Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1276

 

  

 

 

 

 

 

 

 

   2024         11           28                                     2024/ШЦТ/1305

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Лхагвасүрэн,

улсын яллагч: Н.Ундрах,

шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Ш,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Ц,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2408000000000 тоот хэргийг 2024.11.20-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1981 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Баянхайрхан 00 дүгээр гудамжны задгай тоотод оршин суух, хэрэг хариуцах чадваргүй, хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувиар тогтоогдсон, байнгын асаргаа шаардлагатай, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Бумбат жаран овогт Дгийн С нь бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 7 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шөнийн дэлгүүрийн урд зогсоол дээр байрлуулсан байсан  А.Бын өмчлөлийн 00-00 УЕК улсын дугаартай Тоёота сай загварын тээврийн хэрэгслийн баруун урд салхины шилийг хагалж 566000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- хохирогч А.Бын: “Би 2024 оны 6 дугаар сарын 20-ны үеэр /яг тодорхой хэлж мэдэхгүй гэх/ машинтайгаа гэр рүүгээ явж байгаад машины мотор дуугараад байхаар нь машинаа Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо шөнийн дэлгүүрийн урд зогсоол дээр машинаа үлдээгээд явсан. Үлдээсэн өдрөөс хойш машинаа очиж эргэдэг байсан ба өчигдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед очиж машинаа эргэхэд бүрэн бүтэн байсан. Тэгсэн орой над руу цагдаагаас утсаар ярихаар нь би гайхаад асуухад миний машины урд салхины шилийг хагалсан байсан гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /х.х-22/,

- гэрч Д.Шгийн: “Манай эгч С нь 2002 онд хүүгээ төрүүлснийхээ дараа сэтгэлийн цочролд ороод сэтгэц мэдрэлийн өвчтэй болсон. Тэгээд манай гэр бүлийнхэн эгчийг эмчид үзүүлэхэд савны хий хөөрлөөс болсон гэсэн. F20.5 үлдэц шизофрин оношоор оношлогдож байсан, энэхүү оношоор оношлогдсоныхоо дараа зан байдал нь өөрчлөгдсөн. Их эмзэг тогтворгүй болчихдог. Түргэн ууртай, их цочмог, хажуугаар нь олон хүмүүс, дуу чимээтэй машин тэрэг өнгөрөхөөр уурлаж гэнэт орилдог. Машин тэрэг рүү чулуу аваад шидчихдэг. .. шөнө гэрээсээ ахиад гараад зугтаасан байсан. Тэр үедээ л машины шил хагалсан байсан. Ээжээс асуусан чинь эгчийг эмээ уугаагүй гэсэн. Тэгээд л өвчин нь хөдөлсөн байх. Эмийг нь байнга тогтмол уулзгахгүй бол дэргэдээ байгаа бүгдийг дайснаа гэж хараад дайраад байдаг болохоор өвчин нь хөдөлсөн үед гялс 103-т дуудлага өгөөд эмнэлэгт хэвтүүлдэг” гэх мэдүүлэг /х.х-27/,

- гэрч С.Дгийн: “манай ээжийн төрсөн дүү болох Ш асран хамгаалагч нь мөн. Ш ах манай ээжийг эмнэлэгт нь үзүүлдэг. Ээжийн эмнэлгийн бүх бичиг баримт нь ахад бий. Хүнд учруулсан хохирлыг нь Ш төлөх ёстой учир нь хууль ёсны асран хамгаалагч мөн” гэх мэдүүлэг /х.х-30/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “165 см орчим өндөртэй, богино үстэй, хар өнгийн өмдтэй, малгайтай цамцтай хажуу талдаа үүрдэг бараан өнгийн цүнхтэй, 40-50 настай эмэгтэй цагаан өнгийн “сай” маркийн тээврийн хэрэгсэл рүү алхан очих бөгөөд уг машины урдаас хар бараан өнгийн чулуу мэт зүйл авч уг тээврийн хэрэгслийн хамрын баруун урд хэсэгт зогсож байгаад салхины шилний баруун урд хэсэгт очив. Уг үйлдлээ 3-4 удаа давтаж үйлдэж байх үед цад талын явган хүний замаар наашаа чиглэлтэй явж байсан 2 залуу уг үйлдлийг нь таслан зогсоов” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-16-18/,

- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн “2013 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Сай маркийн автомашинд учирсан эвдрэл хохиролд шууд зардал 418000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн-566000 төгрөг” гэх дүгнэлт /х.х-36-38/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 775 дугаартай “Өвчний түүх: Өвчин апатоабуляций синдром, үлдэж дэмийрлийн хам шинжээр даамжирч тус СЭМҮТ-т 40 удаа хэвтэн эмчлүүлж байгаа. Хамгийн сүүлд дэмийрлийн улмаас 2 машины цонх хагалаад хэвтэж байгаа. Сэтгэцийн онош: F.20.5. Үлдэц шизофрения, St: Үлдэц дэмийрлийн хам шинж. Дүгнэлт: Үлдэц шизофрения сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь дотоод шалтгаантай удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчин болно. ******* нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж, илэрхийлэн мэдүүлэг өгөх чадваргүй байна. ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэнийх нь дараа үлдэц шизофрения үлдэц дэмийрлийн хамт шинж сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Дээрх эмгэг нь ямар хугацаанд үргэлжлэх эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна. ******* нь хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэнийхээ дараа өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадваргүй байсан байна. ******* нь хэрэг хариуцах чадваргүй байна. ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ шизофренийн үлдэц дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байсан байна. *******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 сараар авах саналтай байна” гэх дүгнэлт /х.х-43-49/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 7 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байсан А.Бын өмчлөлийн 00-00 УЕК улсын дугаартай Тоёота сай загварын тээврийн хэрэгслийн баруун урд салхины шилийг хагалж 566000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч А.Бын мэдүүлэг, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 566000 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэнийхээ дараа өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадваргүй, шизофренийн үлдэц дэмийрлийн хамт шинж сэтгэцийн эмгэгтэйн улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувиар тогтоогдсон, хэрэг хариуцах чадваргүй бөгөөд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 сараар авах шаардлагатай иргэн болох нь шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 755 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч А нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар арилгахыг *******ээс шаардах эрхтэй байна.

Дээр дурьдсанаар ******* нь сэтгэцийн эмгэг өвчтэйн улмаас хэрэг хариуцах чадваргүй иргэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон тул  Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.3-т “Сэтгэцийн өвчтэйн улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэний бусдад учруулсан гэм хорыг түүний асран хамгаалагч буюу түүнд байнгын хяналт тавих үүрэг бүхий этгээд хариуцан арилгана” гэж заасны дагуу *******ийн асран хамгаалагч болох Д.Шгаас 566000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Бт олгож, эд хөрөнгийн хохирлыг арилгуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-63/ тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна. хохирлыг шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Шгаас гаргуулах саналтай” гэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй, сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр ******* нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна. Иймд улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс “хохирлоо төлөөгүй байгаа, цагдаагаас байн байн дуудаад ажлаасаа гарсан. Мөн эхийн бие муу байгаа тул хохирлыг төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Энэ жилээс намайг асран хамгаалагчаар томилсон” гэх тайлбарыг тус тус гарган оролцлоо.

          Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр *******д Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасагт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 сарын хугацаагаар хэрэглэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бумбат Жаран овогт Дгийн Сийг бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Бумбат жаран овогт Дгийн Сд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасагт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 /гурван/ сарын хугацаагаар хэрэглэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай. 

3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 503 дугаар зүйлийн 503.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хууль ёсны төлөөлөгч асран хамгаалагч Д.Шгаас 566000 /таван зуун жаран зургаан мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Бт олгосугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц *******д хэрэглэсэн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг *******д холбогдох эрүүгийн 2408000000000 тоот хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ