдол гаргасан. Эдгээр гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Доржсүрэнгийн тухайд шүүхээс хоёр дүгнэлт гаргасан. Урдаас ярилцаж тохиролцоод машиндаа сууж байсан учраас нэгдсэн гэдэг. Шүүгдэгч нар хулгайлах зорилготой гэж мэдүүлдэг боловч эдгээр мэдүүлэг хохирогч, гэрч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Нэгдсэн эсэх дээр шүүх дүгнэлт хийхдээ Улаанбаатар хотоос цуг машин унаж явсан гэдэг үйлдлээр нэгдэж байгаа боловч ямар шалтгааны улмаас гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, гэмт хэргийн санаа, сэдэлт, зорилго гэх мэтийн энэ талын нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Ц.Доржсүрэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй. Анхнаасаа хулгай хийх санаа зорилготой байсан талаар мэдүүлгийн нотлох баримтууд хангалттай авагдсан. Энэ талаараа мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл тогтвортой мэдүүлж ирсэн. Хулгайлах санаа, сэдэлттэй байсан гэдэг нь харагдаж байна. Дээрэмдэх санаа сэдэлт байсан талаар яаж нотолж байгааг шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Энэ талаар хамаарал бүхий нотлох баримт байхгүй, эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ. Мэдүүлгийн нотлох баримтыг шүүх үнэлсэн асуудал байдаг. Хулгайлах зорилготой байсан гэдэг нь хохирогч, гэрч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгээр нотлогдохгүй байна гэдэг. Гэрч нарын мэдүүлгийг дэмжсэн өөр нотлох баримт хэрэгт байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь харагддаг. Мэдүүлгийн нотлох баримт гэдэг нь хууль сануулж мэдүүлэг авдаг. Хууль сануулж авч байгаа нь хэрэгт авагдсан мэдүүлгийн нотлох баримтыг хэрхэн яаж үнэлэх вэ гэдгийг тайлбарлана. Шүүх харилцан зөрүүтэй мэдүүлгийн нотлох баримтыг үнэлэхдээ маш хангалтгүй үнэлэлт дүгнэлт өгсөн. Энэ нь шийтгэх тогтоолыг хүчингүй болох өөрчлөгдөх асуудлыг үүсгэнэ. Өмгөөлөгч П.Адьяасүрэн болон Г.Нямсүрэн нарын гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

 

Шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүсэлт өгөөд гомдлоосоо татгалзсан. 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос гарахдаа бид гурав хохирогч Намжимынхаас бурхан хулгай хийх зорилготой явсан. Намжимын гадаа Доржсүрэнг үлдээгээд Бат-Эрдэнэ бид хоёр гэрт орсон. Гэрт нь ороход гэрэл нь асаалттай байхаар нь хутга гаргаад ирсэн. Би үүдэнд зогсож байсан. Бат-Эрдэнэ Гүнгэрвааны шилийг хагалаад бурхныг авсан. Гэмт хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Танат цагдаа энгийн хувцастай явж байсан. Орой харанхуй болж байхад гэнэтхэн миний араас өшиглөсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн цагдан хорих байрны тоо бүртгэгчээр зураг авахуулж  баталгаажуулсан. Энэ талаар манай өмгөөлөгч ярих байх. Намайг цемент дээр өвдөглүүлсэн. Тухайн үед цагдаа гэж бодоогүй. Уурандаа эсэргүүцсэн. Хууль сахиулагчийг эсэргүүцсэнээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Хавтас хэрэгт Танатыг саатуулах үед гар утас нь эвдэрсэн гээд 300000 төгрөг нэхэмжилсэн байсан. Танат руу 300000 төгрөг шилжүүлсэн баримт хавтас хэрэгт байгаа. Хохирогч Намжимд дээрэмдэх үед 1500000 төгрөгийн хохирол учирсан гээд Доржсүрэнгийн мобайл банкаар шилжүүлсэн баримтын хуулга хавтас хэрэгт байгаа. Хохирол төлбөрөө барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Д.Хурц-Эрдэнийн өмгөөлөгч Ю.Батболд шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүх хуралдаанд Д.Хурц-Эрдэнийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байна. Хурц-Эрдэнэ гэм буруугаа хүлээж, үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээсэн үйлдлээ хэлж байсан. Иймд Хурц-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу гуравны хоёроос хэтрүүлэхгүй ял оногдуулж, гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй байгаа учраас 8 жилийн ялаас хөнгөрүүлж өгнө үү. Тухайн үед Танат нь Хурц-Эрдэнийг баривчлахдаа би цагдаагийн хүн гэдгээ хэлээгүй, хууль сануулаагүй. Цагдаагийн хувцастай яваагүй энгийн хувцастай явдаг. Үүнийг гэрчлэх нотлох баримт 5 дугаар хавтаст хэргийн 159-160 дугаар хуудсанд гэрч Цэрэнгийн мэдүүлэг дээр тодорхой байдаг. Цэрэн нь бөхийн өргөө хүртэл яваад, бөхийн өргөөний урд талын хаалган дээр буулгасан. Тухайн үед Хурц-Эрдэнийг буулгах үед машины хажууд байсан өндөр, гонж өмссөн залуу зогсож байсан. Би царайг нь харж чадаагүй. Залуу Хурц-Эрдэнийн араас очоод шилэн хүзүүнээс барьж аваад өшиглөж унагаасан гэх мэдүүлэг өгсөн. Тухайн үед Хурц-Эрдэнэ өөрийг нь дээрэмдэх гэж байна, эсхүл өөрт нь халдах гэж байж хандсаны улмаас эсэргүүцэл үзүүлсэн байдаг. Тэрний улмаас өөрөө хохирсон байдаг. Хохирсон хоёр өвдөгний зураг нь байна. Дээрээс нь дараад дэвссэн байсан учраас хоолойгоо хэрчсэн притек хавтас хэрэгт байдаг. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээж, үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэж эдлэх ялаас хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Д.Хурц-Эрдэнийн өмгөөлөгч Д.Дашцэрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Д.Хурц-Эрдэнийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хавтас хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон гэж анхан шатны шүүх үзсэн. Д.Хурц-Эрдэнэ мөрдөн байцаалтын шат болон анхан шатны шүүх хуралдаан дээр мод байсан гэж хэлдэг. Шүүгдэгч өөрийнхөө гэм буруутайг нотлох үүрэг хүлээхгүй. Одоо үнэнээ хэлж байна, үүнийг шүүх анхаарч үзээсэй. Хэрэг гарах болсон шалтгаан нь эдгээр хүмүүс тэр айлд бурхан байгааг мэдэхгүй байж яагаад дээрмийн гэмт хэрэг хийсэн, захиалагч буюу мэдээлэл хүргэсэн хүн байгаа эсэхийг хамт шалгах ёстой байсан боловч шалгаагүй шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Энгийн хувцастай, мэдээлэл өгөлгүй шууд эрх чөлөөнд халдсан учраас Хурц-Эрдэнэ эсэргүүцэл үзүүлсэн. Цагдаа байна гэдгээ хэлсэн бол шууд эсэргүүцэхгүй. Ингэж зүйлчилж болохгүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгч гэм бурууг хүлээж, хохирлоо барагдуулсан, гэмшиж байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хөгшин эцэг, эх хоёртойгоо хамт амьдардаг. ...Айлд ороход гаднаас гэрэлтэй байгаа нь мэдэгдээгүй. Өрхийг нь бүтээсэн байсан. Гэрт хэн хэн байгаа талаар Равдан гэх хүн утсаар ярьж хэлж байсан. Нэг хөгшин, хүүхэд байгаа тэд нар нь бүгд унтсан гэж. Гэрэл нь асаалттай байгааг орох үедээ мэдсэн. Гаднаас нь хараад мэдэх боломж байгаагүй. Гэрэлтэй байсан бол бид шууд буцаад явах байсан. Гэрэлтэй байгаа нь мэдэгдээгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний бие шүүгдэгч Г.Бат-Эрдэнэтэй хууль зүйн туслалцааны гэрээ байгуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Бат-Эрдэнэ гомдол гаргасан боловч гомдлоосоо татгалзаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хэрэгт шүүхээс анхаарч үзэх зүйл байна. Өмгөөлөгч болон шүүгдэгч нар Равдангийн үйлдэл оролцооны талаар анхан шатны шүүхэд хэлдэг. Зайлшгүй шалгах шаардлагатай байсан. Үүнийг шалгахгүйгээр хэргийг шийдвэрлэх нь учир дутагдалтай. Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн тал дээр маргаан дагуулдаг. Мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн ажиллагаанууд дээр гэрийн бүслүүр, хаалганы бүслүүр зүссэн асуудалд шинжээч томилоогүй. Гэвч манай үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү гэв.

 

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нар болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудтай танилцсан. Гомдлуудыг сонслоо. Хяналтын прокурор Д.Алимаагийн гаргасан тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Энэ хэрэг 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан. Хэрэг гарах үед гэрт Намжим, Дэжид, Дэжидийн хүү Баттүшиг, ач охин Сарангэрэл зэрэг хөгшин, бүл чадал муу хүмүүс гэртээ байсан. Тухайн айл гэрэлтэй байсан. Энэ үед тухайн айлд хоёр этгээд нэвтэрсэн. Анхнаасаа дээрмийн санаа, зорилготой байсан нь харагддаг. Шүүгдэгч нар тухайн айлд ямар эд хөрөнгө байдгийг тооцоолсон байна. Хулгай хийх санаа зорилготой байсан юм бол гэрт нэвтрэхгүйгээр буцаад явах боломжтой байхад яваагүй юм. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Хутга хэрэглээгүй гээд гомдол гаргасан байна. Гэтэл хохирогч Дэжидийн мэдүүлэгт махлагдуу залуу над руу хутга далайсан байсан. Тухайн агшинд юу ч дугарч чадахгүй шоконд орсон. Хохирогчийн мэдүүлгийг нотолж байгаа гэрч Намжимын өгсөн мэдүүлэгт баруун гартаа хутга бариад  далайгаад зогсчихсон. Насанд хүрээгүй гэрч Сарангэрэл би юу гэж өндийтөл орны баруун хэсэгт мөнгөлөг өнгөтэй төмөр хутга барьчихсан, махлагдуу дунд зэргийн нуруутай залуу ална шүү гэж хэлсэн гэсэн мэдүүлгүүд байна. Мөн 102 тоот утсанд дуудлага өгөхдөө хутга тулгаж байгаад манай бурхныг аваад явсан гэх мэдүүлэг ч байдаг. Дээрмийн хэрэг биш, хутга хэрэглээгүй гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Доржсүрэн автомашиныг унаад энэ хоёр шүүгдэгчтэй явсан гэдэг нь нотлогддог. Доржсүрэн дээрмийн  гэмт хэрэгт оролцоогүй нөгөө хоёр нь зөрж гүйцэтгэсэн байна. Хулгай хийнэ гэж байгаад дээрэм хийсэн гэх зүйл яригдаж байна. Доржсүрэн нь Хурц-Эрдэнэ, Бат-Эрдэнэ нартай үйлдэл, санаа зорилгоор нэгдэж энэ гэмт хэрэгт оролцоогүй бол энэ талаар хуулийн байгууллагад мэдээлэх боломж түүнд байсан. Мөн гэрч Мөнхбаярын мэдүүлгээр манай дэлгүүрээс хоёр залуу орж ирээд 2 хар маск аваад гарсан нь манай дэлгүүрийн камерийн бичлэгт үлдсэн байсан. Хулгай хийх зорилготой хүмүүс яагаад урьдчилан маск бэлдээд байгаа нь сонин. Хутга барьсан, маск зүүсэн, гадна машин тэрэгтэйгээ очсон. Гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо, энэ гэмт хэргийг шүүгдэгч нар үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа учраас ашигтай байдлаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдсон. Энэ хэрэг хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Халзан овгийн Далайн Хурц-Эрдэнэ, Зузаан овогтой Ганбатын Бат-Эрдэнэ, Мангууд овогтой Цоодолын Доржсүрэн нар нь 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг Мойлтын 11-1 тоотод оршин суух иргэн Ё.Намжимын гэрт нэвтэрч “Ямандаг”, “Дамдинчойжоо” нэртэй 2 ширхэг бурханыг зэвсгийн чанартай зүйл буюу хутгыг хэрэглэн, хүч хэрэглэж дээрэмдсэн болох нь хохирогч Б.Дэжид, гэрч Ё.Намжим, насанд хүрээгүй гэрч Б.Сарангэрэл, Н.Баттүшиг, гэрч Э.Золбаяр нарын мэдүүлэг, шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, Ц.Доржсүрэн нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд,

 

Халзан овгийн Далайн Хурц-Эрдэнэ нь мөн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бөхийн өргөөний орчимд хууль сахиулагч Ө.Танатыг албан үүргээ гүйцэтгэж явахад нүүрэн тус газарт нь газ цацан хүч хэрэглэж эсэргүүцсэн болох нь хохирогч Ө.Танат, гэрч П.Пүрэвдорж, Н.Золбоо нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Хурц-Эрдэнийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.  

 

Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тэдний гэм бурууд тохирсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчөөгүй, шүүгдэгч Ц.Доржсүрэн болон түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн, П.Адьяасүрэн, шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ, шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нарын давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг 90 хоног цагдан хоригдсоныг 91 хоног, Ц.Доржсүрэнг 32 хоног цагдан хоригдсоныг 34 хоног, Д.Хурц-Эрдэнийг 95 хоног цагдан хоригдсоныг 98 хоног цагдан хоригдсон гэж буруу тооцжээ.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нар анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 99 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

    5 дахь заалтын: Г.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон “91” гэснийг “90”, Ц.Доржсүрэнгийн цагдан хоригдсон “34” гэснийг “32”, Д.Хурц-Эрдэнийн цагдан хоригдсон “98” гэснийг “95” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Д.Хурц-Эрдэнэ, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нарын  2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 99 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.