| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/00167/И |
| Дугаар | 102/ШШ2019/00664 |
| Огноо | 2019-03-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2019/00664
| 2019 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2019/00664 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, Хасбаатарын гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Ж овогт Д-ийн И /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух Ө овогт Н Г /РД: .../-д холбогдох,
2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц албадан чөлөөлүүлж, 12 сар орон сууцанд суусны төлбөр 5,400,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагчийн орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 5,000,000 төгрөг, орон сууцанд хийсэн засварын үнэ 5,000,000, мал нядлахад гарсан зардалд 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Бадамцэцэг, хариуцагч Н.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Иын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбарт: Нэхэмжлэгч Д.И миний бие нь хариуцагч Н.Гд өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 25 дугаар байрны 47 тоот, 25 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууцаа 35,000,000 төгрөгөөр худалдахаар 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр тохиролцоод урьдчилгаанд 1,500,000 төгрөг авсан. Үлдэгдэл 33,500,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор худалдан авагч Н.Г нь бүрэн төлж барагдуулахаар хэлцэл хийсэн. Үлдэгдэл төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 15-нд төлөхөөр хэлцэл хийснийг тухайн үед би мэдээгүй, сүүлд намайг үлдэгдэл төлбөрөө нэхээд байхаар Н.Г та нэг юм мартаад байна, надтай байгуулсан гэрээгээ хараарай гэхээр нь хартал 33,500,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 15-нд төлнө гэж хэлцэлд дурдсан байсан. Тэгээд би дахиж төлбөрөө нэхээгүй 12 дугаар сарын 15-ныг хүлээсэн. Энэ хооронд Н.Ггээс 500,000 төгрөгөөр 2 удаа, 2,500,000 төгрөгөөр 1 удаа авсан, ингээд гэрээ байгуулах үед авсан 1,500,000 төгрөгтэй нийлээд нийт 5,000,000 төгрөгийг урьдчилгаанд авсан. Би тухайн орон сууцанд засвар хийх, нэмэлт хаалга гаргахыг Н.Гд зөвшөөрөөгүй, мөн мал нядлахад гарсан зардалд 5,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Харин урьдчилгаанд авсан 5,000,000 төгрөгөө буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Иймд орон сууц худалдах-худалдан авах гэрээнээсээ татгалзаж, орон сууцыг албадан чөлөөлүүлж,12 сарын хугацаанд буюу 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 16-ний өдрийг хүртэлх хугацаанд /1 сарын түрээсийн төлбөрийг 450,000 төгрөгөөр тооцсон/ орон сууцанд суусны төлбөр 5,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд гэвэл Н.Гд би байранд хаалга гаргаж засвар хийхийг зөвшөөрөөгүй, мөнгөө бүрэн төлөөгүй байж засвар хийсэн байна, энэ зардлыг би хариуцахгүй. Мөн Дорнод руу мал нядлахаар явахад гарсан зардлыг яагаад надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна, би хариуцах ёсгүй. Харин байрны урьдчилгаанд өгсөн 5,000,000 төгрөгийг буцааж өгөхийг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Н.Ггийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би орон сууцаа зарчих гэж тэгтэл нь гуйгаагүй, зарвал авна шүү гэж хэлж байсан. Д.И эгчтэй түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 25 дугаар байрны 47 тоот 1 өрөө орон сууцыг 35,000,000 төгрөгөөр авахаар 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр тохиролцоод урьдчилгаанд 1,500,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгахаар хэлцэл байгуулсан. Энэ хугацаанд түүнд 500,000 төгрөгөөр 2 удаа, 2,500,000 төгрөгөөр 1 удаа, нийт 5,000,000 төгрөгийг өгсөн. Би өвөлдөө 1 удаа мал нядалж мөнгөтэй болдог. 2018 оны 12 дугаар сард мал нядалсан учир нь тэр үед мал тарга авсан байдаг, мөн махны үнэ өссөн байдаг тул энэ үеийг сонгож, үлдэгдэл төлбөрөө төлөхөөр хэлцэл байгуулсан. Ингээд би 2018 оны 12 дугаар сарын 12-13-ны хавьцаа Дорнод аймгийн Баянтүмэн сум руу хэсэг танилын хамт явж, аавынхаа суурьнаас 40 адуу, 30 хонь нядалж, заримыг нь тэнд нь зарж, үлдсэнийг нь хот руу авч ирж зарж борлуулсан. Ингээд би 2018 оны 12 дугаар сарын 20-н хавьцаа махаа аваад ирж байх замдаа Ичинноров эгч рүү яриад за дүү нь мөнгөтэй боллоо, байрны гэрчилгээгээ бэлдэж байгаарай гэж хэлж байсан. Одоо би энэ байрыг авахгүй, би өөрөө ийм хэл амтай зүйлд сүжиггүй. Миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар шаардсан 15,000,000 төгрөг буюу урьдчилгаанд төлсөн 5,000,000 төгрөг, засварын 5,000,000 төгрөг, мал нядлахад гарсан зардал 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд байрыг чөлөөлж өгөхөд бэлэн байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Тухайн байрыг авахаар анх Д.И эгчтэй гэрээ байгуулах үедээ өгсөн 5,000,000 төгрөг, мөн тухайн орон сууцанд буюу Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 25 дугаар байрны 47 тоот орон сууцанд би өөрийн зардлаар Г.Мөнхбаяр гэх танилдаа 5,000,000 төгрөг өгч гадна коридорт нэмэлт хаалга хийлгэсэн, мөн ханын цаасыг солиулсан, тааз янзлуулсан, сангийн хоолойнуудыг солиулсан. 5,000,000 төгрөгөнд засварын материал болон ажлын хөлс бүгдээрээ багтсан. Би Д.И эгчээс авсан байрныхаа мөнгийг төлөхөөр 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 20-ны хооронд Дорнод аймгийн Баянтүмэн сум руу явж аавынхаа малнаас 40 тооны адуу, 30 тооны хонь нядалж ирсэн, үүнд 5,000,000 төгрөгийн зардал надаас гарсан. Энэ зардлыг тодруулбал нядалсан махаа ачуулахаар С.Түмэн-Эх гэх хүний Норд бенз машиныг хөлсөлсөнд ба бензинтэй нийлээд 2,500,000 төгрөг төлсөн, мөн би өөрөө Ниссан патрол машинаар явсан ба 1,300,000 төгрөгийн бензин хийсэн, мөн Дорнодод очоод малаа нядлуулахад ажилласан хүмүүст 1,200,000 төгрөг төлсөн болно. Иймд нэхэмжлэгчээс 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.И нь хариуцагч Н.Гд холбогдуулан 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц албадан чөлөөлүүлж, 12 сар орон сууцанд суусны төлбөр 5,400,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагчийн орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 5,000,000 төгрөг, орон сууцанд хийсэн засварын үнэ 5,000,000, мал нядлахад гарсан зардалд 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч Д.И, хариуцагч Н.Г нар нь 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 9 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 25 дугаар байрны 47 тоот хаягт байрлах 25 м/кв, 1 өрөө орон сууцыг 35,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Н.Г нь гэрээ байгуулсан өдрөө орон сууцны үнэд 1,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 33,500,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд орон сууцны нэрийг шилжүүлэхээр тохиролцож, орон сууц худалдах-худалдах авах тухай гэрээ байгуулсан болох нь тухайн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Талууд гэрээ байгуулсанд болон урьдчилгаанд хариуцагч Н.Г нь 2018 оны 1 дүгээр сарын 14-нд 1,500,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 12-нд 500,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 12-нд 500,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 12-нд 2,500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг төлсөнд, өнөөдрийг хүртэл Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 47 дугаар байрны 25 тоот хаягт байрлах 25 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хариуцагч Н.Г эзэмшиж байгаа талаар зохигчид маргаагүй болно.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ... 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Н.Гтэй байгуулсан Баянгол дүүргийн 9 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 25 дугаар байрны 47 тоот хаягт байрлах 25 м/кв, 1 өрөө орон сууцыг 35,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг цуцалж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх гэх шаардлагыг гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... дээрх гэрээнээс татгалзаж, орон сууцаа албадан чөлөөлүүлэх гэх хууль зүйн хувьд өөр өөр буюу гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.
Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэдэг. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад болон нэхэмжлэгч орон сууцаа буцаан авахаар шаардаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгч Д.И нь хариуцагч Н.Гтэй 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Хариуцагч Н.Ггийн ... би 2018 оны 12 дугаар сарын 20-н хавьцаа махаа аваад ирж байх замдаа Ичинноров эгч рүү яриад за дүү нь мөнгөтэй боллоо, байрны гэрчилгээгээ бэлдэж байгаарай гэж хэлж байсан гэх, нэхэмжлэгч Д.Иын ... 2018 оны 12 дугаар 11-ний өдөр Н.Гтэй ярьж төлбөр төлөх өдөр чинь боллоо гээд төлбөрөө төлөхийг сануулсан, гэрээгээ сунгахгүй гэж хэлсэн гэх мэдүүлэгээс үзэхэд хариуцагч Н.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй байна.
Гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон, нэхэмжлэгч Д.И нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлбөрөө төлөхийг хариуцагчид сануулсан, гэрээний хугацааг сунгахаас татгалзсан талаараа хариуцагчид мэдэгдсэн болох нь хариуцагчийн ... Ичинноров эгчтэй ярихад гэрээг сунгахгүй гэсэн гэх мэдүүлгээр тогтоогдсон ба Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ. гэж хуульчилсантай нийцэж байх тул Баянгол дүүргийн 9 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 25 дугаар байрны 47 тоот хаягт байрлах 25 м/кв, 1 өрөө орон сууцыг хариуцагч Н.Ггийн эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Д.И нь хариуцагч Н.Ггээс орон сууцанд 12 сарын хугацаанд буюу 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд оршин суусны төлбөрт 5,400,000 төгрөг нэхэмжилжээ. Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнд зааснаар хариуцагч Н.Г нь гэрээ байгуулагдсанаас хойш 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд төлбөрөө төлж дуусгах үүрэг хүлээж байсан тул энэ хугацааны орон сууцанд суусан төлбөрийг төлөх үндэслэлгүй, харин 2018 оны 12 дугаар сарын 15-наас 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны орон сууцанд оршин суусан төлбөрт 450,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,950,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2.Хариуцагч Н.Ггийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Н.Г нь орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 5,000,000 төгрөг, орон сууцанд хийсэн засварын үнэ 5,000,000 төгрөг, мал нядлахад гарсан зардал буюу С.Түмэн-Эхийн эзэмшлийн Норд бенд тээврийн хэрэгслийг хөлсөлсөн болон түлшний зардалд 2,500,000 төгрөг, Ниссан, Портер машинд 1,300,000 төгрөгийн түлш, мал нядалсан хүмүүсийн ажлын хөлсөнд төлсөн 1,200,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч Н.Г өөрөө зохих ёсоор биелүүлээгүй атлаа гэрээнээс татгалзсаны хохирол буюу орон сууцанд засвар хийсэн зардалд 5,000,000 төгрөг, мал нядлахад гарсан зардалд 5,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй гэж шүүх үзлээ.
Харин нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул орон сууцны урьдчилгаанд өгсөн 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Н.Ггийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны урьдчилгаанд төлсөн 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Иоос гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.2-д заасныг баримтлан хариуцагч Н.Ггээс гэрээнээс татгалзсаны хохиролд 450,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ит олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,950,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн 9 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 25 дугаар байрны 47 тоот хаягт байрлах 25 м/кв, 1 өрөө орон сууцыг хариуцагч Н.Ггийн эзэмшлээс чөлөөлсүгэй.
2.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Иоос 5,000,000 төгрөг гаргуулж хариуцагч Н.Гд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Иоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,550 төгрөгийг, хариуцагч Н.Ггээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 84,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 94,950 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР