| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2024/1138/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1276 |
| Огноо | 2024-11-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1276
2024 11 21 2024/ШЦТ/1276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Лхагвасүрэн,
улсын яллагч: О.Эрхэмбаяр,
өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.Б,
өсвөр насны хохирогчийн өмгөөлөгч: Б.О,
өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Г,
өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: М.У,
өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2408000000000 тоот хэргийг 2024.10.04-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2007 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, 17 настай, суурь боловсролтой, Өмнөговь аймаг Даланзадгад сумын ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн 00 дугаар ангийн “Г” бүлгийн сурагч, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 0-р баг Дундсайханы 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Хиад Боржигин овогт Нын С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Найрамдал зусланд хамт амарч байсан өсвөр насны Д.Атай маргалдан харилцан зодолдсоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-1/
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найрамдал” зуслангийн урд талбайд хар өмд хар цамцтай өсвөр насны эрэгтэй хүүхэд, хар футболк, хар шорттой өсвөр насны эрэгтэй хүүхэд тодорхойгүй ярианы улмаас маргалдаж байгаа, муудалцаж хар футболк хар шорттой өсвөр насны эрэгтэй хүүхэд, хар өмд хар цамцтай өсвөр насны эрэгтэй хүүхдийг хөлнөөс нь өргөөд унагааж байгаа, ...босох гэж оролдох үед нь араас нь хоолойг нь боож байгаа, ...хоолойг нь боож ард нь татаж унагаан өндийх үед нь цээжин тус газар нь өшиглөж байгаа, босоод өндийх үед цээ болон нүүрэн тус газар баруун гараараа цохиж байгаа, хар футболк хар шорттой өсвөр насны эрэгтэй хүүхэд, хар өмд хар цамцтай өсвөр насны эрэгтэй хүүхдийг хөлнөөс нь өргөх үед хар өмд хар цамцтай өсвөр насны эрэгтэй хүүхэд хар футболк хар шорттой өсвөр насны эрэгтэй хүүхдийн толгойн дээрээс нь олон удаа гараараа цохиж байгаа, ...толгой дээрээс нь цохих үед хар футболк хар шорттой өсвөр насны эрэгтэй хүүхэд хар өмд хар цамцтай өсвөр насны эрэгтэй хүүхдийг унагаж нүүрэн тус газар нь гараараа цохиж хөлөөрөө дэвсэж байгаа, хар футболк хар шорттой өсвөр насны эрэгтэй хүүхэд хар өмд хар цамцтай өсвөр насны эрэгтэй хүүхдийг босож ирэх үед нь нүүр лүү нь олон удаа цохиж байгаа, унаад босох үед зүүн гараараа хохирогчийн хамран тус газарт цохиж байгааг харуулав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (х.х-06-12),
- нас тоолсон тэмдэглэл (х.х-14-15, 16-17),
- Өсвөр насны хохирогч Д.Аын “...2024 оны 07 дугаар сарын 26-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Найрамдал зусланд 10 хоногоор Сакура бүлэгт 7 дугаар ээлжинд амрахаар явсан юм. 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зуслан дээрээ өрөөндөө бүлгийн хүүхэд Стой хоёулхнаа өрөөндөө байсан ба би Соос “манай бүлгийн хүүхдүүд хаана байгаа юм бэ” гэж асуухад С урдаас “би яаж мэддэг юм гичий” гэж надад хандаж хэлэхээр нь би “чи ер нь яасан юм бэ, ямар сонин ааштай юм бэ, яагаад надтай ингэж харьцаад байгаа юм бэ ямар соёлгүй юм бэ” гэхэд С “тэгвэл хоёулаа гадаа гарч учраа олъё, ярилцъя” гэхээр нь би Сыг дагаж гадаа гарахад С надад хандаж “хоёулаа үзье” гэхээр нь би “чи ойрд яагаад надад муухай ааш гаргаад байгаа юм бэ” гэж хэлээд Сыг бага зэрэг түлхэхэд С шууд над руу дайрч миний нүүр рүү хэд хэдэн удаа гараа атгаж цохиход би арагшаа газарт тохойгоо тулж унасан, тэгээд нь би буцаж босож ирэхэд дахин миний нүүр рүү гараа атгаж цохиход би дахин газарт унахад миний нүүр рүү хөлөөрөө жийсэн мөн намайг босгохгүй гэж хүзүү боож байхад тэнд явж байсан танихгүй хоёр хүүхэд ирээд бид хоёрыг салгасан. Тэр үед миний хамар нүүрнээс цус гарсан ба би бүлгийн хүүхдээс нойтон салфетка аваад ир гэж гуйгаад авчруулаад цусаа бүгдийг нь авчирч цэвэрлээд нойл ороод угаасан. Ингээд тэр орой ээж над руу мессеж бичихээр нь би болсон явдлыг хэлэлгүй нууж “хаалганд цохисон” гэж хэлсэн чинь ээж итгээгүй надаас асуугаад байхаар нь би бүх зүйлийг үнэнээр нь хэлсэн. тэгээд ээж 2024 оны 08 дугаар сарын 05-ний өглөө цагдаад дуудлага өгч би одоо мэдүүлэг өгч байна.” гэх мэдүүлэг (х.х-36-37, 39),
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10360 дугаартай: “Д.Аын биед баруун, зүүн тохой, баруун, зүүн гарын алга, баруун, зүүн өвдөгт зулгаралт, хамрын нуруу, зүүн хацар, зүүн завж, доод уруулын дотор салст, уруул, баруун бугалга, цээж, хүзүү, зүүн өвдөгт 1 цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (х.х-50-51),
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 10438 дугаартай: “*******ын биед баруун дээд зовхи, хүзүү, цээж, эрүү, нуруу, зүүн шуунд цус хуралт, баруун тохойн хонхор, баруун сарвуу, зүүн бугалга, баруун өвдөг, шилбэ, тахимд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Тэмцэлдсэн ул мөр тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /х.х-47-48/,
- Өсвөр насны яллагдагч *******ын “Прокурорын тогтоолтой танилцаад хүлээн зөвшөөрч байна. Би амар байгаа өрөөндөө өдрийн хоол идчихээд орж ирээд сууж байтал манай өрөөний А гэдэг хүүхэд надаас “манай бүлгийн хүүхдүүд хаачсан юм бэ” гээд надад ямар ч хамааралгүй юм асуухаар нь би тухайн үед гар утсаараа тоглоом тоглоод завгүй байсан болохоор “би яаж мэдэх юм бэ” гэж бага зэрэг ууртай хэлчихсэн чинь А “чи юу гээд байгаа юм бэ, хоёулаа зодолдох уу” гээд миний орны өмнө хүрээд ирэхээр нь би юм хэлээгүй. Тэгсэн чинь би өрөөнөөсөө гарчихаад эргээд ороод ирсэн чинь А миний орон дээр хэвтэж байхаар нь би хажууд нь утсаа оролдоод хэвтсэн чинь А намайг дахин өөрөө өдөөд “гарч зодолдъё" гэхээр нь би “орой болъё" гэхэд А өөрөө намайг өдөөд дагуулаад гадаа гарахаар нь “хаана зодолдох гээд байгаа юм бэ" гэхэд А "хөл бөмбөгийн талбай дээр зодолдъё" гээд явган хүн явдаг хоёр талдаа модтой зам дээр очиж байгаад А эхлээд намайг заамдаад авахаар нь би Аын нүүрэнд гараараа 2-3 удаа цохиод цээж рүү нь нэг удаа жийгээд тэгээд зууралдаж байгаад салсан бөгөөд А болохоор намайг нүд рүү нэг удаа цохиод толгойны ар болон нуруун дээр маажсан бас толгойн ар дагз руу гараараа 5-6 удаа цохисон, баруун эгэм рүү гараараа 1-2 удаа цохисон” гэх мэдүүлэг (х.х-79-80) зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, өсвөр насны шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан баримтуудаар өсвөр насны шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Найрамдал зусланд хамт амарч байсан өсвөр насны Д.Атай маргалдан харилцан зодолдсоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Өсвөр насны *******, Д.А нар нь тухайн үед гэнэт үүссэн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож хэн алиндаа гэмтэл учруулсан болох нь тэдний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10360 дугаартай, 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 10438 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байх ба Д.Аын биед учирсан гэмтэлд гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон, *******ын биед учирсан гэмтэлд хохирлын зэрэг тогтоогдоогүй байна.
Өсвөр насны шүүгдэгч *******ын санаатай үйлдлийн улмаас Д.Аын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хуулиар тогтоосон тул шүүх шүүгдэгч *******од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, түүнд холбогдох Д.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг эцэслэн шийдвэрлэлээ. Өсвөр насны Д.А нь өсвөр насны *******ын биед гэмтэл учруулахгүйгээр халдаж зодолдсон үйлдлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эсэх, ******* болон түүний хууль ёсны төлөөлөгч нар гомдол гаргах эсэх нь тусдаа хуулиар зохицуулагдсан асуудал болохыг тайлбарлах нь зүйтэй.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч талаас эмчилгээ, сувилгаа, эмнэлгийн үзлэгийн төлбөрт нийт 1029716 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4620000 төгрөг нэхэмжилж, холбогдох баримтыг хавсарган шүүх хуралдаанд гаргасан болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Д.А нь өөрийн эрүүл мэнд, сэтгэцэд учирсан гэм хорыг хуульд заасан арга хэлбэрээр арилгахыг шүүгдэгч *******оос шаардах эрхтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас өсвөр насны Д.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх-эмнэлгийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10360 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна. Хохирогч Д.Аыг компьютер томографи, бусад шинжилгээ хийх төлбөрт зарцуулсан 660000 төгрөгийг шүүгдэгчийн ар гэрээс 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдөр шилжүүлэн төлж барагдуулсан болох нь банкны мөнгөн шилжүүлгийн мэдэгдэл /х.х-58/ баримтаар тогтоогдож байна.
Хохирогч талаас нэмж гаргаж өгсөн баримтыг шинжлэн судалж үзэхэд Дуут ресорт, Хужирт сувилалд амарч сувилуулсан, мөн бариа засал хийлгэсэн нь зайлшгүй шаардлагатай байсан эсэх нь баримтаар хангалттай нотлогдохгүй байх тул холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв. Хохирогч Д.Аын сэтгэцэд учирсан гэм хорын тухайд хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх ба гэмт хэрэг үйлдэгдэх, хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогч Д.Аын зүй бус үйлдэл /зодоонд уриалан дуудаж, өдөөн хатгасан г.м/ нөлөөлсөн, хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь өсвөр насны хүүхдүүд зэрэг нөхцөл байдлыг харгалзан хохирогч талаас нэхэмжилсэн нөхөн төлбөрийг доод хэмжээгээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.4-т “Насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг, эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч *******оос Сөүл сонгдо эмнэлгийн үзлэгийн төлбөр 42000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3300000 төгрөг, нийт 3342000 төгрөгийг гаргуулж хохирогч талд олгохоор шийдвэрлэв.
3/ Эрүүгийн хариуцлагын талаар:
Өсвөр насны шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-55/ тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өсвөр насны хохирогч Д.Аын зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын зарим хэсгийг сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******од 2 сарын хугацаагаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дахин багасгаж 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг, хохирогчийн өмгөөлөгч “хохирлыг 14 хоногийн дотор төлүүлэх саналтай байна. ялтай холбоотой саналгүй” гэх дүгнэлтийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “улсын яллагчийн саналыг дэмжиж байна. хохирлыг 14 хоногийн дотор төлүүлэх хүсэлтэй байна” гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “улсын яллагчийн саналыг дэмжиж байна. 3-6 сарын хугацаанд хохирлыг төлүүлэх хугацааг зааж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гарган мэтгэлцсэн бөгөөд шүүгдэгч “гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй” гэж эцсийн үг хэлсэн болно.
Дээрх нөхцөл байдал болон өсвөр насны хүүхдүүдийн сэтгэхүй, зан харилцааны онцлог болон *******ын хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, хяналт тавихыг *******ын оршин суугаа газрын гэр бүл, хүүхэд залуучуудын асуудал эрхэлсэн газарт хариуцуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хиад боржигин овогт Нын Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хиад боржигин овогт Нын Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад өсвөр насны шүүгдэгч *******од шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, хяналт тавихыг Өмнөговь аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын асуудал эрхэлсэн газарт хариуцуулсугай.
4. Өсвөр насны шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжилж ирүүлээгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бт 660000 төгрөг шилжүүлэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 3342000 /гурван сая гурван зуун дөчин хоёр мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Аад олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.А, түүний хууль ёсны төлөөлөгч С.Бийн нэхэмжлэлээс 987716 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******од урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг *******од холбогдох эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал 2408000000000 тоот хэрэгт хавсарган үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ