| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/01997/И |
| Дугаар | 102/ШШ2020/01868 |
| Огноо | 2020-06-11 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2020/01868
| 2020 оны 06 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2020/01868 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....... хаягт оршин байх ........ ХХК /РД: ........../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ........ тоот хаягт оршин суух, .......... овогт .........ын ...... /РД: ........./-д холбогдох,
Түрээсийн төлбөрт 690,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б............, хариуцагч Д............, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ........ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б...........ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Д............ нь манай компанитай 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Талбайн түрээсийн гэрээ байгуулж, .........ы нутагт байрлах Маршал үл хөдлөх хөрөнгөөс 6 м/к талбайг 1 жилийн хугацаатай, сарын 230,000 төгрөгөөр түрээсэлж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд түрээсийн гэрээний үүргээ цаг хугацаандаа төлөх үүргээ зөрчиж, 2020 оны 1, 2, 3 дугаар сарын төлбөрт 690,000 төгрөгийг төлөлгүй түрээсийн талбайг 2020 оны 3 дугаар сарын 34-ний өдөр чөлөөлж явсан. Д............ нь нөөцийн мах гарснаар орлого муудсан гэж гомдоллосон тул түүнийг 4-5 дугаар сарын түрээсийн төлбөрөөс чөлөөлж, 6 дугаар сараас эхэлж үйл ажиллагаагаа сэргээх, мөн 1-3 сарын төлбөрөө төлөхөөр тохиролсон. Иймд хариуцагчаас 690,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д............гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний бие нь ........ ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр гэрээг байгуулан 6 м/к талбайг махны худалдаа эрхлэх чиглэлээр сарын 230,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон. Махны худалдаа эрхлэх явцад цар тахал гарсан, нөөцийн мах гарсантай холбоотойгоор борлуулалт 100 хувь буурсан. Энэ байдлаа тус компанийн менежер Аюурт танилцуулахад тэрээр түрээсийн гэрээг цуцалж, 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр талбайг чөлөөлөхийг шаардсан. Ингээд талбайг ашигласан 1, 2 дугаар сарын төлбөрийг төлөхийг шаардсан. Бэлэн мөнгө байхгүй тул үнэртэй үс авахыг санал болгоход Аюур, Отгоо нар нь 1 усыг 200,000 төгрөгт тооцож, нийт 400,000 төгрөгөөр бодож авсан. Түүнчлэн 2020 оны 1 дүгээр сарын эхээр тус компанийн захирал Байгаль надаас 53,000 төгрөгийн үнэ бүхий мах авсан. Ингээд үлдэгдэл 7,000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ........ ХХК нь хариуцагч Д............д холбогдуулан түрээсийн төлбөрт 690,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ... 2020 оны 3 дугаар сарын 5-нд талбайг чөлөөлсөн тул 3 дугаар сарын төлбөрийг авах ёсгүй, мөн төлбөрт 400,000 төгрөгийн үнэ бүхий үнэртэй ус, 53,000 төгрөгийн үнэ бүхий мах өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ........ ХХК, хариуцагч Д............ нар нь 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Талбайн түрээсийн гэрээ-г байгуулан ...........төвийн 6 м/к талбайг 1 жилийн хугацаатай, сарын 230,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан түрээсийн гэрээ байгуулсан, зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ ба нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэлээ.
Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, хариуцагч энэ үүргээ хэрэгжүүлээгүй, өөрөө хэлбэл хариуцагч тухайн түрээсийн зүйлийг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр чөлөөлсөн, мөн түрээсийн төлбөрт 400,000 төгрөгийн үнэ бүхий үнэртэй ус, 53,000 төгрөгийн үнэ бүхий мах өгсөн гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Харин нэхэмжлэгчийн ... хариуцагч 2020 оны 3 дугаар сарын 24-ны өдөр түрээсийн талбайг чөлөөлсөн гэх тайлбараас үзвэл хариуцагч нь 2020 оны 3 дугаар сарыг дуустал түрээсийн зүйлийг ашиглаагүй тул ашигласан хугацааны төлбөрийг гаргуулах нь зүйтэй /230,000 төгрөг : 30 хоног = 7,666 төгрөг, 7 хоног х 7,666 төгрөг = 53,666 төгрөг, 230,000 төгрөг 53,666 = 176,334/. Иймд хариуцагч Д............гаас 2020 оны 1, 2 дугаар сарын түрээсийн төлбөрт 460,000 төгрөг, 3 дугаар сарын төлбөрт 176,334 төгрөг, нийт 636,334 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ........ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Д............гаас 636,334 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ........ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19,740 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР