Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/шш2020/01023

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэгийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...ХХК-д холбогдох,

10,886,400 /арван сая найман зуун наян зургаан мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ....ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нурдаулет шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ... ХХК-ийн захирлын албан тушаалтай ...тэй түрээсийн гэрээ байгуулан 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаатайгаар 550 ширхэг хэв хашмалыг 3,300,000 төгрөгөөр түрээслэсэн. Гэрээ байгуулсан тус өдрөө 3,800,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 16-нд 3,300,000 төгрөг, 6 дугаар сарын 18-нд 1,540,000 төгрөг, нийт 8,640,000 төгрөг төлөгдсөн. Түүнээс хойш төлөх ёстой түрээсийн төлбөр, эвдрэл гэмтэл гарсан барааны актны төлөөгүй төлбөр болох 7,257,600 төгрөг, алданги 3,628,800 төгрөг, нийт 10,886,400 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй учраас уг төлбөрийг нэхэмжилж байна... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа:

Хариуцагч тал засвартай болон бүх материалыг хүлээлгэж өгч байхад гарын үсэг зурж хүлээлцсэн акт байгаа. Тооцооны баримт дээр нягтлан гарын үсэг зурахгүй гэдэг зүйлийг хариуцагч тал ярьж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд зааснаар нягтлан гарын үсэг зурж, тайлан мэдээг үнэн зөв бөглөж өгнө гэж заасан байгаа. Үүний дагуу бид тухайн баримтад нягтлангаар гарын үсэг зуруулсан. Хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд авагдсан баримт бол бараа материалын орох хуудас юм. Гэрчээр хуралд оролцсон хариуцагч байгууллагын жолооч ... бидний нотлох баримтаар гаргаж өгсөн бараа хүлээлцсэн баримтанд гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ямар ч хүн гарын үсэг зурахдаа тухайн баримт материалыг уншиж танилцаж байж гарын үсэг зурж байгаа. Тиймээс эвдрэлтэй хэв хашмалыг засварлах хохирлыг бид шаардах эрхтэй... гэв.

 

Хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

....тай харилцан тохиролцож 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ...дугаартай Түрээсийн гэрээг бичгээр байгуулсан. Тус гэрээнд талууд гэрээ байгуулсан өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд 400х1200 мм хэмжээтэй нийт 550 ширхэг хэв хашмалыг 1 ширхэгийг өдрийн 200 төгрөгөөр буюу нийт 3,300,000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон ба түрээсийн барьцаанд 500,000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээгээр тохиролцсоны дагуу ... ХХК нь түрээсийн хэв хашмалыг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл түрээслэсэн. Гэрээний хугацааг 30 хоногоор тохирсон ба, энэ хугацааг сунгах тухай зохицуулалт тусгагдаагүй тул 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс хойш, өмнөх гэрээний хугацаа дууссанаас хойш аман хэлцлийн дагуу үргэлжлүүлэн түрээслэж байсан. Хариуцагчийн зүгээс ....д түрээслэсэн 550 ширхэг хэв хашмалыг 4 дүгэр цахилгаан станцын дахь өөрийн компанийн байрнаас баруун зүгт 500 м яваад, замын урд талд байрлах ....ийн хашаанд тоо ёсоор нь буулгаж, нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн. Тухайн үед хэв хашмалыг тоо чанарын шаардлагыг шалгаж хүлээн авахыг хүссэн боловч ... нь баяр наадам дөхсөн, ажлын цаг дуусч байна гэх шалтгааны улмаас түрээсийн эд зүйлийг шалгаж аваагүй. Манай компани нэхэмжлэгч талд 4 удаагийн үйлдлээр 8,640,000 төгрөгийн төлбөрийг төлсөн ба, үүнээс хойш 930,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдлийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа. Бид нийт 9,570,000 төгрөгийн хэв хашмал түрээсийн төлбөр төлсөн. Нэхэмжлэгч тал 448 ширхэг хэв хашмалын 1 сарын түрээсийн төлбөр, тэдгээр 448 хэв хашмалыг эвдэж гэмтээсний засварлах нөхөн төлбөрт 7,257,600 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч тухайн хэв хашмал нь үнэхээр эвдэрч, гэмтсэн эсэхийг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Учир нь компанийн зүгээс тухайн хэв хашмал ....ийн хашаанд буулгасан байсан боловч дараа нь компанийн ажилчдын хамт очиж, хэв хашмалын тоо чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах гэсэн боловч тухайн үед манай компанийн буулгасан газраас өөр газарт шилжүүлэн зөөсөн байсан. Ингээд тухайн түрээслэсэн эд зүйлийн чанарын шаардлага, тоо хэмжээг актаар хүлээн авах боломжгүй болсон. Нэхэмжлэлд хавсаргасан 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн гэх түрээсийн тооцооллын товчоо гэх баримтыг гаргаж өгсөн боловч тус баримт нь манай компанитай тооцоо нийлсэн акт биш юм. Уг баримтад түрээслүүлэгчийг төлөөлж нягтлан бодогч ...г, түрээслэгчийг төлөөлөгч манай компанийн нягтлангаар ажиллаж байсан .. ... гэж таталган бичсэн гарын үсэг зурагдсан, компанийн тамга тэмдэг дарагдаагүй байна. ... ХХК-ийг төлөөлж гэрээ хэлцэл хийх, төлбөр тооцооны акт үйлдэх, гарын үсэг зурах эрх Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар компанийн гүйцэтгэх захирал ... хадгалагдаж байна. Гэрээг 30 хоногийн хугацаатай байгуулсан, түүнээс хойш бичгээр гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгчид алданги шаардах хууль зүйн үндэслэл үүсээгүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч тал гэрээний зүйлийг акт үйлдэж хүлээлцсэн гэж байна. Хавтаст хэрэгт нотлох баримтаар үнэлэгдээд байгаа баримтын хүрээнд үзэхэд төлбөр тооцоо хийсэн акт биш байдаг. Нэрний хувьд ч тооцооллын товчоо гэсэн нэртэй байдаг. Тооцооллын товчоо гэсэн энэ баримт дээр зөвхөн 448 ширхэг эвдрэлтэй хэв хашмал байна гэдэг агуулга тусгагдаагүй байдаг. 930,000 төгрөгийн түрээсийн нэмэлт төлбөр байна гэсэн учраас нягтлан маань гарын үсэг зурсан гэдэг тайлбарыг гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлснийг харгалзаж үзэх нь зүйтэй байх.

Талдуудын тохиролцсон гэрээнд гэрээний хугацаа сунгах тухай нэг ч зохицууулалт байдаггүй учир гэрээ дуусгавар болсон. Мөн талуудын тохиролцсон гэрээний алданги тооцох зохицуулалт нь түрээслэгч түрээсийн эд хөрөнгийг хүлээн авах хугацаа өнгөрүүлсэн, эсхүл түрээсийн төлбөр төлөх хугацаа өнгөрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор заасан. ... ХХК нь 2018 оны 7 сарын 09-ний өдөр түрээсийн эд хөрөнгийг ....д хүлээлгэж өгсөн. Гэрээний хугацаа дуусгавар болсон буюу талуудын бичгээр байгуулсан харилцаа дуусгавар болсон учраас үлдсэн 2, 3 сарын хугацаанд аман байдлаар харилцан тохиролцож түрээслэсэн. Энэ хугацаанд алданги тооцох боломжгүй юм. Түүнчлэн хүлээлгэж өгсөн хэв хашмалуудаас хаанаас гэдэг нь мэдэгдэхгүй 448 гэдэг тоо гаргаад ирсэн. 448 нь 550 ширхэгтэй харьцуулахад дал гаруй нэгжээр эвдрэлтэй байна гэсэн ийм үнийн дүн гарч ирээд байна. Тэгэхээр машин дүүрэн эвдэрхий хэв хашмалуудыг зөөж аваачаад хашаанд нь буулгасан болж таарах гээд байна. Гэтэл тухайн өдөр ямар нэгэн баримт үйлдээгүй. Үйлдсэн гээд байгаа баримтуудыг харахаар 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гэсэн огнооны хувьд зөрүүтэй, мөн 448 гэдэг тоог би ч гэсэн дуурайлгаад биччихээр хуурамч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч хэргийг шийдвэрлүүлэх гэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан хөлслүүлсэн эд хөрөнгийн засварын үнэ 7,257,600 төгрөг, алданги 3,628,800 төгрөг, нийт 10,886,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ... тоот Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч ... нь өөрийн эзэмшлийн 550 ширхэг 400*1200 хэмжээтэй хэв хашмалыг /1 ширхэг нь 200 төгрөг, нийт 3,300,000 төгрөг/ 30 хоногийн хугацаатайгаар түрээслэгч ... ХХК-д эзэмшүүлэн ашиглуулах, уг ашигласан эд хөрөнгийг буцаан өгөх журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага болон, гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, талуудын хоорондоо холбоо барих нөхцөл зэрэг асуудлаар харилцан тохиролцож, бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт нийцсэн, эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна. /хх 7-12/

Маргаан бүхий гэрээний дагуу 550 ширхэг хэв хашмалыг гэрээ байгуулагдсан өдөр талууд хүлээлцсэн, улмаар бичгээр байгуулсан гэрээний 30 хоногийн хугацаа дуусч, хугацаа дууссанаас хойш 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч тал гэрээний зүйлийг үргэлжлүүлэн ашиглаж, уг хугацааны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болон, гэрээний зүйлийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр буцааж өгсөн талаар зохигчид маргаагүй.

Харин зохигчид гэрээний дагуу ашиглаж хүлээлгэн өгсөн 550 ширхэг хэв хашмалаас 448 ширхэг нь эвдрэлтэй байсан эсэх, гэрээний үүрэгт нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй эсэх талаар маргасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг ...хөлслөн авсан 550 ширхэг хэв хашмалыг акт үйлдэн хүлээж авахад 448 ширхэг нь эвдрэлтэй байсныг ... ХХК-иас гэрээний зүйлийг хүргэж ирсэн жолоочид бараа орох хуудсаар хүлээлцэн, улмаар хариуцагч байгууллагын нягтлан бодогчтой тооцоо нийлсэн, мөн бичгээр байгуулсан гэрээний 30 хоногийн хугацаа дууссан ч, гэрээний зүйлийг үргэлжлүүлэн ашигласнаар гэрээ сунгагдсан учир төлөх ёстой түрээсийн төлбөр, эвдрэл гэмтэл гарсан барааны актны төлбөр төлөгдөөгүйн алдангийг шаардах эрхтэй... гэх агуулга бүхий тайлбар гаргасан бол,

Хариуцагч талын зүгээс ...гэрээг 30 хоногийн хугацаатай байгуулж, уг хугацаа дууссанаас хойш аман хэлцлээр гэрээний зүйлийг үргэлжлүүлэн ашиглаж, бичгээр нэмэлт гэрээ байгуулаагүй тул гэрээний дагуу алданги шаардах эрхгүй бөгөөд, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хөлслүүлэгч гэрээний зүйлийг бүрэн шалгаж аваагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй баримтыг гэрээнд заагдсан эд зүйл хүлээлцсэн акт гэж үзэхгүй, тухайн баримтад жолооч гарын үсэг зурахдаа бараа буулгасан гэдгийг баталж гарын үсэг зурсан, ...тооцоо нийлсэн баримтад нягтлан компанийг төлөөлж гарын үсэг зурах эрхгүй... хэмээн тайлбарлаж мэтгэлцсэн.

Талуудын гэрээ байгуулагдсан 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ....иас Бараа материал гарах хуудас-аар 40х120 хэмжээтэй 550 ширхэг хэв хашмалыг ... ХХК-иас ... гэх тус компанийн жолооч хүлээн авч гарын үсэг зурсан байх бөгөөд, гэрээний зүйлийг буцаахдаа 2018 оны 7 дугаар сарын 08(09)-ний өдрийн 21.30 цаг хэмээн тэмдэглэгдсэн Түрээсийн бараа материал орох хуудас гэх баримтаар ....ийн санхүүд ... ХХК-ийн жолооч ... хүлээлгэн өгч гарын үсгээ зурсан зэрэг үйл баримт шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хуралд оролцсон гэрч ... тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-88, 89/

Нэхэмжлэгч тал хавтаст хэргийн 89 дүгээр хуудаст авагдсан №07/16 Түрээсийн бараа материал орох хуудас-ыг гэрээний зүйл хүлээлцсэн акт гэж тайлбарлах ба, тухайн баримтад 40х120 хэмжээтэй хэв хашмал 540+10 ширхэг, АКТ хэсгийн Засвар баганад 448 гэж тэмдэглэгдсэнийг ...хариуцагч талаас хэв хашмал хүлээлгэж өгсөн жолоочтой тооцоо нийлж, гарын үсэг зуруулсан... гэх боловч, шүүх хуралдаанд тухайн баримтад гарын үсэг зурсан жолооч Б.Эрдэнэзул ...448 гэдэг тоо байсан үгүйг сайн санахгүй байна. 550 ширхэг пунг хүлээлгэж өгч байгаа гэж бодоод л гарын үсгээ зурсан. Надад ийм байна, тийм байна гэж танилцуулсан зүйл байхгүй... хэмээн гэрчийн мэдүүлэг өгсөн. /хх-110 шүүх хуралдааны тэмдэглэл/

Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд эд хөрөнгийн шинж чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

Талууд гэрээний 7.3 дахь хэсэгт: ...Түрээсийн эд хөрөнгийг хэвийн элэгдэл хорогдлыг тооцон, бүрэн бүтэн, ердийн ажиллагаатайгаар хүлээлгэн өгнө... гэж эд хөрөнгийн доголдлын талаар тохиролцон, хавсралтаар эвдэрч гэмтсэн барааны засварлах, нөхөн төлбөрийн хэмжээг тусгаж, эд хөрөнгийг буцаан өгөх журмыг тодорхойлсон байх бөгөөд, гэрээний 7.2 дахь хэсэгт: түрээсийн эд хөрөнгийг буцаан хүлээлгэн өгөх, хүлээн авах актыг хоёр талын хариуцах ажилтнууд гүйцэтгэхээр заажээ. /хх-7/

Гэрээний хавсралтуудад заагдсан нөхөн төлбөр тооцох үндэслэлийг тодорхойлохдоо (6.1.д)-д ...Дахин засварлаж сэргээх боломжтой эвдрэл гэмтэл байвал тухайн эд зүйлсийг засварлах үнийн дүнгээр /Хавсралт 1.2/ бодож түрээслүүлэгчийг хохиролгүй болгоно... гэж, мөн (6.1.е)-д ...их хэмжээгээр болон дахин ашиглахааргүй эвдэж гэмтээсэн, алдсан тохиолдолд тухайн барааны худалдах үнийг /Хавсралт 1.3/ тоо ширхэгээр бодож үржүүлэн төлж түрээслүүлэгчийг 100% хохиролгүй болгоно... гэх зэргээр хөлслөгч талд үүрэг болгосон байна.

Гэвч хөлслөгч тал гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ хэрхэн зөрчсөн болох нь тодорхойгүй, хөлслөн авсан эд хөрөнгөөс 448 ширхэг хэв хашмалд ямар байдлаар гэмтэл учирсан нь тогтоогдохгүй, Түрээсийн бараа материал орох хуудас-аар тэдгээр хэв хашмал гэрээнд заагдсан дахин засварлаж сэргээх боломжтой эвдрэл гэмтэл, эсхүл их хэмжээгээр болон дахин ашиглахааргүй эвдэж хэмтээсэн аль болохыг тогтоогоогүй байхын зэрэгцээ, гэрээний зүйлийг хүргэж өгсөн ... ХХК-ийн жолооч ... нь талуудын байгуулсан гэрээний 7.2-т заасан акт үйлдэн хүлээлцэх хариуцах ажилтан гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2018 оны түрээсийн тооцооллын товчоо гэх баримтад ....ийг төлөөлөн нягтлан бодогч ..., ... ХХК-ийг төлөөлөн ... гэх хүн тооцоо нийлж, гарын үсэг зуржээ. /хх-13/

Уг тооцооллыг хийсэн ... нь хариуцагч байгууллагын нягтлан бодогч мөн болох нь зохигчдын тайлбар болон, түүний шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдох бөгөөд, тэрээр шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэхдээ: ...2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр очиж уулзаж байснаа санаж байна. Нягтлантай нь уулзахад манайд төлбөр тооцоо үүссэн. Хэв хашмалд эвдрэл гэмтэл үүссэн байгаа гэж хэлсэн. Гэхдээ би тэрийг мэдэхгүй, хараагүй. Би түрээсийн төлбөртэй холбоотой асуудлаар л уулзах гэж очсон.: Дараа ... хэв хашмалыг харахаар очсон боловч анх манай буулгасан газраас зөөчихсөн байна гэсэн...... хэв хашмалыг буулгасан гэж хэлсэн газраас хойд талд нь байсан...Манай хэрэглэж байсан хэв хашмал мөн бишийг ялгах боломжгүй...Бид хоёр тэр өдөр камерын бичлэгийг үзье гэж хэлэхэд үзүүлэх боломжгүй гэж хэлсэн...Тооцооллын товчоо гэх баримт дээр нийт үлдэгдэл хэдэн төгрөг үлдсэн талаар мэдэхийн тулд гарын үсэг зурсан...би энэ үнийн дүн нь бидний түрээслэсэн хэв хашмалтай холбоотой гэдгийг мэдэж байсан. Гэхдээ би асуудлыг нарийн сайн тодруулалгүй гарын үсэг зурсан, энэ нь миний буруу гэж тайлбарласан байна. /хх-51/

Талуудын нягтлангууд гарын үсэг зурж үйлдэгдсэн Тооцооллын товчоо гэх хүснэгт бүхий баримтад 2018 оны 7 дугаар сарын Тооцоолол /₮/ хэсэгт: Түрээс 990,000, тухайн сарын Акт хэсэгт 7,257,600 гэж бичигдсэн байх ба, уг баримтад гэрээний зүйл ямар эвдрэл гэмтэлтэй байсан талаар тусгаагүй байна. Энэхүү баримтыг гэрч Б.Ганчимэгийн мэдүүлэг, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Түрээсийн бараа материал орох хуудас зэрэгтэй харьцуулан дүгнэвэл хариуцагч тал хөлслөн авсан 550 ширхэг хэв хашмалаас 448 ширхэгт эвдрэл гэмтэл учруулсан гэх нэхэмжлэгч талын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байх тул ... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэн, эвдрэл гэмтэл гарсан барааны актны төлбөр 7,257,600 төгрөгийг ... ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... ХХК-иас алданги 3,628,800 төгрөг гаргуулахаар шаардсан ба, уг шаардлагаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн, хөлслүүлсэн эд зүйлийн эвдрэл гэмтлийн төлбөр болох 7,257,600 төгрөгийн 50 хувиар тооцож шаардсан нь үндэслэлгүй байна.

Тодруулбал: Талуудын байгуулсан гэрээ 30 хоногийн хугацаагаар хийгдэж, гэрээний хугацааг сунгах талаар бичгээр харилцан тохиролцоогүй, хөлслөгч тал эд хөрөнгө хөлсөлсний төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох бөгөөд, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр хийж, хуульд заасан энэхүү шаардлагыг биелүүлээгүй бол алданги шаардах эрхгүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 189,132 төгрөгийг улсын төсөвт үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан ... ХХК-иас 10,886,400 төгрөг гаргуулах тухай ....ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ....иас тэмдэгтийн хураамжид төлсөн 189,132 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНТУЯА