Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 00058

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Б.Хэрлэн нарын бүрэлдэхүүнтэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

 

          Нарийн бичгийн дарга                                                         Б.Ариунсанаа

          Улсын яллагч                                                               Б.Эрхэмбаатар

          Иргэдийн төллөөлөгч                                                            Т.Болорсувд

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                        Х.Даваахүү

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                                  С.Алтантуяа

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч       Т.Мөнхтуяа

          Шүүгдэгч                                                                     М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Тариачин овогт Мягмарын Батмөнхөд холбогдох 201618020216 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар  сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Жолооч мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан Сумын 6 дугаар баг Тээвэрчдийн 16-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /ТК:77031215/ Тариачин овогт Мягмарын Батмөнх.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

М.Батмөнх нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлийн 159 дүгээр километр, Хадагтай модны орчимд 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цагийн үед өөрийн эзэмшлийн “21-33” ДАР улсын дугаартай Prius-20 маркын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.1, 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчин эсрэг урсгалд зорчин явсан С.Батбаатарын эзэмшлийн “30-10” УНО улсын дугаартай Toyota Kluger маркын тээврийн хэрэгслийг мөргөж, “21-33” ДАР улсын дугаартай Prius-20 маркын тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.Алтанзул, Б.Азжаргал нарын амь насыг хохироож, Б.Намуунбайгаль, Б.Хүслэн нарын бие махбодид хүнд гэмтэл, “30-10” УНО улсын дугаартай Toyota Kluger маркын тээврийн хэрэгсэлд зорчин явсан М.Алтанцэцэг, М.Оюунцэцэг нарын бие махбодид  хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Батмөнх мэдүүлэхдээ: ... 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгаас Төв аймгийн Батсүмбэр сум руу хадам ээжийнхрүүгээ явахаар өдрийн 13 цаг 20 минутын орчимд гарсан. Тухайн үед зам их халтиргаатай, гөлөөнтэй байсан болохоор би 40-45 километр цагийн хурдтай явж байсан. Тэгээд Баруунхараагийн цаана хадагтай мод гэдэг газар миний машин гэнэт мургинаж, шарваж хөндөлсөөд өөдөөс ирж явсан Клугер  загварын машинтай мөргөлдсөний улмаас миний эхнэр, хүүхэд маань амь эрсдэж, 2 хүүхэд маань хүнд гэмтэж, нөгөө машинд зорчиж явсан хоёр хүнд хүндэвтэр гэмтэл учруулсан гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Алтантуяа мэдүүлэхдээ: ... Надад өгөөд байх мэдүүлэг байхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, өмгөөлөгчийнхөө саналтай санал нэг байна. Би 2016 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө энэ асуудлын талаар сонссон. Өдөр нь би энэ хэдэд битгий яв цаг агаар онцгүй байна, яваад хэрэггүй гэж хэлж байхад талийгаач болох манай дүү өөрөө зөрөөд байсан, өөрөө ч их зөрүүд хүн, тэгээд явна гэж зөрсөөр байгаад энэ хэд гарсан байдаг гэв. 

          Мөрдөн байцаалтанд Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Алтантуяа мэдүүлэхдээ: … Дүү С.Алтанзул нөхөр М.Батмөнхийнхөө хань халамжин дор 4 хүүхэдтэйгээ сайхан амьдарч байсан. Осол болсон өдөр гэр бүлээрээ Төв аймгийн Батсүмбэр суманд амьдарч байгаа манай ээж Д.Сийлэгмаагийнд очихоор өөрсдийн Prius-20 загварын машинтайгаа явж байгаад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ойролцоо осолд орсон байсан. Том охин Б.Намуунбайгаль нь ослын улмаас аарцаг яс гэмтэж, хүү Б.Хүслэнгийн хөл нь хугарч бусад байдлаар гэмтэж одоогоор Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна. Надад ямар нэгэн гомдол санал хохирол нэхэмжлэл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-20-р хуудас/

                  Мөрдөн байцаалтанд хохирогч М.Алтанцэцэг мэдүүлэхдээ: … 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг орохоор Тоёота клугер загварын “30-10” УНО улсын дугаартай машинтайгаа төрсөн дүү М.Оюунцэцэг, М.Мөнхцэцэг, нөхөр С.Батбаатар нарын хамт гарсан. Машиныг миний нөхөр С.Батбаатар жолоодож явсан бөгөөд бид нар Баянгол сумаар дайрч өнгөрөөд нэгэн Сэтэрхий хөтлийг даваад цааш уруудаж томоохон зоогийн газрыг өнгөрч явсан. Тэр өдөр цас ихээр орж байсан тул зам ер нь халтиргаатай болж байсан. Ингээд явж байтал өөдөөс ирж явсан саарал өнгийн суудлын автомашин гэнэт муригнаж ирээд юу юугүй л манай машины урд тал руу түсхийгээд мөргөсөн. Би даруулга бүс зүүгээгүй явж байсан болохоор урагш хүчтэй унаж хөл гэмтсэн. Надад гомдоллож нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-р хуудас/

                  Мөрдөн байцаалтанд хохирогч М.Оюунцэцэг мэдүүлэхдээ: … Би 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн үед Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг орохоор гарсан юм. Манай хүргэн С.Батбаатар өөрийнхөө эзэмшлийн Клугер загварын машиныг жолоодож явсан. Сэлэнгэ аймгийн Баянгол сумыг дайран өнгөрөөд явж байхад эсрэг талын урсгалаар өөдөөс ирж явсан саарал өнгийн суудлын автомашин муригнаж эхлэхэд нь бид нар “хүүе ээ энэ машин яаж байна” гэж дуу алдахтай зэрэгцээд нөгөө суудлын машин юу юугүй гулгаж ирээд хажуу талаараа манай машины эгц урдаас мөргөчихсөн. Ингээд ослын улмаас миний зүүн талын гар хугарсан. Эмчилгээний зардалд 350000 орчим төгрөг зарцуулагдсан. Гэвч дээрх хохирлыг нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-28-р хуудас/

                  Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч Б.Намуунбайгаль мэдүүлэхдээ: … Би 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 13 цагийн үед ээж С.Алтанзул болон төрсөн дүү Б.Хүслэн, Б.Ачитбилгүүн, Б.Азжаргал нарын хамт мөн ээжийн нөхөр М.Батмөнх машинаа жолоодоод Дархан-Уул аймгаас Төв аймгийн Батсүмбэр суманд амьдардаг эмээгийндээ очихоор хөдөлсөн юм. Дарханаас гараад хэсэг явж байгаад дүү бид дөрөв унтчихсан нэг мэдэхэд би эмнэлэгт хүргэгдэж ирсэн байсан. Бид нар осолд ороод ийм болсон байна лээ. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-р хуудас/

                  Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч Б.Хүслэн мэдүүлэхдээ: … 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай гэр бүлийнхэн Батсүмбэр суманд байдаг эмээ дээрээ очихоор Дархан-Уул аймгаас Prius-20 загварын 21-33 ДАР улсын дугаартай автомашинтай хөдөлсөн юм. Аав М.Батмөнх машинаа жолоодож, ээж С.Алтанзул хажуугийнх нь суудалд сууж, харин эгч Б.Намуунбайгаль, дүү Б.Азжаргал, Б.Ачитбилгүүн бид дөрөв арын суудалд сууж явсан. Дархан-Уул аймгаас гараад явж байхад нойр хүрээд би унтаад өгсөн. Нэг мэдэхэд би эмнэлэгт хүргэгдэж ирсэн байсан. Тэгээд осолд ороод ийм байдалтай болсноо мэдсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-р хуудас/

                  Мөрдөн байцаалтанд гэрч Н.Отгонцэцэг мэдүүлэхдээ: … Би 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 13 цагийн үед найз Мандухайн хамт түүний машинтай Улаанбаатар хот орохоор Дархан-Уул аймгаас хөдөлсөн юм. Баянгол сумын нутаг руу Хустайн даваа руу уруудаж явахад манай машины урд талын урд талд нь Улаанбаатар хот чиглэлд явж байсан саарал өнгийн Prius-20 загварын машин зам дээр шарваад л яваад байсан. Ер нь тухайн өдөр цас маш их орж байсан болохоор зам хальтиргаатай, машинууд хальтирч гулгаад яваад байсан. Хадагтай модыг өнгөрөөд явж байсан чинь нөгөө Prius-20 машин зам дээр шарваж эргэлдээд цаанаас ирж явсан Клугер загварын машинтай мөргөлдсөн. Осол болонгуут гүйгээд очиход жолоочийн хажуугийн суудал дээр нэг эмэгтэй хүн ухаангүй байсан. Би яаж мэдсэн бэ гэвэл судсыг нь дарж үзсэн чинь цохилохгүй байсан юм. Найз Мандухай бид хоёр, 2 хүүхдийг машинаар эмнэлэг рүү авч явж байхад бага насны хүүхэд миний өвөр дээр уйлаад л яваад байсан. Харин нөгөө 10 орчим насны хүүхэд нь хоолой нь хягтнаж сонин дуугарч байгаад сүүлдээ чимээгүй болчихоор хамрын орчимд нь анхаарч үзэхэд амьсгалахгүй болчихсон байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-33-р хуудас/

                   Мөрдөн байцаалтанд гэрч С.Батбаатар мэдүүлэхдээ: … Би 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг орохоор эхнэр М.Алтанцэцэг болон түүний дүү нар болох М.Оюунцэцэг, М.Мөнхцэцэг нарын хамт өөрийн эзэзмшлийн Тоёота клугер загварын 30-10 УНО улсын дугаартай машинаа жолоодоод явсан ба явсаар байгаад Сэлэнгэ аймгийн Баянгол сумаар дайран өнгөрөөд Сэтэрхий хөтөл давж уруудсан. Тэгээд цааш Хадагтай мод гэх газар руу дөхөж явахад өөдөөс эсрэг чиглэлийн замаар зорчин явсан Prius-20 загварын автомашин зам дээр муригнаж байснаа хажуу хэсгээрээ манай машины өмнөөс тулж ирээд мөргөсөн. Би авто машиндаа эвдрэлийн үнэлгээ тогтоолгосон. Нийт 5995000 төгрөгийн хохирол учирсан. Би учирсан хохирлоо нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-р хуудас/

                   2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Замын цагдаагийн №77 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

                  1. Toyota Prius-20 загварын 21-33 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Батмөнх нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 1.5. 3амын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

                   2. Toyota Prius-20 загварын 21-33 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Батмөнх нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2, 1.5 дахь заалтуудыг зөрчсөн нь осол гарах нөхцлийг бүрдүүлсэн байна гэх дүгнэлт /ХХ-ийн 45-р хуудас/

                   2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №1125 тоот Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

                   1. Б.Намуунбайгалийн биед хэвлийн битүү гэмтэл, элэгний 4-р сегмент болон дэлүүний их биеийн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, дэлүү авагдсан байдал, хурц цус багадал, аарцаг ясны олон тооны хугарал, баруун хөхний доорхи шарх тогтоогдлоо.

                   2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

                   3. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.12, 3.1.15, 3.3.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно гэх дүгнэлт /ХХ-ийн 53-р хуудас/

                   2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №1124 тоот Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

                   1. Б.Хүслэнгийн биед цээж хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэс элэгний холбоосны тасрал, бүдүүн гэдэсний салстын язрал, чацархайн урагдал, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл, хэвлийн цусан хураа, цээжний хөндийн цус хий хураа, хурц цус багадал, аарцаг ясны умдаг суудал хэсгийн баруун талын хугарал, 2 хөлийн дунд чөмөг болон зүүн хөлийн шилбэний 2 яс, зүүн эгэм ясны битүү хугарал, тархины дунд зэргийн няцрал, зүүн хацрын зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.

                   2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

                 3. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.12, 3.3.1, 3.3.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно гэх дүгнэлт /ХХ-ийн 56-р хуудас/

                   2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №15368 тоот Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

                   1. М.Оюунцэцэгийн биед баруун атгаал ясны далд хугарал, бугалга, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                   2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                   3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

                   4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /ХХ-ийн 77-р хуудас/

                   2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №15369 тоот Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

                   1. М.Алтанцэцэгийн биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэнд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                   2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                   3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

                   4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /ХХ-ийн 79-р хуудас/

                   2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №148 тоот Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

                    1. Талийгаач С.Алтанзулын биед хийгдсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр баруун 4,5,6,7-р хавирга, зүүн 1,2,3,4,5,6,7,8,9,10,11-р хавирга, зүүн 3,4,5,6,7,8,9-р хавирга хоёрлосон хугарал, уушгины уналт, дэлүү бяцралт, аарцаг ясны хугарал, зүүн хацарт шарх, зүүн хацар зүүн тохойнд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, баруун гарын бугуй, зүүн гарын бугалга, цээж, хэвлий, баруун ташаа, баруун гуя, зүүн гуя, өгзөг цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

                    2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

                    3. Талийгаач С.Алтанзул нь зам тээврийн ослын улмаас олон хавирга хугарч, уушиг гялтан хальсыг гэмтээж уушиг унан амьсгал дутагдлаар нас баржээ гэх дүгнэлт /ХХ-ийн 65 дугаар хуудас/

                    2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №47 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

                    1. Талийгаач Б.Азжаргалын биед хийгдсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр зүүн 3,4-р хавирганы хугарал, уушигны гялтан хальсны гэмтэл цус хуралт, нүүр, хүзүү, цээжинд зулгаралт, зүүн ташаа, баруун гуя, баруун хөлийн өвдөг, шилбэ, зүүн хөлийн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                    2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

                    3. Талийгаач Б.Азжаргал нь зам тээврийн ослын улмаас уушгины гялтан хальс гэмтэж амьсгал дутагдлаар нас баржээ гэх дүгнэлт /ХХ-ийн 72-р хуудас/

                    Мөрдөн байцаалтанд М.Батмөнх мэдүүлэхдээ: … Би 2016 оны 11 дүгээр сарын 05-ны 13 цагийн үед өөрийн эзэмшлийн Prius-20 загварын 21-33 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг Дархан-Уул аймгаас жолоодож Төв аймгийн Батсүмбэр сум орохоор гарсан. Машинд миний эхнэр С.Алтанзул болон 4 хүүхэд сууж явсан. Тухайн өдөр цас ороод зам цасанд дарагдаж хальтиргаа гулгаатай байсан. Ингээд явсаар байгаад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хадагтай мод гэх газрын зам дээр машин гулгаж хальтираад муригнаж эсрэг урсгалд явсан Клугер загварын машиныг зүүн талын хэсгээрээ мөргөсний улмаас миний эхнэр С.Алтанзул, хүү Б.Азжаргал нарын амь нас хохирч бас эхнэрийн дагавар охин Б.Намуунбайгаль, миний хүү Б.Хүслэн, Б.Ачитбилгүүн нар гэмтсэн гэх мэдүүлэг.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /ХХ-91 дүгээр хуудас/, Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 96 дугаар хуудас/, оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 111 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Батмөнх нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлийн 159 дүгээр километр, Хадагтай модны орчимд 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цагийн үед өөрийн эзэмшлийн “21-33” ДАР улсын дугаартай Prius-20 маркын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.1, 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчин эсрэг урсгалд зорчин явсан С.Батбаатарын эзэмшлийн “30-10” УНО улсын дугаартай Toyota Kluger маркын тээврийн хэрэгслийг мөргөж, “21-33” ДАР улсын дугаартай Prius-20 маркын тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.Алтанзул, Б.Азжаргал нарын амь насыг хохироож, Б.Намуунбайгаль, Б.Хүслэн нарын бие махбодид хүнд гэмтэл, “30-10” УНО улсын дугаартай Toyota Kluger маркын тээврийн хэрэгсэлд зорчин явсан М.Алтанцэцэг, М.Оюунцэцэг нарын бие махбодид  хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

                  Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Алтантуяагийн мэдүүлэг /ХХ-ийн 19-20-р хуудас/, Мөрдөн байцаалтанд хохирогч М.Алтанцэцэгийн мэдүүлэг /ХХ-ийн 26-р хуудас/, Мөрдөн байцаалтанд хохирогч М.Оюунцэцэгийн мэдүүлэг /ХХ-ийн 27-28-р хуудас/, Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч Б.Намуунбайгалийн мэдүүлэг /ХХ-ийн 29-р хуудас/, Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч Б.Хүслэнгийн мэдүүлэг /ХХ-ийн 30-р хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Н.Отгонцэцэгийн мэдүүлэг /ХХ-ийн 32-33-р хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч С.Батбаатарын мэдүүлэг /ХХ-ийн 37-р хуудас/, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Замын цагдаагийн №77 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт /ХХ-ийн 45-р хуудас/, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №1125 тоот Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт /ХХ-ийн 53-р хуудас/, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №1124 тоот Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт /ХХ-ийн 56-р хуудас/, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №15368 тоот Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт /ХХ-ийн 77-р хуудас/, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №15369 тоот Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт /ХХ-ийн 79-р хуудас/, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №148 тоот Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт /ХХ-ийн 65 дугаар хуудас/, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №47 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт /ХХ-ийн 72-р хуудас/, Мөрдөн байцаалтанд өгсөн М.Батмөнхийн  мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                 Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

                 Иймд шүүгдэгч М.Батмөнхийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлийн 159 дүгээр километр, Хадагтай модны орчимд 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цагийн үед өөрийн эзэмшлийн “21-33” ДАР улсын дугаартай Prius-20 маркын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.1, 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчин эсрэг урсгалд зорчин явсан С.Батбаатарын эзэмшлийн “30-10” УНО улсын дугаартай Toyota Kluger маркын тээврийн хэрэгслийг мөргөж, “21-33” ДАР улсын дугаартай Prius-20 маркын тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.Алтанзул, Б.Азжаргал нарын амь насыг хохироож, Б.Намуунбайгаль, Б.Хүслэн нарын бие махбодид хүнд гэмтэл, “30-10” УНО улсын дугаартай Toyota Kluger маркын тээврийн хэрэгсэлд зорчин явсан М.Алтанцэцэг, М.Оюунцэцэг нарын бие махбодид  хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байх ба үйлдсэн хэрэгт нь гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Прокуророос М.Батмөнхийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 1.5. 3амын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь хохирол төлбөр төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

           Шүүгдэгч М.Батмөнхийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх боловч шүүгдэгч нь үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, бусдад учирсан хохиролыг бүрэн төлсөн, хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч М.Батмөнх нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хөнгөрүүлж хорих ял оногдуулах,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, М.Батмөнхийн ¹ 257383 дугаартай B,С ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрїїгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дїгээр зїйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зїйлийн 296.1, 297 дугаар зїйлийн 297.1, 298 дугаар зїйлїїдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тариачин овогт Мягмарын Батмөнхийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс 2 хүний амь насыг хохироосон 2 хүний биемахбодид хүнд, 2 хүний биемахбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д зааснаар М.Батмөнхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 03 /гурав/ жил 04 /дөрөв/ сар 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан М.Батмөнхөд оногдуулсан 03 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүдэгч М.Батмөнх  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйл 330.1.3-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц М.Батмөнхийн №257383 дугаартай “B.C” ангилалын жолоодох эрхийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн  албанд хүргүүлж, энэ тухай прокурорт мэдэгдэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Батмөнхөд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д  зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг  гардуулснаас  хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  Давж заалдах шатны  шүүхэд гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Ж.ЭРДЭНЭБАТ

                                

                                  ШҮҮГЧИД                               Б.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                   

                                                                                  Б.ХЭРЛЭН.