Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/03427

 

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/03427

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, Бага тойруу, Алтангэрэлийн гудамж, Сити центр төвийн ... дүгээр давхар, ... тоот хаягт байрлах Т.Д ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, мебель, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, С овогт Ч-ын А /РД: .../-д холбоонд холбогдох,

 

3,700,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сугардалай, М.Алтангүл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Д ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сугардалай, М.Алтангүл нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компан нь иргэн Б.Баярхүүтэй 2018 оны 9 дүгээр сарын 4-нд ипотекийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж, даатгалын гэрээгээр даатгалын зүйл болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замчдын 76 дугаар байрны 31 тоот орон сууцыг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн болон бусад эрсдэлээс хамгаалж даатгасан. Гэтэл 2019 оны 7 дугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд даатгуулагчийн тухайн орон сууцны дээврээс их хэмжээний борооны ус гоожиж даатгуулагч Б.Баярхүүгийн эд хөрөнгөд хохирол учирсан, ус алдалтын улмаас учирсан хохирлыг Ашид билгүүн ХХК 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн ДХҮ-219-98 тоот үнэлгээний тайлангаар 5,469,000 төгрөг гэж тогтоосон. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид холбоо гэх/-г байгуулна., мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Орон сууцны дээвэр, ... тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ ..., ... гэж, болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна:, 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, ... тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө; гэж тус тус заасны дагуу Замчдын хотхон сууц өмчлөгчдийн холбоо, түүний гүйцэтгэх захирал Ч.А нь даатгуулагчийн амьдран суудаг 76 дугаар байрны дундын өмчлөлийн зүйл болох орон сууцын дээврийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг хариуцах үүрэгтэй байна. Дээрх үүргээ биелүүлээгүйн улмаас Б.Баярхүүгийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Т.Д ХХК нь даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 19/03004 тоот тушаалаар 3,686,480 төгрөгийн нөхөн төлбөрийг даатгалын гэрээнд заасан нөхцлийн дагуу үнэлгээний тайлангаас тогтоогдсон хохирлын дүнгээс хасалт хийж олгосон. Ийнхүү нөхөн олговорыг олгосноор Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө. гэж, мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. гэж, даатгалын гэрээний 2.3.9 дэх заалтыг үндэслэн даатгалын тохиолдолд буруутай Ч.Алтантолиос төлбөрт олгосон төлбөрөө буцаан шаардах эрхтэй болсон байна. Иймд даалтгалын нөхөн төлбөр болох 3,686,480 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 3,700,480 төгрөгийг хариуцагч Ч.Алтантолиос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Замчдын хотхон сууц өмчлөгчдийн холбоо-ны гүйцэтгэх захирал нь Ч.А юм. Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн н.Баярхүүгийн амьдарч байсан байрны дээврээс ус алдсан тул 5,845,000 төгрөгийг Замчдын хотхон сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулахаар шүүхэд хандсан. Шүүхээс н.Батхүүгийн өөрийнхөн буруутай үйлдэл байна хэмээн үзэж хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Гэтэл 5,845,000 төгрөгийг тодорхой хэсэг буюу 3,000,000 гаруй төгрөгийг Даатгалын байгууллагад н.Батхүүд олгосон байдаг. Нэхэмжлэгч нь анх хариуцагчаар Замчдын хотхон сууц өмчлөгчдийн холбоог татсан байсан боловч хариуцагчаа иргэн Ч.Алтантолиор сольсон байдаг. Хариуцагчийн зүгээс иргэн Ч.Алтантолиос нэхэмжлэх эрхгүй буюу Ч.А нь энэ нэхэмжлэлийг хариуцах этгээд нь биш гэж үзэж байна. Учир нь иргэн Ч.А нь тухайн байрны оршин суугч н.Баярхүүтэй гэрээ хэлцэл байгуулаагүй, түүний орон сууцны завсар, үйлчилгээг хариуцаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь хариуцагчаар Ч.Алтантолийг татсан тул бид Замчдын хотхон сууц өмчлөгчдийн холбооны өмнөөс хариу тайлбар гаргах боломжгүйНэхэмжлэгч талаас гэрээнээс учирсан хохиролыг нэхэмжилж байгаа гэж ойлголоо. Гэтэл буруутай этгээд нь н.Баярхүү гэдэг хүн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байгаа. Тиймээс гэрээнээс учирсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулна гэж байгаа бол н.Баярхүүгээс нэхэмжлэх нь зүйтэй гэж байна. Иргэн Ч.Алтантолийн хувьд уг хэрэг маргаантай хамааралгүй этгээд гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Д ХХК нь хариуцагч Ч.Ад холбогдуулан гэм хорын хохиролд 3,700,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ... нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд нь Ч.Алтантовь биш гэж маргажээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгч Т.Д ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг Б.Баярхүүтэй байгуулж, улсын бүртгэлийн Ү-2003008215 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчдын гудамж, 2 дугаар хороолол, 76 дугаар байрны 31 тоот орон сууцыг гал түймэр, цахилгаан эрчим хүчний эрсдэл, сантехникийн эрсдэл, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдлээс хамгаалжээ. Гэрээ хэрэгжиж байх хугацаанд буюу 2019 оны 7 дугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд даатгалын зүйл болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчдын гудамж, 2 дугаар хороолол, 76 дугаар байрны 31 тоот орон сууцны дээврээс борооны ус гоожиж, даатгуулагч Б.Баярхүүгийн эд хөрөнгөд хохирол учруулсан. Хохирлын үнэлгээг Ашид билгүүн ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 5,469,000 төгрөгөөр тогтоосныг үндэслэн Т.Д ХХК нь Б.Баярхүүгийн Хаан банкин дахь 5001118899 тоот дансанд 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 3,686,480 төгрөгийг шилжүүлжээ.

 

Нэхэмжлэгч Т.Д ХХК нь гэм хорын хохиролд 3,700,480 төгрөг гаргуулахаар шаарджээ. Даатгуулагч Б.Баярхүүгийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэгч Т.Д ХХК нь даатгалын гэрээний дагуу төлсөн ба гэрээнээс учирсан хохирлыг хууль болон гэрээгээр шаардах эрхийг шилжүүлэн авч нэхэмжлэл гаргасан байх тул гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлаас үзвэл даатгалын гэрээний дагуу даатгуулагч Б.Баярхүүд учирсан 3,686,480 төгрөгийг даатгагч Т.Д ХХК хариуцан арилгасан нь баримтаар тогтоогдсон, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө. гэж, мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. гэж, зохигчдын хооронд байгуулсан даатгалын гэрээний 2.3.9-д Даатгалын тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн даатгагч аливаа хохирлыг нөхөн барагдуулах буруутай этгээдээс төлбөрийг нэхэмжлэх даатгуулагчийн эрхийг шилжүүлэн авах ба буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. гэж зааснаар дэх нэхэмжлэгч Т.Д ХХК нь даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс шаардах эрхтэй.

 

Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, агуулга, шаардлагаас үзвэл даатгуулагч Б.Баярхүүгийн эд хөрөнгө буюу тухайн орон сууцны дээврийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг Замчдын хотхон сууц өмчлөгчийн холбоо, түүний гүйцэтгэх захирал Ч.А Иргэний хуулийн 143, 147 дугаар зүйлд зааснаар хариуцах үүрэгтэй гэх боловч нэхэмжлэлийн шаардлагаа иргэн Ч.Ад холбогдуулан гаргажээ. Иргэн Ч.А нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6-д Орон сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой бусдад учруулсан гэм хорыг холбооны дүрэм, сууц өмчлөгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 147.2, 147.3-т заасан журмын дагуу арилгана. гэж заасан үүргийг хүлээхгүй ба тухайн нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд нь Ч.А биш байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6, 443 дугаар зүйлийн 443.7-д заасныг баримтлан хариуцагч Ч.А-иос 3,700,480 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,150.68 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР