Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/32

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                     Прокурор Г.Цолмонгэрэл

                                                     Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Б.С-н гаргасан гомдлоор эрүүгийн 2026000270092 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Хадан овгийн Б.Ц

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Хадан овгийн Б.С

Хадан овгийн Б. Ц нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Б.С-н гэрт түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун чамархай, баруун шанаа, баруун зүүн чих, баруун доод эрүү, хүзүү, хоолой, хамрын нуруу, баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруул, цээж, аюулхай, хэвлий, зүүн дал, зүүн гарын бугалгад зулгаралт, цус хуралт, зүүн гарын 2 дугаар хурууны 1 дүгээр үед шарх, баруун гарын тохой, бүсэлхий, зүүн хөлийн гуя хэсэгт зулгаралт цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноёны 10 дугаар багийн 35 дугаар гудамжны 06 тоотод хохирогч Б.Сын гэрт түүний эзэмшлийн “Samsung Galaxy-S6” маркын, хохирогч Д.С-н эзэмшлийн “Samsung Galaxy-S5” маркын гар утаснуудыг шидэж 330000 төгрөгийн, мөн “Хаан банкны” виза картыг хугалсны улмаас 10000 төгрөгийн буюу нийт бага хэмжээнээс дээш хохирол учруулж бусдын эд зүйлийг санаатайгаар устгаж гэмтээсэн,

Хадан овгийн Б.С нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд өөрийн гэртээ хохирогч Б.Ц-г зодож эрүүл мэндэд нь доод эрүүнд баруун 2 дугаар шүдний хагас мултрал /4 тийш ганхсан хөдөлгөөнтэй/, баруун гарын шуу хэсэгт сорви бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд прокуророос Б.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч Хадан овгийн Б. С-г эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хадан овгийн Б. Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцон,     Б.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-г 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний  нийт эдлэх ялыг 1050 /нэг мянга тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1050000 /нэг сая тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц-д оногдуулсан 1050 /нэг мянга тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1050000 /нэг сая тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Ц-с 150000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ст  олгохоор, Б.С, Б.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Ц нь хохирогч Д.С-д 180000 төгрөг төлсөн, хохирогч Д.С нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Б.С нь гомдолгүй гэсэн, хохирогч Б.Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Samsung A5” маркын гар утсыг хохирогч Б.С-д,  “Samsung S6” маркийн гар утсыг хохирогч Д.С-д тус тус  буцаан олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, Б.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд
шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, Б.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
үргэлжлүүлэхээр
шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.С гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Миний бие хэрэгт холбогдоод шалгагдаж байх хугацаандаа ажил зогссон байсан тул ажил эрхэлдэггүй гэсэн мэдүүлэг өгсөн. Харин одоо Арвайхээр сумын Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийн урд талын 7 давхар барилга дээр арматурчинаар 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаа. Өдрийн 60000 төгрөгийн цалин авч байгаа бөгөөд бороо орохоос бусад үед амралтын өдөр гэж харгалзахгүйгээр өдөр бүр тасралтгүй ажиллаж, ажилласан өдрөөрөө цалин авдаг. Энэ ажилд анх намайг тус барилгыг барьж байгаа барилгын бригадын ахлагч ажил олгогч Д овогтой У ажилд авсан. Миний бие урьд өмнө Улаанбаатар хотод барилгын туслахаар олон жил ажилласан ажлын туршлагатай байсан тул намайг уг барилга дээр арматурчинаар ажилд авсан. Миний бие эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг бөгөөд амьдрал ахуйгаа дээшлүүлэх гээд эхнэртэйгээ гэрлэснээс хойш олдсон өөрийн чадах бүхий л ажлыг хийж амьдардаг байсан. Энэ хугацаандаа барилгын туслахаар тууштай ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан. Би нийтэд тустай ажил хийхээр олон хоног ажлаа таслах шаардлагатай болох бөгөөд ар гэрийн маань орлого тасарч эхнэр хүүхэд маань амьдралаа залгуулах, зээл төлөхөд хүнд бэрхшээлтэй болох тул шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгөхийг хүсч байна. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж надад оногдуулсан ялыг торгох ялаар сольж өгнө үү гэжээ.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс Б.С-д ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, түүний олж байгаа цалин хөлс, орлогыг харгалзан үзсэн. Холбогдох банкны дансны хуулгаар орлого олдог талаар баримт байгаагүй. Торгох ял биелэгдэх боломжтой нөхцөл байдал бүрдээгүй учраас шүүхээс гэм буруутай асуудлыг шийдвэрлээд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хадан овгийн Б. Ц нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд Б.С-н гэрт түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд Б.С-н гэрт түүний эзэмшлийн “Samsung Galaxy-S6” маркын, хохирогч Д.С-н эзэмшлийн “Samsung Galaxy-S5” маркын гар утаснуудыг шидэж 330000 төгрөгийн, мөн “Хаан банкны” виза картыг хугалсны улмаас 10000 төгрөгийн буюу нийт бага хэмжээнээс дээш хохирол учруулж бусдын эд зүйлийг санаатайгаар устгаж гэмтээсэн,

            Хадан овгийн Б. С нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноёны 10 дугаар багийн 35 дугаар гудамжны 06 тоотод оршин суух өөрийн гэртээ хохирогч Б.Ц-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.С, гэрч А.Б, Ц.Н нарын мэдүүлгүүд, хохирогч, шүүгдэгч Б.Ц, Б.С нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 74, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 189 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.С-г эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.  

 

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, мөн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэсний дараа шүүгдэгчийн торгуулийн ялыг биелүүлэх боломжтой болсон нөхцөл байдлыг харгалзан Б.С-д анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ял болгон өөрчлөн энэ талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хүлээн авах зүйтэй гэж үзлээ. 

 

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

 2 дахь заалтын “Хадан овгийн Б. С-г 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар” гэснийг “600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар” гэж ;

 

 6 дахь заалтыг бүхэлд нь “Хадан овгийн Б. С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн”  гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14  хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.