Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 00061

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                  Г.Ганцэцэг

             Улсын яллагч                                Д.Уранчимэг

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                А.Хандмаа

                         Шүүгдэгч                                               Б.Амарбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн Б.Амарбаясгаланд холбогдох 201718020102 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1963 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг Точекийн байрны 3-4 тоотод оршин суух хаягтай, урьд  Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 01 жил 06 сар хорих ялаар шийтгүүлж 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /М3:63101010/ Бальд овог Бальдирын Амарбаясгалан.

Прокуророос үйлдэж ирүүлсэн Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолоор:

 

Яллагдагч Б.Амарбаясгалан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 18-19-ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг, точекын 3-4 тоотод Д.Ганбаатартай намайг хужаагийн шээс гэлээ гэж маргалдан, улмаар Д.Ганбаатарыг хутгалж бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Амарбаясгалан мэдүүлэхдээ: ... 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ганбаатар Баруунхараагаас галт тэргээр ирлээ, танайд очсон чинь хүн байхгүй байна гээд над руу утсаар ярьсан. Тэгээд удалгүй Ганбаатар над дээр согтуу ирсэн. Тухайн үед би захиргаан дээр ажил хөөцөлдөөд явж байсан юм. Би Ганбаатарыг хаана ингэтлээ архи уучихсан юм бэ гэсэн чинь өглөө Баруунхараагааас гарахдаа уусан юм гэж хэлсэн. Тэгээд намайг хоёулаа дэлгүүр оръё гээд бид хоёр захиргааны урд талын хүнсний дэлгүүрээс нэг шил архи аваад гадаа сууж ууя гэхээр нь Ганбаатарыг чи надад ганц нэг хоног түлээ бэлдэхэд, мод хөрөөдөхөд тусла гээд манайд очоод ууя гээд би дагуулаад явсан. Тэгээд гэрт очоод архиа ууж дуусгасан. Тэгээд бид хоёр дахиад манай хажуу талын “Дэвшил” нэртэй дэлгүүрээс 0.5 граммын  архи орж авсан. Тэр архиа гэрт орж уугаад байж байтал Ганбаатарын дуу чангараад ирсэн. Би... манай  хажуу талын айлд жаахан хүүхэд байдаг юм. Чи жаахан чимээгүй  ярь гэсэн чинь Ганбаатар над руу муусайн цэрэг, цагдаагийнхан та нар дандаа хүн захиргааддаг гээд орилоод байсан. Тэгээд бид хоёр хойд өрөөнд сууж мууталцаж байгаад унтсан. Тэрнээс хойшхи болсон явдлыг сайн санахгүй байна. Нэг мэдсэн өглөө болчихсон байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

                   Хэрэг бүртгэлтэнд хохирогч Д.Ганбаатар мэдүүлэхдээ: … 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр би Баруунхараагаас Зүүнхараад суудлаар ирээд Амарбаясгалангийн гэрт очсон чинь Амарбаясгалан гэртээ байхгүй байхаар нь гудамжинд таарсан хүний утас гуйж Амарбаясгалан луу ярьсан чинь Захиргаан дээр байна гэхээр нь би очиж Амарбаясгалантай уулзаад бид хоёр хүнсний зах орж 0.33 граммын Хараа архи авч бид хоёр Амарбаясгалангийн гэр лүү явж байхдаа уусан юм. Тэгээд гэрт нь орохоосоо өмнө дахиж 0.5 граммын архи авч гэрт нь орж хувааж ууж байтал Амарбаясгалан согтчихоод намайг буриад энэ тэр гээд доромжлоод байхаар нь би бас Амарбаясгаланг хятадын шээс гэж маргалдсан юм. Тэгээд Амарбаясгалан намайг гал тогооны өрөөндөө дарж унагаад ганц хоёр удаа шанаа хэсэг рүү цохьсоноо цээж хэсэг рүү хутгаар хатгах шиг болсон. Тэгээд би босоод хартал гайгүй юм шиг байсан. Тэгээд бид хоёр хэн хэн нь согтчихсон байсан болохоор хойд өрөөнд нь ороод унтсан.Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өглөө Амарбаясгалангийн дүү Амарсанаа орж ирээд юу болов гээд миний цусыг харчихаад цагдаа, эмнэлэг рүү утасдаад байсан. Тэгээд би эмнэлэг дээр ирээд үзүүлж эмнэлэгт хэвтсэн. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /ХХ-27 дугаар хуудас/

       2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №89 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

       1. Ганбаатарын биед хамрын үзүүр, цээжний голоор олон тооны зүсэгдсэн шарх, цээжний гол, баруун хөхний дээд хэсэг, зүүн хавирганы нум орчим, хэвлийн зүүн талд зүсэгдсэн шарх, духны хэсэгт халцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн олон удаагийн хатгах, зүсэх, цавчих зэрэг үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

       3. Дээрх гэмтлүүдийг хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй.

       4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       5. Цаашид өрөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 30 дугаар хуудас/

                   Хэрэг бүртгэлтэнд Б.Амарбаясгалан мэдүүлэхдээ: … 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр би Захиргаан дээр ажил хөөцөлдөөд явж байсан чинь Д.Ганбаатар над руу хүний утсаар хаана байна гэж утасдахаар нь би Захиргаан дээр байна гэсэн чинь би яваад очъё гээд удалгүй дахиад утасдахаар нь би шүүхийн гадаа сууж байна гэсэн чинь намайг урагшаа барааны захын тийшээ хүрээд ирээч гэхээр нь би барааны зах руу алхаж байтал урдаас гараад ирсэн. Тэгэж ирэхдээ жаахан халамцуу байсан. Тэгээд бид хоёр хүнсний зах ороод хамт 0.33 граммын Хараа архи аваад бид хоёр манайх руу явах замдаа Д.Ганбаатар нөгөө архинаасаа жаахан уугаад бид хоёр манайх руу очоод тэр архиа ууж дуусгаад Д.Ганбаатар дахиж 1 шил архи авъя гэхээр нь би 1000 төгрөг өгөөд дахиж 1 шил архи авч хувааж уусан юм. Тэгээд Д.Ганбаатар намайг хужаагийн шээс муусайн цагдаа нар гээд орилохоор нь би хойд талын айлд жаахан хүүхэд байгаа чимээгүй гээд бид хоёр мууталцаж маргалдсан. Тэгээд би Д.Ганбаатарыг гал тогооны өрөөнд оруулж дээр нь гарч цохиж байхдаа гартаа цагаан өнгийн эвхдэг хутгаа барьсан байснаа санаж байна. Би их согтсон байсан болохоор яг хутгалж байснаа сайн санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн чинь өглөө сэрэхэд Д.Ганбаатар хойд өрөөний орон дээр нүүр нь цус болчихсон унтаж байсан. Тэгээд би дүү Амарсанаа руу утасдсан чинь утсаа авахгүй байхаар нь Алтанбүс эгч рүү утасдаад би хүн алчихсан юм шиг байна гэж хэлсэн юм. Тэгээд удалгүй манай дүү Амарсанаа орж ирээд эмэнэлэг рүү хэлж байсан. Тэгээд цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх рүү хүргэсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 37,40 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 41 дүгээр хуудас/, Шүүгдэгч Б.Амарбаясгалангийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /42 дугаар хуудас/, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №115 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 44 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.       

           Шүүгдэгч Б.Амарбаясгалан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 18-19-ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг, точекын 3-4 тоотод Д.Ганбаатартай намайг хужаагийн шээс гэлээ гэж маргалдан, улмаар Д.Ганбаатарыг хутгалж бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

                   Хэрэг бүртгэлтэнд хохирогч Д.Ганбаатарын мэдүүлэг /ХХ-27 дугаар хуудас/, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №89 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт /ХХ-ийн 30 дугаар хуудас/, Хэрэг бүртгэлтэнд Б.Амарбаясгалангийн мэдүүлэг /ХХ-ийн 37,40 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Амарбаясгалан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 18-19-ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг, точекын 3-4 тоотод Д.Ганбаатартай намайг хужаагийн шээс гэлээ гэж маргалдан, улмаар Д.Ганбаатарыг хутгалж бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Гэвч шүүгдэгч Б.Амарбаясгалангийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 01 жил 06 сар хорих ялаар шийтгүүлж 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал дууссан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай баримт үйлдэж нотариатаар батлуулж хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байх тул Б.Амарбаясгаланд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Амарбаясгаланд өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй  байна.

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаарзүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

                 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бальд овогт Бальдирын Амарбаясгаланг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Амарбаясгаланд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Амарбаясгаланг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

3. Энэ хэрэгт Б.Амарбаясгалан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай. 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг, эвхдэг, цагаан металл өнгөтэй хутга /тонгорог/-ийг устгасугай.

5. Б.Амарбаясгаланд өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ж.ЭРДЭНЭБАТ.