| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2020/02670 |
| Дугаар | 102/ШШ2020/02670 |
| Огноо | 2020-09-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2020/02670
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х дүүрэг, 00 дүгээр хороо, 0 дүгээр хэсэг, Ц0 гүн 000 дүгээр байр, 00 тоотод оршин суух, З0 овогт М Б /РД:УХ0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Бдүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, Э өргөн чөлөө гудамж, 00 б дугаар хороо, 00 тоотод оршин суух, Б овог Л Ба /РД:ЧП00000000/-д холбогдох,
000,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ө, Х.Наранзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, М.Э, гэрч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Л.Бгийн хүсэлтийн дагуу 200,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцож, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 40/16 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулан мөнгийг шилжүүлсэн. Барьцааны гэрээгээр Хдүүргийн 5 дугаар хороо яармаг, Наадамчдын зам гудамж 00 тоот хаягт байрлах 00000 м.кв талбай бүхий үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн дээрхи хаягт байрлах ГД-000000000 улсын бүртгэлийн дугаартай 0000 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан. Дээрхи зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлдэгч Л.Б нь зээлийн гэрээний үүргээс 190,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлж, үлдэх 10,000,000 төгрөг дээрээ нэмж 40,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Ингээд 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 44/16 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Үүний дараагаар Л.Б нь дахин зээл авах санал тавьж 100,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж дахин 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулсан. Ингээд 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 44/16 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр дуусахад зээлдэгч нь дээрхи зээлийн гэрээний 2.5-д зааснаар нийт 10,000,000 төгрөгийн зээлийн хүү төлөх ёстой байснаас 6,500,000 төгрөгийг төлж, үндсэн зээл 50,000,000 төгрөг болон зээлийн хүүгийн үлдэгдэл 3,500,000 төгрөгийг төлөөгүй. Үүнээс хойш зээлдэгч зарим саруудад зээлийн хүү гэсэн утгаар мөнгө шилжүүлдэг байсан. Зээлдэгч нь зээл олгосон хугацаанаас хойш буюу 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 67,500,000 төгрөгийг М.Бд буцаан төлснөөс зээлийн хүүнд 10,000,000 төгрөгийг хассан. Зээлийн гэрээний 2.7-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийг дуустал хугацааны буюу нийт 1093 хоногийн алдангийг үндсэн зээл болох 50,000,000 төгрөгөөс тооцоход нэг өдрийн 250,000 төгрөг үүнийг 1093 хоногт үржүүлвэл 273,250,000 төгрөг болж байгаа үүнээс зээлдэгчийн төлсөн 57,500,000 төгрөгийг хасахад 215.700.000 төгрөг болж байна. Үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүй тооцоход 25,000,000 төгрөгийн алдангийн төлөх үүрэгтэй.
Харин 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт зээлийн гэрээний хувьд үүргийг биелүүлэх боломжгүй байгаа талаараа хэлсний дагуу зээлийн гэрээг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 30 сарын хугацаатай сунгаж, сар бүр 5 хувийн хүү төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй ба 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр үндсэн зээл 100,000,000 төгрөгт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн. Зээлийн гэрээний 2.5 дугаар зүйл болон гэрээний сунгалтад зааснаар үндсэн зээл 100,000,000 төгрөгийн 34 сарын хүү 170,000,000 төгрөг болсон. Үүнээс хариуцагчийн төлсөн төлбөрийг хасч, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тооцоход хүүнд 117.500.000 төгрөг, алдангид 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр энэ гэрээний хугацаа дууссан. Үүнээс 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн буюу нийт 78 хоногийн алдангийг үндсэн зээл 100,000,000 төгрөгөөс тооцоход хоногийн 500,000 төгрөг, үүнийг 78 хоногтоо үржүүлэхэд 39.000.000 төгрөг болж байна. Ингээд 2017 оны 1 дүгээр сарын 9-ний зээлийн гэрээнээс нийт 75,000,000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээний шаардлагыг нэмж нэгтгэн нийт хариуцагчаас 231,500,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.
Нэхэмжлэгч талаас анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 264,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын гаргасан баримтуудаас харахад 32,500,000 төгрөгийг хасч тооцохоор байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 32,500,000 төгрөгөөр багасгаж, 231,500,000 төгрөгийг нэхэмжилсэн болно гэжээ.
Хариуцагч Л.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийг үндэслэж нийт 264,000,000 төгрөгийг нэхэмжилж байсан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 231,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн гэрээний үүргийн тооцоог буруу хийсэн гэж үзэж байгаа тул зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Л.Б нь өөрийн найз н.Э-д 100,000,000 төгрөг, н.Бд 50,000,000 төгрөгийг М.Бгээс зээлж өгсөн байдаг. Зээлийн хүүг н.Э-, н.Б нар өөрсдийн харилцах данснаас М.Бгийн Хаан банкны, Голомт банкны харилцах данс руу шилжүүлж төлбөрийг хийж байсан. Эдийн засгийн байдлаас шалтгаалаад, аль аль талынхаа нөхцөл байдлыг харгалзан үзээд Л.Б нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг 100,000,000 төгрөгийн үндсэн зээлд тооцон М.Бд шилжүүлсэн байдаг.
Гэрээ тус бүрээр тайлбарлавал:
2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Л.Б нь М.Бгээс 200,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Энэ гэрээний дагуу 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр гэхэд үндсэн зээл 190,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн.
2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр дуусахад зээлийг сунгаж өгөөчээ гэж харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 30 сараар сунгасан байдаг. 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл төлвөл зохих зээлийн нийт хүү 170,000,000 төгрөг байхаас 102,300,000 төгрөгийг төлсөн байдаг. Үүний задаргааг тайлбарлая: 2017 оны 3 дугаар сарын 21-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 9,000,000 төгрөг, дахиад 1,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 8-нд Хаан банкны дансаар 7,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 21-нд 10,000,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 22 өдөр 25,000,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1,800,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нийт 3 гүйлгээ байгаа нийлээд 5,000,000 төгрөг, ингээд тооцохоор нийт 102,300,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл зээлийн хүү нь 67,700,000 төгрөг болж байна. Гэтэл нэхэмжлэгч тал 2018 оны 5 дугаар сарын 10-нд сард төлсөн 20,000,000 төгрөгийг өгсөн гэж байсан боловч өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 52,500,000 төгрөгийг зээлийн хүүнд тооцож, бусад төлөлтийг тооцоогүй байна. Иймд нэмэлт гэрээний зээлийн хүүнд нэхэмжилж байгаа 150,000,000 төгрөгнөөс 67,700,000 төгрөгийг зөвшөөрөх бөгөөд үлдэгдэл мөнгийг зөвшөөрөхгүй байна.
Өнгөрсөн хугацаанд Л.Б нь М.Бтэй уулзаж зээлийн хүүг бууруулж өгөөчээ гэж хүсэлт бичгээр гаргаж байсныг хавтаст хэрэгт өгсөн байгаа. 100,000,000 төгрөг бол их хэмжээний зээлд тооцогдоно, ийм хэмжээний зээлийн хүү сард 2.5%-3.5% байх ёстой. Зээлдүүлэгч талд гаргаж байсан хүсэлт болон зээлийн хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэсэн заалт байдаг. Энэ заалтын дагуу зээлийн хүүг нэг хувиар ч болтугай багасгаж өгнө үү. Нэмэлт гэрээгээр зээлдэгч хэтрүүлсэн хоног тутмын 0,5 хувиар алдангийг төлөхөөр тохирсон байдаг. Үндсэн зээл болох 100,000,000 төгрөгөнд 4 өрөө орон сууцыг өгч дуусгавар болгосон. Гэтэл нэхэмжлэгч тал 100,000,000 төгрөгийн алдангид 39,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно, мөн хуулийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байна.
Хариуцагчийн зүгээс гэрээний хугацаа дууссан буюу 78 хоног хэтрүүлсэн тул нэхэмжилж байгаа алданги нь хэдийгээр 100,000,000 төгрөгийн 50%-д хүрэхгүй байгаа ч гэсэн алдангийн хэмжээг бууруулж өгнө үү.
2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 40/16 тоот зээлийн зээлийн гэрээний үлдэгдэл 10,000,000 төгрөг, 44/16 тоот гэрээгээр 40,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөгийг хариуцагч Л.Б нь н.Бд зээлдүүлсэн. Л.Б нь 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 200,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 10,000,000 төгрөгийг М.Бгийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. 44/16 тоот гэрээний үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн гэрээний хугацааны нийт хүүнд 8,000,000 төгрөг төлөх байснаас зээлдэгч 6,000,000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаанд төлсөн, зээлийн гэрээний хугацааг дуусахад хугацааг сунгаагүй мөн ямар ч нэмэлт гэрээ хийгээгүй. Энэ талаар нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Зээлдэгч зээл олгосон хугацаанаас хойш буюу 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 67,500,000 төгрөгийг М.Бд буцаан төлснөөс зээлийн хүүнд 10,000,000 төгрөгийг хассан. Харин үлдэгдэл 57,500,000 төгрөгийг үндсэн зээл болох 50,000,000 төгрөгийн алданги болох 273,250,000 төгрөгөөс хассан гэж нэхэмжлэгч бичсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал үндсэн зээл болон түүний алдангийг нэхэмжилж өнгөрсөн хугацаанд төлсөн мөнгийг алдангийн нийт дүнгээс тооцон хасч, алдангийн үлдэгдлийг 215,750,000 төгрөг гэж тооцсон байна. Манай тал энэ тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч талаас өгсөн нотлох баримтыг авч үзвэл 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 10,000,000 төгрөгийг зээлийн 40/16 буюу 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэлд тооцон хасуулж, энэ 40.000.000 төгрөгийн зээлтэй холбогдуулаад 60,500,000 төгрөгийг төлсөн байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл нийт 1093 хоногийн алдангийг нэхэмжилсэн. Үндсэн зээлээс 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэхэд манайхаас 60,500,000 төгрөг төлсөн байдаг. Нэхэмжлэгч тал хариуцагчийн зүгээс төлсөн 60,500,000 төгрөгийг үндсэн зээл болох 40,000,000 төгрөг түүний алдангийг хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтрэхгүй гэж үзэх юм бол 20,000,000 төгрөг болно. Нийтдээ 60,000,000 төгрөгөөс хасч тооцвол хариуцагч талаас нэхэмжлэлд дурдсан мөнгийг нэхэмжлэх эрхгүй болсон гэж үзэж байна. Иймд 44/16 гэрээний үүрэгт нэхэмжилсэн хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Барьцааны гэрээний тухайд хэлэхэд: Нэхэмжлэгч тал 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 40/16 дугаартай зээлийн гэрээтэй холбоотой байгуулсан барьцааны гэрээг үндэслэн хариуцагчаас 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 44/16 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 50,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт зээлийн гэрээний хүүнд 150,000,000 төгрөг, алдангид 39,000,000 төгрөг нийт 264,000.000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг. 40/16 тоот гэрээний тухайд 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Энэ барьцааны гэрээ нь зөвхөн 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд хамааралтай гэж үзэж байна. 2017 оны 2 дугаар сарын 21-ний гэрээгээр нэмэлт барьцааны гэрээ хийгээгүй. 44/16 дугаар зээлийн гэрээнд барьцааны гэрээ байгуулаагүй. М.Бгээс авсан бүх зээлийн гэрээ нь энэ барьцааны гэрээнд хамааралгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9.1, 11.1, 12.1-д тус тус зааснаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгэгдсэн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Барьцааны гэрээг бичгээр байгуулдаг. Иймд барьцааны гэрээгээр хангагдах шаардлага зөвхөн 200,000,000 төгрөгийн гэрээгээр л тодорхойлно гэж үзэж байгаа. Иймд дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Л.Бд холбогдуулан 264,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагаа 32,500,000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 231,500,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... хариуцагч Л.Б нь талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээний хүүгийн үлдэгдэл төлбөрт 117,500,000 төгрөг, алдангид 39,000,000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөгийг, нийт 231,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч тал нь дээрх зээлийн гэрээнүүдийг байгуулсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүйгээс гадна дээрх 3 удаагийн зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Харин зээлийн гэрээний эргэн төлөлтийн тооцоолол дээр маргаантай байна./хх-6-11 тал/.
Иймд талуудын эрх үүрэг, гэрээний шинж, зохигчийн тайлбар зэргээс дүгнэвэл тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
1.2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний тухайд:
Хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч М.Бтэй 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатайгаар, сарын 5 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлэн авч, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ХУД-ийн 5 дугаар хороо, яармаг, Наадамчдын зам гудамж,00 тоот хаягт байрлах ГД-000000000 дугаарт бүртгэлтэй, 4,753 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар, улсын бүртгэлийн Ү-000000000дугаарт бүртгэлтэй, 1164,9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ./хх 6-8 тал/.
Нэхэмжлэгч нь ...хариуцагч нь энэхүү гэрээний үндсэн төлбөрөөс 190,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлж, зээлийн үндсэн төлбөрөөс 10,000,000 дутуу төлсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч, уг 10,000,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлж, энэхүү гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Л.Б нь Хаанд банкинд байрших өөрийн 0000000000 дугаартай данснаас нэхэмжлэгч М.Бгийн 5134054027 дугаартай данс руу 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх ба уг мөнгийг нэхэмжлэгч тал авсан болохоо хүлээн зөвшөөрч маргахгүй байна./хх-97 тал/.
Иймд хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч М.Бтэй байгуулсан дээрх гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас уг гэрээний үүрэгт 10,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.
2.2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний тухайд:
Хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч М.Бтэй 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, 40,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатайгаар, сарын 5 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр зээлэн авсан болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна./хх-10, 13,14 тал/.
Нэхэмжлэгч нь энэхүү зээлийн гэрээний хүүгийн эргэн төлөлтөд 63,500,000 төгрөгийг хүлээн авсан тул зээлийн үндсэн төлбөрт 40,000,000 төгрөг, алдангид 25,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь энэхүү зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч байгаа 63,500,000 төгрөг дээр нэмж 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж, уг гэрээний үүрэгт нийт 65,500,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулгуудаар тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан энэхүү гэрээнд зааснаар хариуцагч нь гэрээний үндсэн төлбөрт болон 4 сарын хугацааны хүүнд нийт 48,000,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдөр төлөх үүрэгтэй байсан байна.
Гэтэл хариуцагч нь гэрээний хугацаандаа буюу 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 2,500,000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус төлж, нийт 8,500,000 төгрөгийг төлсөн байна./хх-98, 99 тал/.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байсан 48,000,000 төгрөгнөөс хугацаандаа 8,500,000 төгрөгийг төлж, 39,500,000 төгрөгийг дутуу төлсөн байх тул хугацаандаа төлөөлгүй 39,500,000 төгрөгнөөс гэрээнд заасны дагуу алданги төлөх үүрэг үүснэ.
Талууд гэрээндээ хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байх ба мөн хуулийн 232.4 дэх хэсэгт нийт алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэжээ.
Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний дагуу төлөх үндсэн үүрэг болох 39,500,000 төгрөг, түүний алдангид 19,750,000 төгрөг, нийт 59,250,000 төгрөгийг төлөх нь дээрх хуульд нийцнэ.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь энэхүү зээлийн гэрээний үүрэгт 59,250,000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд нэхэмжлэгчид 57,000,000 төгрөг /65,500,000-8,500,000/ төгрөгийг төлсөн байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид уг зээлийн гэрээний үүрэгт 2,250,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна гэж дүгнэлээ.
3.2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн нэмэлт гэрээний тухайд:
Талууд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Зээлийн нэмэлт гэрээ байгуулж, хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч М.Бгээс 100,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатайгаар, сарын 5 хувийн хүүтэйгээр авсан, мөн талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг 2019 оны 12 сарын 22-ны өдөр хүртэл 30 сарын хугацаагаар сунгасан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна./хх-9 тал/.
Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний үндсэн төлбөр болох 100,000,000 төгрөгт тооцон үл хөдлөх эд хөрөнгө авсан тул 34 сарын хугацааны хүүгийн төлбөрт 170,000,000 төгрөг төлөх ёстойгоос хариуцагч нь 52,500,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 117,500,000 төгрөг, алдангид 39,000,000 төгрөг, нийт 156,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.
Хариуцагч нь ...энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгчээс 100,000,000 төгрөгийг авч өөрийн найз Л.Эд өгсөн бөгөөд, уг гэрээний үндсэн төлбөр болох 100,000,000 төгрөгт тооцон 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өөрийн өмчлөлийн БЗД-ийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 1 дүгээр байрны 41 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлснээс гадна Л.Э нь уг зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 102,300,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлан, энэхүү төлөлт хийсэн байдлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
-2017 оны 3 дугаар сарын 21-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 8-нд Хаан банкны дансаар 7,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 21-нд 10,000,000, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000, 2018 оны 6 дугаар сарын 22 өдөр 25,000,000, 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 10,000,000, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1,800,000, 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 1,000,000, 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 2,000,000, 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нийт 3 гүйлгээ байгаа нийлээд 5,000,000 төгрөг, нийт 102,300,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байна.
Дээрх төлбөрөөс нэхэмжлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний 5,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөгийг хүлээн авсан болохоо зөвшөөрч байхаас гадна гэрч Л.Э- нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Бгийн дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга болон гэрч Л.Э-гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Харин хариуцагч талын болон гэрч Л.Э- нь энэхүү гэрээний үүрэгт 2018 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 25,000,000 төгрөг, 2019 оны 01 дугаар сарын 8-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус төлсөн гэж дансны хуулга гарган мэтгэлцэж байх боловч энэхүү төлбөрүүд нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ00/00000 дугаартай захирамжаар шийдвэрлэгдсэн М.Бгийн нэхэмжлэлтэй Ч.Э- нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт тооцогдсон болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон гэрч Ч.Э-гийн мэдүүлгээр нотлогдож байх тул энэхүү 36,000,000 төгрөгийг дахин хариуцагч Л.Бгийн зээлийн гэрээний үүргээс хасч тооцох үндэслэлгүй юм.
Мөн хариуцагч нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1,800,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансаар шилжүүлсэн гэж тайлбарлан хэргийн 67 дугаар талд авагдсан баримтыг нотлох баримтаар өгсөн байх боловч уг баримтаар гүйлгээ хийгдсэн гэж үзэх боломжгүй байхаас гадна уг гүйлгээний дагуу нэхэмжлэгчийн 5041379094 дугаартай дансанд тус өдөр 1,800,000 төгрөг орсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нь энэхүү гэрээний үндсэн төлбөр болох 100,000,000 төгрөгт тооцон үл хөдлөх хөрөнгө, мөн хүүгийн төлбөрт 59,500,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
Талуудын байгуулагдсан энэхүү зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 34 сарын хугацаагаар байгуулагдсан байх тул энэ хугацааны хүүнд хариуцагч нь нийт 170,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрт 100,000,000 төгрөг, хүүнд 170,000,000 төгрөг, нийт 270,000,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлөх үүрэгтэй байснаас үндсэн төлбөр болох 100,000,000 төгрөгт тооцон 2020 оны 03 дугаарт сарын 11-ний өдөр үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн байхаас гадна 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө хүүгийн төлбөрт 59,500,000 төгрөгийг шилжүүлжээ.
Иймд хариуцагч нь энэхүү зээлийн гэрээний хүүгийн үлдэгдэл төлбөрт 110,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүсэх алдангид 39,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.7-д заасантай болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцэж байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч нь энэхүү зээлийн гэрээний хүүгийн үлдэх төлбөрт 110,500,000 төгрөг, түүний алдангид 39,000,000 төгрөг, нийт 149,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна гэж үзлээ.
Хариуцагч Л.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд... талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүү болон алдангийн хэмжээ их байх тул хүүгийн хэмжээ болон алдангийг хэмжээг багасган тооцож өгнө үү гэх тайлбарыг гаргаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний хүүгийн хэмжээг болон алдангийг багасгах үндэслэл тогтоогдохгүй байна.
4.Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:
Хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч М.Бтэй 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө ХУД-ийн 5 дугаар хороо, яармаг, Наадамчдын зам гудамж,00 тоот хаягт байрлах ГД-000000000 дугаарт бүртгэлтэй, 4,753 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар, улсын бүртгэлийн Ү-000000000дугаарт бүртгэлтэй, 1164,9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт Барьцааны гэрээг бичгээр байгуулахаар хуульчилжээ.
Нэхэмжлэгч нь ...2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээг байгуулсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний нэмэлт гэрээ болон байгуулагдсан учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
Талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор ХУД-ийн 5 дугаар хороо, яармаг, Наадамчдын зам гудамж,00 тоот хаягт байрлах ГД-000000000 дугаарт бүртгэлтэй, 4,753 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар, улсын бүртгэлийн Ү-000000000дугаарт бүртгэлтэй, 1164,9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл талууд дээрх 2 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээг бичгээр байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь Талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхгүй байна гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2,250,000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 149,500,000 төгрөгийг, нийт 151,750,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М.Бд олгож, үлдэх 79,750,000 төгрөгний нэхэмжлэлийг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар 282.2, 232 дугаар зүйлийн 232.6, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Бгаас 151,750,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79,750,000 төгрөгийн нэхэмжлэлийг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,548,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 916,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА