| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 101/2019/02742/И |
| Дугаар | 102/ШШ2019/03426 |
| Огноо | 2019-12-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2019/03426
| 2019 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2019/03426 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, Дэлгэр хотхоны ... байр, ... тоот хаягт байрлах Э.Э.Э.И.В ХХК / РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, ... байр, ... тоот хаягт оршин суух, Ш овогт О-ын Б /РД: .../-д холбогдох,
Гэрээний үүрэгт 6,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, хариуцагч О.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Э.Э.И.В ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн О.Б нь тус компанийн худалдан борлуулдаг “Evapor 3000i” уураар цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээний үнэ 6,500,000 төгрөг ба худалдан авагч нь урьдчилгаа 500,000 төгрөгөөр тооцоо хийж 12 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үлдэгдөл төлбөр болох 6,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар тохирсон. Биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг манай талаас хүлээлгэн өгсөн. Хариуцагчтай удаа дараа утсаар ярьж төлбөрийг төлөхийг шаардахад нэмэлт хугацаа өгөхийг хүсэж, удахгүй төлж дуусгана гэж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Хариуцагч нь гэрээний үүргийн дагуу төлөлтийг төлөөгүй учраас нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндсэн төлбөр болон алдангийг хамт нэхэмжилж байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Үүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 39 хоног өнгөрсөн. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дэх хэсэгт заасны дагуу алданги тооцвол 1,170,000 төгрөг болсон. Нэхэмжлэгчийн зүгээс алдангийг 500,000 төгрөг болгон багасгаж, хариуцагчаас үндсэн төлбөр 6,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг, нийт 6,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагчийн хэлж байгаагаар бол дагалдах 2 ширхэг алчуурыг өгөөгүй, мөн сургалтыг хийгээгүй гэж байгаа. Бид 2 ширхэг алчуурыг өгөх, мөн сургалт буюу төхөөрөмжийг ажиллуулах зааварчилгааг өгөхөөр удаа дараа О.Бтай холбогдсон боловч янз бүрийн шалтгаан хэлээд манай ажилтангуудтай уулзаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч О.Бы шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх надад бүтээгдэхүүнээ худалдахдаа 5,000,000 төгрөг гэж хэлсэн. Би бүтээгдэхүүнийг авсан өдрөөсөө хойш нэг ч удаа ашиглаагүй. Ашиглаж чадахгүй байгаа. Надад яаж ажиллуулах талаар зааж өгнө гэсэн боловч одоо болтол зааж өгөөгүй. Мөн 7 ширхэг алчуур байх ёстой байхад 2 алчуурыг нь авсан байсан. Миний хувьд барааг авахгүй буцаамаар байна, хэтэрхий үнэтэй цэвэрлэгчийг надад өгсөн байсан, тэр барааг айлуудаар явж сурталчилдаг хүүхэд бол ажлаа үнэхээр сайн хийсэн, нэг хүн гэрт ирээд бараагаа сурталчлаад байхад авахаас өөр аргагүй байдалд ордог юм байна лээ. Би адил төрлийн барааны үнэ судалж үзэхэд надад үнэтэй зарсан гэдгийг мэдсэн, зайсан байдаг миний танил эдний ажилтны хөөгөөд гэрээсээ гаргасан байсан. Би урьдчилгаа 500,000 төгрөг төлсөн. Алдангийг бол хүлээн зөвшөөрөх ямар ч боломж байхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батзаяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 оны 5 дугаар сарын 11-ны өдрөөс хойш нэхэмжлэгч тал холбогдохоо байсан. Харин хариуцагчийн хувьд удаа дараа утсаар холбогдож сургалт болон төхөөрөмжийн талаарх зааварчилгааг авч ажиллуулж эхэлье гэж хандсан. Тэгээд 3 сарын дараагаар барааг буцаах талаар нэхэмжлэгч талд уламжилсан байдаг. Талуудын хооронд гэрээ байгуулагдсантай маргахгүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3 дэх хэсэгт барааг ажиллуулах, ашиглах горимын тухай танилцуулгын бүрэн хэмжээгээр хийж үзүүлнэ гэдэг үүргийг худалдагч тал хүлээнэ”. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.5 заалтын “Б” хэсэгт “худалдан авагчид үнэгүй сургалт хийж, баталгаат завсарыг хийнэ.” гэсэн хоёр заалт байгаа. Өөрөөр хэлбэл сургалт явагдаагүй. О.Бы хувьд бодит байдал дээрээ уг төхөөрөмжийг ашиглаагүй. Нэхэмжлэгч талаас ашиглах боломжийг өнөөдрийг хүртэлх олгоогүй. Гэрээний 6 дугаар зүйлд барааг буцаах заалт байгаа. Гэрээг байгуулагдсанаас хойш 3 хоногийн дотор өөрийн хүсэлтээр гэрээг цуцалж, төхөөрөмжийг буцаан олгох эрхийг худалдан авагч талд олгосон зохицуулалтыг хийсэн. Гэтэл бодит байдал дээр барааг ашиглаагүй, ашиглах боломжийг олгож сургалтаа ч явуулаагүй байхад уг 3 хоногийн хугацаа өнгөрсөн.
Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан гэрээний стандарт нөхцлийн асуудал яригдах ёстой. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт “гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ” гэсэн заалт, мөн 202.1-д “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ.”, мөн 202.2-д “Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараах нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна.” гэж заасан, мөн 202.2.8-д “нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн.”, 202.2.13-д “санал гаргагч тал нь үүргээ хэсэгчлэн гүйцэтгэснээс нөгөө талын хууль ёсны ашиг сонирхол хохирох тохиолдолд гэрээнээс татгалзах, гэрээгээ цуцалж, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг бүхэлд нь шаардах эрхийг үгүйсгэсэн;” гэсэн хоёр нөхцөлийг хангах гэрээ байна гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр барааг буцаах хэсэгт заагдсан хуанлийн 3 хоног гэдэг хугацаа нь бодит байдалтай нийцээгүй ба гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж үзэж байна. Иймд хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч О.Б нь барааг авсан нь үнэн. Гэхдээ бүрэн гүйцэт барааг хүлээж аваагүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Э.Э.И.В ХХК нь хариуцагч О.Бд холбогдуулан 6,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч О.Б нь “... хэт өндөр үнэтэй төхөөрөмж зарсан, дагалдах алчуурыг дутуу өгсөн, ажиллуулах зааварчилгааг өгөөгүй” гэж маргажээ.
Шүүхээс дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.Э.Э.И.В ХХК, хариуцагч О.Б нар нь “Evapor 3000i” уураар цэвэрлэгч төхөөрөмжийг 6,500,000 төгрөг худалдах, худалдан авахаар 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. Гэрээг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч гэрээний агуулгаас үзвэл талууд гэрээгээр хүү тохиролцоогүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан хүчин төгөлдөр ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 3.1-д “барааг зээлээр худалдах, худалдан авах нийт үнэ буюу төлбөр нь 6,500,000 төгрөг байна”, мөн гэрээний 3.3.1-д “Худалдан авагч нь энэхүү гэрээний урьдчилгаа төлбөр болох 500,000 төгрөгийг гэрээг байгуулмагц худалдагч талд бэлнээр болон дансаар шилжүүлнэ.”, мөн гэрээний 3.3.2-т “Үлдсэн төлбөрийг сар бүр 500,000 төгрөг төлөх замаар, сар бүрийн 25-нд, 12 сарын хугацаанд 6,000,000 төгрөгийн төлбөрийг төлж дуусгана” гэж зааснаар хариуцагч нь худалдан авсан эд зүйлийн үлдэгдэл үнийг төлөх үүрэгтэй ба үүргээ биелүүлээгүй, төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Мөн гэрээний 7.3-т “Худалдан авагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэхүү гэрээний 3.3.2-т заасан төлбөр төлөх хугацаа дуусмагч хоног тутамд худалдагчид төлбөл зохих үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг үл маргах журмаар төлнө.” гэж зааснаар гэрээний хугацаа дууссан өдрөөс буюу 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхтэй, хариуцагч алдангийг төлөх үүрэгтэй байна. Хариуцагч нь урьдчилгаанд 500,000 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.”, мөн хуулийн 251.2-д “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.” гэжээ. Хариуцагч нь гэрээний зүйлийн биет байдлын доголдлын талаар маргаагүй, харин хэт өндөр үнэтэй гэж маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар шинжээч томилоход “EV300i” загварын уураар цэвэрлэгчийн үнийг шинжээч “Гэрэгэ эстимэйт” ХХК нь 6,900,000 төгрөгөөр үнэлснээс үзэхэд тухайн бүтээгдэхүүнийг хэт өндөр үнэтэй гэж үзэх боломжгүй байна. Гэрээний зүйлийн дагалдах 2 ширхэг алчуур, ажиллуулах зааварчилгааг өгөөгүй нь гэрээнээс татгалзах үндэслэл бүхий татгалзал болохгүй ба хариуцагч нь энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.
Иймд хариуцагч О.Баас гэрээний үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг, нийт 6,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э.Э.И.В ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч О.Баас гэрээний үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг, нийт 6,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э.Э.И.В ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Баас 118,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨ