| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/0126Э |
| Дугаар | 2024/ШЦТ/124 |
| Огноо | 2024-11-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/124
2024 11 14 2024/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.,
Улсын яллагч Д.З,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б,
Шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ж-ны Г-д холбогдох эрүүгийн 242.000.000.0124 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Д аймгийн З сумын Хот тохижилтод ачигч ажилтай, ам бүл ...., эхнэр, .... хүүхдийн хамт амьдардаг, Д аймгийн З сумын ....-р баг М-ын ..... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Д аймаг З сум дахь сум дундын шүүхийн .... оны .... дугаар сарын ...-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн .... оны .... дүгээр сарын ....-ний өдрийн 2020/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн .... оны .... дугаар сарын ....-ны өдрийн .............. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ........ жилийн хугацаагаар хорих ял, Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн ....... оны .... дугаар сарын ....-ны өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....... оны ... дугаар сарын ...-ны өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, С овогт Ж.Г /РД:...../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж-ны Г нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн өглөөний 07 цагийн үед Д аймгийн З сумын нутаг дэвсгэрт байрлах 114 дүгээр байрны подволын 02 тоотын цоожийг эвдэлж Самсунг Галакси-А15 (Samsung Galaxy-A15) маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2024 оны 07 дугаар сард гэрээсээ гараад хажуу айл руугаа орсон. Би хаалганы цоожийг нь аваагүй. Онгорхой цоож нь сул зүүлттэй байсан. Тэгээд ороод гарахдаа утсыг нь авсан. Өглөө ажилдаа явчхаад өдөр цайндаа гэртээ ирсэн. Тэгээд утасны код гаргаад өг гээд Б дэлгүүрийн гар утасны ахад хэлсэн чинь үлдээчих гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирэхээр нь утсыг нь буцааж өгсөн гэв” гэжээ.
Шүүгдэгч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 12-ны өглөөний 07 цагийн үед гэрээсээ гараад явж байтал манай өөдөөс харсан, хажуу талын айлын гэрийн үүд нь цоож нь зүүлттэй цоожоо түгжээгүй байхаар нь цоожийг мултлаад тэр айлд ороход хүнгүй байхаар нь гарах гэтэл тэр айлын ширээн дээр нэг саарал өнгийн гар утас цэнэглээтэй байхаар нь цэнэглэгчийг нь салгаад аваад гарсан айлаас гараад ажил дээрээ очиж байгаад өдөр 14 цаг өнгөрч байхад тухайн хулгайлсан гар утсаны кодыг нээлгэх гэж гар утасны засвар дээр очиж нээлгэх гэтэл завгүй байна үлдээчих гэхээр нь тухайн гар утсыг үлдээгээд явсан. Тэгтэл тэр оройдоо цагдаагаас нэг хүн ирээд намайг авч явж алдагдсан гар утасны талаар асуухад би авсан гэж хэргээ хүлээсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/
Хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр найз болох С-ын гэрт өөрийн гар утас болох Самсунг Галакси-А15 загварын гар утсаа цэнэглээд үлдээсэн. Тэгээд 08 дугаар сарын 13-ны өдөр авах гэтэл манай найз Саруул чиний гар утас алга болсон байна гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,
Гэрч Ц.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ..... дүгээр байрны подволын 02 тоотыг түрээсэлж амьдардаг. 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэртээ орох гэтэл гэрийн цоож эвдэлсэн манай найзын гар утас алга болсон байдалтай байсан. Тэгээд би хөрш айлуудаасаа асуутал Г гэдэг хүн орсныг харсан гэж хэлэхээр нь Г-тай уулзтал би танай гэрт ороогүй танай шалыг борооны ус орсон байна уу, үгүй байна уу гэж харсан гэхээр нь би утас алга болчихлоо авсан уу гэтэл аваагүй гэж надад худлаа хэлэхээр нь би найз Минжинсорын хамт цагдаагийн байгууллага дээр ирсэн. Тухайн алга болсон гар утсыг манай найз болох Минжинсор нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манайд ирж хамт байж байгаад утсаа цэнэглэж үлдээгээд явсан. Самсунг А15 загварын хөх өнгийн Минжинсорын гар утас байсан. ... Манай гэрийн цоож нууц далд цоожтой биш харин цүүнд хийдэг ил харагддаг шар өнгийн Хятад цоож байсан. ... тэгээд гэртээ иртэл манай гэрийн цоожийг эвдээд гэрт орсон байсан. Тэгтэл манай найз Минжинсорын гар утас алга болсон байсан. ...Гэрийн цоож ямар нэгэн эвдрэлгүй хэвийн байсан гараар татаад онгойхгүй шинэ цоож байсан. ...Гэрийн цоожийг мулт татаад цүүний хадаас нь мултарсан байсан. Цоожны дээр юмаар цохисон гэмтсэн мөр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 54/
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
Эд зүйл, эд мөрийн баримтыг хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 21-22/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 55-57/
2024 оны 08 сарын 14-ний өдрийн Ашид билгүүн ХХК-ний ТХҮ-024/10553 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-29/
2024 оны 08 сарын 13-ны өдрийн 631 дугаартай Д аймгийн З сумын Х багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62/
Шүүгдэгч Ж.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63/
Шүүгдэгч Ж.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ж-ны Г нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн өглөөний 07 цагийн үед Д аймгийн З сумын нутаг дэвсгэрт байрлах 114 дүгээр байрны подволын 02 тоотын цоожийг эвдэлж Самсунг Галакси-А15 (Samsung Galaxy-A15) маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болжээ.
Шүүгдэгч Ж.Г-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Ж-ны Г нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн өглөөний 07 цагийн үед Д аймгийн З сумын .... дүгээр байрны подволын 02 тоотын цоожийг эвдэлж Самсунг Галакси-А15 (Samsung Galaxy-A15) маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр найз болох С-ын гэрт өөрийн гар утас болох Самсунг Галакси-А15 загварын гар утсаа цэнэглээд үлдээсэн. Тэгээд 08 дугаар сарын 13-ны өдөр авах гэтэл манай найз Саруул чиний гар утас алга болсон байна гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/, гэмт хэргийн талаар гомдол, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/, эд зүйл эд мөрийн баримтыг хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 21-22/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 55-57/, 2024 оны 08 сарын 14-ний өдрийн Ашид билгүүн ХХК-ний ТХҮ-024/10553 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ж.Г нь дээрх хулгайн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүн байнга амьдрах зориулалттай газар буюу орон байранд нэвтрэн үйлдэж хохирогч Д.М-д 450,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Д аймгийн З дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирогч Д.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрт 450,000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 450,000 төгрөгний хохирлын эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн нь хохирогч, шүүгдэгч нарын тайлбараар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Ж.Г-ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч 450,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Г-ын хувьд ногдох эд хөрөнгөнөөс битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Г нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ж.Г нь хэдийгээр хулгайн гэмт хэргийг үйлдэж хорих ялаар шийтгүүлж байсан боловч энэ байдал нь шүүгдэгчид ял оногдуулахад хуульд заасан хүндрүүлэн үзэх үндэслэл болохгүй юм. Шүүгдэгчид ял оногдуулахдаа тухайн гэмт хэргийг хэрхэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн зан төлөв зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй юм.
Шүүгдэгч Ж.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Ж-ны Г /РД:/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж-ны Г-ыг 1 /нэг/ жил, 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-д оногдуулсан 1 жил, 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Ж.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг нь хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсмогц хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Ж.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ