Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/126

 

 

 

 

 

 

 

 

   2024        11          14                                   2024/ШЦТ/126

                                   

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ц даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Х

Улсын яллагч О.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М,

Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын З-д холбогдох эрүүгийн ........ тоот хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ....-ний өдөр Д аймгийн Х суманд төрсөн, эмэгтэй, 35 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, лаборант мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Д аймгийн З сумын.... дүгээр баг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Б-ын З /РД: /.

                                                                                                                   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.З нь Монгол Улсын хилийн Д аймгийн З дэх авто зам шалган нэвтрүүлэх цогцолбор 1 бүсэд гаалийн хяналтын гарах чиглэлд 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсын XIX-ХХ (19-өөс 20) дугаар зууны үед хамаарах гууль цутгуур очрын нэг тал 1 ширхэг, очир, бурхны тэргүүн, бумба дүрсэлсэн гууль цутгуур хонхны оройн бариул 1 ширхэг, дамрын даржин 4 ширхэг нийт 6 түүх, соёлын дурсгалт хөдлөх эд зүйлийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.З нь Монгол Улсын хилийн Д аймгийн З дэх авто зам шалган нэвтрүүлэх цогцолбор 1 бүсэд гаалийн хяналтын гарах чиглэлд 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсын XIX-ХХ (19-өөс 20) дугаар зууны үед хамаарах гууль цутгуур очрын нэг тал 1 ширхэг, очир, бурхны тэргүүн, бумба дүрсэлсэн гууль цутгуур хонхны оройн бариул 1 ширхэг, дамрын даржин 4 ширхэг нийт 6 түүх, соёлын дурсгалт хөдлөх эд зүйлийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-16/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-23/, иргэний нэхэмжлэгч А.У-ын мэдүүлэг /хх-ийн 25-26/, гэрч С.А-ийн мэдүүлэг /хх-ийн 36-37/, соёлын өвийн үндэсний төвийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 07/566 дугаартай албан бичиг болон шинжээч нарын дүгнэлт /хх-ийн 46-51/, яллагдагч Б.З-ийн мэдүүлэг /хх-ийн 64-67/  зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 1000 нэгжтэй хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1,000 нэгжтэй хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хохирлын хувьд: Иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Очир бурханы бумба дүрсэлсэн гууль цутгуур хонхны оройн бариул 7 см урттай, 1,3х3,2 см өргөнтэй, 1 ширхэг, гууль цутгуур Очирын нэг тал 6,7 см урттай, 1,4х3,7 см өргөнтэй 1 ширхэг, дамрын даржин 43 см урттай, үзүүрийн цацагийн урт 17 см, өргөн 7 см, 1 ширхэг, дамрын даржин 33 см урттай, үзүүрийн цацагийн урт 9,5 см, өргөн 5,5 см 1 ширхэг, дамрын даржин 36 см урттай, өргөн 5,9 см 1 ширхэг, дамрын даржин 38 см урттай, өргөн нь 4,7х7,5 см 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгон Д аймгийн м-д шилжүүлж, 10,2 см урттай, 1,5х3,8 см өргөнтэй 1 ширхэг Төмөр очир нь түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй байх тул шүүгдэгч Б.З-д буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б-ын З /РД:/-г зааснаар түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын З-г 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Очир бурханы бумба дүрсэлсэн гууль цутгуур хонхны оройн бариул 7 см урттай, 1,3х3,2 см өргөнтэй, 1 ширхэг, гууль цутгуур Очирын нэг тал 6,7 см урттай, 1,4х3,7 см өргөнтэй 1 ширхэг, дамрын даржин 43 см урттай, үзүүрийн цацагийн урт 17 см, өргөн 7 см, 1 ширхэг, дамрын даржин 33 см урттай, үзүүрийн цацагийн урт 9,5 см, өргөн 5,5 см 1 ширхэг, дамрын даржин 36 см урттай, өргөн 5,9 см 1 ширхэг, дамрын даржин 38 см урттай, өргөн нь 4,7х7,5 см 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, Д аймгийн м-п шилжүүлж, 10,2 см урттай, 1,5х3,8 см өргөнтэй 1 ширхэг Төмөр очир нь түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй байх тул шүүгдэгч Б.З-д буцаан олгосугай.      

5. Шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.Ц