Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/360

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

  Улсын яллагчаар М.Мөнхтайван,

  Шүүгдэгч Н.О, түүний  өмгөөлөгч М.Ө,

   Хохирогч Б.Л, түүний өмгөөлөгч Ш.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,   

  Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.О холбогдох эрүүгийн ___ дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, ____ төрсөн, ___ настай, эрэгтэй, ___ боловсролтой, мэргэжилгүй, ___, ам бүл ____ оршин суух хаягтай, Н.О

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Н.О нь Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Б.Лтэй дуудсан хоригдол буцааж явууллаа гэдгээр шалтаглан маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд “зүүн бугалгад цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, хамарт зулгаралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:

Шүүгдэгч Н.О нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

 

Хохирогч Б.Л нь мэдүүлэхдээ: “Би 5 дугаар сарын 11-ний өглөө 9 цагийн үед ээлж солигдохын өмнө Н.О ах гаднаас орж ирсэн. Яг өмнө нь нэг хоригдол ирээд чамайг хэн дуудсан юм бэ гэсэн чинь “дуудсан хүнийхээ нэрийг мэдэхгүй” байсан. Тэгэхээр нь би чи “тоогоо өгчхөөд буцаад хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд Н.О орж ирээд миний дуудсан хүн байна уу гэхээр нь “би сая тоо өгөх гээд явсан” гэж хэлсэн. Намайг “чи миний үс засуулах гэж байсан хоригдлыг явууллаа” гээд намайг нүүр лүү цохисон. Камер тусдаггүй газрыг мэддэг юм байна лээ. Үүдний хэсэгт бид хоёр нэлээн зууралцаж байгаад салсан. Бид нар ээлжээ хүлээлгэж өгчхөөд явах гээд байж байтал Цэдэн-Ишийг дуудаад машинд чинь Лхагваа байна уу гэж асуусан. Намайг суучих гэж хэлэхээр нь суугаад явсан. Машин дотор явж байхад бид хоёр ерөөсөө маргалдаагүй. Харин 500 метр гаран яваад зогсоод “чамайг алаад өгнө буугаад ир” гэсэн. Машинаас буух гээд байж байтал намайг тэвэрч унагаагаад, толгой нүүр лүү хөшиглөсөн. Цэдэн-Иш машинаас бууж ирээд юу болоод байна гээд салгасан. Намайг болон миний гэр бүлийг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь миний уур маш их хүрсэн. Машиныхаа араас төмөр гаргаж ирээд намайг 2-3 удаа цохисон.  Ахын дүү зүгээр үү “ахдаа зодуулсан хийморь сэргэнэ” гэж хэлсэн. Цэдэн-Ишид банкны картаа өгч буулгаад нэг шил архи, 1.5 литрийн ус авхуулсан. За “ахын дүү нүүр гараа угаагаад архинаас уу” гэхээр нь би уугаагүй. Би гэр лүүгээ орчхоод эмнэлэг ороод яаралтай бичиг аваад цагдаад гомдол гаргасан. Сэтгэл санааны хохирол болон шатахууны зардал 321.000 төгрөгөө нэхэмжилнэ. Одоо гомдол саналгүй.” гэв.

           

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

            Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол / 1хх-ийн 23-25 дугаар хуудас,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Н.О нь Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Б.Лтэй дуудсан хоригдол буцааж явууллаа гэдгээр шалтаглан маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд “зүүн бугалгад цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, хамарт зулгаралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Лгийн... Тэгээд Н.О орж ирээд миний дуудсан хүн байна уу гэхээр нь би сая тоо өгөх гээд явсан гэж хэлсэн. Намайг чи миний үс засуулах гэж байсан хоригдлыг явууллаа гээд намайг нүүр лүү цохисон..., мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Лгийн... Н.О гэх залуу гаднаас орж ирээд миний дуудуулсан хоригдлыг буцаагаад явуулсан байна “муу гуйлгачин, хулгайч, муу пизда банди минь” гээд шалган дотор намайг алгадаад үүдэн хэсэг рүү чирж очоод нүүр лүү хэд цохиод ээлж хүлээлцэх болоод бид хоёр, хоёр тийшээ явсан..., Тэгээд ээлж хүлээж дуусаад гэрлүүгээ хүнээр хүргүүлэх гэтэл Н.О ирээд миний машинд суучих хамт сумын төв орьё гэхээр нь “за бас эр хүмүүс байна учир зүйгээ олох байх” гээд машинд нь суутал замдаа явж байгаад хорих ангиас 500 метр орчим яваад машинаа зогсоож, унтраагаад бууж ирээд одоо алаад өгье чамайг, машинаас буугаад ир гээд байсан би машинаас буугаад очтол намайг тэвэрч унагаад нүүр лүү хэд хэдэн удаа өшиглөж толгой хэсэг рүү дэвссэн, тэр хооронд машинаас ахлах ахлагч Цэдэн-Иш бууж ирээд “болицгоо” гээд салгаад намайг бариад болицгоо гэтэл Н.О машины араас 70 см урттай зэвтэй төмөр гаргаж ирээд “чи надаас уучлалт гуй, пизда минь, банди минь танайхан бүгд хулгайч биз дээ” гэж дайраад байхаар нь цохь наадхаараа гэтэл баруун гарын булчин хэсэг рүү барьж байсан төмрөөрөө нэг удаа цохихоор нь “би явлаа” гээд явган алхаж байтал араас Цэдэн-Иш машинтай ирээд юу болоод байгаа юм одоо суу явъя гээд машинд суулгаад сумын төв явах замдаа “би чамайг ер нь ингэж зодно” гэж бодож байсан юм гэж хэлээд “Dream” гэх дэлгүүр рүү ороод нэг шил архи, хоёр том ус авч орж ирээд ийшээ явж нүүр гараа угаа, үүнээс уу ахдаа зодуулсан юм чинь “хийморь чинь сэргэнэ” гээд бодчих гэсэн тэгэхээр нь би үгүй гэж хэлээд гэрийнх нь үүднээс машинаас буугаад гэрлүүгээ явган алхаж ирсэн... гэх мэдүүлэг, хохирогч Б.Лгийн дахин өгсөн...“Би мөн адил машинаас нь бууж байхад Н.О нь унагасан ба би гараараа тулж газар унасан, тухайн үед гаранд гэмтэл учраагүй. Унасны дараа Н.О миний нүүр хэсэгрүү 2-3 удаа өшиглөөд байж байтал Цэдэн-Иш машинаас бууж салгасан. Салсны дараа бид хоёр маргалдаж байтал Н.О портерны суудлын араас 70 орчим см урттай зэвтэй лафатик маягийн төмөр гаргаж ирээд 2-3 удаа цохих гэж далайхаар нь би “цохь” гэтэл миний зүүн гарын бугалга хэсэгт цохисон. Цохисных нь дараа би уурлаад сум чигтээ алхсан. Араас Н.О, Цэдэн-Иш нар ирээд намайг сумын төв явсан. Ийм л зүйл болсон. Миний зүүн гар руу цохисон. Анх мэдүүлэг өгч байсан болохоор сандраад, тэгж мэдүүлсэн шиг байна..., ямар ч байсан миний зүүн гар руу нэг удаа төмрөөр цохисон. Гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг, гэрч А.Цэдэн-Ишийн...Би 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ээлжтэй байгаад 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ээлжнээс буугаад Н.Оын машинд суугаад сумын төв орох гэтэл Л хамт явж байсан. Тэгээд хорих ангийн үүднээс хөдлөөд жаахан яваад тэр хоёр хоорондоо хувцасаа тайлаад зодолдоод эхэлсэн. Би цүнхээ тайлаад буух хооронд Н.Оын дээд уруулнаас цус гарсан. Л хамарнаас цус гарсан байсан... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газар Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 278 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд Б.Лгийн биед баруун зүүн бугалгад цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, хамар зулгаралт, нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо..., дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна..., дээрх зүүн бугалганд үүссэн цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...,” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 921 дугаартай шинжээчийн дүгнэлтэд...Төв аймгийн ШШХ-н эмч И.Ганболорын гаргасан 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 278 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна..., Б.Лгийн биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, хамар, зүүн бугалганы цус хуралт, зулгаралт гэмтлүүд учирчээ.., дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна..., Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт, шүүгдэгч Н.Оын яллагдагчаар өгсөн...Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангил хамгаалалтын ажилтан хийдэг юм. 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн үед би анги дээрээ жижүүртэй байсан бөгөөд би үсчин хоригдлоос юм асуух гээд шалган дээр дуудуулахад тухайн үед мөн жижүүртэй байсан хамгаалалтын ажилтан болох Л үсчин хориглыг шалганаас буцаагаад оруулсан байсан. Тэгэхээр нь би Л дээр очоод “дуудуулсан үсчин хоригдол яасан бэ” гэсэн чинь “оруулсан” гэхээр нь миний уур хүрээд Лд хандаж “хэн дуудсныг нь лавладаггүй юм уу, эргүү пизда минь” гээд нүүрлүү нь нэг удаа гараараа мангасдсан чинь Л миний бөгс хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад шалганы гадна нэг нэгнийхээ нүүр хэсэгт хоёр, хоёр удаа цохилцож байгаад ээлж хүлээлцэх цаг болсон болохоор нь болиод буцаж ороод ээлжээ хүлээлцсэн...,  10 цаг өнгөрч байхад ээлж хүлээлцэж дуусаад ахлах ахлагч Цэдэн-Иш, дэд ахлагч Л бид нар харихаар болоод миний машинд хамт сууцгаагаад Баян сум руу хөдөлсөн. Ангиас гараад 500 орчим метр явж байгаад би Лд хандаж “би чамайг уучлахгүй” гэхэд Л “муу хөгшин банди минь үзье, чамайг дуусгана” гэхээр нь би машин зогсоогоод Л бид хоёр машинаас буугаад дээгүүрх хувцсаа тайлсан. Л над руу гүйгээд ирэхээр нь би тонгорч унагахад Л зүүн гараа дараад унасан. Унасных нь дараа би нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон...гэх мэдүүлэг, гэрч Д.Отгонбаярын...”Тэр өдөр Б.Л гэх хүн эхнэртэйгээ хамт ирж үзүүлсэн. Би өөрөө үзсэн. Ажлаасаа тарж яваад хүнтэй зодолдсон гэж ярьж байсан. нүүр рүү цохисон. Тэгээд бас газар унагаж байгаад гар луу төмөр лафатик төмрөөр цохьсон гэж ярьж байсан. Үзлэгээр амин үзүүлэлт хэвийн, баруун зовхинд хөхөрсөн, хамар халзарсан, дээд уруул бага зэрэг язарсан, зүүн гарын бугалганы хэсгээр хавдсан хөдөлгөхөд өвчтэй, илт мэдрэгдэх хугарал байхгүй байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг мэдэхгүй байна. Зүүн гарын бугалга хэсэгт хөхрөлт үүссэн хавдсан байсан. Тэр хэсэгтээ төмрөөр цохиулсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Н.Оын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдий, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол, хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Шүүгдэгч Н.О хохирогч Б.Лг цохиж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М.Өийн зүгээс хохирогч, гэрч хоёрын мэдүүлэг зөрүүтэй. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөтөлбөргүй тогтоохгүй байна..., “хохирогч Б.Лг цохисон үйл баримт тогтоогдохгүй байгаа учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх утга агуулгаар шүүх хуралдаанд маргаж мэтгэлцсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг тайлбаруудаас үзэхэд Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч А.Ц өгсөн мэдүүлгүүд нь өөрөө хоорондоо зөрүүгүй байна. Харин хохирогч, гэрч, Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр Н.О нь Б.Лг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч М.М.Өийн дээрхи гаргасан саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.

 

   Хохирол, хор уршигийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хэргийн хохиролд тооцно”,

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Лгийн эрүүл мэндэд "баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, хамар, зүүн бугалганы цус хуралт, зулгаралт гэмтлүүд" бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Н.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 321.000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэсний дагуу,                                                                                                      Сэтгэцэд учирсан гэм хорын гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг “Хоёрдугаар” зэрэглэл 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Хохирогч Б.Лгийн эрүүл мэндэд хөнгөн учирсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Хоёрдугаар” зэрэглэлд тогтоосон байх тул хохирлыг гаргуулах нь зүйтэй.

“Сэтгэцэт учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баяалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь саргаар өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгох ба сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно.

 

          Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Лгийн сэтгэцийн хор уршигийн зэрэглэл “Хоёрдугаар” зэрэглэлд хамаарч байх ба 5*660.000=3.300.000 төгрөгийг, эмчилгээний зардалд 321.000 төгрөг, нийт 3.621.000 төгрөгийг шүүгдэгч Н.Оаас гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Н.О  нь шүүхээс гаргасан хохирлыг нөхөн төлсөн байх ба баримтыг ирүүлсэн бөгөөд бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу Н.О нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Н.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

  Шүүх шүүгдэгч Н.От хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгийн торгох ял тохирно гэж шийдвэрлэлээ.

 

  Шүүгдэгч Н.От торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,   

  шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

  оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

             

Эрүүгийн 2434000000206 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч ргал нь цагдан хоригдсон хоноггүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Н.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.Оыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1.  Шүүгдэгч Н.От шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.

 

  1. Эрүүгийн ____ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.ДЭЛГЭРМӨРӨН