| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2024/0185/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/388 |
| Огноо | 2024-11-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагчаар Э.Уянга,
Хохирогч Э.Ц, түүний өмгөөлөгч С.Б,
Шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч И.О,
Шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч А.Э,
Гэрч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.З,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Гнарт холбогдох эрүүгийн .... дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, ...оршин суух хаягтай, Э.З, регистрийн дугаар.
2. Монгол улсын иргэн, ....., О.Г, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.З нь 2023 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт байрлах .... нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Г.Бтай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч О.Г нь 2023 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт байрлах “А” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Э.Цгийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Э.З нь мэдүүлэхдээ: “2023 оны 9 дүгээр сарын 15-ны орой Б, Т, Д гурван дүүтэйгээ явж байсан. Намайг өмнө муулж байсан гэж сонсоод би бууж очоод намайг яагаад муулсан бэ гээд жаахан маргалдсан. Бтай муудалцсан. Намайг цохисон би зөрүүлээд цохисон. Миний хамраас цус гарах үед О.Г найз охинтойгоо явж байсан. Би О.Гыг дуудаад найзыг нь цохчихлоо гэж хэлсэн. Хэсэг бужигнаад салцгаасан. Тухайн үед шөнийн 11 цаг болж байсан. Би маргааш нь тэмцээнтэй байсан учраас сайн санаж байна.” гэв.
Шүүгдэгч О.Г нь мэдүүлэхдээ: “Шүүгдэгч О.Г: 2023 оны 9 дүгээр сарын 15-ны орой 21 цагийн үед “Deep” баар луу манай найз охин манай найзууд гээд тавуулаа орсон миний төрсөн өдрийг урьдчилан тэмдэглээд жаахан суусан. Тухайн үед dj хийх хүн байхгүй гээд би хийсэн. Тэгээд байж байтал дуу таалагдахгүй байна гээд зодоон болсон. Т гээд манай найз бид хэдийг та хэд одоо түрүүлээд яв цагдаа ирж байна гэж хэлсэн. Бид хэд дөнгөж хөдлөөд эргээд явж байсан чинь А гэх дэлгүүрийн үүдэнд зодоон болж байсан. Тэгээд хартал З байсан. Тэгээд би найз охиндоо би буугаад очъё гэж хэлсэн чинь манай найз охин намайг буулгахгүй гээд тэгээд би машиныхаа зүүн талаас буугаад гүйгээд яваад очсон. Би очоод хүүе та хэд болиоч ээ гэж хэлэх үед Э.З нохой шиг аймар зодуулаад цус гарч байсан. Тэгээд байж байтал Ц гэх зүс таних залуу над дээр хүрч ирэхдээ хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Тэгээд би цаашаа бай гээд нэг удаа түлхсэн манай найз охин бид хэдийн голоор орж ирээд намайг авч явсан. Манай Т гэдэг найз бугатын грашийн тэнд уулзъя гэж надад хэлэхээр нь би тэнд яваад очсон. Э.З над руу ярьсан андаа хаана байгаа юм бэ гэхэд би бугатын гражийн энд байна гэж хэлэхэд за би одоо яваад очлоо гэж хэлсэн. Э.З надад “андаа баярлалаа чи байхгүй байсан бол би одоо байхгүй байх” байсан. Маргааш өглөө хоёулаа хоолонд оръё гэж хэлсэн. Тухайн үед арав гаруй хүн байсан өөр надад мэдүүлэг өгөх зүйл байхгүй.” гэв.
Хохирогч Э.Ц нь мэдүүлэхдээ: “2023 оны 9 дүгээр сарын 15-нд миний төрсөн өдөр болсон., З найз охин, Б, Г.Б найз охин бид хэд Г.Б гэрт очоод нэг нэг шил пиво уучхаад кино үзэж байгаад гараад явсан. Би гэрээсээ 02 цаг гээд гарсан. Энхтайванд очиж хоол идээд, бялуу үлээлгэсэн. Би орой нь ажилтай байсан. Ажил руугаа орой 02 цаг 30 минутын үед гарч явж байгаад GS-ийн хажуугаар явж байхад Э.З машиныхаа цонхоор хараад наанаа та гурав зогсож бай гэсэн. Тэгээд ирснээ З, Б хоёр луу дайраад байсан. Э.З, З хоёр нэг нэг удаа цохилцсон. Би зодоонд оролцохгүйгээр салгах гэж байсан. О.Г цагаан өнгийн машинаас буугаад ирсэн. Намайг цохиод би дагзаараа газар унаад босож ирсэн. Босоод ирэхэд дахиад нэг цохиход миний шүд унасан. Миний уруул сэтэрсэн байсан. О.Г хутга хаана байна гээд орилохоор нь бид гурав тэндээс зугтаасан. Тэгээд орцонд байж байгаад Г.Б гэр лүү явсан. Гомдолтой байна. Цаашид гарах шүдний төлбөрийг нэхэмжилнэ.” гэв.
Гэрч Э.М нь мэдүүлэхдээ: “2023 оны 9 дүгээр сарын 15-ны орой О.Г би Э.З нэг танихгүй хүн, Т бид 5 Д баар луу орсон. Хүний нэг нэг пиво аваад суусан. Тухайн үед DJ хийх хүн байхгүй гээд О.Г дуу тавьж байсан чинь уу таалагдахгүй байна гээд хэл ам хийгээд, сүүлдээ зодоон болсон. Баарны эзэн цагдаа дуудсан байсан. Т цагдаа ирж байгаа та хоёр түрүүлээд явж бай гэхээр нь машиндаа суугаад Төв зам руу эргээд явж байсан чинь А дэлгүүрийн үүдэнд зодоон болж байсан. Тэгээд О.Г Э.З хүнд зодуулж байна гээд буугаад явсан. Би бас араас нь зэрэгцэж гүйж очоод болиулсан. Намайг очиход 7-8 хүн байсан байх. Цагдаагийн хар савхитай хүн байсан. Э.Зын нүүр ам цус гарсан байдалтай байсан. Цагдаад дуудлага өгсөн байсан болохоор О.Гыг хурдан аваад явсан. Бугатын байрны гадаа очоод байж байхад Э.З хойноос ирсэн. Э.З андаа чи байхгүй байсан бол балрах шахлаа гэж хэлсэн. Маргааш хоолонд оръё гэж хэлээд салсан. Тэгээд бид хоёр гэртээ хариад бүх гэрлээ унтраагаад унтсан.” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч Э.З нь 2023 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт байрлах А нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Г.Бтай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч О.Г нь 2023 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт байрлах А нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Э.Цгийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогч Э.Цгийн “...Би Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Шинэ нисэхийн бургер кингэд ээлжийн ажилтан хйидэг. 2023 оны 9 сарын 15-ны шөнө ажилдаа явах гээд найз Б, З нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт байрлах “А” нэртэй хүнсний дэлгүүрийн хажууд байхад манай дээд үеийн залуу болох З гэх залуу машинтай бид гурав дээр ирээд та нар намайг зодсон гэж цуу тараасан байна гээд хэрүүл өдөөд машинаасаа бууж ирээд манай найз Г.Б нүүр лүү цохиод авахаар нь З бид хоёр салгах гээд дундуур нь орсон. Гэтэл манай дээд үеийн Г гэх залуу мөн хажуунаас ирээд миний уруул хэсэг рүү хоёр удаа гараараа цохиж миний доод уруулыг сэтэлж, хоёр шүдийг цохиж унагаасан. Тухайн үед Г та хоёрыг хутгалахад асуудалгүй гээд байхаар нь Б, З бид гурав айгаад зугтаасан..., Г миний уруул хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Тэгээд миний доод уруул сэтэрч, дээд талын үүдэн хоёр шүд унасан..., Быг З гараараа нүүр хэсэг рүү цохисон. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Ямар ч байсан 3-4 удаа цохисон..., би хэнийг ч цохиогүй. Харин Г намайг хоёр удаа цохисон... тухайн үед Б, З бид 3 тус бүр нэг лааз пиво уусан байсан. Тэгээд намайг ажлын машин 03 цагт ирж авдаг учраас би ажилдаа явах гэж байсан. Манай найз Б, З хоёр намайг суулгаж өгөх гээд хамт явж байхад З ирээд томроод эхлээд Быг цохиод авсан. Гэтэл Г машинаасаа бууж ирээд намайг цохиж гэмтэл учруулсан... З, Г нар манай дээд ангид сурдаг байсан залуучууд байгаа юм... Г архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан. Ямар шалтгааны улмаас намайг зодсон эсэхийг мэдэхгүй байна зүгээр томроод л байсан тэгээд намайг цохисон... Миний доод уруул сэтэрч 3 оёо тавиулсан мөн дээд үүдэн 2 шүд унасан би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,
Хохирогч Э.Цгийн дахин өгсөн:“...Надад өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй байна... Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Уг зодооны улмаас миний үүдэн дээд хоёр шүд хугарсан. Уг шүдийг янзлуулахад 10 орчим сая төгрөг болно гэсэн эмчийн тодорхойлолт гаргаж өгсөн би шүдээ л янзлуулж авмаар байна. Мөн эмчилгээний зардал болох баримтыг хэрэгт гаргаж өгсөн байгаа уг баримтын дагуу эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилнэ... Тиймээ шинжээчийн дүгнэлтээр миний биед хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон. Миний биед уг гэмтлийг Г учруулсан... Би баримтаар гаргаж өгсөн эмчилгээний зардлаг нэхэмжилнэ. Мөн шүд хийлгэх мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,
Хохирогч Г.Бын: “...Би 2023 оны 9 сарын 15-аас 16-нд шилжих шөнө 02 цагийн орчимд найз Ц, З хоёртой Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг “А” хүнсний дэлгүүрийн хажуу талд явж байхад манай 10 жилийн дээд ангийн З машинтай ирээд чи намайг зодсон гэж хүнд цуу тараасан байна гээд машинаасаа бууж ирээд үг хэлээр доромжлоод томроод байсан. Би тэр үед би тийм яриагүй гээд учирлаад хэлсэн боловч З миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиод авсан. Тэгэхэд Ц, З хоёр салгаад дундуур орсон. Гэтэл өөр нэг машинтай Г ирээд Цгийн нүүрлүү хоёр удаа цохиод уруулыг нь сэт цохиж хоёр шүдийг нь хуга цохисон. Тэгээд З, Г хоёр З бид хоёрыг зодсон. Г тухайн үед хутгаар зүснэ, хутгална гээд сүрдүүлээд байхаар нь Ц, З бид гурав айгаад зугтаасан... Миний нүүр хэсэг рүү З, Г хоёр гараараа цохисон. Мөн Г, З хоёр хөлөөрөө өшиглөсөн яг хэдэн удаа гэдгийг санахгүй байна... Цг Г гараараа 2 удаа нүүр хэсэг рүү цохиж уруулыг сэтэлсэн мөн үүдэн хоёр шүдийг нь хуга цохисон... Зг Г, З хоёр гараараа цохиод байсан яг хэдэн удаа цохисон эсэхийг мэдэхгүй байна мөн өшиглөөд байсан... Тухайн үед Ц, З бид гурав тус бүр нэг лааз пиво уусан байсан. Өөр ямар нэгэн архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан. Харин Г, З хоёр архи уусан халамцуу байсан... Г, З нар архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан. З намайг өөрийг нь зодсон гэж цуу тараасан байна гээд томроод зодсон. Би уг нь тийм зүйл хэнд ч яриагүй... Би гомдолтой байна хуулийн дагуу шалгаж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
Гэрч Г.Згийн: “...Би 2023 оны 9 сарын 15-аас 16-нд шилжих шөнө 02 цагийн орчимд найз Ц, Б хоёртой Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг “А” хүнсний дэлгүүрийн хажуу талд явж байхад манай 10 жилийн дээд ангийн З гэх залуу машинтай ирээд бид гурвыг наанаа зогсож бай гэсэн. Тэгээд З машинаасаа бууж ирээд Бт хандан чи намайг зодсон гэж хүнд цуу тараасан байна гээд үг хэлээр доромжлоод томроод эхлээд миний нүүрлүү З цохиод авахаар нь би цаашаа явтал З Быг цохиж аваад ноцолдоод байсан. Тухайн үед Ц бид хоёр З Б хоёрыг салгаад байж байсан чинь манай дээд ангийн Г гэх залуу машинтай согтуу ирээд Быг цохиж аваад зодох гээд байхаар нь Ц салгах гэтэл Г Цгийн нүүрэн тус газар цохиж уруулыг сэтэлж хоёр шүдийг нь хуга цохисон. Тухайн үед Цгын амнаас цус гараад Б, Ц бид гурав зугтаагаад явсан. Мөн Г гэх залуу машинаас хутга гаргаж ирээд ална шүү гээд томроод айлгаад байсан. Ц, Б бид гурвыг зугтаагаад явтал Г, З нар машинтайгаа ална гээд хөөгөөд байсан бид гурав арай хийн зугтсан. Тэгээд Ц эмнэлэгт үзүүлсэн. Миний биеийн нүүр болон цээж хөл гар луу З, Г хоёр нилээн олон удаа цохисон яг хэдэн удаа цохисон эсэхийг мэдэхгүй байна... Цг Г гараараа нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон. Тэр үед Цгийн хоёр шүд хугарч уруул нь сэтэрсэн... Быг Г, З хоёр нийлээд зодоод байсан. Яг хэдэн удаа цохисон эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан нүүр болон бие рүү нь Г, З нар хоёулаа цохисон... Г, З нар учиргүй зодох гээд байсан болохоор бид гурав биеэ хамгаалж өөдөөс нь түрхэж зууралдсан. Бусдаар сүртэй зодож цохисон асуудал байхгүй... Тухайн үед Ц, Б бид гурав тус бүр нэг лааз пиво уусан байсан. Өөр ямар нэг архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан. Харин Г, З нар архи уусан халамцуу байсан...Манай 10 жилийн дээд ангийн залуучууд байгаа юм урьд өмнө сургууль дээр харж байсан... Г, З нар архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан. Яг ямар шалтгааны улмаас зодож цохисон эсэхийг мэдэхгүй байна. Эхлээд З ирээд учиргүй томроод Бт хандан чи намайг зодсон гэж хүмүүст яриад яваад байна гээд хэл амаар доромжлоод эхлээд намайг цохиж аваад дараа нь Быг цохиж авсан. Тэгээд удалгүй Г ирээд мөн Б луу дайраад зодож цохиод байсан. Тухайн үед Ц бид хоёр салгах гэсэн боловч Г Цгийн нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохиж уруулыг нь сэтэлж үүдэн хоёр шүдийг нь хуга цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
Гэрч Э.М “...Тухайн өдөр буюу 2023 оны 9 сарын 15-ны шөнө манай найз залуу Г бид хоёр гэртээ харих гээд машинтай Төв аймгийн Зуунмод сум Номт 1 дүгээр багт “А” нэртэй дэлгүүрийн хажуугаар явж байтал замын хажууд хэдэн залуучууд бужигнаад зодолдоод байх шиг байсан. Гэтэл манай найз залуу Г тэр хүмүүсийг хараад манай найз зодуулж байна гээд машинаас буугаад тухайн хүмүүс дээр очсон. Би араас машинаас буугаад очсон. Намайг очих хооронд Г тухайн хүмүүсийг “хөөе болиочээ” гээд орилсон. Би Гын араас очоод хувцаснаас нь татаад холдуулаад байж байсан. Гэтэл З гэх залуу тухайн хүмүүстэй зодолдоод Гыг харичихаад улам дэвээд хүн цохиод байсан. Би Гыг хориж байгаад аваад явсан. Мөн Зыг нөгөө хүмүүсээс нь салгаад аваад явсан. Тэгээд бид нар гэр гэрлүүгээ явсан. Гэтэл маргааш нь буюу 2023 оны 9 сарын 16-ны өдөр З Гын фэйсбүүк чатруу андаа чиний цохисон хүний чинь шүд нь хугарсан байна гээд шүд нь унасан хүний зураг явуулаад байсан... Тухайн үед би машин жолоодож явсан эрүүл байсан. Харин Г нэг л пиво уусан байсан байх ямар ч байсан бага зэрэг уусан байсан нээх согтсон зүйл байгаагүй. Харин цохиулсан гээд байсан залуучууд нилээн согтуу байсан мөн З согтолттой байсан... Г тухайн хүмүүсийн зодооныг салгах зорилгоор очиж зодооныг нь салгасан. Би Гыг ямар нэгэн хүн цохисон эсэхийг хараагүй мэдэхгүй байна... Г бид хоёрыг замаар явж байхад З хүмүүст зодуулсан байдалтай байж байсан. Г бид хоёрыг буугаад очиход та нар олуулаа намайг зодлоо гээд тэр хавиар орилж хашгичаад дүү гээд байсан 1-2 хүнийг цохиж байсан... Гыг ямар нэгэн хүн зодож цохисон зүйл байхгүй... Намайг ямар нэгэн хүн зодож цохисон зүйл байхгүй надад гар хүрсэн хүн байхгүй... Би ямар нэгэн хүнийг зодож цохисон зүйл байхгүй... Г З гэх хүнийг зодуулж байхад нь өмөөрч байхад Гын хүн зодсон гэж байгаа нь таалагдахгүй байна. Мөн З нь Гыг зүгээр байж байхад Г луу яриад хоёулаа нэг хүн зодох хэрэгтэй байна гээд байдаг ер нь жоохон танхай залуу шиг санагдсан. Би тэр үед Гыг загнаад гаргаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №577 дугаартай шинжээчийн: “1. Г.Бын биед баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, баруун нүдний алим, дээд, доод зовхи, зүүн нүдний гадна буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхи, ооч, хүзүү, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 6. Г.Бын биед учирсан баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, баруун нүдний алим, дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд болон гэмтэл тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн нүдний гадна буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхи, ооч, хүзүү, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд нь нийлээд болон гэмтэл тус бүртээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газар Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №576 дугаартай шинжээчийн: “1.Э.Цгийн биед хоншоорын ясны түүшин сэртэнгийн хугарал, дээд баруун 1-р шүд, дээд зүүн 1-р шүднүүдийн булгарал, дээд баруун 2-р шүд, дээд зүүн 2-р шүд, доод баруун 1,2, доод зүүн 1,2-р шүднүүдийн сулрал, уруулд шарх, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хоёр шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 6. Э.Цгийн биед учирсан хоншоор ясны түүшин сэртэнгийн хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин дээд баруун 1-р шүд, дээд зүүн 1-р шүднүүдийн булгарал, дээд баруун 2-р шүд, дээд зүүн 2-р шүд, доод баруун 1,2, доод зүүн 1,2-р шүднүүдийн сулрал, уруулд шарх, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд болон тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр тал/,
Шүүгдэгч О.Гын сэжигтнээр өгсөн:“...2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум Номт 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Dеер” гэх баарнаас найз охин Мөнх-Уянгын хамт гэр рүү явж байхад хойд таксины буудлын “А” хүнсний дэлгүүрийн урд зодоон болж байсан. Тэгээд хажуугаар нь зөрөхдөө машиныхаа цонхоор хартал найз З нь бусдад зодуулж байхаар нь би яваад очсон. Тэгээд би очиж салгахад найз Зын нүүр хэсэг нь цус болсон байхаар нь Ц, З, Б бас нэг танихгүй хүн байхаар нь бүгдийн дуудаад “та хэд дээд үеийн ахыгаа яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би Цг заамдаж аваад түлхэхэд хойшоо унаад өгсөн. Тэгэхэд найз З нь араас хүрч ирээд Ц, З, Б болон бас нэг танихгүй залуу тэр дөрвийг цохиод зодоод эхэлсэн. Би хэнийг нь хаашаа хэдэн удаа цохисоныг хэлж мэдэхгүй байна. Тэр үед намайг найз охин Мөнх-Уянга татаж аваад бид хоёр машиндаа суугаад бугат руу явсан юм... З нь миний багын найз юм. Харин Ц, З, Б нь манай арван жилийн доод ангийн хүүхдүүд байсан юм... Би тэрийг хэлж мэдэхгүй байна. Намайг очиход зодоон эхэлсэн байсан... Ц, Г.Б биед З гэмтэл учруулсан. Би хаашаа нь хэдэн удаа цохисоныг нь хараагүй. Харин би Цг заамдаж аваад түлхээд унагаасан юм... Намайг цохиж зодсон зүйл байхгүй. Харин Зыг Ц, З, Б бас нэг танихгүй залуутай дөрвүүлээ нийлээд зодож байсан юм... Би найз охины хамт бугатын байрны тэнд очоод байж байхад над руу З залгаад 4 дүү нарын хамт тавуулаа хүрч ирсэн. Тэгээд З нь дүү нарыгаа буулгаж ирээд нэг нэг удаа цохиж аваад ах чинь зодуулж байхад салгадгүй юм уу, Ганаа байгаагүй байсан бол би үхэх байлаа гэж хэлж байсан. Тэгээд надад хандаж “Баярлалаа андаа, найз нь нөгөө хэдээс хариугаа авсан, маргааш хамт хоолонд оръё” гэж хэлээд салцгаасан. Тэгээд маргааш өглөө нь над руу З нь “Anda ci untlnn shadag bndi cn iim bolcjj” гэсэн чат бичээд Цгийн зургыг явуулсан юм. Үүнээс хойш би Зтай холбогдож чадаагүй юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 55-56 дугаар тал/,
Шүүгдэгч Э.Зын сэжигтнээр өгсөн:“...Би 2023 оны 9 сарын 15-ны орой 22 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт байрлах “А” хүнсний дэлгүүр GS-25 төвийн дунд явж байтал танил дүү болох Даваанасангийн хамт машинтай явж байтал манай доод үеийн залуучууд болох Ц, Б, З гурав зогсож байсан. Бид Даваанасанг машинаа зогсоож бай гээд ганцаараа машинаасаа буугаад яваад очтол нөгөө гурав архи уучихсан халамцуу байсан. Б гэх залуу нь гадуур намайг зодсон гээд цуурхал тараасан байхаар нь би Б дээр та нар хэзээ намайг зодсон юм бэ яагаад худлаа яриад байгаа юм гэтэл З нь гэх залуу нь чи намайг мэдэх үү манай аавыг мэдэх үү манай аавыг Хүрлээ гэдэг гэхээр нь мэднээ гэж хэлээд зогсож байтал З нь миний хА хэсэг рүү гараа нэг удаа цохиод авсан. Тэгээд Зтой хамт явж байсан Ц, Б хоёр салгаад зогсож байтал манай 10 жилийн найз болох Г хажуугаар явж таараад хүрээд ирсэн. Гыг ирэхэд нь найз нь цохиулчихлаа гэхэд Г намайг өмөөрөөд Цгийн хацар нүүр хэсэг рүү гараараа цохиод газар унагаасан. Тэгээд би Згийн хацар, дух хэсэг рүү гараараа цохисон. Мөн Г.Б нүүр, хацар хэсэг
рүү гараараа 1 удаа алгадсан. Тэгээд хэсэг зодоон болж байгаад бид нар салаад явсан... Би Згийн хацар дух хэсэгрүү гараараа 1 удаа цохисон мөн Г.Б нүүр хэсэгрүү гараараа 1 удаа алгадсан өөр ямар нэгэн хүнийг зодож цохисон зүйл байхгүй... Г Цгийн нүүр хэсэгрүү гараараа нэг удаа цохисон. Гэтэл Ц газар унаад өгсөн. Өөр ямар нэгэн хүнийг зодож цохисон эсэхийг мэдэхгүй... Манай доод үеийн залуу Б нь намайг зодсон гэж гадуур цуурхал тараасан байсан. Тэгээд би гадуур явж байхад Б нь ангийнхаа хоёр найзтай явж байхаар нь миний уур хүрээд би бууж уулзсан юм. Би анх ганцаараа бууж очоод уулзсан гэтэл хэсэг хугацааны дараа манай найз Г хажуу замаар явж байгаад намайг хараад өмөөрөөд ганцаараа ирсэн. Тухайн маргаан болох үед Г бид хоёр Ц, Б, З нартай байсан зодоон болох үед өөр ямар нэгэн хүн байгаагүй... Тухайн зодоон болохоос өмнө би нэг лааз пиво уусан байсан. Г архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсныг мэдэхгүй. Харин Ц, Б, З нар архи уусан нилээн халамцуу байсан... Хамгийн анх З миний хА хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Гыг зодож цохисон зүйл байхгүй... Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... Г.Б биед би гэмтэл учруулсан би, Цг зодож цохисон зүйл байхгүй. Г Цгийн нүүр хэсэгрүү нэг удаа цохисон. Тухайн үед Ц газар унаж байгаа харагдсан... Би хөдөө уурхайд ажилладаг юм. Би тухайн асуудал болсны дараахан хөдөө уурхай руу ажилд явсан. Цаашид дуудсан цагт бэлэн ирэх болно” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр тал/,
Шүүгдэгч Э.Зын яллагдагчаар өгсөн “...Би урьд өмнө нь үнэн зөвөөр дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би Г.Б биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Би Цг цохиж зодсон зүйл байхгүй. Цгийн биед Г гэмтэл учруулсан. Намайг харж байхад Г Цгийн нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөж гараараа цохиж унагаасан... Би Г.Б нүүр хацар хэсэг рүү гараа 1 удаа алгадаж 2 удаа цохисон. Би Г.Б эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... Би одоогоор Бт ямар нэгэн хохирол мөнгө өгөөгүй байна. Би эмчилгээний зардал мөнгийг төлж барагдуулах болно... Г Цгийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөж түүний дараа гараараа нүүрэн тус газар цохисон. Тэр үед Ц газар савж унаад амнаас нь цус гараад босч ирсэн. Тэгээд бид нар салж яваад би гэртээ харьсан. Г, Ц, Б, З нарын араас “ална гээд хутга барьж хөөсөн” байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр тал/,
Шүүгдэгч О.Гын яллагдагчаар өгсөн:“...2023 оны 9 сарын 15-аас 16-нд шилжих шөнө би найз охин М хамт машинтай Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг явж байтал “А” нэртэй нэртэй дэлгүүрийн гадаа зодоон болж байсан. Би тухайн үед цонхоороо хартал манай найз болох З хүмүүст зодуулаад байх шиг байхаар нь би машинаас зогсоогоод явж очоод бүгдийг нь хөөе гэж дуудаад бүгдийг нь над дээр хүрээд ир гэж дуудаад бүгдийг нь өөрлүүгээ авчираад хажуудаа зогсоогоод царайг нь хартал зүс таних хоёр залуу тэрнээс гадна Зын хамт явж байсан дүү гээд хүүхэд байсан. Тэгээд Цтай би тулж яриад та нар дээд үеийнхээ ахыг яаж байгаа юм гээд уулзаад та нар манай найз гэдгийг мэднэ биз дээ гэж хэлээд Цгийн цээж рүү түлхсэн чинь Ц газар унаад өгсөн. Ц болон Цтай хамт явж байсан залуучуудын хажууд очиход тэд нараас архи их үнэртэж байсан нилээн согтуу хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Тэгээд би Цг газар түлхэж унагаагаад буцаад босоод ирэхэд нь би дахин түлхэх гэтэл манай найз охин М намайг хойноос татаад аваад явсан. Гэтэл З Ц болон түүнтэй хамт явж байсан залууг зодоод үлдсэн би эхнэрийн хамт яваад өгсөн. З Цгийн нүүрлүү хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан би Зын Цг өшиглөж байхыг сайн харсан. Тэгээд З Цтай хамт байсан залуучуудыг зодоод байсан тэр үед Зтай хамт явж байсан дүү нь Зыг салгаж авсан З дахин дахин очоод Ц болон түүнтэй явж байсан залуучуудыг зодоод байсан. Би Цг зодож цохисон зүйл байхгүй газар түлхэж унагаасан мөн дахиад түлхэх гэтэл манай найз охин Мөнх-Уянга намайг хойноос татаж аваад бид хоёр явсан... Би Цг цохиж зодсон зүйл байхгүй. Харин Цгийн цээж хэсэг рүү гараа түлхэж унагаасан Цг З зодсон... Би Быг зодож цохисон зүйл байхгүй. Харин З, Ц, Б, З нарыг зодсон... Би тухайн асуудал болох үед би нэг лааз пиво уусан байсан болсон асуудлыг тодорхой санаж байна... Манай найз З хүмүүст зодуулаад байж байхаар нь би өмөөрөөд салгах гэж машинаасаа бууж очсон би энэ хэрэгт ялллагдагчаар татагдсанаа ойлгохгүй байна. Ц болон түүнтэй хамт явж байсан Б, З нар согтуу байсан учраас хэнд зодуулснаа мэдэхгүй надад зодуулсан гэж андуурсан байх би зодсон зүйл байхгүй Цг газар түлхэж унагаасан. Харин З Ц болон Б, З нарыг зодоод байсан... З гар хөлөөрөө Ц, Б, З нарыг цохиж зодоод байсан яг хэдэн удаа цохисон эсэхийг мэдэхгүй байна “пэд пад” хийтэл цохиод байсан... Би ямар нэгэн хүн зодож цохиогүй болохоор хохирол мөнгө төлж барагдуулахгүй. Би уг нь Зтай найз учраас хамтраад хохирогчид төлбөр мөнгө гаргаж өгнө гэж бодож байсан боловч З таг чиг алга болоод муухай зан гаргаад байсан болохоор би төлбөр өгч чадахгүй төлбөр мөнгөний асуудлыг З шийдэх байх... Тухайн зодоон болж байхад манай найз охин М намайг аваад явсан. Бид хоёр ойрхон машин дотроо сууж байтал манай найз надтай уулзана гээд тохирсон боловч ирээгүй тэр үед над дээр З дүү нарынхаа хамт ирээд “намайг тэвэрч аваад найздаа баярлалаа чи салгаагүй байсан бол мань алуулах гэж байна” гээд маргааш хамт хоолонд орноо андаа гэж байсан. Тэгээд бид нар салцгаасан. З нь зун хүртэл намайг хоёулаа нэг хүн зодох хэрэгтэй байна гээд шөнө орой хүртэл хүн унтуулахгүй залгаад байдаг байсан. З нь эгчээсээ их айдаг хүүхэд байгаа юм. Тухайн асуудал болсны маргааш нь З надруу фэйсбүүкээр чат бичээд анда чиний цохисон хүний чинь шүд нь хугарсан байна гэж хэлсэн. Би Зд юу яриад байгаа юм гээд хаясан. З Цгийн ах болох хүнээс айдаг гэж би бодсон. З Цгийн ахад намайг танихгүй гэж худлаа хэлсэн байсан. Хэрэв би Зыг танихгүй байсан бол Зыг өмөөрч салгахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч О.Г гэм буруу дээрээ маргадаг, шүүгдэгч Э.З нь гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Шүүгдэгч О.Г, Э.З нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдий, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол, хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Шүүгдэгч Э.З нь Г.Быг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Харин шүүгдэгч О.Гын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч О.Г нь хохирогч Э.Цг цохиж түлхэх, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч О.Г нь хохирогч Э.Цг нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд зүүн шаант яс, тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Э.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч О.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас: “Шүүгдэгч О.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна. Шүүгдэгч Э.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 000 төгрөгөөр торгох санал гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн зүйлгүй, мөн мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болно.” гэх саналыг,
Хохирогчийн өмгөөлөгч С.Б: “Тусгайлан саналгүй” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.О: “Шүүгдэгч Э.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Гэм буруу дээрээ маргадаггүй, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хувийн байдлыг харгалзан торгуулийн ялыг багасгаж 500 000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Э: “Хэлэх зүйл байхгүй.”…гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч Э.Зын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай.”,
Шүүгдэгч О.Гын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай.” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч О.Г, Э.З нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
Шүүгдэгч Э.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Г болон түүний өмгөөлөгч А.Энхтүвшин нарын зүгээс О.Г нь Э.Цг цохиогүй. Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд гэмт хэрэг хэзээ хаана гарсан тодорхойгүй, хохирогч Э.Цгийн хохирогчоор өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, тиймээс О.Г нь Э.Цг цохисон үйл баримт нь тогтоогдохгүй байгаа учраас О.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх утга агуулгаар шүүх хуралдаанд маргаж мэтгэлцсэн болно.
Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг тайлбаруудаас Э.Цгийн тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй байна.
Харин хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр О.Г нь Цг цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Г болон түүний өмгөөлөгч А.Энхтүвшин нарын дээрх гаргасан саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бын эрүүл мэндэд “баруун нүдний ухархайн дотор, доод талын ханын хугарал, баруун нүдний алим, дээд, доод зовхи, зүүн нүдний гадна буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхи, ооч, хүзүү, зүүн шилбэнд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол,
Хохирогч Э.Цгийн эрүүл мэндэд “хоншоорын ясны түүшин сэртэнгийн хугарал, дээд баруун 1-р шүд, дээд зүүн 1-р шүднүүдийн булгарал, дээд баруун 2-р шүд, дээд зүүн 2-р шүд, доод баруун 1,2, доод зүүн 1,2-р шүднүүдийн сулрал, уруулд шарх, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Ц нь эмчилгээний зардалд баримтаар 485.000 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч О.Гоос гаргуулж хохирогч Э.Цд олгохоор, 316.000 төгрөгийг шүүгдэгч Э.Заас гаргуулж хохирогч Г.Бт олгохоор,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Ц нь эмчилгээний зардал 10.390.000 төгрөг нэхэмжилсэн байх боловч энэ талаархи баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож,
хохирогч Э.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч О.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зд 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гт оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагаар тогтоож, шүүгдэгч О.Г нь шүүхээс оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Э.З, О.Г нарт шүүхээс оногдуулсан торгох болон нийтэд тустай хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
6. Эрүүгийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Гоос 485.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Цд олгож, шүүгдэгч Э.Заас 316.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бт олгож, хохирогч Э.Цгийн 10.390.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Э.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.З, О.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.З, О.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН